Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Г.Д /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, С.Г /РД:/-д холбогдох

 

Хохиролд 30,252,450 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, хариуцагч С.Г, иргэдийн төлөөлөгч С.Наранбаатар, гэрч Б.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч С.Гад 2016 оны 8 дугаар сард иргэн С.Чулуунтуяагаас 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох гэрээгээр зээлж авахад нь нэхэмжлэгч Даваасүрэн нь тусалж өөрийн өмч болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 648 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206003232 тоот гэрчилгээтэй обьект болох Цог дээд сургууийн байрыг С.Чулуунтуяад барьцаалсан байдаг.

 

Хариуцагч Галзагд нь Хятад улсын Харбин хотод Эко ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ захиалан хийлгэж оруулж ирж бизнес хийх төлөвлөгөөтэй байсан бөгөөд зээлж авсан 15,000,000 төгрөгөөс нэг сарын зээлийн хүү 1,200,000 төгрөгийг төлж 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий обьектоо итгэл үзүүлж барьцаалсан хөлс гэж нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 11,800,000 төгрөгийг С.Г нь өөрөө хэрэглэсэн байдаг.

 

Энэ нь хэрэгт авагдсан Хэлэлцээ гэсэн баримтаар тогтоогдоно. Гэтэл иргэн С.Чулуунтуяа нь Даваасүрэн, Галзагд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байсан.

 

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч нараас 18,900,000 төгрөгийг гаргуулж иргэн Чулуунтуяад олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж нэхэмжлэгч Даваасүрэн нь зээлийн барьцаанд байгаа хөрөнгөө алдахад хүрсэн.

 

Энэ хүртэл хариуцагч Галзагд нь шүүхийн шийдвэрийн дагуу Чулуунтуяад төлөх төлбөрөө төлөхгүй байсан учраас нэхэмжлэгч нь хүнээс дахин мөнгө зээлж аваад хариуцагчийн өмнөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-нд Чулуунтуяагийн зээлийн төлбөр болох 19,252,450 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 1,000,000 төгрөгийг тус тус шийдвэр гүйцэтгэлд барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан.

 

Ийм учраас хариуцагч Галзагдын өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад Чулуунтуяад төлсөн 20,252,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлсөн 4,747,550 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан болон нотариатын зардал, үл хөдлөхийн татварт төлсөн төлбөр зэрэгт төлбөр зэрэгт 5,252,450 төгрөг, нийт 30,252,450 төгрөгийг төлсөн учраас энэхүү гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 7 дугаар сарын эхээр КИГ ХХК-ийн захирал Д.Мөнхбат, орлогч захирал Даваасүрэн нартай танилцсан.

 

Тухайн үед Д.Мөнхбат, Г.Д нар Европ загварын Эко ТҮЦ-ний барилга зах зээлд нийлүүлж, хотын хэмжээнд байгаа 250-350 ТҮЦ-ийн байрыг шинэчилж өгөхөөр төсөл бичиж шалгараад жижиг дунд бизнес дэмжих зээлийн хүрээнд 300,000,000 төгрөгийн зээлд хамрагдах эрхээр шалгарсан уг мөнгө Хас банкруу шилжчихсэн байгаа одоо баяр болох гээд байна манай зээл баярын өмнө амжихгүй нь 8 сард эхний ТҮЦ-ийг оруулж ирэх шаардлагатай байна хотын захиргаатай тохиролцоод төвийн А бүсэд 3 ширхэг Европ загварын Эко ТҮЦ тавихаар болсон та 30,000,000 төгрөг олж өгөөч сарын дараа таньд 40,000,000 төгрөг болгож өгье гэж гуйсан.

 

Уг зээлийн бичиг баримтыг үзэхэд Цогхийморь сүлд ХХК-ийн Цог дээд сургуулийн байрыг барьцаалсан зээл авах эрхийн бичиг баримт байсан бөгөөд энэ обьект нь 100 хувь Г.Дгийн өмч байсан.

 

Г.Д нь КИГ ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг уг компаний орлогч захирал байсан тул би итгээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-287а тоот газар, байраа Жи Эс Би ББСБ-д 30,000,000 төгрөгт барьцаалан КИГ ХХК-ийн захирал Д.Мөнхбатад 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр гардуулан өгсөн.

 

Д.Мөнхбат нь надаас мөнгө авахдаа хэрэв та ажилгүй бол манай орчуулагч, менежер хоёртой хамт яваад манай ТҮЦ-ийн гэрээг хийгээд оруулж ирэлцээч би таны бүх зардлыг даая гэж хэлэхэд би зөвшөөрсөн.

 

Ингээд Д.Мөнхбат нь миний банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг Г.Д бид хоёрт зээл авахад хэрэг болно гэж авч үлдээд үлдэгдэл 20,000,000 төгрөгт нь 56,000 юань авч өгөөд Харбин хотруу тэр өдөртөө менежер Нямгэрэлийн хамт вагонд суулгаад манай орчуулагч маргааш Эрээн хотоос тосч сууна гэж хэлээд биднийг явуулсан.

 

Би менежер, орчуулагч нарынх нь хамт 2016 оны 7 дугаар сарын 11-нд Харбин хотод очиж уг компанитай нь гэрээ хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд Даваасүрэн, Мөнхбат хоёрын аль, аль нь надад тамга, тэмдэгээ өгч явуулаагүй байсан тул надад итгэл үнэмшил төрүүлсэн компани болох Цог хийморь сүлд ХХК-ийн нэр дээр нь гэрээ хийсэн.

 

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр менежер Нямгэрэл нь очоод Г.Д, Д.Мөнхбат нарыг яаруулж зээлээ хурдан аваад таны 40,000,000 төгрөгийг эхнэрт чинь өгчихөөд гэрээний үлдэгдэл 25,000 юанийг танруу шилжүүлье гээд орчуулагчийн дансны дугаарыг аваад Монголруу буцсан бөгөөд Хятад компанид үлдэгдэл юанийг 2016 оны 7 дугаар сарын 25-нд өгнө гэж тохиролцсон байсан.

 

Хятадууд ч 7 дугаар сарын 25-аас эхлэн мөнгөө нэхэж эхэлсэн сүүлдээ Мөнбат, Даваасүрэн, Нямгэрэл нар аль нь утасаа авахаа больсон, Харбинд үлдсэн орчуулагч хоол, буудлын мөнгөгүй болчихлоо гэж надруу зовлонгоо тоочиж энэ тухай Мөнхбат, Даваасүрэн нарт хэлэхэд бид нар зээл хөөцөлдөж хүн дайлаад бүх мөнгөө барчихсан та аргалаад явуулчихаач зээл найдвартай бүтнэ тэгээд танд хангалттай шагнал өгнө гэсэн.

 

Би эхнэрийнхээ ээмэг, бөгжийг 100 айлд байрлах Х.Ганбаатар эзэнтэй Цаг хугацаа ломбарданд 160,000 төгрөгт барьцаалаад өөрөө 100,000 төгрөг нэмж 5,000 юань Эрээн рүү хүнээр явуулж орчуулагчийн дансанд хийлгэсэн.

 

2016 оны 8 дугаар сарын 10-нд Д.Мөнхбат над дээр ирээд манай орлогч Г.Д урд нь банкнаас зээл аваад шүүхээр шийдүүлж байсан болохоор найдваргүй зээлдэгч гэсэн бүртгэлд орчихож тэгээд банк зээл зөвшөөрсөнгүй.

 

Харин та энэ обьектийг ББСБ-д 60,000,000 тавиад та байраа чөлөөлөөд үлдэгдэл мөнгийг нь бид хоёрт өгөөч гэж Цог дээд сургуулийн байрны гэрчилгээг надад авчирч өгсөн би таньдаг эдийн засагч Даваахүүд очиж танилцуулахад энэ обьектийн газрын гэрчилгээг хамт авчирвал гаргаж өгч болох юм гэж хэлсэн. Тухайн үед сургуулийн байрных нь газрын гэрчилгээ байхгүй байсан.

 

Энэ тухай би Даваасүрэнд очиж хэлэхэд тиймээ Орчлон констракшн энд байшин барина гээд надтай тохиролцоод гэрчилгээг нь шилжүүлж авчихаад одоо болохоор буцаагаад шилжүүлж ав гээд байгаа би газрын татвараа төлөөгүй газрын албанд өртэй байгаа гэсэн ингээд зээл нь бүтээгүй.

 

2016 оны 8 дугаар сарын 14-нд менежер Нямгэрэл нь утасдаад би нэг хүн олсон та Даваасүрэнтэй уулзаад ТҮЦ-ээ тайлбарлаж өг гэхэд би Даваасүрэнтэй хамт Чулуунтуяатай очиж уулзсан.

 

Чулуунтуяа та нарын хийх ажил надад хамаагүй би тэр хөрөнгийг чинь үзнэ гэж хэлээд Даваасүрэнгийн хамт Эко ТҮЦ-ийг үзэхээр явсан бөгөөд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 15-нд Даваасүрэн надруу утасдаад Чулуунтуяа мөнгө өгөхөөр болсон та Саппорогийн буудал дээр хүрээд ир нотариат, үл хөдлөх гээд мөнгө хэрэг болно надад 150,000 төгрөг аваад ир би таньд мөнгө өгч ТҮЦ-рүү явуулья гэсэн тэгээд би нотариат дээр хамт очиход Даваасүрэн та ТҮЦ-ээ мэдэж байгаа болохоор миний мөнгийг аваад Хятад явах болно тиймээс хамтрагчаар та гарын үсэг зурчих угаасаа би үндсэн зээлдэгч юм чинь танд хамаагүй гэж хэлээд Чулуунтуяатай хийсэн Хэлэлцээ гэсэн баримтад надаар гарын үсэг зуруулсан.

 

Даваасүрэн 2016 оны 8 дугаар сарын 16-нд миний дансанд орлого болгож 11,800,000 төгрөг хийсэн уг мөнгөнөөс энэ хоёрын хүссэнээр орчуулагчид авч өгсөн 1,600,000 төгрөгийг хүү 30,000 төгрөгийн хамт Цаг хугацаа ломбардны эзэнд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн.

 

2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 7,550,000 төгрөгийг өөрийн биеэр банкнаас авч Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгө гуйвуулах үйлчилгээгээр 22,000 юаныг нэгийг нь 345 төгрөгөөр авч шимтгэл 15,000 төгрөг нэмж төлөөд 7,605,000 төгрөгийг тус компаний орчуулагч болох Агу Да Мугийн дансруу явуулсан.

 

2016 оны 8 дугаар сарын 19-ний орой орчуулагч нь утасдаад мөнгөө аваад хятадуудтай тооцоо хийгээд ахиад 7,000 юань дутлаа маргааш явуулчихвал би буудал, хоол бүх өрөө дарна гэсэн.

 

Ингээд би өөрийн охин Батжаргалаас 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж орчуулагчийн санал болгосноор Эрээн хотын валютын ченж Алтаннавчын дансанд 2,415,000 төгрөгийг шилжүүлсэн.

 

Ингээд Даваасүрэнгээс ирсэн 11,800,000 төгрөг дууссан бөгөөд Даваасүрэн надаас татвар гэж 500,000 төгрөг, мөнгөгүй байна газрын гэрчилгээ гарахаар тооцье гэж 2,400,000 төгрөг нэмж авсан.

 

Чулуунтуяа нь Хан-Уул дүүргийн шүүхээр Даваасүрэнгээс мөнгөө нэхэмжилсэн бөгөөд уг зээлд намайг хамаагүй гэж шүүх хуралд гэрчилсэн. Шүүх хурлын дараа Даваасүрэн надад Чулуунтуяа надаас их мөнгө нэхээд байна таниас авч өгсөн 2,400,000 төгрөгийг аваагүй гээд байна Чулуунтуяагийн нэхсэн мөнгөнөөс уг мөнгийг хасуулж өгөөч гэж гуйсны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл бичиж уг мөнгийг Чулуунтуяагийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасуулж өгсөн.

 

Миний бие Даваасүрэнгийн Цог хийморь сүлд ХХК-ийн ТҮЦ-ийн барилгад нийт 65,000,000 төгрөг оруулсан учраас 100 айл дахь ломбарданд 10,000,000 төгрөгийн эд зүйлсээ 5,800,000 төгрөгөнд тавиад алдсан бөгөөд одоо банк болон ББСБ-д нийт 38,500,000 төгрөгийн зээлтэй байгаа.

 

Даваасүрэнгийн надаас нэхээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч С.Гад холбогдуулан гэм хорын хохиролд 30,252,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Галзагдын өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад Чулуунтуяад төлсөн 20,252,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлсөн 4,747,550 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан болон нотариатын зардал, үл хөдлөхийн татварт төлсөн төлбөр болон бусад зардалд 5,252,450 төгрөг, нийт 30,252,450 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь Чулуунтуяагаас авсан зээлэнд Даваасүрэнгийн өмнөөс гарын үсэг зурсан. Түүнээс 65,000,000 төгрөг авах ёстой учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: С.Гын өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад Чулуунтуяад төлсөн 19,252,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 4,747,550 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд иргэн С.Чулуунтуяатай хариуцагч С.Г нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэлэлцээ гэсэн хэлцэл байгуулан 15,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд нэхэмжлэгч Г.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 648 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206003232 тоот гэрчилгээтэй нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 8 х/

 

Иргэн С.Чулуунтуяа нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэлцэлтэй холбогдуулан Г.Д, С.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 183/ШШ2017/00681 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрт хариуцагч С.Г нь давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1264 дүгээр магадлалаар хянан шийдвэрлэжээ.

 

Дээрх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 183/ШШ2017/00681 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын ...22,500,000 төгрөг... гэснийг ...18,900,000 төгрөг... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...335,450 төгрөг... гэснийг ...252,450 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 3-7 х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Талууд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1264 дүгээр магадлалд хяналтын гомдол гаргаагүй учраас уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба Г.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 648 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206003232 тоот гэрчилгээтэй нь үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17290779/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол гарч, төлбөр төлөгч Г.Д, С.Г нарыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахыг мэдэгджээ. /хх-ийн 9 х/

 

Нэхэмжлэгч Г.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк нь дахь 2617001560 тоот дансанд 19,252,450 төгрөгийг ...Чулуунтуяагийн төлбөр-т, мөн өдөр хөрөнгийн үнэлгээний төлбөрт 1,000,000 төгрөгийг Итгэлт эстимэйт ХХК-д тус тус төлсөн байна. /хх-ийн 10 х/

 

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...төлбөр төлөгч Г.Д, С.Г нарт холбогдох 17290779 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож 1/37 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байна. /хх-ийн 14 х/

 

Хариуцагч С.Г нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1264 дүгээр магадлалаар гарсан 18,900,000 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 9,450,000 төгрөгийг иргэн С.Чулуунтуяад төлөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...Би энэ мөнгийг өгөөгүй... гэх тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4,747,550 төгрөгийг төлсөн гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорын хохирол учирсан гэж тайлбарласан боловч хариуцагчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурьдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1264 дүгээр магадлалаар Г.Д, С.Г нараас гаргууж, иргэн С.Чулуунтуяад олгохоор шийдвэрлэсэн 18,900,000 төгрөгийн төлбөрөөс С.Гын өмнөөс түүний төлөх ёстой төлбөр болох 9,450,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,450,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Хоёр: Хууль зүйн туслалцаа авсан болон нотариатын зардал, үл хөдлөхийн татварт төлсөн төлбөр болон бусад зардалд 5,252,450 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

 

 

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хууль зүйн туслалцаа авах, нотариатын зардал, үл хөдлөх эд хөрөнгийн татварт нийт 5,252,450 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч С.Гаас 9,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 20,802,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч С.Гаас 9,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 20,802,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 166,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,265 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2018/04554 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА

 

 

 

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

 

 

 

Ж.БАЙГАЛМАА