Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01910

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 223/МА2018/00016 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.А-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Надаас иргэн Р.А Форевер ливинг бүтээгдэхүүн авах гэсэн юм, мөнгө байвал зээлүүлээч, тэгвэл би цол зэрэгт хүрч, чи цалинтай болно гэж хэлсэн. Би манай хүүгийн машин авах мөнгө байгаа гэхэд тэр мөнгөө зээлүүлчих, хамт бараа аваад зараад чиний мөнгийг өгнө гэхэд нь би бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй гэхэд Р.А би барааг чинь борлуулаад чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй гэхэд нь итгээд 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлж, баримт дээр гарын үсэг зуруулсан юм.

Ямар учиртай 7 000 000 төгрөг гэхээр би Х.Оюунчимэг гэж хүнд 2 сарын өмнө нь 3 000 000 төгрөг зээлсэн байсан. Х.Оюунчимэг нь Р.А- рүү бараа авах 20 000 000 төгрөг шилжүүлчихлээ, тэр дотор чамаас зээлсэн 3 000 000 төгрөг орсон байгаа шүү гэж утасдаж хэлэхээр нь би Р.А-т Х.Оюунчимэг надаас зээлсэн 3 000 000 төгрөгөө чиний данс руу хийсэн байна, чи надаас зээлэх 4 000 000 төгрөгөө 2 сар болгоод өгнө гэж үзэж байгаа бол Х.Оюунчимэгийн данс руу чинь хийсэн 3 000 000 төгрөгийг нэмээд 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зурчих гээд гарын үсэг зураад бараагаа авсан. Тухайн үед 7 000 000 төгрөг Р.А-ийн дансанд орсон байсан учраас баталгаажуулж гарын үсэг зуруулсан.

Ингээд би өөрт байсан 4 000 000 төгрөгийг Р.А-ийн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Р.А надад огт хэлэлгүйгээр манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт 4 000 000 төгрөгийн барааг манай бэр С.Дашбатад энэ танай хадам ээжийн бараа, чамд өгөөрэй гэсэн гээд надаас зээлсэн 4 000 000 төгрөгийн барааг орхиод явсан байсан. Хэрэв би бүтээгдэхүүнээ өөрөө аваад борлуулах байсан бол заавал Р.А-т мөнгө зээлүүлэх шаардлагагүй байсан бөгөөд өөрөө бараагаа аваад бэрдээ өгөх байсан, би зараад өгнө чи бүү ай, энэ чинь дороо зарагддаг бараа гэсэн болохоор түүнд итгэж мөнгө зээлүүлсэн.

Анхнаасаа зээлсэн бэлэн мөнгөө, бэлэн мөнгөөр нь эргүүлж өгнө гэж тохиролцсон гарын үсэг зурснаас бус мөнгөний оронд бараа авна гэж тохироогүй. Харин оронд нь бараа өгнө гэсэн бол би Р.А-т бэлэн мөнгөний зээл өгөхгүй байсан. Миний зөвшөөрөлгүйгээр манай бэр С.Дашбатад 4 000 000 төгрөгийн бараа хүчээр өгөөд гарын үсэг зуруулсан, одоо зарагдахгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг Р.А-т эргүүлэн өгч надаас бэлэн мөнгө 4 000 000 төгрөг зээлж авсныг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь АНУ-ын “Форевер” компанийн Монгол дахь салбарт гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ хэрэглэхийн зэрэгцээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна.

Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Б 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Б зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Б бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8 534 850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, үүний 4 000 000 төгрөгийг Д.Б өөрөө гаргасан.

Энэ худалдан авалтаар Д.Б-д 509 324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.Б-д их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.Б-аас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн, энэ тухай Х.Оюунчимэгт хэлэхэд тийм, би 2 сая төгрөг зээлсэн, би өгөх ёстой юм, одоо чам руу шилжүүлчихье гээд шилжүүлсэн. Д.Б-ын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад 3 удаа хэлсний дараа манай гэрт орж ирээд 4 491 761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхэгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан. Иймд би Д.Б-д 4 000 000 төгрөгийг төлөх ёсгүй.

Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4 491 761 төгрөгийн барааны 491 761 төгрөгийн барааг буцаан авна. Би форевер компанид ороод 2-3 сар ажиллаж байгаад Х.Оюунчимэг миний 1 дүгээр эгнээнд ороод доороо хүмүүс элсүүлээд бараа худалдаж аваад багаар ажиллахад хэн хэндээ хэрэгтэй байдаг учраас Х.Оюунчимэг Д.Б-ыг доороо гишүүнээр оруулсан байдаг.

Өөрөө менежер болохын тулд Д.Б-ыг ашигласан юм шиг зүйл яриад байна, тийм зүйл ерөөсөө байхгүй. Би хөдөө нөхөр дээрээ очих гээд байж байтал манай хөрш Х.Оюунчимэгийн дүү нь нас барсан байсан, тэр над руу залгаад би чам шиг менежер болмоор байна. Чи надад туслах хэрэгтэй байна, компаниасаа асуугаад өгөөч боломж нөхцөл нь юу байна гэсэн. Би тэгэхээр нь 06 дугаар сарын 05-наар тасалбар болгож байгаа юм байна, 06 дугаар сарын 05-наас өмнө бараагаа захиалахгүй бол болохгүй цаг хугацаанд баригдаад менежер гэдэг цолыг авах шаардлагатай байна гэсэн шалтгаанаас Х.Оюунчимэг бид хоёрын дунд энэ Д.Б гэж хүн орж ирсэн. Тэгээд Х.Оюунчимэг ярихдаа доороо ажиллаж байгаа 4 хүн байгаа, 4 хүний Д.Б-аас бусад нь илүү сайн ажиллаад байгаа, одоо оноогоо нэмэх шаардлагатай байна гээд Д.Б-ыг надад зааж өгсөн.

Би утсыг нь мэдэхгүй гэсэн чинь чамд дугаарыг нь өгье гээд өгсөн, цаг нь тулсан учраас би Д.Б руу залгасан. 4 000 000 төгрөг өөрөө надтай хамт банк руу орж байгаад тушаасан. 4 000 000 төгрөг өөрт нь хамааралтай байсан учраас би 4 000 000 төгрөг нь дээр гарын үсэг зурсан болохоос 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зураагүй, Х.Оюунчимэгээс 3 000 000 төгрөгийн авлагатай гэхээр нь дэргэд нь Х.Оюунчимэг рүү залгаад 3 000 000 төгрөгийн тооцоотой юм байна, одоо яах вэ гээд хэлсэн. Төд удалгүй миний дансанд Х.Оюунчимэг мөнгө хийсэн. 4 000 000 төгрөгийг миний дансаар мөнгөө хийж байгаа болохоор баримт болгож авч байгаа юм байна гэж бодсон. А4 хэмжээтэй том цаас өгөөд энэ дээр миний бараануудыг бичээд байгаарай миний бэр С.Дашбат гээд залуухан хүүхэд байгаа, их мундаг хүүхэд тэрэнд миний бараануудыг тоолж өгөөрэй, Р.А-ээ чи бараагаа бүгдийг нь гэртээ буулгачих, хэд хоногоос манай бэрд тоолоод өгөөрэй гэсэн, ийм л юм болсон. Би энэ хүний кодыг мэдэхгүй, өөрөө зэрэгцэж зогсож байгаад кодоо хэлээд бараагаа авсан, 3-4 цагийн хугацаанд хамт байсаар байгаад ирсэн. Би туслах зорилгоо хадгалж, хайрлаад явж байсан болохоос өөр надад ямар ч шаардлага байгаагүй. Мөнгө зээлсэн бол Д.Б-ыг авч явах ямар ч шаардлага байхгүй.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Р.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А-ээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 223/МА2018/00016 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 4 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.А-т холбогдох нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Р.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Надад хүүгийнхээ машин авах зориулалтаар хадгалуулсан энэ их мөнгөөр өөртөө бараа худалдан авах, түүнийг зарж борлуулах хүсэл сонирхол ч байгаагүй надад ийм боломж ч байхгүй юм. Энэ талаар Р.А- бид 2 ярилцаж тохироогүй юм. Мөн би 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Р.А-т 4 000 000 төгрөгийг зээлдүүлж түүний дансанд нь хийсэн ингээд маргааш нь буюу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр тооцоо нийлж тохирсон ёсоороо баримт үйлдэж гарын үсэг зурсан ингэхдээ Х.Оюунчимэгийн өмнө нь бараа авах гэж надаас зээлсэн байсан 3 000 000 төгрөгийг Х.Оюунчимэг Р.А-т шилжүүлсэн байсан юм энэ мөнгөн дээрээ би Р.А-т зээлдүүлсэн 4 000 000 төгрөгөө нэмж нийт 7 000 000 төгрөгийн өгөө аваатай гэж тооцоо нийлж хоёулаа харилцан тохирч бичиг үйлдэн гарын үсэг зурсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ баримтыг мушгин гуйвуулж “мөнгөн дүн, огноо зөрүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хариуцагчид зээл гэх 4 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болохоо нотлоогүй” гэсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 223/МА2018/00016 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Р.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч Р.А- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин сүлжээний бүтээгдэхүүн борлуулах харилцаатай байсан тул дээрх мөнгөнд нь бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн баталгаа бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргажээ. Уг баримтад зааснаар хариуцагч Р.А- нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Б-аас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан болохыг гарын үсгээрээ баталгаажуулсан байна. Түүнчлэн, хариуцагч Р.А-ийн банкны дансанд С.Оюунчимэг, Д.Б нараас 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг тус тус шилжиж орсон байна.

Зохигч нь “Форевер ливинг” нэрийн бараа, бүтээгдэхүүн борлуулах харилцаатай байсан нь тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээг тодорхойлох нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг баримтаар няцааж чадаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болсон бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Р.А нь нэхэмжлэгчээс мөнгөө зээлээгүй атлаа зээлсэн гэж баталгаа гаргаж өгөх болсон шаардлага, үндэслэлийг нотлоогүйгээс гадна бараа, бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаатай холбоотой ямар нэг шаардлага нэхэмжлэгчид холбогдуулан гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 223/МА2018/00016 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 79 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН