Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01615

 

 

Г.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Дгийн хариуцагч С.Г холбогдуулан 30 252 450  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сард хариуцагч С.Г нь С.Чулуунтуяагаас 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, нэхэмжлэгч Г.Д өөрийн өмч 648 м.кв “Цог” дээд сургуулийн байрыг С.Чулуунтуяад барьцаалсан. Хариуцагч нь БНХАУ-аас Эко түц оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан ба зээлж авсан 15 000 000 төгрөгөөс нэг сарын зээлийн хүүд 1 200 000 төгрөг, итгэл үзүүлж барьцаалсан хөлс гэж нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг өгч, үлдэгдэл 11 800 000 төгрөгийг хариуцагч өөрөө хэрэглэсэн. Энэ нь хэрэгт авагдсан “Хэлэлцээ” гэсэн баримтаар нотлогдоно. Иргэн С.Чулуунтуяа нь Г.Д, С.Г нарт холбогдуулан 22 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр хариуцагч нараас 18 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч С.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу С.Чулуунтуяад төлбөрөө төлөхгүй байсан тул нэхэмжлэгч Г.Д дахин мөнгө зээлэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С.Чулуунтуяагийн зээлийн төлбөр 19 252 450 төгрөг, хөрөнгийн үнэлгээний 1 000 000 төгрөгийг барагдуулан барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан тул хариуцагчийн өмнөөс төлсөн 20 252 450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 4 747 550 төгрөг, хууль зүйн туслалцаа, нотариатын зардал болон үл хөдлөх хөрөнгийн зардалд төлсөн 5 252 450 төгрөг, нийт 30 252 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын эхээр “КИГ” ХХК-ийн захирал Д.М, орлогч захирал Г.Д нартай танилцсан. Тухайн үед Д.М, Г.Д нар хотын хэмжээнд 250-350 ТҮЦ-ийн байрыг шинэчилж Европ загварын Эко ТҮЦ-ний байр нийлүүлэх төсөл бичиж шалгараад жижиг дунд бизнес дэмжих зээлийн хүрээнд 300 000 000 төгрөгийн зээлд хамрагдах эрхтэй болсон, энэ мөнгө Хас банк руу шилжчихсэн, баярын өмнө зээлээ авч амжихгүй байна, 8 сар гэхэд хотын А бүсэд 3 ширхэг ТҮЦ тавихаар болсон, та 30 000 000 төгрөг олж өгөөч сарын дараа 40 000 000 төгрөг болгож өгье гэж гуйсан. Уг зээлийн бичиг баримтыг үзэхэд “Цог хийморь сүлд” ХХК-ийн “Цог” дээд сургуулийн байрыг барьцаалсан зээл байсан ба 100 хувийн өмчлөгч нь Г.Д байсан.

Нэхэмжлэгч нь “КИГ”-ийн орлогч захирал мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9-287а тоотод байрлах газар, байраа барьцаалан “Жи Эс Би ББСБ” ХХК-аас 30 000 000 төгрөгийг авч 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Д.Мад бэлнээр өгсөн. Д. Мөнхбат захирал мөнгө авах үедээ, ажилгүй бол манай орчуулагч, менежер хоёртой хамт ТҮЦ-ийн гэрээ хийгээд оруулж ирээч, бүх зардал даана гэж санал тавихад би зөвшөөрсөн. Д.М 30 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч бид хоёрт зээл авахад хэрэг болно гэж авч үлдээд үлдсэн 20 000 000 төгрөгийг 56 000 юань болгож өгсөн. Тэр өдөртөө маргааш манай орчуулагч Эрээн хотоос тосно гээд Харбин хот руу менежер н.Нямгэрэлийн хамт намайг явуулсан. 2017 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Харбин хотод менежер, орчуулагчийн хамт очиж, Г.Д, н.М хоёр надад тамга тэмдэг өгч явуулаагүй ба “Цог хийморь”ХХК-ийн нэр дээр гэрээ хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр менежер н.Нямгэрэл нь очоод Г.Д, н.М нарыг яаруулж зээлээ хурдан аваад, таны 40 000 000 төгрөгийг эхнэрт чинь өгчхөөд гэрээний үлдэгдэл 25 000 юань тань руу шилжүүлье гээд орчуулагчийн дансны дугаарыг аваад Монголд буцаж ирсэн.

Хятад компанийн үлдэгдлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгнө гэж тохиролцсон ба 7 дугаар сарын 25-аас хятадууд мөнгөө нэхэж эхэлсэн, Харбинд үлдсэн орчуулагч хоол буудлын мөнгөгүй болчихлоо гэсэн тухай Г.Д, н.М нарт хэлэхэд бид нар зээл хөөцөлдөж хүн дайлаад бүх мөнгөө дууссан, та мөнгө явуулчих, зээл найдвартай бүтнэ, тэр үед хангалттай шагнал өгнө гэсэн. Би эхнэрийнхээ ээмэг бөгжийг 160 000 төгрөгт барьцаалан, нэмж 100 000 төгрөг гаргаад 5 000 юань болгоод орчуулагч руу явуулсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр н.М ирээд манай орлогч Г.Д өмнө нь банкнаас зээл аваад шүүхээр шийдүүлж байсан тул найдваргүй зээлдэгч гэсэн бүртгэлд орсон байна, банк зөвшөөрсөнгүй, харин та “Цог” дээд сургуулийн байрны гэрчилгээг аваад ББСБ-д 60 000 000 төгрөгт тавиад, байраа чөлөөлөөд, үлдэгдэл мөнгийг бид хоёрт өгөөч гэсэн. Би өөрийн таньдаг эдийн засагч н.Даваахүүд танилцуулахад энэ объектийг газрын гэрчилгээний хамт авчирвал болно гэсэн. Тухайн сургуулийн газрын гэрчилгээ байхгүй байсан ба Г.Д  газрын албанд татварын өртэй байгаа гээд зээл бүтээгүй.

2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр менежер н.Нямгэрэлийн санал болгосноор Г.Д бид хоёр С.Чулуунтуяатай уулзсан. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Д утастаад С.Чулуунтуяа мөнгө өгөх болсон, та 150 000 төгрөг аваад хүрээд ир гэсэн. Нотариат дээр очиход С.Даваасүрэн та ТҮЦ-ээ мэдэж байгаа юм чинь миний мөнгийг аваад БНХАУ явахаар болсон, тиймээс хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих гээд С.Чулуунтуяатай хийсэн “хэлцэл”-д гарын үсэг зуруулсан. Г.Д 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 11 800 000 төгрөг миний дансанд хийснээс орчуулагчид  авч өгсөн 1 600 000 төгрөгийн хүү 30 000 төгрөгийн хамт ломбардны эзэнд тэр өдөр нь шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 7 550 000 төгрөгийг “Мөнгөн гүүр” ББСБ-аас авч, шимтгэлд 15 000 төгрөг нэмж төлөөд 7 605 000 төгрөгийг тус компанийн орчуулагч болох Агу Да Мугийн дансруу шилжүүлсэн. Ингээд Г.Дгээс ирсэн 11 800 000 төгрөг дууссан, үүнээс гадна Г.Д надаас татвар 500 000 төгрөг, мөнгөгүй байна гэж 2 400 000 төгрөг авсан. Миний бие Г.Дгийн “Цог хийморь сүлд” ХХК-ийн ТҮЦ-ийн барилгад 65 000 000 төгрөг оруулсан, ломбарданд 10 000 000 төгрөгийн эд зүйлээ тавиад алдсан, одоо банк болон ББСБ-д нийт 38 500 000 төгрөгийн зээлтэй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Гаас 9 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас 166 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Д “Киг” ХХК-ийн нэр дээр оюуны өмчийн бүртгэлтэй ТҮЦ-ээ авахын тулд захирал н.Мтай нийлж намайг залилж, байрыг минь барьцаанд тавиулж 30 000 000 төгрөг авсан, нэмэлт хөрөнгө оруулалт дутахад н.Чулуунтуяагаас зээл авахдаа намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Шүүхээс 22 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан ба миний бие хувааж төлөхөөр болчхоод байна. Тухайн үед Г.Дгийн надаас авч н.Чулуунтуяад өгсөн 3 600 000 төгрөгийг хасуулж өгье гэхэд би хүсэлт гарган хасуулж өгсөн. Иймээс миний төлсөн 3 600 000 төгрөгийн 50 хувь болох 1 800 000 төгрөгийг 9 450 000 төгрөгөөс хасуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч С.Гын өмнөөс С.Чулуунтуяад төлсөн 20 252 450 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 4 747 550 төгрөг, нотариатын зардал, өмгөөллийн хөлсөнд төлсөн 5 252 450 төгрөг, нийт 30 252 450 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх22./

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч С.Г нь Г.Дгийн хамт түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, 23 тоотод байрлах 648 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж С.Чулуунтуяагаас авсан 15 000 000 төгрөгийг эргэн төлөөгүйтэй холбогдуулан С.Г, Г.Д нараас 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 681 дүгээр шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулан хариуцагч нараас гэрээний үүрэгт 18 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1264 дүгээр магадлалд талуудын хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх.8,3-7/ Шүүхийн шийдвэрийн дагуу С.Чулуунтуяад төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч Г.Д, хариуцагч С.Г нарт хүлээлгэжээ. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар С.Чулуунтуяагийн өмнө адил тэнцүү хэмжээтэйгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нар болсон байна.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С.Чулуунтуяад төлөх ёстой төлбөрт 19 252 450 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, хөрөнгийн үнэлгээний төлбөрт “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн дансанд 1 000 000 төгрөгийг тус тус төлж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа дуусгавар болсон нь хэрэгт авагдсан орлогын баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх.10,14/ Иймд шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч Г.Д дангаараа гүйцэтгэсэн нь нотлогдсон болно.

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүхэлд нь төлснөөр хариуцагч С.Г нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5 дах хэсэгт зааснаар уг мөнгө төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлсөн 9 450 000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэг нь үүргийг гүйцэтгэсэн бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Хуулийн энэхүү үндэслэлийг анхан шатны шүүх тогтоох хэсэгтээ баримтлаагүй нь ноцтой зөрчил биш, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан болон нотариатын зардал, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн төлбөр болон бусад зардалд нийт 5 252 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй тул дээрх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Хэргийн 3-7 дугаар талд авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн магадлалаар хариуцагч нараар төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн төлбөр болох 22 500 000 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг хасч үлдэх 18 900 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хариуцагчид ногдох үүргийг багасгах үндэслэл болохгүй. Учир нь уг магадлалд хариуцагч нарыг 3 600 000 төгрөг төлсөн гэж дүгнээгүй, харин хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги шаардах эрхгүй талаар дүгнэсэн байна. Иймд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргээс 1 800 000 төгрөгийг хасч тооцох тухай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэл байв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ