Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01775

 

 

 

 

 

 


 

    2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/01775

             Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131-3-61 тоотод оршин суух, Ноён богд ургийн овогтой Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын гудамж, ЭХЭМҮТ-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн 41 дүгээр байр, 9 тоотод оршин суух, Занги ургийн овогтой С.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22а байр, 85 тоотод оршин суух, Мөнх хан ургийн овогтой Б.О,

 

Гэм хорын хохиролд 94,242,685 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламрагчаа, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, иргэдийн төлөөлөгч С.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О миний бие 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрөлт хэвийн, эрүүл саруул охин Б.Номинжинг төрүүлсэн. Ийнхүү төрснөөс хойш охин Б.Номинжин нь хийлгэх ёстой вакцинаа цаг тухайд нь хийлгэж, 4 сар хүртлээ 4 сартай хүүхэд ямар өсөлт, бойжилттой байдаг, ямар хариу үйлдэл үзүүлдэг хэвийн өсөлт бойжилттой байсан. Ингээд 2009 оны 5 дугаар сарын эхээр миний охин ханиад хүрч, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжин хэвтэж, эмчлүүлсэн. Улмаар 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 45 минутад тус эмнэлгийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.О нь миний охины баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарыг хийхдээ уушгийг хатгаснаас уушгийг нь гэмтээж, улмаар хяналтгүй орхисноос, мөн эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай С.Очир нь тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд миний охины баруун эгэмэнд гуурс тавьсныг хяналтгүй орхиж, 8 цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарч, улмаар тухайн шөнө миний охины зүрх 1 цаг гаруй зогссоноос болж тархины цусан хангамж байхгүй болж тархины 80 хувь гэмтсэн байсан. Үүнээс болж миний охин орчны ямар ч харьцаагүй болсон бөгөөд унтдаггүй, байнгын таталт өгдөг, шээж баах, идэж уух рефлексгүй болж, ямар ч эмчилгээгүй гэдэг хатуу үгийг миний бие сонссон. Энэ үйл явдал болсноос хойш охин бид хоёр ээж, ах дүү нарын дэмжлэгтэйгээр амьдарч байна. Ингээд миний бие цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсны дагуу тэдний гэм буруутай үйлдлийг шалгаад Баянгол дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор эмч Б.О, С.Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод миний охин Номинжинд учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өнөөдөр миний охин 9 настай хэдий ч бие нь өсөөд том болоод байгаа болохоос оюун ухааны хувьд 4 сартай хүүхдийнх шигээ л байна. Өнөөдрийг хүртэл миний охин байнгын таталттай, эмчилгээ байхгүй, ууж, идэж, бааж, шээх бүх л хэрэгцээндээ 100 хувь бусдаас тусламж авч байнгын асаргаанд байна. Б.О миний бие охиноо эмч нарын буруугаас болж эдгэршгүй өвчтэй болсны улмаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй төдийгүй миний охин байнгын таталт өгдөг, байнга массаж хийж, булчинг нь сулруулж байх шаардлагатайгаас гадна хооллож ундлах, өргөж тэвэрч ч чадахгүй болж байна. Мөн эмээ уусан ч унтдаггүй учраас 24 цаг хажууд нь унталгүйгээр харж байх ёстой болдог. Иймд миний бие охиноо өөрөө харахаас гадна давхар асрагч хөлслөн харж байна. Миний бие нийгмийн халамжийн байгууллагаас өвчтэй хүүхэд харсан гэж 64,000 төгрөгийн халамж, охин М.Н-д байнгын эмчилгээний зардал гэж 118,000 төгрөг сар бүр өгдөг. Охин бид 2 энэ мөнгөөр амьдарч байна. Б.О миний бие эмч нарын буруутай үйлдлээс болж охиноо бүх насаар нь эрэмдэглүүлээд зогсохгүй өөрийн амьдрал ирээдүй, сэтгэл зүйгээрээ хэзээ ч нөхөшгүй гай гарз уй гашуу болоод зогсохгүй ар гэр төрөл төрөгсдөдөө байнга сэтгэл зүйн харуусал харамсал төрүүлж ажил амьдралд нь нэмээс болж хүүхэд асрагчийн мөнгийг ах эгч нараасаа авч өгдөг. Ийм учраас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах гэм хорын хохирол нэхэмжилж байна. Үүнд: 1.2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хүүхэд асрагчийн ажлын хөлс болох 19,800,000 төгрөг. 2.Охин М.Н-ийнпамперсний мөнгө 4,806,585 төгрөг, 3.Олох ёстой орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар 24 сар 4,608,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар 2,880,00 төгрөг нийт 7,488,000 төгрөг. 4.Охиноо нийгэмшүүлэх гэж оролдож хувийн цэцэрлэгт явуулж үзсэн төлбөр 4,350,000 төгрөг. 5.Эмчийн үзлэг шинжилгээний төлбөрт 265,500 төгрөг. 6.Нотариат болон баримт үйлчилгээний зардал 15,900 төгрөг. 7.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадах ажиллагааны төлбөр болох 120,000 төгрөг нийт 36,845,985 төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.О миний бие охин М.Номинжинг нийгэмшүүлэх, агаар солих, үг үйлдлээр илэрхийлэхгүй ч гэсэн 2015 оны 10 сараас 2017 оны 06 сар хүртэлх хугацаанд алдан онон цэцэрлэгт хамрагдуулсан. Тухай үед бид энгийн нийтийн унаа, дуудлагын таксийгаар явах нь маш хүнд байсан учраас хувь машинтай таксинд явдаг хүнтэй гэрээ хийж мөнгийг нь бөөнд нь сар бүр өгөхөөр тохиролцсон. Сарын 400,000 төгрөгөөр ажлын өдөр өглөө оройд зөвхөн нэг талдаа 14 км явдаг. Нийт 7,200,000 төгрөг болсон. Мөн ойр зуурын ханиад хүрэх, эм эмчилгээний зардал 196,700 төгрөг нийт 7,396,700 төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Б.О миний бие 1985 онд төрсөн. 2007 онд Олон Улс Судлалын Дээд Сургуулийг Олон Улсын Харилцаа Маркетингийн сургуулийг 2009 онд англи хэлний багш орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Миний бие 2009 онд буюу 24 настайдаа охин Б.Номинжинг төрүүлсэн. Охин маань 4 сартай байхдаа Эх нялхсын эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас эдгэшгүй хүнд өвчтэй болсны дараа охины аав нь охин бид 2-ыг хаяад явсан. Үүнээс хойш хүн гэхэд хэцүү, гадны хүн харахад нүд хальтармаар охиноо өнөөдрийг хүртэл өөрийн гараар өдөр шөнөгүй, нойр хоолоо хугаслан асран хамгаалсаар байна. Охин маань одоо 9 настай, 38 кг жинтэй ч өөрөө явж сууж чадахгүй, хоол идэх, уйлах, ярих, инээх, өвдөлтөө мэдрэх, шээх баах рефлексээ мэдэхгүй байнгын таталт өгдөг учраас надад охиноо орхиод гадуур гарч ажил төрөл хийх, найз нөхөдтэйгөө уулзах зэргээр нийгмийн харилцаанд орох ямар ч боломж байдаггүй. Иймээс өнөөдөр надад ямар ч найз нөхөд байхгүй. Гараад явсан ч уулзах хүн байхгүй. Мэргэжлээрээ байтугай жирийн хар ажил хийе гэсэн ч өөртөө итгэх ямар ч итгэлгүй л хүн болж хувирсан. Мөн охин маань хоногийн 24 цагийн 5 цагт нь унтдаг тул түүнийг өргөж, тэргэнд суулгах, өвөр дээрээ суулгах, өргөж нааш цааш нь болгож биеийнх нь чилээг гаргах гэх мэтээр түүнийг өргөж тэврэх шаардлага маш их гардаг тул одоогоор би нурууны өвчтэй болсон байна. Миний бие 2010 оноос эхлэн нойргүйдэх, стрессдэж бухимдах, сүүлдээ 2016 оноос нуруугаар өвдөх, хүүхдээ даахгүй хөл нугарч унах зэргээр өвдөлтүүд илрэх болсон бөгөөд миний бие эмчид үзүүлж амжихгүй явсаар 2018 оны 04 сард үзүүлэхэд нуруу маш хүнд гарч нарийн шинжилгээнд дахин орох шаардлагатайгаас гадна хүнд юм өргөхийг хориглож эмчилгээнд хамрагдах болсон байгаа. Энэ нь надад маш хүндээр тус ч байна. Цаашид миний охиныг хэн өргөж шээлгэж баалгаж, салхилуулах вэ. Эмч н.Одгэрэл, н.Очир хоёр уу. Хичнээн хүүхэд асрагч олоод туслуулаад явж байгаа боловч бүгд шантарч, залхаж өнөөг хүртэл солигдож дахин дахин хүн хайж туслалцаа хайсаар л явна. Охин бид хоёрыг өнгөрсөн 9 жилийн хугацаанд энэ бүх зовлон зүлгүүрийг авч ирсэн эмч н.Одгэрэл, н.Очир нар бүтэн нойртой, гэр бүлдээ аз жаргалтай инээн, ажилтай орлоготой, хамт олонтой, найз нөхөдтэй амьдарч ирсэн. Гэтэл өнгөрсөн 9 жилийн хугацаанд надад инээх 1 өдөр байгаагүй, нүдэн дээр минь охин минь таталт өгч, хэдийгээр пампарс байнга хийдэг ч томрох тусам шээсэндээ салтаа саам нь улайлт өгөх, гэнэт унаж шүд нүүрээ гэмтээсэн байхыг хараад инээх өдөр байтугай нүдэндээ нулимсгүй 1 өдрийг өнгөрөөж үзсэнгүй. Одоо сүүлдээ би өөрөө унтах, бусдад баярлах, бусдыг хайрлах сэтгэлгүй их л харгис хүн болж хувирч байна гэдгийг гэр бүлийнхэн минь сануулдаг. Миний бие 2, 3 хоног нойргүй явах гэдэг бол энгийн үзэгдэл болсон. Одоо миний бие гадуур гараад хүнс памперс эм тан цуглуулан явахаар охиндоо санаа зовно, угаасаа араас одоо яах вэ одоо яах уу гэх мэт байнга утасдана. Гэнэт хажуу дахь хүнээ барьж аваад байдаг рефлекстэй болсон. Өнөөдөр охиныг минь амьдаар нь алж, эрэмдэг болгоод зогсохгүй намайг ч хүн гэхэд хэцүү хүн сүг болгож байна. Өнөөдөр намайг гараад явахад хүн бүхэн хараад турсныг минь, муухай болсныг минь хэлдэг. Учир мэдэхгүй зарим нь залуу хүн байж арчаагүй, ямар ч өнгө зүсгүй, залуу хүний цог золбоогүй гэж хэлдэг. Энэ бүхэнд намайг ямар их шаналж, дотроо ямар их уйлдаг хэн ч мэдэхгүй. Би эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өмнө нь ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүй. Харин тэд охин бид хоёрыг амьдаар минь тамд унагаасан хирнээ шүүх дээр ирээд намайг худлаа баримт бүрдүүлсэн гэх мэтээр байнга доромжилдогт гомдолтой байна. Хэрвээ өнөөдөр охин минь эрүүл саруул байсан бол би ажилтай, орлоготой, охин минь сургуультай, найз нөхөдтэй бусдын адилаар баяр жаргалтай магадгүй элэг бүтэн амьдрах боломж ээж охин бид хоёрт байсан. Энэ бүх боломжийг минь хэн булаав. Эмч н.Одгэрэл, н.Очир нар. Эх нялхсын эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас охин маань хохироод зогсохгүй Б.О надад бие болоод сэтгэл санааны нөхөж баршгүй хохирол учруулаад байгаа тул миний бие сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд анхны хүүхдээ 1 дүгээр төрөх эмнэлэгт төрүүлсэн. Миний охин 5 сартай байхдаа ханиад хүрээд Эх нялхас эмнэлэгт хэвтээд судасны жижиг мэс ажилбар хийх гэж байгаад эмчийн мэргэжлийн алдаа гараад миний охины тархи, зүрх зогссон. Тухайн үед зүрх зогсоход тархины үхжилт явагдаад тархи эргэж сэргэхгүй болсон. Өнөөдөр миний охин 10 настай. Эрүүл саруул төрсөн хүүхэд. Тухайн үед С.О, Б.О эмчийн буруутай, ажилдаа хайнга хандсанаас болж миний охин 10 настай гэхэд эрүүл байхдаа тархи нь ямар байсан тэр чигээрээ байгаа. Эмч нарын буруу нь 2012 онд шүүхээр тогтоогдсон. Энэ шүүх хурал миний 3 дахь удаагийн нэхэмжлэлтэй шүүх хурал. Миний охин жилээс жилд том болж байна. Одоо 10 настай охиноо өргөж даахгүй болсон. Би хүүхэд асрагчтай хамт охиноо давхар асарч амьдардаг. Миний охин бусдын 100 хувь асаргаатай. Энэ байдал бүгд нотлогдчихсон. Миний охин эдгэхгүй гэдэг нь тодорхой болчихсон. Бидний гол хэрэглэдэг зүйл юу вэ гэхээр тайвшруулж унтуулах эм, массаж. Охины минь хамаг шөрмөс нь хатаад иллэг массаж хийхгүй бол болдоггүй. Манай охинд босоод ирнэ, хариу үйлдэл хийнэ, өөрийгөө илэрхийлнэ гэсэн ойлголт байхгүй. Олон улсын эмчилгээ болон энэ чиглэлийн мэдрэлийн эмчилгээ байхгүй. Тархийг хаана ч эмчилж чадахгүй байгаа юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс надад болон миний охиноос шүүхийн шийдвэр хэдийгээр гарсан ч гэсэн нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй, нэг ч удаа уулзъя, юу болж байна, яаж байна гэж асууж ч байгаагүй. Би нотлох баримтыг тэр болгон цуглуулж чадахгүй байна. Надад олдож байгаа баримт нь энэ байна. Хүүхэд асрагч нэг байсан бол одоо хоёр хүн болж байна. Би өөрөө сандраад хямрах үедээ даахгүй, салгалаад байдаг юм. Би охинтойгоо, өөрийнхөө амьдралтай эвлэрээд нийгэмд өөрийнхөө байр суурийг эзлээд явж чадахгүй байгаа ч гэсэн чадлаараа асраад явж байгаа. Эмч хүн ямар чухал хүн билээ, эмч хүний зөвхөн санаандгүй алдаанаас болж бүхэл бүтэн хүний амьдрал, миний ах дүү нарын амьдрал, миний сэтгэл зүй яаж хохирч байгаа билээ. Маргааш ч гэсэн миний охины таталт зогсохгүй, зүрх хаагдах боломжтой байгаа. Миний охин мэдрэлийн чиглэлийн хамгийн хүнд оношоор буюу 3 дугаар зэргийн оноштой байдаг. Миний охины онош тархины саажилттай дээр нь байнгын унаж татдаг гэсэн оноштой. Таталт зогсохгүй байх юм бол зүрхэнд ачаалал өгөөд зүрх дийлэхгүй зүрх зогсох боломжтой. Миний охины нас барах процесс энэ юм. Маш хүнд татахаараа эвхэрч татдаг, савж унадаг. Энэ таталтуудыг зэрэг хийдэг бөгөөд өдөрт багадаа 4-5 удаа татдаг. Бие нь тайван байх юм бол эргээд сэргэчихдэг. Надад энэ бүгдийг ярихад их хэцүү байна. 2015 оны 01 дүгээр сараас хойш 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүүхэд асрагчийн төлбөр 19,800,000 төгрөг, баримтад би болон асрагч охин бид хоёр гарын үсэг зурсан байгаа. Охин О.Номинжингийн памперсний мөнгө 4,806,585 төгрөг, би ажил хийж байсан бол олох ёстой байсан орлого 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 7,488,000, охины нийгэмшүүлэх гэж Монгол улсад нэг л байгаа тусгай цэцэрлэгт өгсний төлбөр 4,350,000 төгрөг, төлбөрийн зөрүү байсан. Энэ төлбөрийг би 18 сараар бодож 2,850,000 төгрөг болж байна 1,500,000 төгрөг хасагдаж байгаа. Охин маань жилд нэг удаа багцийн шинжилгээнд ордог бөгөөд 2 удаа орсны төлбөр 265,500 төгрөг болсон. Шүүх хуралд материал өгөхөд нотариатаар гэрчлүүлсний төлбөр 15,900 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шийдвэрийн дагуу мөнгө олгож байгаа гээд олгож байгаа мөнгөнөөс авсан суутгал 120,000 төгрөг, эм, тариа жижиг сажиг зүйлийг аптекаас авсны төлбөр, цэцэрлэг явахад хүргүүлсэн таксины төлбөр 7,396,700 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг нийт 94,242,685 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Намайг ажил хийдэг, хийдэггүй, нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй гэдэг. Манай хүүхэд одоо хэд ч насалж болно. Өнөөдөр байгууллагаас цалин аваад ажлаа хийгээд төлөөлөөд явж байгаа өмгөөлөгч нар мэдэхгүй. Миний охин хэзээ ч нас барж болно, магадгүй би асаргаа сайн байлгах юм бол 10 жил ч насалж болно. Би дан хүүхэд асрагчид охиноо үлдээж болдоггүй юм. Учир нь маш их асуудал гардаг. Охины хажууд байдаг хамгийн найдвартай хүн нь би өөрөө. Хүүхэд асрагч миний дэргэд яах гэж байдаг вэ гэхээр хүүхэд өргөлцдөг, таталт өгөхөд нь ойр зуурын юм ойртуулдаг, орж гарах асуудал дээр цуг явдаг. Ширээн дээр хүчтэй юм тавихад хүртэл манай хүүхэд цочиж таталт өгдөг. Тэр болгонд би хажуудаа хүнтэй байхгүй бол болдоггүй юм. Нийгмийн даатгалын хувьд манай гэрийнхэн миний ирээдүйг бодож төлдөг юм. Би хөгшин болоод ажил хийлээ гэхэд надад туршлага байхгүй, 10 жил хүүхдээ харлаа. Надад дахин 10 жил гарч ирнэ. Охин маань нас бараад би гэртээ ганцаараа үлдчихлээ гэхэд намайг хаана ч ажилд авахгүй. Тэр ирээдүйг харж манай гэрийнхэн даатгал төлж байгаа. Мөн н.Золзаяа гэдэг хүүхдийн нийгмийн даатгалыг төлж байгаа. Өөр газар ажил хийгээд явна гэхээр хаана ч ажилласан адилхан гэж хэлдэг. Залуу хүүхэд баас шээс зөөгөөд явж байхаас илүү өөр гоё газар ажиллаж нийгэмдээ ажиллах сонирхолтой байдаг байх. Надаас эгч хүнийг дэргэдээ хүүхэд асрагч хийлгээд ажиллуулах ямар ч боломж байхгүй. Учир нь настай хүмүүс миний хүүхдийг өргөж дийлдэггүй юм. Тэгэхээр надад залуу, хүүхэд өргөх чадвартай хүн хэрэгтэй. Баяр ёслол болоход бид хоёр гадуур явж чаддаггүй, бөөнөөрөө гэр бүлийн уулзалтад ч оролцож чаддаггүй. Учир нь манай хүүхэд дуу чимээнд байж чадахгүй, дуу чимээ сонсох болгондоо татдаг, эргэн тойронд байгаа хүмүүсийг тавгүй болгодог. Хэлэх юм маш их байна. Өчигдөр л гэхэд би нойргүй хоносон. Тэгэхэд С.О, Б.О нар бүтэн нойртой хоноод сайхан л байж байсан байх. Бодит байдлыг харж байж л мэднэ гэхээс хэлээд хүн ойлгохгүй л байх. Заавал мөнгө, санхүү гэдэг дээр ингээд байгаа юм биш зайлшгүй гарсан зардал байгаа юм. Би энэ мөнгийг 10 жил нэхэмжилж ч магадгүй, 2 сар ч нэхэмжилж магадгүй байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн бас сэтгэл гаргаарай гэж хэлмээр байна. Судсаар тариа хийлгэх гээд хатгуулдаг, тэр үед мах хатгагддаг гэтэл манай охинд хийсэн ажилбар яг л тэр. Энэ тэнд хатгаад судас нь олдохгүй байхад шалгачих л юманд шалгаагүй байснаас болж ийм юм болсон юм. Нэгэнт ийм болсон зүйл дээр би худлаа яриад байгаа зүйл байхгүй. Тэгэхээр надад хэлж байгаа үгээ анхааралтай байгаач гэж хэлмээр байна. Би чинь бас хүн шүү дээ, миний сэтгэл санааг бурхан харж байгаа. Иймд миний нэхэмжлэлийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 100 хувь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: С.О, Б.О нараас төлбөр гаргуулсан 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан юм. Б.Оийн нэхэмжлэлд дурдаад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 120,000 төгрөгийн нотлох баримт байгаа. Дээрх 120,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөрийн хамт шилжүүлчихсэн. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас зардлын 120,000 төгрөгийг Б.От буцааж өгсөн байх ёстой. Хэрвээ тэр мөнгийг Б.О аваагүй байх юм бол шийдвэр гүйцэтгэлээс тэр мөнгийг аваад өгөх боломжтой. Б.Оийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын гэм хор учруулсан асуудлыг ажил олгогч хариуцна гэсний дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хариуцагчаар татагдаад явж байгаа. Өмнө нь хүүхдийн асаргаа, сувилгаатай холбоотой 2 удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч С.О, Б.О нарыг эрүүгийн хэргийн шүүх стандарт норм, дүрэм зөрчсөн өөр эмчилгээ хийсэн буруутай үйл ажиллагаа гэдгийг тогтоосон. Үүний дагуу 17 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа 2016 онд 3 шатны шүүхээр яваад гэм хорын хохирол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 30 сая төгрөг гаргуулахаар 2 удаа шийдсэн. 2009 онд хүүхдэд буруу эмчилгээ хийсний улмаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны мөнгийг нэхэмжилж байна. Буруу эмчилгээтэй холбоотой асуудлаар 2014 оны 12 дугаар сарыг дуустал нийт 47 сая төгрөгийг Б.От Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж өгсөн. Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд заасны дагуу Б.О Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нэхэмжлэлийг гаргаж байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотойгоор ямар зардлыг гаргуулах шаардлагатай байдаг юм бэ гэдгийг заасан байгаа. Гэм буруутай этгээд хуульд зааснаар хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардлыг хохирогчид төлнө гэж хуульчилж өгсөн байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болсон С.О, Б.О нарын буруутай үйл ажиллагааны улмаас хэний эрүүл мэндэд хохирол учирсан бэ гэхээр Б.Оийн хүүхэд М.Номинжин гэх охинд учирсан. Энэ охинд үнэхээр ээжийнх нь ярьж байгаа шиг ноцтой хохирол учирсан. Түүний улмаас ямар ч эмчилгээ авах боломжгүй болсон гэдгийг өөрөө ярьж байна. Миний хувьд энэ хэрэгт оролцсон цагаас хойш удаа дараа Эх нялхсын удирдлагуудтай уулзаж, удаа дараа ярьсан. Гэтэл охин О.Номинжин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзэж харъя, тусалж дэмжих зүйл байна уу гэж ярьж байсан, гэтэл охины ээж Б.О хүлээж авдаггүй юм гэдэг тайлбарыг хэлсэн. Охины одоогийн биеийн байдал ямар байгаа гэдгийг тогтоолгох гэж бид удаа дараа шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч хангаж байгаагүй. Харин хэрэгт авагдсан баримтаар мэдрэлийн эмчид үзүүлсэн таталттай холбоотой оношийг тогтоосон өвчний түүх байна. Үүнтэй холбоотойгоор гарсан эмчилгээ болон бусад зардлыг хуульд заасны дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төлөхөд татгалзах зүйл байхгүй. Иргэний хуулийн 506 дугаар зүйлд 16 насанд хүрсэн хүмүүст учирсан гэм хорыг арилгах талаар хуулийн зохицуулалт байгаа юм. Гэтэл О.Номинжин охин маань бага насны охин байгаа. Охины эрүүл мэндэд учирсан ямар хохирлыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өгөх ёстой юм бэ гэдгийг энэ заалтаар хуульчилсан. 16 нас хүрээгүй бөгөөд цалин хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулснаас гарсан зардлыг энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д эрүүл мэндэд гэм хор учруулснаас холбогдон гарсан зардал нь асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах хохирлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна. Гэтэл өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад асарч сувилахтай холбоотой асрагчийн хөлс 19,800,000 төгрөг, памперсний хэрэглээний төлбөр 4,806,000 төгрөг, олох ёстой орлого хөдөлмөрийн доод хэмжээгээр тооцож 7,488,000 төгрөгийг нэхэмжилсэн, цэцэрлэгийн төлбөр 4,350,000, эмчийн үзлэг шинжилгээ 265,500 төгрөг, жолоочийн хөлс 7,200,000 төгрөг, эм тарианы төлбөр 196,700 төгрөг нэхэмжилсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, нийт 94,242,685 төгрөгийг нэхэмжилж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хуульд заасны дагуу охин О.Номинжинд зайлшгүй шаардагдах асаргаа, сувилгаа, эмчилгээ, нэмэгдэл хоол, хиймэл эрхтэн, сувиллын газрын хөлс мөнгийг хуульд заасны дагуу төлөхөд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Бид хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзсэн. Эндээс үзэхэд хүүхдийг асрах боломжгүй гээд асрагч авсан байна. н.Золзаяа, н.Лхагважав гэх хоёр хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хүүхэд асрах гэрээ байгуулсны дагуу сар бүр 600,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцоод мөнгө авсан баримтуудыг хэрэгт хавсаргасан байсан. Мөн нийгмийн даатгалын хуулбараар Б.Оийн мөн н.Золзаяагийн Байгаль кашмер ХХК-нд ажил хийдэг, даатгалын хураамжийг төлдөг болох нь хэрэгт байгаа нотлох баримтаас харагдаж байна. н.Лхагважавтай хэзээнээс хэдий хүртэл ажилласан юм бэ гэхээр 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл, 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл н.Золзаяагаар хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн гэж мөнгө өгсөн баримтад дурдсан. Гэтэл энэ хугацаанд н.Золзаяа нь Байгаль кашмер ХХК-нд ажил хийж цалин авч, нийгмийн даатгал төлж байсан баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр Б.Оийн хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний дагуу н.Золзаяаг ажиллуулж байсан эсэх нь эргэлзээтэй болж байна гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнд цэцэрлэгт явсны төлбөр 4,350,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид хүүхдийг нийгэмшүүлэх, тодорхой хэмжээний асаргаа, сувилгаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ зардал бол зайлшгүй байх ёстой. Гэхдээ цэцэрлэгт хамрагдаад байгаа хугацаа хүүхэд асрагчтай хийсэн гэрээ болон цэцэрлэгийн төлбөр төлсөн баримтаас харахад энэ хугацаа давхцаад байгаа юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хариуцагчийн зүгээс цэцэрлэгийн төлбөрийг төлсөн баримтыг хууль ёсны баримт байна гэж маргах зүйл байхгүй. Харин яг цэцэрлэгт явж байгаа хугацаатай давхцуулаад н.Золзаяа гэдэг хүнд хүүхэд асрагчийн хөлсийг төлсөн байгаа. Энэ нь нийтдээ 18 сарын хугацааны төлбөр, энэ хугацаанд цэцэрлэгт хамрагдсан юм байна гэж харагдаж байна. Гэтэл энэ хугацаанд н.Золзаяад сар бүр 600,000 төгрөгийг мөн төлөөд л яваад байсан байгаа юм. Хүүхэд асрагч ажиллуулах гэрээнд ажиллах цагийг заагаад өгсөн байдаг. Гэтэл энэ цаг хугацаанд н.Золзаяа нь өөр байгууллагад ажилладаг гэсэн баримт гарч ирсэн. Гэтэл энэ хугацаанд цэцэрлэгт явж байгаа гэсэн баримт ч гарч ирсэн. Тийм учраас н.Золзаяатай 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар, 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх 18 сарын хугацааны хүүхэд асрах гэрээ болон хүүхэд асарсантай холбоотойгоор мөнгөн төлбөр үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Хариуцагчийн зүгээс хууль ёсонд нийцсэн, хуульд заасны дагуу гарах зайлшгүй зардлыг төлөхөд бэлэн байна. Харин хууль бус баримтыг үндэслэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Тийм учраас н.Золзаяад өгсөн гэх хүүхэд асарсны төлбөр 8,400,000 төгрөгийг ямар үндэслэлгүй нэхэмжилж байгаа мөнгө болж таарч байгаа юм. Харин цэцэрлэгт явуулсан төлбөр 4,350,000 төгрөгийг төлөхөд маргах зүйл алга. Эмчийн үзлэг шинжилгээ өгсөнтэй холбоотой гарсан 265,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл мөн алга байна. Эдгээр нэхэмжлэл дундаас бас нэг гараад байгаа зүйл байна. 7,488,000 төгрөгийг олох ёстой орлого гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх гэж нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д заасны дагуу насанд хүрээгүй хүүхдэд учруулсан хохирлын хувьд олох ёстой байсан орлогыг гаргуулахаар заасан заалт байхгүй байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т хохирогч нь цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн доод хэмжээнээс багагүй төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл энэ 16 насанд хүрээгүй хүүхдэд учирсан гэм хорын хохирол учраас үүнийг Иргэний хуулийн 505.2-т заасны дагуу гаргаж өгөх боломжгүй мөнгийг нэхэмжилсэн байна гэж үзээд олох ёстой байсан орлого хөдөлмөрийн доод хэмжээгээр тооцож 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал нэхэмжилж байгаа 7,488,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Таксины төлбөр 7,200,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ төлбөрийг мөн хасна, энэ хүүхдийг цэцэрлэгт мэдээж унаагаар зөөж таарах байх. Гэхдээ хаанаас аль хүртэл зөөгөөд байгаа юм, яг ийм хэмжээний зардал мөнгө гарах уу үгүй юу гэдэг дээр үзлэг, шинжилгээ туршилт хийгдээгүй учраас хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү, хүлээн зөвшөөрөхгүй байхад ч хэцүү байна. 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар, 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарын хооронд 400,000 төгрөг төлсөн гэх гараар бичсэн баримт байна. Энэ 400,000 төгрөгийг хэн хаанаас гаргаад өгөв. Б.О орлогогүй байж хүн хөлслөөд явах боломжтой юу гэдэг дээр эргэлзээтэй нөхцөл байдал байгаа юм. Ийм учраас таксины жолоочийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол жолоочийн 7,200,000 төгрөг дээр хэлж байгаа тайлбар юм. Хүүхдийн эмчилгээнд зайлшгүй шаардлагатай таталттай холбоотой эм тариа зэргийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Гэтэл Б.Оийн гаргаж өгөөд байгаа нотлох баримтаас харахад ханиадны эм, даралтын эм байгаа юм. Энэ О.Номинжин охины эмчилгээ, сувилгаа мөн үү, биш үү. Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлийн 506.1-д заасны дагуу яг тухайн үеийн хүүхдийн үндсэн оноштой холбоотой гарч байгаа зайлшгүй зардал, эмчилгээтэй холбоотой зардлыг хариуцах нь үндэслэлтэй. Тархины саажилт болон таталт, уналттай холбоотой мөнгийг өгөх боломжтой. 196,700 төгрөгийн эм бол ханиад, даралт бас бус эмчилгээний зардал бөгөөд охины эмчилгээтэй хамааралгүй зардал байгаа учраас мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б.О нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлд зааснаар ийм зохицуулалт байхгүй учраас энэ шаардлагын дагуу төлбөр өгөх боломжгүй. Харин тухайн үед эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлүүлэх үед эд материалын болон сэтгэл санааны хохирлыг шүүх шийдээд нэгэнт гаргаад өгчихсөн учраас дээрх 50,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хуульд заасан төлбөрүүдийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөд зарим хэсгийг татгалзаж байгаа юм. Нотариатын зардлын хувьд Б.Оээс өөрөөс нь гарсан зардал учраас хүлээн зөвшөөрч байна. Харин шийдвэр гүйцэтгэлд өгсөн гэх 120,000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 30,125,120 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 308,575 төгрөгийн хамт гаргуулахаар шийдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамж болох 308,575 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан 30,125,120 төгрөг дээр нэмээд 120,000 төгрөгийг нэмээд 30,245,120 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2617001560 тоот дансанд шилжүүлсэн. Тэгэхээр 120,000 төгрөгийг зардлыг хуулийн дагуу төлбөр төлөгчөөс аваад төлбөр авагчид шилжүүлдэг зохицуулалт байгаа. Үүний дагуу Б.О шийдвэр гүйцэтгэлээс авсан байх ёстой гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр яагаад энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгааг бүгд мэдэж байгаа. Шүүхээс гарах шийдвэр Б.Од хамааралтай учраас оролцож байгаа юм. Дээрээс нь хэлэхэд би Б.Оийн хамаатны хүн бөгөөд надад мөнгө өгөөд, би аваад байгаа асуудал байхгүй гэдгийг ойлгоорой. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Мэдээж мөнгө төлөх ёстой, гэхдээ нэгэнт бид журмын дагуу шүүх хурал хийгээд материал бүрдүүлээд явж байгаа учраас хэрэг дотор байгаа баримтад дүн шинжилгээ хийх байх. Зарим баримтад гарын үсэг нь өөр, өөрөөр хэлбэл Б.Оийн гарын үсэгтэй тохирохгүй баримтууд харагддаг юм. Тэгэхээр нотлох баримт тус бүрт дүн шинжилгээ хийх боломж байгаа гэж бодож байна. Сэтгэл санааны хохирлын хувьд өнөөдөр хууль зүйн зохицуулалт байхгүй байгаа. Иймд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Оийн байдлыг ойлгож байгаа. Хариуцагч нар ч гэсэн, эмнэлгийн хүмүүс ч гэсэн бүгд ойлгодог. Ийм асуудал хэнд ч тохиолдож болно. Энэ асуудал бидний хэнд ч тохиолдохгүй гэсэн асуудал байхгүй. Ийм учраас хүндэтгэлгүй хандах, уучлалт гуйхгүй байх асуудал байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг зүйлийг бичсэн байна. Б.О, С.Очир нар нь бүтэн нойртой, инээд хөөртэй, аз жаргалтай ажиллаж байна, хамт олон найзтай байна гэсэн байсан. Гэтэл яг бодит байдал дээр Б.О, С.Очир нар маш хүнд байдалд байгаа. Нэхэмжлэлд дурдсан шиг тийм аз жаргалтай байж ийм, тийм болж явдаггүй. Өмнөх хурлуудаар 47 сая төгрөгийг авсан, энэ нь 2 жил төлөгдөж байгаа төлбөр. Яагаад энэ асуудлыг яриад байгаа вэ гэхээр С.Очир сард 720,000 төгрөгийг авдаг юм. Энэ цалингаас гар дээр 650,000 төгрөгийг авдаг. Жилийн орлого нь 7,150,000 төгрөг байгаа юм. 44,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ төлбөр өнөөдөр гарлаа гэж бодоход Дээд шүүхийн тогтоолоор 50 хувийг эмнэлэг хариуцна, 25 хувийг С.О, 25 хувийг Б.О хариуцна гэсэн юм. Тэгэхээр бараг 11 сая төгрөг гарч байгаа. Энэ төлбөр гарлаа гэж бодоход 2 жил шахуу цалингүй явна гэсэн үг. С.Очир өглөө ажилдаа гарч, орой ажлаасаа харьдаг. Гэр бүлийн хувьд С.Очир маш хүнд байдаг, учир нь орлого байхгүй, ажил хийгээд яваад л байдаг. Төлбөр гарсны дараа маш хүнд байдалтай байдаг гэж хэлдэг. С.Очир 10 жилийн өмнө авсан зангиа, пиджактайгаа өдийг хүртэл явж байгаа гэдгээ хэлдэг. Өнөөдрийн бодит байдал яг ийм байгаа. С.Очирын хүүхдүүд сургууль төгсөж байна, хүүхдүүд нь гэр бүлтэй болж байна. Бүх зүйлд С.Очир боломжгүй байдалд байгаа юм. С.Очирын хувийн байдлын асуудлыг шүүхэд ярих ёстой гэж бодож байгаа учраас ярьж байгаа юм. Гэхдээ ингэж хэллээ гээд төлбөрөөс зугтаад байгаа ойлголтыг хэлээгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасны дагуу хууль ёсны төлбөрийг төлөхөд татгалзах зүйл алга байгаа юм. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн төлбөртэй ойролцоо байна. н.Лхагважавын 11,400,000 төгрөгийг зөвшөөрч байна. н.Золзаяагийн хувьд давхар ажил хийсэн байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн памперсний төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Олох ёстой байсан орлого гэдгийг тайлбарласан учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цэцэрлэгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Жолоочийн төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрлийг дэмжээд байгаа нь хариуцагч талаас ч гэсэн дэмжээд байгаад юм. Эмчилгээ хийлгэх талаар санал тавихад та нараар эмчилгээ хийлгэхгүй гэдэг тайлбарыг Б.О хэлдэг. Ганцхан С.О, Б.О нараар эмчилгээ хийлгэх гэсэн биш тангараг өргөсөн зөндөө эмч нар байгаа. Жолоочийн асуудлыг ч мөн адил эмнэлгээс гэрээ байгуулаад зөөлгөх боломжтой. Яг өнөөдөр гаргаж өгсөн жолоочийн нотлох баримтын хувьд шаардлага хангахгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгэл санааны хохирлын хувьд гаргаж боломжгүй байна. Эмчийн шинжилгээний 265,000 төгрөг, нотариатын төлбөр зэргийг зөвшөөрч байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-аар гэм буруутай гэж үзэж байгаа 2 эмч байгаа гэж байна. Яг үнэндээ бол гэм буруутай этгээд нь эмнэлэг юм байгаа юм. Хэрэгт шийдвэр байгаа, энэ дээр зориулалтын бус зүү, тариур гэж бичсэн, мөн хий гаргадаг аппарат нь тарагны саваар хийсэн гэж байгаа. Энд эмнэлэг буруутай юм. Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол дээр тухайн үед буруутайгаар нь шийтгэсэн гэхдээ иргэний хариуцагчаар эмнэлгийг татсан байгаа юм. Зөвхөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 гэхээр гэм буруутай этгээдээс гэж үзэх юм бол энэ хэргээс сугарах гэж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Гэтэл гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон гэдгийг шүүхэд хэлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан охин М.Н-ийнхэрэглэсэн памперсний мөнгө 4,806,585 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хүүхэд асрагчийн ажлын хөлс 19,800,000 төгрөг, өөрийн олох ёстой байсан орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл /192,000 төгрөг, 24 сар/ 4,608,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл /240,000 төгрөг, 12 сар/ 2,880,000 төгрөг, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр /шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж/ 2,850,000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр 265,500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 15,000 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсний төлбөр 120,000 төгрөг нийт 36,845,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэмэгдүүлж таксины жолоочийн ажлын хөлс 7,200,000 төгрөг, эмийн зардал 196,700 төгрөг нийт 7,396,700 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг бүгд 94,242,685 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч хүүхдийн памперсний мөнгө 4,806,585 төгрөг, цэцэрлэгийн төлбөрөөс 2,700,000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр 265,500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 15,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ. 

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажиллаж байсан Б.О нь 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр уушгины хатгалгаа оноштойгоор тус төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэхээр ирсэн М.Н-д 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын үед уг тавьсан гуурс уушгийг хатгаснаас уушгийг гэмтээж улмаар хяналтгүй орхиж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, тус төвийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмчээр ажиллаж байсан С.Очир нь 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхдаа М.Н-д баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын дараа буюу хатгалт хийснээс хойш 8 цагийн дараа үзлэг хийснээс мэс ажилбараас гарсан хүндрэлийг эрт оношлоогүй, хяналтгүй орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгджээ. Эмч Б.О, С.Очир нарын буруутай үйлдлийн улмаас М.Н-ийнэрүүл мэндэд хохирол учруулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч гэм буруутайг зөвшөөрч энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд их эмчээр ажиллаж байсан Б.О, С.Очир нарын буруутай үйл ажиллагааны улмаас охин М.Н-ийнбиед учруулсан гэм хорын хариуцлагыг мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 506 дугаар зүйлийн 506.1-д “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч Б.О өөрийн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогч ажилтны гэм буруугаас хохирсон хохирогчийн эдийн бус гэм хор, зайлшгүй зардлыг хариуцахаас бусад этгээдийн буюу хохирогчийн эх Б.От учирсан эдийн бус гэм хорын хохирлыг хариуцах үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

 

Хариуцагч “...нэхэмжлэгч Б.О, хүүхэд асрагч Э.Золзаяа нар 2015-2018 онд “Байгаль кашмерь” ХХК-ийн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. Хүүхэд асрагч н.Лхагважав Э.Золзаяа нарын хүүхэд харах үйлчилгээ үзүүлж мөнгө өгсөн баримтаас үзвэл хүүхэд цэцэрлэгт хамрагдсан хугацаа давхцаж байна. Цэцэрлэг, асрагчийн хөлсийг давхардуулалгүй тооцож төлөх боломжтой. Хүүхдийг цэцэрлэгт унаагаар зөөх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний зардал гарсан нь нотлогдохгүй байна” гэж тайлбарлан маргасан.

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/6515 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2016/00223 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Оийн охин М.Номинжин байнгын хяналт, нэмэлт асаргаанд байх шаардлагатай болох нь тогтоогджээ.

  

Нэхэмжлэгч хүүхдээ асруулахаар Э.Золзаяатай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Л.Лхагважавтай 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр /хх-ийн 47, 52-55 дугаар тал/, хүүхдээ цэцэрлэгт өглөө хүргэх, орой харихад хүргүүлэх зорилгоор Г.Ганхуягтай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна. /хх-ийн 126-127 дугаар тал/ Хариуцагч хүүхдэд асаргаа сувилгаа шаардлагатайг зөвшөөрч маргаагүй. Хүүхэд асрагчийн төлбөрөөс хүүхэд цэцэрлэгт явсан хугацааг хасч төлөхийг зөвшөөрсөн.

 

Охин М.Н-д байнгын хяналт, нэмэлт асаргаа шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон, хариуцагч хүүхэд асрагчийн ажлын хөлсийг цэцэрлэгт явсан хугацаатай давхардуулалгүй төлөхийг зөвшөөрсөн, хүүхдийн өвчний онцлог, асаргаа сувилгаа шаардлагатай байдал зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.О болон Э.Золзаяа нарын нийгмийн даатгалын шимтгэлийг “Байгаль кашмерь” ХХК-ийн ажилтнаар төлсөн нь тэднийг өөр ажил хийж, цалин хөлс авч байсныг хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй. Хүүхдийг цэцэрлэгийн асаргаанд байсан үндэслэлээр тухайн үед асрагчийг ажиллаагүй, цалин хөлс олгоогүй, ажлын бус цагаар хүүхдэд асаргаа сувилгаа шаардлагагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Мөн нэхэмжлэгч хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон нь хохирогчийн асаргаа сувилгаатай холбоотой зайлшгүй зардалд тооцогдох тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл 24 сар /192,000 төгрөг/ 4,608,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл 12 сар /240,000 төгрөг/ 2,880,000 төгрөг нийт 7,488,000 төгрөгийг хариуцагч хариуцах үүрэгтэй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд нэхэмжлэгч 120,000 төгрөг төлсөн нь Бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлсөн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. /хх-ийн 88 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 2,850,000 төгрөг гаргуулахаар шаардсан хэдий ч хэрэгт “Хүслийн-Од” цэцэрлэгийн төлбөрт 2,700,000 төгрөгийг төлсөн баримт /хх-129 дүгээр тал/ авагдсан, хариуцагч энэ хэмжээнд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн эмийн зардалд 196,700 төгрөг гаргуулахаар шаардсан ч эм худалдан авсан баримт дээрх эмийг ямар өвчинд хэрэглэхээр авсан нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч хүүхэд цэцэрлэгт хүргүүлэхтэй холбоотой гарсан зардал 7,200,000 төгрөгийг нотлогдохгүй байна гэх үндэслэлээр маргасан, нэхэмжлэгч гэрээний дагуу нь Г.Ганхуягт 7,200,000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ талаарх баримт нотлох баримтын шаардага хангахгүй, баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 35,195,985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,546,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 333,930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 35,195,985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,546,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 333,930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                           Т.ГАНДИЙМАА

 

                                                                                          М.МӨНХТӨР