Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00953

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

   Дугаар 183/ШШ2018/00953

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: -д холбогдох зээлийн гэрээний төлбөрт 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, түүний өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Тгийн хүсэлтээр З.У нь Арвинтай ХХК-ийн ломбардаас барьцаагүй, 2.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Ломбарднаас гарч ирэхэд гадаа И.Т нь нөхөртэйгөө машинд хүлээгээд сууж байсан. З.У мөнгийг хүлээлгэн өгч, ломбардын бичгийг харуулж, 2.500.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй авч хамт ажилладаг хүмүүс ч гэсэн бичиг хийж өгөөч гэж И.Тд хэлсэн. И.Т нь өөртөө байсан гадаад паспортоо хуулбарлан, доор нь мөнгө бэлэн хүлээж авсан тухайгаа бичиж, баталгаажуулсан бичгийг хэрэгт өгсөн байгаа. И.Т зээлийг авснаас хойш 2 удаа хүү төлсөн ба өөр мөнгө төлөөгүй. З.У И.Тд мөнгөө төл гэж удаа дараа хэлж байсан. З.У 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ломбардын өрийг бүрэн төлж, дуусгасан. Тухайн үед З.У нь өөр хүнээс авлагатай байсан ба уг 4.000.000 төгрөгийг авч, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ломбардтай тохирч өгсөн. З.У нь ломбардын хүнийг таньдаг болохоор тус зээлийг 4.000.000 төгрөгөөр хаана гэж тохирсон боловч 3.996.000 төгрөгөөр хаасан. Өнөөдрийн байдлаар З.У нь  И.Тд тусалснаараа өөрөө тодорхой хэмжээний санхүүгийн хүнд байдалд орсон байгаа. Иймд И.Тгаас зээлийн 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. З.У гаалийн байцаагч, И.Т ч адил албан тушаалтан. Хариуцагчийн нөхөр тэнд ажилладаг. Хамт ажилладаг байсны хувьд бие биедээ чухал хэрэгцээтэй үедээ бусдаас тусламж гуйж, мөнгө авч өгсөн. Хариуцагч 2.500.000 төгрөгийг авсан гэдгийг өөрийн гараар бичиж өгсөн. Үүнийг хуурамч гэж үзэх үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар хариуцагч талаас үүнд шинжээч томилох хүсэлт гаргаагүй. Гарын үсэг мөн гэдгийг өөрсдийнх нь тайлбараар нотолж байна. Тухайн үед мөнгөний шаардлагатай байна гэхэд нь танил хүнээр дамжуулж авсан байдаг. З.Уд өөрт нь мөнгө байгаагүй учраас танил хүний ломбардаас авсан. Гэрч нь мөнгө авсан, үлдэгдэл байгаа гэх мэдүүлгийг өгсөн. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Ломбард нь мөнгийг З.Уд биш, хэнд очиж байгааг мэдэж байсан. И.Тг 2 сарын хүүгийн төлбөрийг төлсөн гэж нэхэмжлэгч хэлдэг. Түүнээс өөрөөр төлбөр төлөгдөөгүй. Найзаасаа мөнгө авсан учраас асуудалд оруулахгүйн тулд З.У хэдэн сарын хүү төлсөн байдаг. Сүүлдээ нэхэмжлэгч өөрөө төлөх боломжгүй болсон учраас ломбардаас авсан зээл нь орхигдсон. Дараа нь ломбард татан буугдахад З.У өөр хүнээс 4.000.000 төгрөгийн авлагаа авч, шууд ломбардад өгсөн байдаг. Уг мөнгийг төлсний дараа хоорондын хэлэлцээр явагдсан. Улмаар нэхэмжлэгч мөнгөө авч байвал гэж бодож, 4.000.000 төгрөгөөр авъя гэсэн. И.Т ч гэсэн 5.000.000 төгрөг өгье гэсэн яриа үүссэн байдаг. Гэвч ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй. Иймд ломбардад төлсөн мөнгө болон 2 сарын хүүгийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагч И.Тгийн бичгээр үйлдэж өгсөн 2.500.000 төгрөг авсан гэх баримтыг хавсаргаж өгсөн. Энэ баримтад гарын үсэг зурсан, бичгээр үйлдсэн, гадаад паспортын хуулбартай баримт байгаа. Уг баримтыг бодит биш хуурамч гэж үзэх үндэслэлгүй. Хэрвээ хуурамч гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө шинжээч томилуулах, өөр бусад байдлаар тайлбар, татгалзлаа тогтоолгох боломжтой нотлох баримт байгааг шүүх харгалзан үзнэ үү. Арвинтай ХХК барьцаат зээлийн үйлчилгээ буюу тухайн үеийн барьцаат зээлийн гэрээг ломбарднаас өгсөн. Гэрчийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт 2015 онд 2.000.000 төгрөг зээлсэн гэж байгаа, И.Тгийн өөрийн гарын үсэгтэй баримтад 2.500.000 төгрөг гэж байгаа. Иймд эдгээр баримтуудаар хариуцагч И.Т нь З.Уд мөнгө төлөх үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч талаас 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч И.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг З.Угаас зээлж авсан. Энэ мөнгийг бүхэлд нь төлж дуусгасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд үнэн тайлбар өгөх үүрэгтэй. Би бодит байдлыг сонссон. З.Угаас 2.000.000 төгрөг бэлнээр авсан аман хэлцэл байдаг. З.У нь гаалийн байцаагч, мөнгөтэй хүн. Ломбардаас зээл авсан гэдэг нь худал, И.Т хүний мөнгийг авсан учраас төлөх үүрэгтэй, үүнд маргахгүй. Харин 2.500.000 төгрөг бэлэн хүлээн авсан гэх бичиг ямар учиртайг тодруулахад өөрөө нөхөж бичсэн байдаг. З.Уг Авилгатай тэмцэх газарт авилга авсан гэж шалгуулж байхад И.Тгийн нөхөр Ц.Магнайбаяр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Би хариуцагчийн өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж бодож байна, 2.200.000 төгрөгийн асуудал байна. Ломбардын тухай ярьж байгаа ч  ломбардыг татан буугдсан эсэх асуудал нэхэмжлэгчийн нотлох асуудал. Хүний өмнөөс мөнгө төлж байсан гэдэгт би итгэхгүй байна. Хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан Арвинтай гэх ломбардаас мөнгө зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг Арвинтай компанитай И.Т нь ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Үүний дагуу шаардаж байсан тохиолдол байхгүй. Тамгатай баримтад гарын үсэг зуруулсан гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Уг зээлсэн мөнгийг цувуулж өгсөн байдаг. З.У гэдэг хүн ёс зүйтэй байх ёстой гэж бодож байна. Хүний зарж байгаа бараанаас авч тооцооноос хасна гэж авсан бол тооцооноосоо хасах хэрэгтэй. З.У, И.Т нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар хүү болон хугацааг тохирсон. Гэрч Ц.Магнайбаяр үнэн зөв мэдүүлэг өгсөн. З.Угаас 2.200.000 төгрөгийг авч 200.000 төгрөгийг хүүд өгсөн гэж байна. Мөн 300.000 төгрөг, 170.000 төгрөг, нэхэмжлэл гаргахад 500.000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ломбардын баримтыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь З.У өөрөө хувиасаа зээлсэн. Сүүлд хүнээс зээлсэн болгож, зээлийн гэрээг бичүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Арвинтай компанитай И.Т ямар ч харилцаанд ороогүй. Зээлийг гардаж авсанаар зээлийн гэрээний харилцаа үүснэ. 2.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүсэж, 200.000 төгрөгийн хүү төлөгдсөн нийт 1.170.000 төгрөгийг З.У авсан байна. Иймд үлдэгдэл 970.000 төгрөгийг хангахад татгалзахгүй ба үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

         

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч З.У нь хариуцагч И.Тд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч И.Тгийн гадаад паспорт хуулбарласан хуудаст 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр олгов. Хүлээн авсан И.Т гэж бичээд гарын үсгийн доод хэсэгт 30 хоног, 10 хувийн хүүтэй олгов /хх-3/ гэж бичигдсэн ба хариуцагч И.Т 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг З.Угаас зээлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч З.У нэхэмжлэлдээ И.Тгийн хүсэлтээр Арвинтай ХХК-ийн ломбардад ажилтай Б.Мөнхтуулаас 2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгийг зээлэхэд И.Т нөхрийн хамт машинаар яваад Арвинтай ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газрын гадаа байхад нэхэмжлэгч 2.500.000 төгрөгийг уг компаниас зээлж өгсөн гэж тайлбарласан бөгөөд Арвинтай ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 00006038 дугаартай баримтад үйлчлүүлэгч Ичинхорлоо овогтой Туяана, зээлийн хэмжээ 2500.000, хүү 250.000 нийт тушаах 2750.000, журамтай танилцсан З.У гэж бичигдсэн, уг баримтаар хариуцагч Арвинтай ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газраас мөнгийг зээлсэн нь нотлогдохгүй, гэрч Ц.Магнайбаяр нэхэмжлэгчтэй ломбард руу машинаар хамт яваагүй гэх мэдүүлэг өгчээ.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Мөнхтуул ... Арвинтай ХХК-д ажиллаж байсан, З.У нь өөрийн биеэр ирээд тусална, 2.500.000 төгрөгийг авах хүн гадаа нөхөртэйгээ байгаа гэж байсан. Уг мөнгийг түүнд найдаад нэг сарын хугацаатай, барьцаагүй өгсөн, 2 сарын хүү төлсөн, сунгалт хийсэн.Тэгээд мөнгөө төлөхгүй байсаар энд тэндээс зээллээ гээд 4.000.000 төгрөг авчираад таксины 6000 төгрөг авч үлдээд 3.994.000 төгрөгийг төлсөн. Уг нь 10 хэдэн сая төгрөг болж байсан ч 3.994.000 төгрөгийг төлүүлсэн. Одоо бүх баримт байхгүй, 2016 оны 12 сард татан буугдсан, гэрч Ц.Магнайбаяр ... З.Угаас эхнэр И.Т 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, 200.000, 300.000, 170.000 төгрөг төлсөн.Намайг жолооч болгож, хүүхэд харуулж, хөшиг тогтоолгож байсан.Ээмэг бөгж 50, 60.000 төгрөгөөр аваад хасаагүй. Би мөнгийг авахад нэхэмжлэгчтэй ломбард руу машинаар хамт яваагүй. Мөн 500.000 төгрөгийг дансаар өгсөн... гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй ба зохигч талууд зээлийн гэрээ байгуулагдсантай маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч тал Арвинтай ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газраас хариуцагчийг 2.500.000 төгрөгийг зээлсэн болон зээлд төлсөн 3.994.000 төгрөгийг ямар төлбөрт төлсөн зэргийг, хариуцагч тал 2.000.000 төгрөгийг зээлсэн болохоо баримтаар тус тус нотлоогүй ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй тул хүү тооцон авах эрхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан хэлцэл, зохигчийн тайлбарууд, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хариуцагч И.Т нэхэмжлэгчээс 2.500.000 төгрөгийг зээлсэн, нэхэмжлэгчид нийт 500.000+300.000+200.000+170.000=1.170.000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Тгаас зээлийн гэрээний үүрэгт 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.170.000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Хавтаст хэргийн 64-д авагдсан Тээврийн прокурорын газрын тогтоол хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Тгаас 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.170.000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч И.Тгаас улсын тэмдэгтийн хураамж 36.230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Уд  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               

                                      ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ