Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0269/З |
Дугаар | 221/МА2023/0023 |
Огноо | 2023-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0023
“Г...” ХХК ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б.. нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О..,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б..,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Г...” ХХК ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаар шийдвэр,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О..
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш...,
Хэргийн индекс: 128/2022/0269/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаар дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5-д заасныг тус тус баримтлан “Г...” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийн чөлөөлөгдсөн талбайд холбогдох хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...”Г..” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэн 128/ШШ2022/0738 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Нэхэмжлэгч талын зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн А/169 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах /106.3.1/’., гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаан бүхий актын хүрээнд бүхэлд нь маргасан юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээг хязгаарлаж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хамрах хүрээг орхигдуулах байдлаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ЗХШХШтХ” гэнэ/-ийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч “Г...” ХХК ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан буюу төслийн нийт талбай болох 15.4 га газарт хамаарах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүхэлд нь хөндөж байгаа юм. Түүнчлэн хараахан чөлөөлөөгүй үлдсэн талбайд оршин суугчид нь амьдарч байгаа, энэ талаар шүүх үзлэг хийх үеэр тогтоогдсон, хэргийн оролцогч талууд төслийн зарим талбайг чөлөөлөөгүй, оршин суугчид нь амьдарч байгаа талаар маргаагүй байдаг. Гэтэл шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж төслийн талбай бүхэлдээ барилгажаагүй, талбайн дийлэнх хэсэг чөлөөлөгдөөгүй байх тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Учир нь нэгэнт төслийн газар дээр амьдран сууж буй эзэмшигч нартай хоёр талт болон гурван талт гэрээ байгуулах боломжгүй байтал газар чөлөөлөгдөөгүй гэж дүгнэх цаашлаад чөлөөлөгдөөгүй талбайтай холбоотой нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хоёр. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэргийн үйл баримтын шалтгаант холбоотой холбож хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитой үнэлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2 дахь хэсэгт “Г.." ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ сунгагдаагүй, дахин олгогдоогүй болох нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/3379 тоот албан бичгээр” гэх, мөн шийдвэрийн 8.3 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын “Тав” зүйлийн 5.2- т барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй нь тус тус тогтоогдсон талаар дүгнэлт өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай холбон хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитой үнэлсэн гэж үзэхгүй юм.
Учир нь дээр дурдан буй зөвшөөрлүүд яагаад олгогдоогүй, холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдлийн цаад шалтгаан, нөхцөлийг тодруулж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс болж алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ. Тухайлбал: “Г...” ХХК ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ сунгагдаагүй, дахин олгогдоогүй нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний дагуу “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Түмэн амгалан” орон сууцны цогцолбор хорооллын гадна инженерийн хангамжийн ажил”-ыг 11 589 886 061 /арван нэгэн тэрбум таван зуун наян есөн сая найман зуун наян зургаан мянга жаран нэгэн/ төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжилт олгохоор болж үүнээс 8 643 200 000 /найман тэрбум зургаан зуун дөчин гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийн санхүүжилт олгогдож, үлдэх 2 426 800 000 /хоёр тэрбум дөрвөн зуун хорин зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн санхүүжилт дутуу хийгдсэнээс шалтгаалж тус гадна инженерийн хангамжийн ажил бүрэн дуусаагүй одоог хүртэл үлдэгдэл санхүүжилтийг олгоогүйн улмаас цахилгаан, дулааны техникийн нөхцөлүүдийн хугацаа дуусаж сунгагдаагүй байдалтай байгаа юм.
Техникийн нөхцөлүүд сунгагдаагүйн улмаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй байгаа, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар,Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээний хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг яаралтай олгох асуудлаар тус тус удаа дараа хандсан боловч “Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээ сунгагдаагүй байгаа учир боломжгүй харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилт нь төсөвт тусгагдаагүй учир боломжгүй, ... үлдэгдэл санхүүжилт олгох үед техникийн нөхцөлүүдийг тухайн онд сунгаж ажиллаж болно” гэх тайлбаруудыг байнга хэлбэр төдий өгдөг боловч төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах үүргээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй, санхүүжилтээ бүрэн, хугацаанд нь хийх үүргээ зөрчсөн зэрэг хариуцагчийн буруутай үйлдлийн үр дагаврыг хэргийн үйл баримттай холбон зөв дүгнээгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “”Г...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Г....”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн 128/ШШ2022/0738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад"... “Г...” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийн чөлөөлөгдсөн нэгж талбайд холбогдох хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Үүнийг хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Учир нь нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийн чөлөөлөгдсөн нэгж талбайд нийт 48 нэгж талбар багтах бөгөөд эдгээр нэгж талбар нь газрын байршил, хэмжээний хувьд нэгдмэл биш. Өөрөөр хэлбэл 1, 2, 2, 3, 4, 4, 10, 22 /нийт 48 нэгж талбар/ нэгж талбар нь газрын хувьд нэгдмэл боловч байршлын хувьд хоорондоо зайтай тус тусдаа юм. Бодит байдал дээр чөлөөлсөн 1 нэгж талбарын газрын хэмжээ 327 м.кв бөгөөд тус нэгж талбарт нийтийн эзэмшлийн орон сууц барих боломжгүй. Гэтэл шүүх энэ чөлөөлсөн 1 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэх эрхийг хэвээр үлдээсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч дээрх чөлөөлсөн нэгж талбарын 10 нэгж талбарт 2 орон сууцны барилгын ажил эхлүүлсэн. Чөлөөлсөн гэх нэгж талбарын газрын хуваагдмал байдлыг үнэлэхгүй төсөл хэрэгжүүлэх эрхийг хэвээр үлдээж шийдсэн шүүхийн шийдвэр нь дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, нийтийн эрх ашгийн үүднээс нэгдсэн дахин төлөвлөлтийн зураг төслийг шийдэх, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна.
Мөн нэхэмжлэгч тал газрын талбайн хэмжээ бага 1, 2 нэгж талбарт ямар нэгэн төлөвлөлт хийхгүй орхигдуулах, хийх төлөвлөлтөө дутуу гүйцэтгэх магадлалтай энэ нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Тус төслийн талбай нь 15,2 га газартай, 228 нэгж талбар чөлөөлөхөөс нэхэмжлэгч 48 нэгж талбар /20 орчим хувь/ чөлөөлсөн. Төсөл хэрэгжүүлэх эрх авсан 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төрийн байгууллагын зүгээс нийтийн болон нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзан өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд боломж олгосон боловч нэхэмжлэгч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс маргаан бүхий актын чөлөөлөгдсөн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгтэй нийцэхгүй хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг дутуу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 128/ШШ2022/0738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан орчмын /ГХДТ-2013/7 багцын төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч “Г...” ХХК ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч,төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
2. Нэхэмжлэгч “Г...” ХХК ХХК-аас дээрх нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “....Улсын дээд шүүхийн хяналтын захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолын дагуу “..төсөл хэрэгжүүлэх эрх нь зөвхөн нэхэмжлэл гаргасан Ц.Бямбабаатар, Д.Мөнгөнбаатар, Л.Сүрэнхорлоо гэсэн 3 иргэдийн хувьд цуцлагдахаар байхад хариуцагч дээрх шүүхийн тогтоолыг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж дахин төлөвлөлт хийх эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон ...” гэж,
Хариуцагчаас “... төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ”Г..." ХХК нь 2013 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд 2 барилгын суурь ухсан өөр ажил хийгээгүй, газар чөлөөлсөн 29 өрхийг Хангай хотхонд түр байршуулсан гэрчилгээ гараагүй, түрээсийн байранд амьдарч байгаа 19 өрхийн түрээсийн төлбөрийг төлөхгүй иргэдийг хохироосоор байсан тул ..... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан...” гэж тайлбарлан маргажээ.
3. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.1-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана”, 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.
4. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх журамд заасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулсан эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар дүгнэлт өгөх байтал энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, чөлөөлөгдсөн талбайд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй байхад маргаан бүхий актыг хэсэгчлэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Энэ талаарх давж заалдах гомдлуудад “... хэрэгжих боломжгүй шийдвэр гаргалаа...” гэсэн нь үндэслэлтэй байна.
5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “....Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээний хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг яаралтай олгох асуудлаар удаа дараа хандсан...., төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах үүргээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй, санхүүжилтээ бүрэн, хугацаанд нь хийх үүргээ зөрчсөн зэрэг хариуцагчийн буруутай үйлдлийн үр дагаврыг хэргийн үйл баримттай холбон зөв дүгнээгүй...” гэжээ.
6. Нэхэмжлэгч “Г...” ХХК ХХК нь 2018 онд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, тус компаниас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар албан бичгээр “..шинээр 12 айлын газрыг чөлөөлж 16 давхар 120 айлын айлын орон сууцны 2 блок орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тус 2 барилгын суурь болон зоорийн давхрын цутгалтын ажлыг хийж дуусгасан..” гэж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газарт, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21/11 дүгээр “...барилгын ажил үргэлжлүүлэхтэй холбогдон барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг сунгах болон төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн дуусгах шаардлагатай байна...” гэж Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53/21, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 83/21 дүгээр “... гэрээний хугацаа дууссан тул гэрээ сунгахаар тус газартай зөвшилцөж байгаа ба гэрээ сунгагдахад техникийн нөхцөлүүд сунгагдана....16 давхар, 240 айлын үйлчилгээтэй, 2 блок орон сууцны барилгад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү...” гэж Хот байгуулалт, хөгжлийн газарт, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87/21 дүгээр “....техникийн түр нөхцөлүүдийн хугацаа дууссан байгаагаас шалтгаалан зөвшөөрөл авахад хүндрэл үүсээд байгаа тул энэ асуудлаар ... дэмжлэг үзүүлнэ үү” гэж Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт хандсан албан бичгүүд болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тус компанид хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2/2925 дугаар албан бичигт “....техникийн нөхцөлүүдийн хугацааг үлдэгдэл хөрөнгө болох 2,426.8 сая төгрөгийн хөрөнгийн захирамж батлагдсан тухайн онд сунгуулж ажиллах болно” гэх албан бичиг зэргийг нэхэмжлэгчээс “... техникийн нөхцөлөө сунгуулж, барилгын зөвшөөрлийн гэрчилгээ сунгуулахаар шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн холбогдох газруудад хандаж байсан, төсөл сунжирсанд нэхэмжлэгч буруугүй” гэх тайлбартайгаа холбогдуулан ирүүлжээ.
7. Эдгээр баримттай холбоотой хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх гурван талт гэрээний оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй талаар холбогдох газруудаас шалгаж тодруулсан эсэх, нэхэмжлэгчийн болон улсын төсвөөс төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн хэлэлцсэн, чөлөөлөгдсөн 48 талбай болон зарим хэсэгт нь барьж буй 2 барилгын ажлыг үргэлжлүүлж төсөл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн шалтгааны талаар тодруулж, холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, дээрх баримтыг үнэлэлгүй, “8 жилийн хугацаанд барилгын ажлыг эхлүүлэлгүй төслийг сунжруулж, 2021 онд барилгын ажлыг эхлүүлсэн нь төсөл хэрэгжүүлэгчийн өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарсан” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
8. Мөн нэхэмжлэгч нь гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий актаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг буруутгах боломжгүй, ... гадна шугам сүлжээний хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил удааширсан гэх боловч энэ нь иргэдтэй нэгж талбар чөлөөлөхөөр тохиролцоход саад учруулахгүй, бусдаас эрхийг шилжүүлэн авч төслийг хэрэгжүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, зарим газрыг чөлөөлснөөр гэр хорооллыг барилгажуулах төслийн зорилго хангагдсан гэж үзэхгүй гэх зэргээр дүгнэсэн атлаа тухайн чөлөөлөгдсөн талбайн хувьд төсөл хэрэгжих боломжтой эсэх, маргаан бүхий актын энэхүү хэсэг нь аль хуулийг зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөлгүй, зарим иргэд нэгэнт газраа чөлөөлсөн, хоёр болон гурван талт гэрээ хэрэгжиж дуусаагүй, нийтийн болон нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс чөлөөлөгдсөн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн нь зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ