Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1520

 

З.У-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.У нэхэмжлэлтэй, хариуцагч И.Т-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч З.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Т-н хүсэлтээр З.У нь “А...” ХХК-ийн ломбарднаас барьцаагүй, 2 500 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. И.Т уг зээлийг авснаас хойш 2 удаа хүү төлсөн ба З.У нь И.Т-д мөнгөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн үед З.У нь өөр хүнээс авлагатай байсан ба уг 4 000 000 төгрөгийг авч 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ломбардын өрийг бүрэн төлсөн. З.У нь уг ломбардны хүнийг таньдаг байсан болохоор 4 000 000 төгрөг биш 3 996 000 төгрөг төлсөн. З.У нь ийнхүү И.Т-д тусалснаараа санхүүгийн хүнд байдалд орсон. Иймд И.Т-с 4 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч И.Т,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2 500 000 төгрөгийг З.У-с зээлж авсан ч З.У-г Авлигатай тэмцэх газар шалгуулж байхад И.Т-н нөхөр Ц.М гэрчийн мэдүүлэг хууль сануулж өгсөн. Иймд 2 200 000 төгрөгийн асуудал байна. “А...” гэх ломбардаас мөнгө зээлсэн гэдэгт итгэхгүй байна. Уг “А...” гэх ломбардтай И.Т нь эрх зүйн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Уг зээлсэн мөнгийг цувуулж өгсөн. З.У гэдэг хүн нь ёс зүйтэй байх ёстой. З.У-с 2 200 000 төгрөгийг авснаас 2 00 000 төгрөгийг хүүнд өгсөн гэсэн. 300 000 , 1 70 000 төгрөг нэхэмжлэл гаргахад 500 000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ломбардын баримтыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. З.У нь өөрөөсөө зээлсэн ба сүүлд хүнээс зээлсэн болгож зээлийн гэрээг бичүүлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Нийт 1 170 000 төгрөгийг З.У авсан байна. Иймд үлдэгдэл 970 000 төгрөгийг хангахад татгалзахгүй ба үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Т-с 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.170.000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийгхэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч И.Т-с улсын тэмдэгтийн хураамж 36.230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.У-д  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан гомдолдоо: Тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй бөгөөд найз нөхдийн итгэлцэл дээр энэхүү асуудал явагдсан байна. Шүүхийн үндэслэх хэсэгт тусгагдсан “Зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд И.Т нь 2 000 000 төгрөг бодитоор авсан, З.У болон И.Т нарын хооронд гэрээ хийгдээгүй гэж үзвэл 2 000 000 төгрөгөөс 500 000 төгрөг, 300 000 төгрөг, 200 000 төгрөг, 170 000 төгрөг, нийт 1  170 000 төгрөгийг З.У-д өгсөн нь нотлогдож байх бөгөөд төлвөл зохих дүн буюу үлдэгдэл төлбөр 830 000 төгрөгийг И.Т-д төлөхөөр байна. Нэхэмжлэг ч хариуцагч хэн ч байсан үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин нэхэмжлэгч нь И.Т-н гарын үсэгтэй хоосон цаасыг ашиглаж өөрийн дуртай дүнгээ тавьж бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй. Гэрчээр байцаасан тэмдэглэлд Ц.М цагдаад өгсөн мэдүүлэгтээ “2015 онд З.У-с 2 000 000 сая төгрөг зээлсэн” гэж үнэн зөв мэдүүлэг өгснийг давж заалдах шатны шүүх анхаарана гэдэгт итгэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн И.Т-с 1 330 000 төгрөг гаргуулах хэсгээс 460 000 төгрөгийг эс зөвшөөрч бах тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хуульд заасны дагуу төлвөл зохих 870 000 төгрөгөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч З.У нь хариуцагч И.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч И.Т-н гадаад паспорт хуулбарласан хэсгийн доод хэсэгт  2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөгийг бэлнээр олгов. Хүлээн авсан И.Т гэсэн  гарын үсэг бүхий бичмэл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ. /хх-ийн 3/

           Анхан шатны шүүх зохигчдын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Дээрх 2 500 000 төгрөг хүлээн авсан тухай баримтад хариуцагч  И.Т гарын үсэг зурсан талаар маргаагүй үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй ба гэрч Ц.М-н “2015 онд У-с 2 000 000 төгрөг зээлсэн” гэх мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй байна.

“А...” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 00006038 дугаартай баримтад үйлчлүүлэгч И овогтой Т гэж бичигдсэн байх боловч уг баримтад хариуцагч гарын үсэг зураагүй тул уг баримтаар хариуцагчийг “А...” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газраас хүүтэй мөнгө зээлсэн гэж үзэхгүй.

 Харин гэрч Ц.М-н “...З.У-с эхнэр И.Т 2 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан гэх мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй боловч тэрээр “ 200 000, 300 000, 170 000 төгрөг төлсөн... мөн 500 000 төгрөгийг дансаар өгсөн... гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд өгснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул шүүх талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй  гэж, хариуцагч И.Т нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөгийг зээлсэн, нэхэмжлэгчид нийт  500 000+300 000+200 000+170 000=1 170 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үүрэгт 1 330 000  төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч З.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 170 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.