Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1722

 

Б.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХЭМҮ төвд холбогдох

 

Гэм хорын хохиролд 94 242 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б-н гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрөлт хэвийн, эрүүл саруул охин Б.Н-г төрүүлсэн. Ийнхүү төрснөөс хойш охин Б.Н нь хийлгэх ёстой вакцинаа цаг тухайд нь хийлгэж, 4 сар хүртлээ 4 сартай хүүхэд ямар өсөлт, бойжилттой байдаг, ямар хариу үйлдэл үзүүлдэг хэвийн өсөлт бойжилттой байсан. Ингээд 2009 оны 5 дугаар сарын эхээр миний охин ханиад хүрч, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад ЭХЭМҮ төв рүү шилжин хэвтэж, эмчлүүлсэн. Улмаар 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 45 минутад тус эмнэлгийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.О нь миний охины баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарыг хийхдээ уушгийг хатгаснаас уушгийг нь гэмтээж, улмаар хяналтгүй орхисноос, мөн эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай С.О нь тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд миний охины баруун эгэмэнд гуурс тавьсныг хяналтгүй орхиж, 8 цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарч, улмаар тухайн шөнө миний охины зүрх 1 цаг гаруй зогссоноос болж тархины цусан хангамж байхгүй болж тархины 80 хувь гэмтсэн байсан. Ингээд миний бие цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсны дагуу тэдний гэм буруутай үйлдлийг шалгаад Баянгол дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор эмч Б.О, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод миний охин Н-д учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өнөөдөр миний охин 10 настай. Эрүүл саруул төрсөн хүүхэд. Тухайн үед С.О, Б.О эмчийн буруутай, ажилдаа хайнга хандсанаас болж миний охин 10 настай гэхэд эрүүл байхдаа тархи нь ямар байсан тэр чигээрээ байгаа. Эмч нарын гэм  буруутай нь  2012 онд шүүхээр тогтоогдсон. Миний бие нийгмийн халамжийн байгууллагаас өвчтэй хүүхэд харсан гэж 64.000 төгрөгийн халамж, охин М.Н-д байнгын эмчилгээний зардал гэж 118.000 төгрөг сар бүр өгдөг. Охин бид 2 энэ мөнгөөр амьдарч байна. Миний охин мэдрэлийн чиглэлийн хамгийн хүнд оношоор буюу 3 дугаар зэргийн оноштой байдаг. Миний охины онош тархины саажилттай дээр нь байнгын унаж татдаг гэсэн оноштой. Иймд 2015 оны 01 дүгээр сараас хойш 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүүхэд асрагчийн төлбөр 19.800.000 төгрөг, баримтад би болон асрагч охин бид хоёр гарын үсэг зурсан байгаа. Охин О.Н-н памперсний мөнгө 4.806.585 төгрөг, би ажил хийж байсан бол олох ёстой байсан орлого 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 7.488.000, охины нийгэмшүүлэх гэж Монгол улсад нэг л байгаа тусгай цэцэрлэгт өгсний төлбөр 4.350.000 төгрөг, багцийн шинжилгээнд 2 удаа орсны төлбөр 265.500 төгрөг болсон. Шүүх хуралд материал өгөхөд нотариатаар гэрчлүүлсний төлбөр 15.900 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шийдвэрийн дагуу мөнгө олгож байгаа гээд олгож байгаа мөнгөнөөс авсан суутгал 120.000 төгрөг, жолоочийн хөлс 7,200,000 төгрөг, эм тарианы төлбөр 196,700 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нийт 94.242.685 төгрөгийг ЭХЭМҮ төвөөс 100 хувь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.О, Б.О нараас төлбөр гаргуулсан 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Б.О-н нэхэмжлэлд дурдаад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 120.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөрийн хамт шилжүүлчихсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч С.О, Б.О нарыг эрүүгийн хэргийн шүүх гэм бурууг тогтоосон. Үүний дагуу 17 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа 2016 онд 3 шатны шүүхээр яваад гэм хорын хохирол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 30 сая төгрөг гаргуулахаар 2 удаа шийдсэн. 2009 онд хүүхдэд буруу эмчилгээ хийсний улмаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны мөнгийг нэхэмжилж байна. Буруу эмчилгээтэй холбоотой асуудлаар 2014 оны 12 дугаар сарыг дуустал нийт 47 сая төгрөгийг Б.О-т ЭХЭМҮ төвөөс гаргаж өгсөн. Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд заасны дагуу Б.О ЭХЭМҮ төвөөс нэхэмжлэлийг гаргаж байгаа. Охины одоогийн биеийн байдал ямар байгаа гэдгийг тогтоолгох гэж бид удаа дараа шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч хангаж байгаагүй. Хүүхдийн памперсний мөнгө 4.806.585 төгрөг, цэцэрлэгийн төлбөрөөс 2.700.000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр 265.500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 15.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, Б.О нь сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлүүлэх үед эд материалын болон сэтгэл санааны хохирлыг шүүх шийдээд нэгэнт гаргаад өгчихсөн учраас дээрх 50.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хуульд заасан төлбөрүүдийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нотариатын зардлын хувьд Б.О-с өөрөөс нь гарсан зардал учраас хүлээн зөвшөөрч байна. Харин шийдвэр гүйцэтгэлд өгсөн гэх 120.000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 30.125.120 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 308.575 төгрөгийн хамт гаргуулахаар шийдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЭХЭМҮ төвөөс улсын тэмдэгтийн хураамж болох 308.575 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан 30.125.120 төгрөг дээр нэмээд 120.000 төгрөгийг нэмээд 30.245.120 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2617001560 тоот дансанд шилжүүлсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Мэдээж мөнгө төлөх ёстой, гэхдээ нэгэнт бид журмын дагуу шүүх хурал хийгээд материал бүрдүүлээд явж байгаа учраас хэрэг дотор байгаа баримттай танилцахад зарим баримтад Б.О-н гарын үсэгтэй тохирохгүй баримтууд харагдсан. Сэтгэл санааны хохирлын хувьд өнөөдөр хууль зүйн зохицуулалт байхгүй байгаа. Иймд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.О-н байдлыг ойлгож байгаа. Өмнөх хурлуудаар 47 сая төгрөгийг авсан, энэ нь 2 жил төлөгдөж байгаа төлбөр. Яагаад энэ асуудлыг яриад байгаа вэ гэхээр С.О сард 720.000 төгрөгийн цалин авдаг юм. Энэ цалингаас гар дээр 650.000 төгрөгийг авдаг. Дээд шүүхийн тогтоолоор 50 хувийг эмнэлэг хариуцна, 25 хувийг С.О, 25 хувийг Б.О хариуцна гэсэн юм. н.Лхагважавын 11.400.000 төгрөгийг зөвшөөрч,  н.Золзаяагийн нь давхар ажил хийсэн байгаа учраас татгалзаж, памперсний төлбөрийг зөвшөөрч, олох ёстой байсан орлого гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Цэцэрлэгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, жолоочийн төлбөрийн асуудлыг татгалзаж байна. Эмчилгээ хийлгэх талаар санал тавихад та нараар эмчилгээ хийлгэхгүй гэдэг тайлбарыг Б.О хэлдэг. Ганцхан С.О, Б.О нараар эмчилгээ хийлгэх гэсэн биш тангараг өргөсөн зөндөө эмч нар байгаа. Жолоочийн асуудлыг ч мөн адил эмнэлгээс гэрээ байгуулаад зөөлгөх боломжтой. Сэтгэл санааны хохирлын хувьд зөвшөөрөх боломжгүй байна. Эмчийн шинжилгээний 265.000 төгрөг, нотариатын төлбөр зэргийг зөвшөөрч байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэж байгаа 2 эмч байгаа гэж байна. Яг үнэндээ бол гэм буруутай этгээд нь эмнэлэг байгаа юм. Хэрэгт шийдвэр байгаа, энэ дээр зориулалтын бус зүү, тариур гэж бичсэн, мөн хий гаргадаг аппарат нь тарагны саваар хийсэн гэж байгаа. Энд эмнэлэг буруутай юм. Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол дээр тухайн үед гэм буруутай гэж шийтгэсэн. Гэхдээ иргэний хариуцагчаар эмнэлгийг татсан байгаа юм. Зөвхөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 гэхээр гэм буруутай этгээдээс гэж үзэх юм бол энэ хэргээс сугарах гэж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Гэтэл эмнэлэг гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон гэдгийг шүүхэд хэлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХЭМҮ төвөөс 35.195.985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57.546.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 333.930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч ЭХЭМҮТ нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 35.195.985 төгрөгөөс живхний мөнгө болох 4.806.585 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 2.700.000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээ 265.500 төгрөг, нотариат 15.000 төгрөг, нийт 7.787.085 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжпэлийн шаардлагаас хүүхэд асрагчийн хөлс 19.800.000 төгрөг, нэхэмжлэгчийн олох ёстой орлого 7.488.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны 120.000 төгрөг, нийт 27.408.000 төгрөгийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.О нь Э.Золзаяа, Н.Лхагважав нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хүүхэд асарсны хөлсөнд сар бүр 600.000 төгрөг төлсөн гэжээ. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлож хөлсөөр ажиллах гэрээ болон сар бүр 600.000 төгрөг төлсөн тухай гараар бичсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... миний бие Нийгмийн халамжийн байгуулагааас өвчтэй хүүхдээ хардаг гэж 64 000 төгрөгний халамж, охин М.Н-д байнгын эмчилгээний зардал гэж 128 000 төг. Охин бид хоёр энэ мөнгөөр амьдарч байна... Хүүхэд асрагчийн мөнгийг ах, эгч нараасаа мөнгө авч өгдөг..." гэжээ. Энэ талаар тодорхой баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн Нийгмийн даатгалын газраас ирсэн лавлагаагаар хүүхэд асрагч гэх Э.Золзаяа нь "Байгаль кашмир" ХХК-д 2015 оны 01 сараас одоог хүртэл ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байгаа юм. Гэтэл 18 сарын хүүхэд асрагчийн хөлс болох 10.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Э.Золзаяатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд хүүхэд асрах цагийг 10-18 хооронд байхаар тохирсон байна. Гэтэл энэ цаг хугацаанд М.Н охин "Хүслийн ордон" хүүхэд хөгжүүлэх төвд хамрагдаж байсан болох нь Б.О болон "Хүслийн ордон" хүүхэд хөгжүүлэх төвийн хооронд хийсэн гэрээ, тус төвд төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байна. Мөн шүүхээс нэхэмжлэгч Б.О-н олох ёстой байсан орлогод тооцон 7.488.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. ЭХЭМҮТ-ийн эмч С.О, Б.О нарын буруутай үйл ажиллагааны улмаас 2009 онд М.Н гэх охины эрүүл мэндэд хохирол учирсан. ЭХЭМҮТ-ийн эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас Б.О-н эрүүл мэндэд гэм хор учраагүй байтал Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлийг үндэслэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд төлсөн 120.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд уг мөнгийг урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу гэм хорын хохиролд тооцон 30.125.120 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэхдээ 120.000 төгрөгийг хамтад нь шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гаргаж өгсөн. Хэрэв Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зардлын мөнгө болгон урьдчилан төлсөн мөнгөө буцааж аваагүй тохиолдолд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэх бүрэн боломжтой юм.

Иймд шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 27.408.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 97 242 685 төгрөг гаргуулахаар нэхэмжмлснийг хариуцагч хүүхдийн памперсний үнэ 4 806 585 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 2 700 000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр 265 500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 15 000 төгрөг  тус тус төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг  эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажиллаж байсан Б.О нь 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр уушгины хатгалгаа оноштойгоор тус төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэхээр ирсэн нэхэмжлэгч Б.О-н охин  М.Н-д 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын үед уг тавьсан гуурс уушгийг хатгаснаас уушгийг гэмтээж улмаар хяналтгүй орхиж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, тус төвийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмчээр ажиллаж байсан С.О нь 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.О-н охин М.Н-д баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын дараа буюу хатгалт хийснээс хойш 8 цагийн дараа үзлэг хийснээс мэс ажилбараас гарсан хүндрэлийг эрт оношлоогүй, хяналтгүй орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар  тус бүр 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөлийн хуулиар хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. /хх-ийн 14-20/

 Иймд  нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт  тус тус  зааснаар гэмт хэрэг үйлдсэн эмч нарын учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардах эрхтэй, хариуцагч байгууллага нь  хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.О өөрийн сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хохирогчийн эх Б.О-т учирсан эдийн бус гэм хорын хохирлыг хариуцагч байгууллага хариуцах үүргийг хуулиар хүлээгээгүй гэж, жолоочийн хөлс 7 200 000 төгрөгийн, эмийн зардлын  196 700 төгрөг, цэцэрлэгийн төлбөрийн зарим хэсэг нь  тус тус нотлогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлтэй.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/6515 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын    06-ны өдрийн 53 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2016/00223 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.О-н охин М.Н-д байнгын хяналт, нэмэлт асаргаа шаардлагатай болох нь тогтоогдсон, охин М.Н-г цэцэрлэгт хүргэж өгөх, авахад зайлшгүй 2 хүн өргөж явах шаардлагатай болдог, үүнтэй холбоотойгоор  хүүхэд цэцэрлэгт байх хугацааны асрагчийн хөлсийг 300 000 төгрөгөөр багасгаж тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй.

Мөн нэхэмжлэгч Б.О, Э.З нарын нийгмийн даатгалын шимтгэлийг “Байгаль кашмерь” ХХК-иас төлсөн нь тэднийг өөр ажил хийж, цалин хөлс авч байсан гэж үзэхгүй, “Мөнгөн шошго” ХХК-иас цалин хөлс олгодоггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь нэхэмжлэгч Б.О-н шимтгэл төлөлтийг тасалдуулахгүй байх зорилготой болохыг нэхэмжлэгч тайлбарласан, “Мөнгөн шошго” ХХК тодорхойлсон байна.

 Иймд шүүх нэхэмжлэгчийн Э.Золзаяа, Л.Лхагважав нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, хөлс төлсөн баримтыг үндэслэн хүүхэд асрагчийн хөлс 19 800 000 төгрөгийг, түүнчлэн нэхэмжлэгч хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл 24 сар /192 000 төгрөг/ 4 608 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл 12 сар /240 000 төгрөг/ 2 880 000 төгрөг нийт 7 488 000 төгрөгийг  тус тус хариуцагчаас нэхэмжилсэн, шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт  120 000 төгрөг төлсөн баримт хэрэг авагдсан /хх-ийн 88/, хариуцагч байгууллагаас түүнд уг төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.