Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 383

 

Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Оюунтуяа, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, хариуцагч П.Мандахбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0562 дугаар магадлалтай, Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримтлан Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулж гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Д.Оюунтуяаг огцруулах тухай” Б/11 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяаг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Оюунтуяаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0562 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалсны эцэст шүүхийн шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т заасныг үндэслэсэн байх бөгөөд тухайн хуралд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 4426 өрхийн 50 хувь болох 2213 өрхөөс төлөөлөл оролцоогүй, 165 хүн оролцсон болохыг П.Мандахбаяр хэлж байсан.

Энэ хурлын тухай нотлох баримт болох аудио бичлэгээс харахад тухайн хурлын дэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн болохыг илэрхийлсэн баримтууд хангалттай байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг цуглуулж, асуудалд дүгнэлт өгсөнгүй гэдэг үндэслэлээр хэргийг дахих хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь “Засаг даргыг огцруулах санал хүргүүлэх тухай” Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах” тухай тус дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засаг даргын огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн хорооны иргэдийн нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага хангаагүй, хууль бус болсон” гэж тодорхойлон маргасан бөгөөд хэргийн оролцогчдын энэ маргаантай асуудлыг шүүх шалгаж тогтоогоогүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүйгээс дүгнэлт хийх боломжгүйг магадлалд тодорхой заасан байна.

Тухайлбал, иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон эсэх, иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны зарыг ямар байдлаар иргэдэд хүргүүлсэн, хуралдааны ирц, хуралдаан тогтоосон дэгийн дагуу явагдсан эсэх зэрэг асуудлаар хэргийн оролцогчид маргасан, тэдний тайлбар зөрүүтэй байхад анхан шатны шүүх бүрдэл дутуу, зөрүүтэй нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй юм.

Дээр дурдсаныг үндэслэн “... нотлох баримт хангалттай бүрдсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу...” гэх нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсанаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0562 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ