Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0785

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.О нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл,

Нэхэмжлэгч: Б.М, Б.О

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 644 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0223/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 644 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын мөн захирамжийн 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/1032 дугаар захирамжийг хүчингүй болгосон бөгөөд анхан шатны шүүх Нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийг батлан гаргахдаа Монгол Улсын үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.16-гийн "В", Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.2.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 41.1.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 4.1.2 дахь заалт, 40.1.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн холбогдох хууль, тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус шийдвэрийг Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилга байгууламжийн газрыг төрийн хамгаалалтад авсан захиргааны актыг харгалзан үзэлгүйгээр тухайн шийдвэрийг баталсан.

2.2.Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид зааснаар түүхэн дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байхаар хуульчилсан бөгөөд 1969 оноос хойш 7 удаагийн хамгаалалтад авсан тогтоол, шийдвэрүүдээр энэхүү байшингийн суурийн газар нь "Соёлын өв, түүхэн дурсгалт байшин" гэдгийг батлан харуулж байна. Мөн Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын "Соёл, боловсролын салбар" гэсэн 5 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт "Түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж"-ийг хувьчилж болохгүй, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар "Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэж тус тус заасан.

2.3.Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй талаар шийдвэрт дурдсан бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/5925 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр иргэн Б.М өөрийн биеэр ирж гардан авсан.

2.4.Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч иргэн Б.Огийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүйг анхан шатны шүүх харгалзан үзээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 гэж бичсэн бөгөөд 7.2 гэсэн хэсэг байхгүй болно.

Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0644 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

3.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны даргын өдрийн А/1032 дугаар захирамжийн[1] 1 дэх заалтаар  “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан, 2 давхар байшин /Гоожингийн өндөр/-г   эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт даалгасан.

Харин уг актын 3 дахь заалтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 470 м2 газрыг 2014 оноос үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа Б.М нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэн түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4.Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар байшин /Гоожингийн өндөр/-г Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын 1969 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зөвлөлийн “Түүхийн дурсгалт зарим байрыг улсын хамгаалалтад авах тухай” 420 дугаар тогтоолоор[2] Найрамдалын районы дэвсгэрт /санхүүгийн сургуулийн хуучин байр/ байрлах Монголын хувьсгалчдын хоригдож байсан 2 давхар байшинг улсын 2 дугаар зэргийн хамгаалалтад авахыг Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанд үүрэг болгосон.

Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах арга хэмжээний тухай” 420 дугаар тогтоолоор[3] маргаан бүхий барилгыг хотын гүйцэтгэх захиргааны хамгаалалтад авчээ.

Улмаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хотын хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд явуулсан үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 326 дугаар тогтоолын[4] 2 дугаар хавсралтаар Улаанбаатар хотод байгаа түүх архитектурын дурсгалт барилгаар “Монголын хувьсгалчдын хоригдож байсан давхар байшин”-г тогтоож, Хотын музейг хариуцахаар даалгажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Түүх соёлын дурсгалт зүйлсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолоор[5] маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Улаанбаатар хотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хариуцан хамгаалахаар заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах тухай” 197 дугаар тогтоолоор[6] маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Улаанбаатар хотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хариуцан хамгаалахаар хамгаалалтад авчээ.

Эдгээр баримтаас дүгнэхэд маргаан бүхий барилга нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан түүх, архитектурын дурсгалт барилга буюу 1969 оноос хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн хамгаалалт буюу Улаанбаатар хотын хамгаалалтад багтсан “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө” гэдэг нь тогтоогдож байна.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Боловсролын яамны 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/396 дугаар зөвшөөрлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалын[7] 2 дахь заалтаар Гоожингийн өндөр хэмээх 9 айлын 2 давхар сууцыг акталж, данснаас хасаж, Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн.

Үүний дараа Гоожингийн өндөр хэмээх 9 айлын 2 давхар сууцанд амьдарч байсан  Р.Ү болон бусад 8 оршин суугч нар нь 9 өрхийг төлөөлөн амьдарч байгаа газрынхаа эрхийн бичгийг[8] Р.Ү нарын 4 иргэний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дүгээр захирамжаар[9] Р.Ү нарын 4 иргэнд амины орон сууцны зориулалтаар 470 метр квадрат газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ[10] байгуулж, кадастрын мэдээллийн санд[11] бүртгэжээ.

Мөн Р.Ү, Ж.Э, Г.Т, С.А нар 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, уг мэдүүлгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Модны 1-15, 521 метр квадрат талбай бүхий амины орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл[12] гаргаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Ү-2204025934 дугаарт[13] Р.Ү нарын 4 иргэнийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн.

Хувийн сууц худалдах, худалдан авах 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээгээр[14]  Р.Ү нарын 4 иргэнээс Б.М-д тус маргаан бүхий 2 давхар хувийн сууцыг шилжүүлж, Б.М-г үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204025934 дугаарт бүртгэж гэрчилгээ[15] олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар[16] Р.Ү нарын 4 иргэнээс Б.Мд газар эзэмших эрхээ шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар[17] Б.М-ийнБаянзүрх дүүргийн 06 дугаар хороонд байрлах 470 м.кв газрын амины орон сууцны зориулалтыг үйлчилгээний зориулалт болгон өөрчилжээ.

Улмаар Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр[18] дээрх үл хөдлөх хөрөнгийг Б.О-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204025934 дугаарт бүртгэж гэрчилгээ[19] олгосон.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж,

 

7.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлэхээр, 16 дугаар зүйлийн 16.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.1.1-д “соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 16.1.2-т “соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах”, 16.1.3-д “соёлын өвийг ..., бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах”, 16.1.6-д “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах”,  16.1.13-д “устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн  31.2.1-д “Доор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшинэ:төрийн болон орон нутгийн музей”, 31.2.7-д “хууль тогтоомжоор соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн бусад байгууллага”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:”, 33.2.7-д “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх.” гэж заасан.

Дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Соёлын өвийг хамгаалах асуудлыг ... бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна”, 37.2-т “Соёлын өвийн хамгаалалтад ..., бүх шатны Засаг дарга, ... хяналт тавина” гэжээ. 38 дугаар зүйлийн 38.1-д “Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно:”,

38.1.1-д “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, ... үйлдвэрлэл явуулах”, 38.1.2-т “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, ... зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох”, 38.1.4-т “улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд .. анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх” гэжээ.

8.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:”, “16.1.15.хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “..., нийслэл, ...ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, ...ыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус зохицуулсан.

9.Монгол Улсын Их Хурлын 1999 оны “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж” гэж заасан.

10.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.”, 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэж  тус тус зохицуулжээ.

11.Маргаан бүхий актыг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг буюу Улаанбаатар хотын “түүх, соёлын үл хөдлөх дурсгал”-ыг  авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц үйл ажиллагааг таслан зогсоох, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор цагдаагийн хамгаалалтад авсан.

Мөн “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” байрлах хамгаалалтын бүс тогтоосон хуулиар улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч, иргэний эзэмшилд олгогдох хууль зүйн үндэслэлгүй газрыг нэхэмжлэгч иргэн  Б.М-ийн эзэмшилд “үйлчилгээний зориулалтаар” шилжүүлсэн өмнө нь гаргасан алдаатай, хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харж, зассан агуулгаар гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Тухайлбал, маргаан бүхий акт нь хариуцагч захиргаанаас өөрт хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэхдээ зорилгодоо нийцүүлэн боломжит хувилбаруудаас өөрийн үүргийг хэрэгжүүлэхэд тухайн нөхцөл байдалд боломжтой хувилбарыг сонгон хэрэглэж гаргасан акт байна.

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий актын 1, 3 дах хэсгийг хариуцагч захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан хууль зөрчсөн, эсхүл илт хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

12.Дээр дурдсанаар соёлын өвийг хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах зэрэг үүргийг хариуцагч захиргаанд хуулиар хүлээлгэсний дагуу уг хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”-ийг цагдаагийн хамгаалалтад авах замаар сонгох боломжоо хэрэгжүүлсэн үйлдлийг хариуцагч захиргаанаас өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн “...шууд цагдаагийн хамгаалалтад авах эрх хуулиар олгогдоогүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны ...А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан ...илт хууль бус захиргааны акт мөн” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий барилга байрлах газрыг нэхэмжлэгч Б.М-д “үйлчилгээний зориулалтаар” эзэмшүүлсэн болон нэхэмжлэгч Б.О-д уг барилгыг өмчлүүлэхээс өмнөх цаг хугацаанд уг барилга, түүний байрлах газар нь Нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт” зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн хамгаалалтад авагдсан “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”, соёлын өв байсан гэдэг нь тогтоогдож байна.

Үүнээс гадна маргаан бүхий актын 3 дахь хэсгээр нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэгч Б.М-ийн“үйлчилгээний зориулалтаар” олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос өмнөх цаг хугацаанд маргаан бүхий газар нь “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”, соёлын өв байсан байтал уг газрыг иргэний эзэмшилд  “үйлчилгээний зориулалтаар”, барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчид “үйлчилгээний зориулалтаар”  зориулалтаар  маргаан бүхий “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”, соёлын өвийг эзэмшүүлснээрээ Газрын тухай хууль болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэдгээ хариуцагчаас хүлээн зөвшөөрч, улмаар хариуцагчаас соёлын өвийг хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор энэ хуулийн ноцтой зөрчил бий болгосон шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон агуулгатай шийдвэр бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр хууль зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Нийслэлийн Засаг даргаас Б.М-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хүчингүй болгосон байгаа боловч уг захирамжид заасан үйл баримт, зөрчил шүүхэд тогтоогдохгүй байна.,...түүх соёлын хосгүй дурсгалт зүйл болох “Гоожингийн өндөр” газрыг иргэний хувийн эзэмшилд шилжүүлсэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.4-т тус тус заасныг зөрчин газар олгосныг хүчингүй болгосон ... үндэслэлгүй,...маргаан бүхий акт энэ үндэслэлээр гараагүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.    

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн “...авран хамгаалах, сэргээн засварлах ажиллагаа одоог болтол огт хийгдээгүй, үүнээс гадна “Гоожингийн өндөр” гэх барилгыг төрийн байгууллага “соёлын төв”-д бүртгэчихсэн байсан атлаа 2008 оноос төрийн болон орон нутгийн өмчид бүртгээгүй” гэх дүгнэлтийн улмаас маргаан бүхий актыг хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь “төрийн болон орон нутгийн өмчид бүртгээгүй” нөхцөл байдлаас шалтгаалж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг соёл өв гэдгийг үгүйсгэх, цаашлаад соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах зэрэг хуулиар түүнд хүлээлгэсэн үүргээ хариуцагч захиргаанаас биелүүлэхээс татгалзах, биелүүлэхгүй байх эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 644 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.6, 16.1.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, Б.О нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөлийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 224-225 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 226-228, 235 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 247-250, хэргийн 3-р хавтас 1 дэх тал

[5] Хэргийн 2-р хавтас 118-120 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 173-176 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 134 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 132 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 56-57 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 141-142 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 143 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 110 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 158 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 154 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 159 дэх тал

[16] Хэргийн 1-р хавтас 241-243 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 59-62 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 167 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 170 дахь тал