Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01811

 

З н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1520 дугаар магадлалтай,

            З н нэхэмжлэлтэй,

            И д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: И гийн хүсэлтээр З  нь “Арвинтай” ХХК-ийн ломбарднаас барьцаагүй, 2.500.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. И  уг зээлийг авснаас хойш 2 удаа хүү төлсөн ба З  нь И д мөнгөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн үед З  нь өөр хүнээс авлагатай байсан ба уг 4.000.000 төгрөгийг авч 2016 оны 07 сарын 19-ний өдөр ломбардны өрийг бүрэн төлсөн. З  нь уг ломбардны хүнийг таньдаг байсан болохоор 4.000.000 төгрөг биш 3.996.000 төгрөг төлсөн. З  нь ийнхүү И д тусалснаараа санхүүгийн хүнд байдалд орсон. Иймд И гаас 4.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын тайлбарт: 2015 оны 04 сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг З гаас зээлж авсан ч З г Авлигатай тэмцэх газар шалгуулж байхад И гийн нөхөр Ц.Магнайбаяр гэрчийн мэдүүлэг өгсөн. Иймд 2.200.000 төгрөгийн асуудал байна. “Арвинтай” ломбарднаас мөнгө зээлсэн гэдэгт итгэхгүй байна. Уг ломбардтай И  нь эрх зүйн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Уг зээлсэн мөнгийг цувуулж өгсөн. З гаас 2.200.000 төгрөгийг авснаас 200.000 төгрөгийг хүүнд өгсөн гэсэн. 300.000, 170.000 төгрөг нэхэмжлэл гаргахад 500.000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ломбардны баримтыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. З  нь өөрөөсөө зээлсэн ба сүүлд хүнээс зээлсэн болгож зээлийн гэрээг бичүүлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Нийт 1.170.000 төгрөгийг З  авсан байна. Иймд үлдэгдэл 970.000 төгрөгийг хангахад татгалзахгүй ба үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                        Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И гаас 1.330.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  86.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч И гаас улсын тэмдэгтийн хураамж 36.230 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч З д олгож шийдвэрлэжээ.                                           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1520 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.17-ны өдрийн 183/ШШ2018/00953 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн 1520 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172.2.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40.2-т зааснаар эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Хариуцагч И  нь гадаад улс руу явах шаардлага гараад 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Тухайн үед ямар нэгэн бичгэн гэрээ хийгээгүй бөгөөд найз нөхдийн итгэлцэл дээр энэхүү асуудал явагдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь З  нь И г ажил дээр очиж хамт олон болон дарга дээр нь орж орилж чарлаж айлгаж байгаад хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад өөрөө 2.5 сая төгрөг зээлсэн гэж бичсэнийг шүүх зөв үнэлсэн гэж үзэж байна. Харин И  нь 2,000,000 төгрөг бодитоор авсан мөн Иргэний хуулийн 282.3-т заагдсан шаардлагыг хангасан гэрээ хэлцэл З , И  нарын хооронд хийгдээгүй гэж үзвэл 2,000,000 -500,000-300,000-200,000-170,000 төгрөг буюу 1,170,000 төгрөгийг З д өгсөн нь нотлогдож байх бөгөөд төлвөл зохих дүн буюу үлдэгдэл төлбөр 830,000 төгрөгийг И  төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч хэн ч байсан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд И гийн гарын үсгийг хоосон цаасан дээр зуруулж аваад З  нь өөрийн хүссэн дүн болох 2,500,000 төгрөгийн үнийн дүнгээ тавьж бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй бөгөөд хоёр шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хавтаст хэргийн 73-р хуудсанд 2016.07.27-ны өдрийн гэрчээр байцаасан тэмдэглэл авагдсан байх бөгөөд гэрч Ц.Магнайбаяр нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ “2015 онд З гаас 2,000,000 төгрөг зээлсэн“ гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, З  нь нэхэмжлэлээ шүүхэд 2017.10.20-нд гаргахаас өмнө 1 жил 2 сарын өмнө И  2,000,000 төгрөг зээлсэн болох нь гэрч Ц.Магнайбаярын мэдүүлгээр нотлогдож байхад 2 сая төгрөг зээлсэн үү, 2.5 сая төгрөг зээлсэн үү гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.17-ны өдрийн 183/ШШ2018/00953 тоот шийдвэрийн И гаас 1,330,000 төгрөг гаргуулах хэсгээс 460,000 төгрөгийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хуульд заасны дагуу төлбөл зохих 870,000 төгрөгөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч З  нь хариуцагч И д холбогдуулан шаардлага гаргахдаа хариуцагчийн хүсэлтээр “Арвинтай” ХХК-ийн ломбардаас барьцаагүй, 2,500,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй авч өгснийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулна гэсэн ба И гийн гадаад паспортын хуулбарын хэсгийн доод хэсэгт 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг бэлнээр олгов. Хүлээн авсан И  гэсэн гарын үсэг, гарын үсгийн доод хэсэгт 30 хоног, 10 хувийн хүүтэй олгов гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг З гаас зээлсэн, буцааж төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тайлбараа өөрчилж “...өөр хэрэгт гэрч Ц.Магнайбаяраас өгсөн мэдүүлэгт ...2015 онд З гаас 2,000,000 төгрөг зээлсэн” гэснийг үндэслэл болгож, үүнээс нийт 1,170,000 төгрөгийг З д өгсөн, үлдэгдэл 970,000 төгрөгийг хангахад татгалзахгүй, “Арвинтай” ХХК-тай холбоогүй, үлдэгдэл төлбөр нь үндэслэлгүй гэж маргажээ.

2,500,000 төгрөг хүлээн авсан тухай баримтад хариуцагч И  гарын үсэг зурсан талаар маргаагүй, 2015 онд З гаас 2,000,000 төгрөг зээлсэн гэх гэрч Ц.Магнайбаярын мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй байна.

Хэрэгт авагдсан “Арвинтай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 00006038 дугаартай баримтад үйлчлүүлэгч Ичинхорлоо овогтой Туяана гэж бичигдсэн боловч уг баримтад гарын үсэг зурагдаагүй тул хариуцагчийг “Арвинтай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газраас хүүтэй мөнгө зээлсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 

Нэхэмжлэгчид 4 удаагийн үйлдлээр нийт 1,170,000 төгрөгийг төлсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, тэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн,  1,330,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1520 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 14,450.00 /арван дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН