Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01842

 

Г гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1615 дугаар магадлалтай    

            Г гийн нэхэмжлэлтэй,

            С ад холбогдох

            Хохиролд 30,252,450.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 6 сард хариуцагч С  нь С.Чулуунтуяагаас 15,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, нэхэмжлэгч Г  өөрийн өмч 648 м.кв Цог дээд сургуулийн байрыг С.Чулуунтуяад барьцаалсан. Хариуцагч нь БНХАУ-аас Эко түц оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан ба зээлж авсан 15,000,000 төгрөгөөс нэг сарын зээлийн хүүд 1,200,000 төгрөг, итгэл үзүүлж барьцаалсан хөлс гэж нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 11,800,000 төгрөгийг хариуцагч өөрөө хэрэглэсэн. Энэ нь хэрэгт авагдсан “Хэлэлцээ” гэсэн баримтаар нотлогдоно. Иргэн С.Чулуунтуяа нь Г , С  нарт холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 05 сарын 31-ний өдрийн шийдвэрээр хариуцагч нараас 18,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч С  нь шүүхийн шийдвэрийн дагуу С.Чулуунтуяад төлбөрөө төлөхгүй байсан тул нэхэмжлэгч Г  дахин мөнгө зээлэн 2018 оны 01 сарын 08-ны өдөр С.Чулуунтуяагийн зээлийн төлбөр 19,252,450 төгрөг, хөрөнгийн үнэлгээний 1,000,000 төгрөгийг барагдуулан барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан тул хариуцагчийн өмнөөс төлсөн 20,252,450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 4,747,550 төгрөг, хууль зүйн туслалцаа, нотариатын зардал болон үл хөдлөх хөрөнгийн зардалд төлсөн 5,252,450 төгрөг, нийт 30,252,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.            

Хариуцагчийн хариу тайлбар  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 7 сарын эхээр “КИГ” ХХК-ийн захирал Д.Мөнхбат, орлогч захирал Г  нартай танилцсан. Тухайн үед Д.Мөнхбат, Г  нар хотын хэмжээнд 250-350 ТҮЦ-ийн байрыг шинэчилж Европ загварын Эко ТҮЦ-ний байр нийлүүлэх төсөл бичиж шалгараад жижиг дунд бизнес дэмжих зээлийн хүрээнд 300,000,000 төгрөгийн зээлд хамрагдах эрхтэй болсон, энэ мөнгө Хас банк руу шилжсэн, баярын өмнө зээлээ авч амжихгүй байна, 8 сар гэхэд хотын А бүсэд 3 ширхэг ТҮЦ  тавихаар болсон, та 30,000,000 төгрөг олж өгөөч сарын дараа 40,000,000 төгрөг болгож өгье гэж гуйсан. Уг зээлийн бичиг баримтыг үзэхэд “Цог хийморь сүлд” ХХК-ийн Цог дээд сургуулийн байрыг барьцаалсан зээл байсан ба 100 хувийн өмчлөгч нь Г  байсан. Нэхэмжлэгч нь КИГ-ийн орлогч захирал мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9-287а тоотод байрлах газар, байраа барьцаалан “Жи Эс Би ББСБ” ХХК-аас 30,000,000 төгрөгийг авч 2016 оны 07 сарын 09-ний өдөр Д.Мөнхбатад бэлнээр өгсөн. Д.Мөнхбат захирал мөнгө авах үедээ ажилгүй бол манай орчуулагч, менежер хоёртой хамт ТҮЦ-ийн гэрээ хийгээд оруулж ирээч, бүх зардал даана гэж санал тавихад би зөвшөөрсөн. Д.Мөнхбат 30,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч бид хоёрт зээл авахад хэрэг болно гэж авч үлдээд үлдсэн 20,000,000 төгрөгийг 56,000 юань болгож өгсөн. Тэр өдөртөө маргааш манай орчуулагч Эрээн хотоос тосно гээд Харбин хот руу менежер н.Нямгэрэлийн хамт намайг явуулсан. 2017 оны 07 сарын 11-ний өдөр Харбин хотод менежер, орчуулагчийн хамт очиж, Г , н.Мөнхбат хоёр надад тамга тэмдэг өгч явуулаагүй ба “Цог хийморь” ХХК-ийн нэр дээр гэрээ хийсэн. 2016 оны 07 сарын 20-ны өдөр менежер н.Нямгэрэл нь очоод Г , н.Мөнхбат нарыг яаруулж зээлээ хурдан аваад, таны 40,000,000 төгрөгийг эхнэрт чинь өгчихөөд гэрээний үлдэгдэл 25,000 юань тань руу шилжүүлье гээд орчуулагчийн дансны дугаарыг аваад Монголд буцаж ирсэн. Хятад компанийн үлдэгдлийг 2016 оны 07 сарын 25-ны өдөр өгнө гэж тохиролцсон ба 07 сарын 25-наас хятадууд мөнгөө нэхэж эхэлсэн, Харбинд үлдсэн орчуулагч хоол буудлын мөнгөгүй болчихлоо гэсэн тухай Г , н.Мөнхбат нарт хэлэхэд бид нар зээл хөөцөлдөж хүн дайлаад бүх мөнгөө дууссан, та мөнгө явуулчих, зээл найдвартай бүтнэ, тэр үед хангалттай шагнал өгнө гэсэн. Би эхнэрийнхээ ээмэг бөгжийг 160,000 төгрөгт барьцаалан, нэмж 100,000 төгрөг гаргаад 5000 юань болгоод орчуулагч руу явуулсан. 2016 оны 08 сарын 10-ны өдөр н.Мөнхбат ирээд манай орлогч Г  өмнө нь банкнаас зээл аваад шүүхээр шийдүүлж байсан тул найдваргүй зээлдэгч гэсэн бүртгэлд орсон байна, банк зөвшөөрсөнгүй, харин та Цог дээд сургуулийн байрны гэрчилгээг аваад ББСБ-д 60,000,000 төгрөгт тавиад, байраа чөлөөлөөд, үлдэгдэл мөнгийг бид хоёрт өгөөч гэсэн. Би өөрийн таньдаг эдийн засагч н.Даваахүүд танилцуулахад энэ объектыг газрын гэрчилгээний хамт авчирвал болно гэсэн. Тухайн сургуулийн газрын гэрчилгээ байхгүй байсан ба Г  газрын албанд татварын өртэй байгаа гээд зээл бүтээгүй. 2016 оны 08 сарын 14-ний өдөр менежер н.Нямгэрэлийн санал болгосноор Г  бид хоёр С.Чулуунтуяатай уулзсан. 2016 оны 08 сарын 15-ны өдөр Г  утастаад С.Чулуунтуяа мөнгө өгөх болсон, та 150,000 төгрөг аваад хүрээд ир гэсэн. Нотариат дээр очиход С.Даваасүрэн та ТҮЦ-ээ мэдэж байгаа юм чинь миний мөнгийг аваад БНХАУ явахаар болсон, тиймээс хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих гээд С.Чулуунтуяатай хийсэн хэлцэлд гарын үсэг зуруулсан. Г  2016 оны 08 сарын 16-ны өдөр 11,800,000 төгрөг миний дансанд хийснээс орчуулагчид авч өгсөн 1,600,000 төгрөгийн хүү 30,000 төгрөгийн хамт ломбардын эзэнд тэр өдөр нь шилжүүлсэн. 2016 оны 08 сарын 19-ний өдөр 7,550,000 төгрөгийг “Мөнгөн гүүр” ББСБ-аас авч, шимтгэлд 15,000 төгрөг нэмж төлөөд 7,605,000 төгрөгийг тус компанийн орчуулагч болох Агу Да Мугийн данс руу шилжүүлсэн. Ингээд Г гээс ирсэн 11,800,000 төгрөг дууссан, үүнээс гадна Г  надаас татвар 500,000 төгрөг, мөнгөгүй байна гэж 2,400,000 төгрөг авсан. Миний бие Г гийн “Цог хийморь сүлд” ХХК-ийн ТҮЦ-ийн барилгад 65,000,000 төгрөг оруулсан, ломбардад 10,000,000 төгрөгийн эд зүйлээ тавиад алдсан, одоо банк болон ББСБ-д нийт 38,500,000 төгрөгийн зээлтэй байгаа гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С аас 9,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,802,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 166,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,265 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1615 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би “КИГ” ХХК болон “Цог хийморь сүлд” ХХК-ийн ТҮЦ оруулж ирэх ажилд нь оролцож яваад уг гэрээнд нь гарын үсэг зурчихсан юм. Тухайн үед Г  нь Чулуунтуяад 2016 оны 09 сарын 15-нд мөнгө өгөх шаардлагатай байна гэж надаас 1,200,000 төгрөг гуйсны дагуу би өөрийн данснаас Чулуунтуяагийн дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016 оны 10 сарын 16-нд ахин гуйхад нь эхнэр Оюунбилэгийн данснаас Чулуунтуяагийн дансанд шилжүүлсэн. Уг баримтууд нь хэрэгт банкны хуулгаар тогтоогдсон. Уг мөнгийг би Чулуунтуяагийн нэхэмжилсэн 22,500,000 төгрөгөөс хасуулж магадлал гаргуулсан. Иймээс Чулуунтуяад миний өөрийн болон эхнэрийн дансаар шилжүүлж өгсөн 2,400,000 төгрөгийн Даваасүрэнд ноогдох хувийг миний төлөх ёстой мөнгөнөөс хасуулж өгнө үү. Надаас Даваасүрэнгийн авсан бэлэн мөнгөндөө би баримт аваагүй учир баримттай тодорхой мөнгийг нэхэмжилж байна. Даваасүрэнгээс 1,200,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.     

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

        Нэхэмжлэгч Г  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч С ын өмнөөс С.Чулуунтуяад төлсөн 20,252,45.00 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 4,747,550.00 төгрөг, нотариатын зардал, өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,252,450.00 төгрөг, нийт 30,252,450.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...С.Чулуунтуяагаас авсан зээлэнд Г гийн өмнөөс гарын үсэг зурсан, түүнээс авлагатай учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хариуцагч С ын өмнөөс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад С.Чулуунтуяад 19,252,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4,747,550 төгрөг төлсөн гэж 25,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.

         Хариуцагч С  нь иргэн С.Чулуунтуяатай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Хэлэлцээ” нэртэй хэлцлийн дагуу 15,000,000.00 төгрөгийг зээлэхдээ   нэхэмжлэгч Г гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 648 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206003232 тоот гэрчилгээтэй нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалсан байна. /хх- 8 /

              Дээрх хэлцэлтэй холбогдуулан иргэн С.Чулуунтуяа нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г , С  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

             Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэж 183/ШШ2017/00681 дүгээр шийдвэр гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч С ын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж, түүний  гомдлыг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулсан, шүүхийн шийдвэр, магадлал энэ хэрэгт авагджээ.

         Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавигдсан Г гийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгө хураах тухай тогтоол 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарч, төлбөр төлөгч Г , С  нарыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай мэдэгджээ.

          Нэхэмжлэгч Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 19,252,450.00 төгрөгийг ...Чулуунтуяагийн төлбөрт, хөрөнгийн үнэлгээний төлбөрт 1,000,000.00 төгрөгийг “Итгэлт эстимэйт” ХХК-д төлсөн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1/37 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байна.

         Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.

             Хариуцагч С ыг дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлөгдсөн 18,900,000.00 төгрөгөөс өөрийн төлөх 9,450,000.00 төгрөгийг С.Чулуунтуяад төлөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн гэж үзнэ.

        Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4,747,550.00 төгрөгийг төлсөн гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь баримтаар тогтоогдоогүй гэж энэ шаардлагыг хангалгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1264 дүгээр магадлалаар Г , С  нараас гаргуулж, иргэн С.Чулуунтуяад олгохоор шийдвэрлэсэн 18,900,000.00 төгрөгийн төлбөрөөс С ын өмнөөс түүний төлөх ёстой төлбөр болох 9,450,000.00 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,450,000.00 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д нийцжээ.

             Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан, нотариатын зардал, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн төлбөр болон бусад зардал гэж 5,252,450.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

        Анхан шатны шүүх хариуцагч С аас 9,450,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,802,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1615 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч С аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,500 /гучин гурван мянга, таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН