Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.С гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны Академийн Ерөнхийлөгчид даалгуулах” 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 720 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ж.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0398/З         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.С  нь “...Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны Академийн Ерөнхийлөгчид даалгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр: “...Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С гаас гаргасан, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны Академийн Ерөнхийлөгчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухай.

3.1.1. “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна. Хуулийн заалтын агуулга нь нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах, шүүх эрх зүйн хамгаалалт үзүүлэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгүүдэд захиргааны үйл ажиллагаа хууль бус эсэхийг хянах бус харин маргаагүй асуудлаар буюу нэхэмжлэгчийн талаар болон захиргаатай харилцсан үйл баримтуудыг дүгнэж, түүнийг буруутгасан, захиргааны шүүхийн зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан байна. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4 болон 2.5-т Нэхэмжлэгч С.С  болон гуравдагч этгээд Ж.Даваасамбуу нарын шалгалтын оноонуудыг харьцуулж хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна гэснээ 2.7-д тус хүрээлэнгийн 80 ажилтан оролцсоноос хурлын зааланд 38, өрөөнөөсөө цахимаар 33, гэрээсээ цахимаар 9 ажилтан орсноор хурлын ирц 93.2 хувь болсон нь тогтоогдлоо гэх зэргээр маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Маргааны үйл баримтад шүүх анхаарахгүй нэхэмжлэгчийг анхнаасаа л нөгөө нэр дэвшигчээсээ бага оноо авсан гэх талаас нь буюу нэхэмжлэгчийн хувийн байдалд субьектив үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Сонгон шалгаруулалтын онооны талаар нэхэмжлэгч маргадаггүй учир нь журам заасан авах ёстой оноогоо авсан. Гэтэл шүүгч Ж.Даваасамбуу илүү оноо авсан байна. Та дүнтэйгээ маргахгүй биз дээ гэж хэлж байв. С.С  гадаад хэлний шалгалт аваагүйд сэтгэл дундуур явдаг учир нь Монгол улсын физик, технологийн салбарыг тодорхойлж, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтэдтэй туршлага, мэдлэг солилцох удирдах албан тушаалтан нь гадаад хэл заавал мэдэх ёстой байсан. Нэхэмжлэгч нь ХБНГУ-д бакалавр, доктороо хамгаалсан англи хэлний мэдлэг өндөртэй нэгэн, харин түүний өрсөлдөгч Ж.Даваасамбуугийн гадаад хэлний мэдлэг сул, хэрэв хэлний шалгалт авсан бол оноо эсрэгээр гарах байсан. Гэвч шалгалтын онооноос үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэлэлцэх явдал байсан.

Шүүхийн шийдвэрийн Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд гэх хэсгийн 3.1.10. 3.1.11-т физик технологийн хүрээлэн (ФТХ)-гийн захирлыг сонгох санал хураалтад "нийт ажилчид"-ыг оруулан санал хураалт явуулсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр бусад ажиллагсад болон нэхэмжлэгч С.С гаас зөвхөн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан оролцох ёстой эсэх талаар ямар нэг гомдол, санал, эсэргүүцэл гаргаагүй, хуралдааныг орхиж гараагүй, санал хураалт явуулсныг С.С  зөвшөөрсөн гэж үзнэ гэх дүгнэлтүүд нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд бус харин нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, нэхэмжлэгч рүү чиглэж түүнийг буруутгасан байна.

Түүнчлэн 2. 13-т Нэхэмжлэгчийг шүүх хурал дээр маргаж байгаа "Комисс уралд оролцоогүй, протоколд Авид хурал нээв гэсэн худал тэмдэглэл бичигдсэн, эрдмийн хамт олон оролцох ёстой гэж олон хүн эсэргүүцэж хурлыг хаяж гарсан" гэсэн суудлаар гомдол гаргаж байгаагүй тул уг асуудлаар шүүхийн өмнөх шатанд маргаж Байгаагүй гэж үзэж ёстой гэсэн нь шүүх иргэний өргөдөл, гомдол гаргах эрх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд шүүхэд цугларсан нотлох баримтуудтай танилцаж, түүн дотор захирлын сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн гишүүдийг томилсон тушаал, санал хураалтын тэмдэглэл зэргийг харсан тул энэ асуудлаар өмнө нь гомдол гаргах боломжгүй байсан. Хариуцагч захиргааны байгууллагаас захирлын сонгон шалгаруулалтыг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэг Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд нийцүүлэн хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхийг хянахын оронд тус ажиллагаа дахь нэхэмжлэгчийн оролцоо, үйл баримтыг хянаж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй Шинжлэх Ухааны Академийн (ШУА) харьяа 14 хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын талаар дүгнэлт хийсэн байна. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд гэх хэсгийн 3.1.18, 3.1.21-д Комиссын 5 гишүүн ШУА-ийн харьяа 14 хүрээлэнд зэрэг явагдсан захирлуудыг сонгох санал хураалтын ажиллагааг 14 хүрээлэнд зэрэг очиж удирдах бодит боломж байхгүй тул байгууллага энэ үйл ажиллагаагаа цахимаар явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй, санал хураалтыг зохих ёсоор ажиллаагүй гэж үзэх эрх зүйн болоод ёс зүйн үндэслэл байхгүй, хуулиар хориглоогүй ажиллагаа гэж Дүгнэж байгаа нь хариуцагч ШУА-ийн харьяа ФТХ-г оруулаад 14 хүрээлэнгийн захирлыг сонгох шалгаруулах ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэт нэг талыг буюу захиргааны байгууллагыг өмгөөлж хамгаалсан шинжтэй тайлбар болсон. Түүнчлэн захирлын сонгон шалгаруулалт явуулах комиссын 5 гишүүнээс нэг нь ч ирж оролцоогүй, цахимаар явагдаж байна гэж ч хэлээгүй гэдгийг нэхэмжлэгч С.С  өөрөө тухайн санал хураалтын ажиллагаанд биечлэн байлцсаны хувьд шүүх хуралдаан дээр тайлбарлаж байхад шүүх хүлээн аваагүй. Шүүхэд ирүүлсэн ФТХ-ийн хурлын тэмдэглэл хэмээх нотлох баримтад Авид нь тус хурлын ажиллагааг нээж үг хэлсэн гэж хуурамч баримт ирүүлсэн. Гэтэл шүүх ямар ч баримт нотолгоогүйгээр, хариуцагчийн тайлбараар захиргаа үйл ажиллагаагаа цахимаар явуулсан гэж бүрэн итгэж дүгнэж байгаа нь шүүх нотлох зарчим алдагдсан, хийсвэр дүгнэлт болсон.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.7, 2.9, 2.10 хэсгүүдэд нэхэмжлэгчээс маргаагүй асуудал буюу тооллогын комисс, санал хураалтын дүн зэргийг оруулан дүгнэсэн, 3.1.19-д аливаа эрх зүйн болоод эрх зүйн биш харилцаанд олон хүнээс санал авахад саналаа тоолох нийтэд ойлгомжтой зохион байгуулалтын ажиллагаа байдаг гэх дүгнэлтийг шүүх хийхдээ нийтэд ойлгомжтой ажиллагаа гэж юуг хэлээд байгаа болон хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч санал тоолох дээр маргаагүй харин санал авах ажиллагааг зохион байгуулах комиссын гишүүд зохион байгуулж оролцоогүй гэж маргаж байхад мөн л талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж, нийтэд ойлгомжтой ажиллагаанд маргалаа гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна.

Шүүхийн шийдвэрийн 3.1.6-д Эрдмийн хамт олон гэдэг нь хууль зүйн ойлголт биш бөгөөд энэхүү нэр томьёог нэг мөр болгох саналд Г.Чулуунбаатарын тайлбарласнаар ойлгож, журмыг баталсан гэж үзэх тул энэхүү эрдмийн хамт олон гэх ойлголт нь академийн ажиллагсдын хувьд эрх зүйн маргаан дагуулах ойлголт биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх мөн л нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийж, ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлыг буюу маргаагүй асуудлаар Дүгнэлт хийх байдлаар шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх ойлголтыг тайлбарлахаас зайлсхийсэн байна. Монгол хэлний тухай хуулийн 5.2.-т "Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн" гэж заасан бөгөөд шүүх байгууллага төрийг төлөөлдөг, шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргадаг болохын хувьд эрдмийн хамт олон гэх ойлголтыг орчин цагийн утга зохиолын монгол хэлний зүй тогтолд нийцүүлэн тайлбарлаж, цаашдын жишиг тогтоох шаардлагатай. Хэрвээ эрдмийн хамт олон гэдгийг эрдмийн ажил хийдэг байгууллагын нийт ажилтнуудыг ойлгоно гэх байдлаар шүүх шийдвэрлэвэл энэ жишиг нь цаашдаа захиргаа өөрийн үзэмжээр уг зүйн тайлбар хийж, иргэний эрхийг зөрчих явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Түүнчлэн БСШУ- ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм"-ийн 2.6-д "Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг" гэж магистрын дипломын ажил, боловсролын доктор (PhD), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимолд, судалгааны ажлын тайланг эрдмийн хамт олны хурлаар хэлэлцэхийг хэлнэ гэж заасан. Энэ төрлийн хэлэлцүүлэгт аж ахуйн болон захиргааны ямар ч ажилтан оролцдоггүй бөгөөд энэ нь шинжлэх ухаан, судалгааны хүрээнд нэгэнт тогтсон ойлголт, үйл явдал юм. Үүнээс үзэхэд захирлын үйл ажиллагааны хөтөлбөрийг эрдмийн хамт олноор хэлэлцүүлнэ гэдэгт захиргаа, аж ахуйн ажилтнууд, гэрээт ажилтнууд нь эрдмийн хамт олонд хамаарахгүй юм.

ШУА-ийн харьяа ФТХ-нд бүх ажилчдын хурал гэдэг нэртэй хурал хийж хүрээлэнгийн дотоод журмаа хэлэлцэж заншсан. Түүнд нь гэрээт ажилтнууд оролцдоггүй, учир нь тэд үйлдвэрчний татвараа төлдөггүй. Дээрх хурлууд нь тус тусдаа агуулга, үр дагавартай хурлууд гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 3.1.7 заалтаар хүчингүй болгуулахаар маргаж байгаа ШУА-ийн ФТХ-ийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаал буюу захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахгүйгээр тус актыг гаргах болсон хууль журмын үндэслэлүүдийг тус Ажилд томилох тушаал дээрх байдлаар тоочиж бичээд эрх зүйн зөрчилгүй гэж ганцхан үгээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Энэхүү эрх зүйн зөрчилгүй гэх дүгнэлтээ 3.1.8-д тодруулан тайлбарлахдаа захирал нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажиллах ажилтны хувьд түүнийг хүрээлэнгийн нийт ажиллагсад, түүний дотор нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч, сантехникч, инженер зэрэг ажилчдыг оролцуулан явуулсан санал хураалтын дүнг харгалзан томилсныг хууль зүйн зөрчил гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа нь шүүх хууль хэрэглээний талаас биш харин хувь хүний өнцгөөс хийсэн тайлбар байна. Шүүхийн шийдвэрийн 3.8-д Иргэдийн төлөөлөгч Н.Нямсүрэн нь нэхэмжлэл үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрхийг зарсан гэж дүгнэсэн бөгөөд хуулийн мэдлэггүй энгийн иргэний хувьд өөрийн дүгнэлтээ тайлбарлахдаа хувийн компанийн захирлыг томилохдоо бүх ажилчдаас санал хураалт явуулдаггүйтэй адил. төрийн байгууллагын захирлыг томилохдоо бүх ажилчдыг оролцуулж санал авахгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн тусгайлсан журмын дагуу явуулсан ажиллагаа тул компанийн захирал сонгохтой адилтгах боломжгүй гэж дүгнээд хүлээн авах үндэслэлгүй гэсэн байна. Тэгсэн хэр нээ шүүх нь өөрөө тусгайлсан журмаа баримтлаагүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүй буюу захирал тухайн байгууллагыг удирдах тул нийт ажилтнуудад таалагдаж, тэдний сонголтоор сонгогдох нь зөв гэх утгатай тайлбар хийсэн байна. Гэтэл ШУА-ын харьяа ФТХ гэх байгууллага нь өөрөө эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол улсын Физик, технологийн салбарыг тодорхойлж, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтэдтэй туршлага, мэдлэг солилцох, улс орны ирээдүйд хөгжилд хувь нэмрээ оруулах, чадварлаг, чадалтай эрдэмтдийг гаргаж ирэх, сургалт, судалгаа, эрдмийн ажил хийх зорилго чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд энэ байгууллагын удирдах албан тушаалтан нь эрдэмтэн хүн байх эхний шалгуур, нийт эрдмийн ажил хийдэг эрдэмтүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, тэдний олонхын саналыг авсан байх дараагийн шалгуурт нийцэж байх ёстой. Тиймээс зөвхөн эрдмийн хамт олноос санал авахаар журамдаа тусгасан байтал Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчигдөж болзошгүй гэх байдлаар тэдгээр хүмүүсийн санал бодлыг нь сонсоогүй байж өмнөөс шийдэж, заавал оролцуулна гэх нь хууль, журмын зорилгодоо нийцэхгүй бөгөөд нийт ажилтнуудыг оролцуулж захирлаа сонгох нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн 3.1.12, 3.1.13-т нэхэмжлэгчийн үндэслэл нь илт хууль бус бөгөөд хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчсөн тайлбар нотолгоо байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, маргааны зүйлээс хальсан дүгнэлт гэж үзэж байна. Учир нь энэхүү захиргааны хэрэг маргаан нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрхийг захиргааны байгууллага зөрчсөн эсэх, захиргаа хууль бус ажиллагаа явуулсан эсэхийг хянан шалгах зорилготой болохоос эрх нь зөрчигдлөө гэж маргаагүй этгээдүүдийн өмнөөс шүүх үнэлэлт дүгнэлт гаргах ёсгүй юм. Түүнээс гадна Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрхүүдийг төр эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчих болохоос нэхэмжлэгч иргэн хүн зөрчих боломжгүй байтал Үндсэн хуулийн маргаан мэтээр оруулж ирэн тайлбар дүгнэлт хийж байгаа нь өөрөө үндэслэлгүй болжээ. Энэ маргаанаар шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд шалган тогтоохоос бус маргаанд хамааралгүй, оролцоогүй хүмүүсийн Үндсэн хуулиар баталгаажсан хүний баталгаатай эдлэх суурь эрхийн зөрчлийн талаар дүгнэлт гаргах ёсгүй юм. 8. Шүүх нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг дүгнэсэн 3.2.1-т "Аливаа эрх зүйн харилцаанд байгууллага болон түүнд ажиллагсад нь өөрийгөө удирдах хүнийг шалгаруулж сонгоход санал өгөх эрх хадгалагддаг эрх зүйн зарчим байхад" гэж хаанаас ямар зарчим шүүх гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн тухайн үе шатнаас буюу санал хураалтын ажиллагааг дахин явуулахыг захиргаанд даалгах, ингэхдээ тухайн үед санал хураалтад оролцох байсан эрдэм шинжилгээний ажилтнуудыг оролцуулан санал хураалт явуулахыг хүссэн. Учир нь шинээр томилогдсон захирал нь байгууллагаа төлөөлөн хөдөлмөрийн харилцаанд орж, шинээр орсон ажилтнуудтай гэрээ байгуулж байгаа тул эдгээр шинэ ажилтнуудыг санал хураалтад оролцуулбал нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үед санал өгөх боломжтой байсан тэр хүмүүсийг оролцуулан дахин нэг удаа санал хураалт явуулах, хэрвээ ямар нэгэн шалтгаанаар санал өгөх боломжгүй болсон хүмүүс байвал оролцуулахгүйгээр санал хураалт явуулах ажлыг шүүх захиргааны байгууллагад даалгах, захиргаанаас энэ асуудлыг хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулах бүрэн боломжтой гэж харж байна. Нэхэмжлэгчийн хувьд шүүхээс байж боломжгүй зүйл хүсээгүй, санал хураалтын ажиллагаа хууль бус болсон болохыг шүүхэд нотолж, дахин нэг удаа хууль журмын дагуу эрдмийн хамт олон буюу эрдмийн ажил хийдэг хүмүүсийг оролцуулан санал хураалт явуулж өгөхийг л хүссэн болохоос захирлаар томилуулах шаардлага гаргаагүй болохыг шүүх анхааралдаа авна уу.

3.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухай.

 3.2.1. “... Шүүхийн шийдвэрийн 3.1.15-д нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, үүнийгээ нотлох эх сурвалжаа нэрлэж чадаагүй тул уг тайлбарыг илт үндэслэлгүй гэж дүгнэлээ гэсэн хэр нээ 3.1.16-д хариуцагч нарын гаргасан тайлбараар санал хураалтыг цахимаар удирдлагаар хангасан гэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх өөрөө нотлох зарчим алдагдсан, илтэд буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбар аль аль нь нотлох баримтаар авагдаагүй байхад хариуцагчийн санал хураалтыг цахимаар удирдсан гэх тайлбарыг юуг үндэслэн нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын маргаад байгаа комисс санал хураалтын ажиллагааг зохион байгуулаагүй гэх асуудалд шүүх хэт нэг талыг барьж цахимаар явуулсан гэх нотлох баримтгүй дүгнэлт хийж, үүнийгээ 14 хүрээлэнд зэрэг ажиллах боломжгүй, хуулиар хориглоогүй ажиллагаа, аливаа төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимаар явуулах нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа тул анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж нотлох шаардлагагүй гэх мэтээр хэт хийсвэр дүгнэлт гаргажээ. (Шүүхийн шийдвэрийн 3.1.16-3.1.21 хэсгүүд)

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөвхөн өөрт хамааралтай асуудлаар буюу ФТХ- д болсон захирлын сонгон шалгаруулалтын ажиллагааны 2 дугаар шат буюу эрдмийн хамт олноос нууцаар санал хураах ажиллагаа хууль бус болсон талаар өөрийнхөө хэмжээнд нотлох баримтууд бүрдүүлж өгсөн бөгөөд үүнд шүүхийн журмаар авагдсан ФТХ-ийн ажилтнуудын 2021 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх цалингийн цэсээс захиргаа, аж ахуйн ажилтнуудад хууль бусаар урамшуулал өгсөн болохыг нотолж, шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан байхад энэ талаар шүүх дүгнээгүй байна. Учир нь цалингийн урамшил олгох журмын дагуу "тухайн ажилтан сүүлийн 3 сард гадаадын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн, хүрээлэнд гадны эх үүсвэрээс нэмэлт орлого оруулсан түүнчлэн нэмэлт төсөл хэрэгжүүл буй тохиолдолд -25% хүртэл урамшил олгодог. Гэтэл захиргаа, аж ахуйн салбар бусад салбараас өндөр урамшил авсан нь илэрсэн. Түүнчлэн шүүгч С.С  Та өөрөө урамшил авсан л байна ш дээ гэсэн. Учир би гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн мөн олон улсын төсөл удирдаж байсан учраас авсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн ажилтнуудад захиргаанаас журмаас гадуур өндөр урамшил олгосон нь захиргааны талынхан буюу ШУА-ын ерөнхийлөгч болон түүний багийнхан санал хураалтад нөлөөлсөн үйлдэл болсон. Захирлын сонгон шалгаруулалт болохоос өмнө цалин дээр урамшуулал тарааж, захиргаа аж ахуйн ажилтнуудыг олноор нь санал хураалтад оруулж санал өгүүлэх хэлбэрээр хууль бус арга хэрэгсэл ашиглаж санал хураалтыг будлиантуулсан, энэхүү санал хураалтын дүнг үндэслэж ажилд томилох тушаал буюу захиргааны акт гарсан болохыг нотлох зорилготой байсан нэхэмжлэгчийн тайлбар нотолгоог шүүх хүлээн аваагүй маргаан бүхий үйл баримт, хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн байна. /шүүхийн шийдвэрийн 6.1 болон 6.2/

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс ФТХ-ийн санхүүгийн бичиг баримт, имэйлд үзлэг хийж, санал хураалтын зарыг ажилтнуудад хүргүүлсэн гэрч н.Уянгаас гэрчийн мэдүүлэг авахад санал хураалтын өдөр ФТХ нийт ажилтнуудаа оролцуулаагүй, гэрээт ажилтнуудаа 2 хэсэгт хувааж заримыг нь санал хураалтад оролцуулсан болох нь нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас тайлбарласан иргэний Үндсэн хуульд заасан эрхийг хангаж бүх ажилтнуудаа санал хураалтад адил тэгш оролцуулсан гэдэг нь худал бөгөөд захиргаа өөрийн үзэмжээр ажилтнуудаа ялгаж санал хураалтад оролцуулсан болохыг шүүх хуралдаанд тайлбарласан боловч хүлээн аваагүй. Шүүх дээрх асуудлаар иргэн хуулийн этгээдэд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө гэх эрх зүйн суурь зарчим үйлчилнэ гэж дүгнэсэн нь хувийн эрх зүйд хамааралтай зарчмыг нийтийн эрх зүйн зарчим мэтээр буруу тайлбарласан гэж үзэж байна. (Шүүхийн шийдвэрийн 3.3 болон 3.4) 4. Шүүхийн шийдвэрийн 3.6-д нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т зааснаар тэтгэвэрт гарах насанд хүрсэн, мөн хуулийн 46.3-т заасны дагуу захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэсний дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөн энэхүү захиргааны шийдвэртэй маргахгүй байгаа бөгөөд төрийн албаны харилцаа энэ үндэслэлээр Дуусгавар болжээ гэх дүгнэлт нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, талуудын маргаагүй үйл баримтыг шүүх үнэлж дүгнэснээс гадна нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж буруу тайлбарласан байна. Энэ тайлбараараа шүүх өөрөө нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгосон гэж ялгаварлан гадуурхсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөнөөс гадна маргаж буй ФТХ-ийн захирлын албан тушаалд сонгогдон ажиллах боломжгүй гэх байдлаар дүгнэсэн байна.

Хэргийн материалд хариуцагч талаас ШУА-ийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгээс эрдмийн хамт олон гэх үгний тайлбарыг гаргуулж өгснийг нэхэмжлэгч тал эс хүлээн зөвшөөрч хариуцагч өөрийн харьяанд байх хүрээлэнгээс буюу гүйцэтгэх албан тушаалтнаас тайлбар гаргуулсан нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй, хариуцагчийн нөлөөнд орсон гэж үзээд Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толиос эрдэм гэх үгний тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх эрдмийн хамт олон гэх үгний тайлбарыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан дээр Г.Чулуунбаатарын гаргасан шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гээд нэршээд тогтчихсон гэх тайлбарыг үндэслэж байгаа нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас баталсан "ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам"-ын 2.4.7-д "Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна." гэснийг нийт ажилтан хамт олноос санал авах хэмээн дэлгэрүүлж ерөнхийлөн тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Нэр томьёо маргаан дагуулах тусам нарийвчилж, хэрхэн ойлгохыг тодорхойлох шаардлагатай байтал хамт олон гэх ерөнхий нэршилд хамаатуулан ойлгож, хэн нэгэн хүний өөрийн итгэл үнэмшлээр хийсэн тайлбарыг шүүх баримталж шийдвэрийнхээ үндэслэл болгох ёсгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна шийдвэр нь хэлбэр агуулгын хувьд ч хуулийн шаардлага хангахгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны хууль бус үйл ажиллагаанд бус Нэхэмжлэгч иргэний үйл ажиллагаанд шүүх голлон үнэлэлт дүгнэлт өгснөөс гадна давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяаллыг нэгэнт тогтоосон байхад анхан шатны шүүх Давж заалдах шатны шүүхийн 2 магадлалын агуулгад дүгнэлт хийж, захиргааны хэрэг маргаан гэдэгт эргэлзсэн хэвээр байна. Тэр тусмаа энэ шүүх бүрэлдэхүүнээр 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШТ2022/0095 дугаартай тогтоол гаргаж ШУА, түүний харьяа эрдэм шинжилгээний байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гэж үзэхгүй хэмээн дүгнэж, ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Одоо ч захиргааны маргаан биш гэх итгэл үнэмшлээр шүүх хуралдаан хийж, арга буюу дээд шатны шүүхээс шийд гэсний дагуу түүнчлэн нэхэмжлэгч 1жил 4 сар гаруй хугацаанд хэргээ шийдүүлээгүй, чирэгдүүлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэрлэлээ гэх ойлгомжгүй шийдвэр гаргасан байна. (Шүүхийн шийдвэрийн 24 дүгээр хуудасны 7.1-7.6 заалт) Эцэст нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд захиргааны хууль, журам зөрчиж явуулсан санал хураалтын ажиллагааг дахин явуулах, ингэхдээ зөвхөн эрдмийн хамт олноос санал авахаар зохион байгуулахыг шүүхээс даалгах боломжтой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 720 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.С  “... Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад миний бие нэрээ дэвшүүлж ... оролцсон ... эхний шалгалтад тэнцсэн ... хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлөх журамд заасны дагуу ... хүрээлэнгийн эрдмийн хамт олонд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар бэлтгэж байсан ... 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Физик технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон нэрийн дор бүх ажилтнуудыг оролцуулж, санал хураалт явуулсан нь буюу өөрөөр хэлбэл, эрдмийн хамт олонд хамаарах эрдэм шинжилгээний ажилтнууд 56 хүн байхад дээрээс нь ня-бо, нярав, үйлчлэгч, жолооч зэрэг аж ахуй, үйлчилгээний 20 ажилтан, төслийн 8 гэрээт ажилтан тэтгэвэрт гарсан 2 хүнийг гаднаас дуудаж нийт 30 хүн нэмж оролцуулан санал өгүүлсэн нь журам зөрчсөн, илт хууль бус санал хураалт болсон. Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 3.1.7, Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрмийн 2.6 зэрэгт зааснаас үзэхэд захиргаа, аж ахуйн ажилтнууд, гэрээт ажилтнууд нь эрдмийн хамт олон хамаарахгүй ... нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь Шинжлэх ухааны академи болон Физик технологийн хүрээлэнгийн 2020-2025 оны стратеги төлөвлөгөө, ... академийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй уялдахыг шаардсан нь эрдмийн хэлэлцүүлэг болохыг гэрчилнэ ... улмаар академийн ерөнхийлөгч Ж.Даваасамбууг Физик, технологийн хүрээлэнгийн захирлаар томилсон тушаал гаргаж, ... зөвлөлийн хурлаар батламжилсан нь журам зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар Шинжлэх ухааны Академийн харьяа Хүрээлэнгийн захирлын албан тушаалын нийтлэг тодорхойлолтыг батлах, Шинжлэх ухааны Академийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн баталсан байх бөгөөд Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/16 дугаар тушаалын 1 дэх заалтаар Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулж, даргаар Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Ч, гишүүдэд эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.А, С.Н, Т.С, нарийн бичгийн даргаар Т.А нарыг томилж тушаалын, 2 дахь заалтаар Шинжлэх ухааны харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан зохион байгуулахыг комиссын дарга Г.Ч үүрэг болгожээ.

4. Төрийн албаны зөвлөлөөс Хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтын эхний шатыг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж явуулсан байх бөгөөд Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын сорилын шалгалтын тухайд нэр дэвшигч Ж.Д 60 оноо, нэхэмжлэгч С.С  44 оноо тус тус авч тэнцсэн, мөн Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулах комиссын 2 дахь шатны сонгон шалгаруулалт болох ярилцлагын шалгалтад Ж.Д 26,0, С.С  22,0 оноо тус тус авч, нийлбэр дүнгээр Ж.Д 86,0 оноо, С.С  64,0 оноо авсан болох нь тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид энэхүү шалгалтын дүнтэй маргаагүй байна. /ХХ-1-н 74-76 дахь тал/

5. Шинжлэх ухааны Академийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2.4.7-т “Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна” гэж заасны дагуу Шинжлэх ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажиллагсдын /эрдмийн хамт олон/ хурлаар тус хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ж.Д, С.С  нарын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг танилцуулж, үүнийг үндэслэн нууц санал хураалт явуулсан, уг хуралд /ХХ-1-н 77-80 дахь тал/ тус хүрээлэнгийн 80 ажилтан оролцсоноос хурлын зааланд 38, өрөөнөөсөө цахимаар 33, гэрээсээ цахимаар 9 ажилтан орсноор, хурлын ирц 93,2 хувьтай байсан болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  /ХХ-1-н 77 дахь тал/

6. Уг хуралдаанд Физик, технологийн хүрээлэнгийн Захирлын сонгуульд нэр дэвшигч Ж.Д “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” гэх нэртэй, нэр дэвшигч, доктор С.С  “Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу” гэсэн мөрийн хөтөлбөрийг тус тус танилцуулсан байна.

7. Тооллогын комисс нэр дэвшигч нарт өгсөн саналын хуудсыг тоолоход 71 ажилтан цаасаар, 9 ажилтан гэрээсээ цахимаар нийт 80 саналын хуудас ирсэн, үүнээс хүчинтэй саналын хуудас 71 байхаас 71, хүчингүй саналын хуудас гараагүй, цахим саналын хуудсыг нээхэд хүчинтэй саналын хуудас 9 байхаас 4 нь хүчинтэй, хүчингүй саналын хуудас 5 гарсан талаар тооллогын комиссын тогтоолд тэмдэглэгдсэн, нэхэмжлэгч эдгээр үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна. /ХХ-1-н 81 дэх тал/

8. Санал хураалтын дүнгээр Ж.Д 52 ажилтны буюу 65 хувийн санал, доктор С.С  23 ажилтны санал буюу 28.75 хувийн санал тус тус авсныг Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон, нэхэмжлэгч С.С  эдгээр үйл баримтуудад маргахгүй байна. /ХХ-1-н 82 дахь тал/

9. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүн, 03 дугаар сарын 09-ний өдрийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон гэх нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, бусад ажилтан, ажиллагсдын хамтын хурлын санал хураалтын дүнг үндэслэн Ж.Д 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Шинжлэх ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна.

10. Нэхэмжлэгч С.С  Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар шийдвэрийг эс зөвшөөрч “... Хүрээлэнгийн захирлыг сонгох санал хураалтад зөвхөн Эрдмийн хамт олон буюу зөвхөн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд санал өгөх эрхтэй оролцох ёстой, хүрээлэнгийн нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч, тэтгэвэрт гарсан гэрээт ажилчид, инженер хүмүүс санал хураалтад оролцох ёсгүй, эдгээр хүмүүсийг оролцуулаагүй бол би ялах боломжтой байсан, эдгээр хүмүүсийг оруулахыг эсэргүүцэж зарим гишүүд санал өгөхгүй хурлыг хаяж гарсан, Санал авах ажлыг зохион байгуулах комисс явуулах ёстой байсан, комисс ажиллаагүй ...” гэх зэрэг үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

11. Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган мөн”, мөн зүйлийн 3-т “Их чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ”, мөн хэсгийн 3-т “Академийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, ...” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана”, 8.4-т “Академийн Ерөнхийлөгч нь Академийн тэргүүлэгчдийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана” гэж, Монгол Улсын шинжлэх ухааны Академийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1-т “Энэ дүрэм нь Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болох Монгол Улсын Шинжлэх ухааны академи /цаашид "Академи" гэнэ/-ийн үйл ажиллагааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 20-т “Академийн Тэргүүлэгчид Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдана”, 22.в-д “Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, бусад байгууллагыг байгуулах, татан буулгах, тэдгээрийн дүрмийг батлан үйл ажиллагааг зохицуулах”, 6 дугаар зүйлийн 30-т “Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирал, бусад байгууллагын удирдлагыг Академийн ерөнхийлөгч томилно” гэж тус тус заажээ.

12. Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 12.4.7-д “Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна”, 2.4.8-д “Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигчийн материалыг Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн нэр дээр ирүүлнэ”, 3.1-д “Эрдмийн хамт олны саналыг харгалзан Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч харьяа хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаал гаргаж, Академийн Тэргүүлэгчдэд мэдээлнэ” гэж тус тус заажээ.

13. Харин Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай хуралдааны явцад Академийн тэргүүлэгч гишүүн С.Н “хамт олон, эрдмийн хамт олон гэсэн нэр томьёог нэг мөр болгох” талаар санал гаргасан байх боловч /ХХ-1-н 58 дахь талд/ Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч Г.Ч “... Шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гэж нэршээд тогтчихсон, эрдмийн хамт олон, хамт олон гэдэг ялгаа байхгүй хүрээлэнгийн нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж хэлж байгаа” гэж тайлбарласан, уг асуудлаар бусад гишүүдээс маргаагүй болох нь уг хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

14. Дээрх хуулиар тогтоосон бүрэн эрх бүхий этгээд болох Академийн Тэргүүлэгчид нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор Академи, түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн баримт бичиг болох “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ыг баталсан байх бөгөөд Академийн тэргүүлэгчид тухайн үед уг журмыг батлах явцад журмаар зохицуулж буй харилцааны нэг хэсэг болох “эрдмийн хамт олон” гэх нэр томьёонд тухайн байгууллагын нийт хамт олныг ойлгох эсэх, эсвэл тухайн байгууллагын зөвхөн эрдмийн зөвлөлийн гишүүд болон магистр, бакалаврын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнуудыг ойлгох эсэх талаар тус хэлц үгийн хамрах хүрээ хязгаарыг зааж тайлбарлаагүй, журмын тус үг хэллэг бүхий зохицуулалттай холбогдуулан аливаа этгээдээс болон нэхэмжлэгчээс тусдаа гомдол нэхэмжлэл гаргаж маргасан, маргаж байгаа гэх агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэгчээс маргаагүй, уг журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэх үйл баримттай хэргийн оролцогчид мөн маргаагүй байна.

15. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй энэхүү “Эрдмийн хамт олон” хэмээх нэр томьёо нь дангаараа хууль зүйн нэр томьёо биш байх бөгөөд Академийн эрх зүйн байдлын тухай хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-д уг нэр томьёо, түүнд ямар субъектүүд хамрагдах талаар тусгайлан зааж хуульчлаагүй тайлбарлаагүй байна.

16. Нэхэмжлэгчээс Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын саналт хураалтыг, мөн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ... дахин санал хураалт явуулах Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус хуульчилсан.

            18. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгох, мөн захиргааны акт гаргахаас татгалзсан эсвэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй мөн л хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шаардагдаж буй захиргааны актыг гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгасан шийдвэр гаргах боломжтой.

19. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлээд гарч буй шийдвэрт тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болж буй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгахаас гадна захиргааны шийдвэр үйл ажиллагааны /захиргааны акт/ хууль зүйн үндэслэлд өгч буй тайлбар буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэг маргааны бодит байдалд хэрхэн нийцэж байгаа эсэх тухайд тайлбар хийх, өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн хэм хэмжээг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлаж хэрэглэсэн талаараа тусгах үүрэгтэй. 

20. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын “... Шинжлэх ухааны Академийн салбар хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бусад мэдээллийг тухайн хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, ... эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд ... эрдмийн хамт олны саналыг харгалзан ...” гэх зэрэг зохицуулалтын “Эрдмийн хамт олон” гэдэгт тухайн салбар хүрээлэнгийн нийт ажилтан ажилчдыг ойлгоно, эсвэл эрдэмтэн судлаач нарыг ойлгоно гэх зэрэг байдлаар үгийн утгыг өөрийн санаачилгаар тайлбарлах замаар нэхэмжлэгчийн санал хураалтыг хүчингүй болгуулах, улмаар уг санал хураалтын дүнг үндэслэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Физик технологийн хүрээлэнгийн захирлаар Ж.Даваасамбууг томилсон Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариуцагчид дахин санал хураалт явуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. 

21. Түүнчлэн Физик, технологийн хүрээлэнгийн захирлыг сонгох санал хураалтад “нийт ажилчид”-ыг оруулан санал хураалт явуулсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр бусад ажилтан ажиллагсад болон нэхэмжлэгч С.С гаас “зөвхөн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан оролцох ёстой эсэх талаар” болон нэхэмжлэлд дурдаж буй үндэслэлийг тодруулах, гомдол нэхэмжлэл гаргахаа илэрхийлээгүй, мөн энэ үндэслэлээр хуралдааныг хойшлуулах зэрэг асуудлаар ямар нэг санал, гомдол, эсэргүүцэл гаргаагүй, тухайн үед хуралдааныг орхиж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

22. Хариуцагч Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Шинжлэх ухааны Академийн дүрмийн 29, 30 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам болон хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын дүн зэргийг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг гаргасан байна.

23. Өмнө дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын саналт хураалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, нэхэмжлэгчийн “захирал сонгох санал хураалтыг эрдэмтэн, судлаач нарын хүрээнд явуулаагүй, байгууллагын нийт ажилтан ажилчдыг буюу захиргаа, аж ахуйн ажилтнууд, гэрээт ажилтнуудыг оролцуулан санал хураалт явуулсан нь буруу” гэх үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэх, улмаар уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

24. Түүнчлэн нэхэмжлэлийн “сонгон шалгаруулалтын 2 дахь шат болох эрдмийн хамт олноос авсан санал хураалтыг хүчингүй болгож, 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчид даалгуулах” шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

25. Учир нь, нэгэнт нэхэмжлэлийн “Эрдмийн хамт олон” гэж заасан байхад нийт ажилтан ажилчдыг оролцуулж санал хураалт явуулсан гэх үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авах хууль үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн “санал хураалтыг хүчингүй болгуулах, Ж.Даваасамбууг хүрээлэнгийн захирлаар томилсон Академийн ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчид дахин санал хураалт явуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

26. Түүнчлэн нэхэмжлэгч “дахин саналт хураалт явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахдаа тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын дунд санал хураалт явуулахыг даалгах гэж маргасан байх боловч энэ талаарх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүйгээс гадна бодит байдалд цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэр гарч биелэгдэх үед 2021 оны 03 дугаар сарын үед тус хүрээлэнд ажиллаж байсан ажилтнуудын заримынх нь хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болох зэрэг нөхцөл үүссэн, орон тоо бүтцийн хувьд байгууллага өөр болсон байх магадлалтайн улмаас тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг оролцуулан санал хураалт дахин явуулах тухай нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болох нэг нөхцөлийг бүрдүүлж байгааг, мөн нэхэмжлэгчээс “тэтгэврийн хүмүүсийг оролцуулж санал хураалт явуулсан гэж маргасан боловч мөн дээр дурдсанаар тэрээр эдгээр хүмүүсийн талаар уг өдрийн хуралдаанд санал, гомдол гаргаагүй, ... 14 хүрээлэнгүүдийн захирлуудыг сонгох санал хураалтын ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй Комисс хуралд ирж оролцоогүй” гэж маргасан боловч  санал хураалтыг цахимаар явуулсан гэдэгтэй маргаагүй, энэ үйл баримтыг няцаах баримт нотолгоог шүүхэд гаргаагүй,  нөгөө талаар 14 хүрээлэнгүүдийн захирлуудыг сонгох санал хураалт нэгэн зэрэг явагдсан болохыг үгүйсгээгүй байх тул эдгээр асуудлаар анхан шатны шүүхийг  нотлох баримт цуглуулж, бүрдүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүйг, мөн нэхэмжлэгчээс Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан хуралд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улмаар тус хуралд оролцогчдын асуулт, хариулт, санал хураах ажиллагаанд бүхэлд нь оролцсон нь тухайн хуралд оролцогсод болон хурлын цахим үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

27. Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ