| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/01742/И |
| Дугаар | 001/ХТ2018/01932 |
| Огноо | 2018-12-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01932
Б.В-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00911 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1402 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Б.В-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Г Т” ХХК-д холбогдох,
Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөл дордуулсныг тогтоолгож, хөдөлмөрийн нөхцөл сэргээхийг даалгах, ажлын хөлс 49 376 965 төгрөг, цалин үндэслэлгүй бууруулсны зөрүү 2 674 345 төгрөг, нийт 52 051 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч А.Базарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ОХУ-ын иргэн Б.В нь “Г Т” ХХК-д 2012 оны 11 дүгээр сараас жолоочоос эхэлж ажилласан бөгөөд 11 сарын дараа борлуулалтын албаны дарга болон албан тушаал дэвшсэн. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс дэд захирлын албан тушаалд томилогдон 2 жил ажилласан бөгөөд үндсэн цалинг 2 962 000 төгрөгөөр хөдөлмөрийн гэрээнд тохирсон. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орсон. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал нь өөрийн хүсэлтээр ажлаас гарахыг шахаж эхэлсэн ба ажлын байр, ажлын түлхүүр, компьютер зэргийг хурааж ажил хийх нөхцөлгүй болгосон. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг үндэслэлгүйгээр бууруулж 287 655 төгрөг болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сард дуусгавар болохоор заасан байсан. Ажил олгогч “Г Т” ХХК нь 2017 оны 07 дугаар сард 648 095 төгрөг, 08 дугаар сард 316 778 төгрөг, 09 дүгээр сард 2 674 345 төгрөг үндсэн цалингаас үндэслэлгүйгээр суутгасан.
Ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, урамшууллын 1 000 000 төгрөг, нийт 3 962 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, урамшууллын 1 000 000 төгрөг, нийт 3 962 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын үндсэн цалин 2 962 000 төгрөг, нийт 26 373 218 төгрөгийг нэхэмжилсэн.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Харин үндсэн болон нэмэлт цалингийн хэмжээн дээр маргадаг. Нэхэмжлэгчээс ажиллаж байсан хугацаа болон ажиллах боломжтой байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ажиллаж байх хугацаандаа 2 962 000 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогддог. Гэрч н.Жавзанманлай би ажлаас гарахдаа компанийн бүх баримт бичгийг үлдээж явсан гэж мэдүүлдэг. Хариуцагч тал манайд баримт бичиг байхгүй, Б.В- аваад явсан гэж гүтгэж байсан.
Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалин үндэслэлгүй бууруулсны зөрүү нийт 52 051 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.В хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг үндэслэлгүйгээр бууруулсан гэж маргаж байна. Гэвч 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар хөдөлмөрийн гэрээнд дэд захирлын албан тушаалд томилогдсон Б.В-гийн үндсэн цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор тохиролцож байсан. Шүүхэд баримтаар хавсаргасан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн үндсэн цалин хэсэгт 2 962 000 төгрөг хэмээн засвар оруулж, нөхөн бичсэн байна. Манай компаниас нэхэмжлэгч Б.В-г ажлаас гарахыг шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирэхгүй байсан.
Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сараас эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзсэн боловч 2017 оны 06 дугаар сард хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсныг тогтоолгох, гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөлийг сэргээхийг ажил олгогчид даалгах, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан хугацаанаас хойш хөдөлмөрийн гэрээ дуусах хүртэл хугацааны гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 26 373 218 төгрөгийг гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00911 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Г Т” ХХК /РД:5633494/-аас 5 636 345 /таван сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 414 965 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хөдөлмөрийн нөхцөл сэргээлгэхийг даалгах тухай шаардлагад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 105 131 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1402 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “5 636 345” гэснийг “6 601 218” гэж, “46 414 965” гэснийг “45 450 092” гэж, 3 дахь заалтад “105 131” гэснийг “120 569” гэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Нэхэмжлэгч анх 2016 оны 07 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн нөхцөлийг минь дордуулж, цалинг бүтэн олгоогүй гэх тул тус хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. Мөн шүүх хуралдааны явцад МХГ-т гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны гэж огноологдсон өргөдлийг 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан талаар тайлбар хэлсэн. Иймд тус хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон ч хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна. 2016 оны 10 дугаар сарын цалин олгоогүй, тухайн үеэс ажлаас гарахыг шахаж шаардах болсон гэж тайлбарладаг тул тухайн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Хөдөлмөрийн гэрээ нь хуурамч гэрээ тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Тус гэрээ хуурамч болох нь гэрээний эх хувь болон нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн хувиудын гap бичвэр бүхий хэсэг нь хоорондоо үл анзаарагдам байдлаар зөрж байгаа нь нэхэмжлэгч тэдгээрийг үл мэдэгдэх байдлаар хуурамчаар бичсэнийг илтгэнэ. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө компанийн бүх ажилчдын үндсэн цалин 240 000 төгрөг байсан тухай мэдүүлсэн. Тодруулбал, гүйцэтгэх захирал хүртэл тийм цалин авдаг байснаа хэлсэн. Гэтэл, нэхэмжлэгч нь гэрээний тус хэсгийг өөрөө засч, үндсэн цалингаа ихэсгэж бичсэн. Ингэхдээ cap болгон авдаг байсан урамшуулалт цалингаа оруулж 2.9 сая болгож бичсэн. Хөдөлмөрийн гэрээний тухайн хэсэгт үндсэн цалин cap болгоны 20-ны дотор, урамшуулалт цалинг дараа сарын 05-ны өдөр олгох тухай заасан. Нэхэмжлэгчийн цалин олгогдож байсан байдлыг нь xapaxaap cap болгоны 20-ны өдөр 240 000 төгрөг ордог байсан бол дараа сарын 05-ны өдөр 2.7 сая төгрөг орчим цалин ордог байсан нь харагдана. Энэ нь түүний үндсэн цалин 240 000 төгрөг байсныг буюу тэрээр хөдөлмөрийн гэрээний цалингийн хэсгийг хуурамчаар үйлдэж, өөрөө гараар зассаныг нотлох баримт юм. Иймд шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дахь заалтыг хэрэглэж тус баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй байсан гэж бид үзэж байна.
Нэхэмжлэгч нь намайг ажлаас гарахыг шахаж шаарддаг, дарамталдаг байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх захирлыг гэрчээр оролцуулахад тийм зүйл болоогүй тухай мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь нотлох баримтгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангах хэмжээг нэмэгдүүлэн тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ. Харин шийдвэрт оруулсан өөрчлөлтөө найруулгын хувьд алдаатай тусгасныг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Б.В-Владимирович нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоолгох, ажлын хөлс 49 376 965 төгрөг, цалин бууруулсны зөрүү 2 674 345 төгрөг нийт 52 051 310 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Г Т” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, ажлын нөхцөлийг нь дордуулаагүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Зохигчийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн дэд захирлын албан тушаалд ажиллажээ.
Нэхэмжлэгч Б.В.В.-ын ажлын байрандаа ажиллах боломжгүй болсон, цалин бууруулж, хөдөлмөрийн нөхцөл дордуулсан ажил олгогчийн ажиллагааны талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцож, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан журмыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийсэн ажил олгогчийн ажиллагааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг нэмэгдүүлсэн нь зөв болжээ. Харин анхан шатны шүүх шийдвэртээ мөнгөн дүнг тоо болон үсгээр заасан байхад магадлалын тогтоох хэсэгт шийдвэрийн заалтыг өөрөөр бичсэн нь өөрчлөгдөж буй шийдвэрийн агуулгыг ойлгомжгүй болгосон байна.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1402 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 636 345” гэснийг “5 636 345 \таван сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин тав\” гэж, “46 414 965” гэснийг “46 414 965 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран тав\” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлөх ёстой байсан 105 132 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН