Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 522

 

  Б.Э-, Б.Б-, Б.Ч- нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, 

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Б.Э-, Б.Б-, Б.Ч- нарт холбогдох 201601000241 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ямаат овогт Б-ын Э-, 1987 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, “Говь Фрийдом” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймагт оршин суух бүртгэлтэй,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 212 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн /РД:/,

2. Сартуул овогт Б-ийн Б-, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эдинбург” ресторанд зөөгч ажилтай байсан, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:/,

3. Сартуул овогт Б-ын Ч-, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Хангай” хотхонд борлуулагч, менежерийн ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, 

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД:/,

Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Б-т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан, 

мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Компьютер Лэнд” төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 10,8 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,   

Б.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-аас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан,

мөн өдөр тухайн бодисыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Ч-д хууль бусаар борлуулахыг завдсан,

Б.Ч- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Б-ээс олж авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Б.Ч-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Ч-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон,  

Б.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Б.Э-ыг “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн хууль бусаар худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Б.Б-ийг “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Б.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Б.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-, Б.Б-т нарт тус тус оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тус бүр 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Б.Э-ы цагдан хоригдсон 317 хоног, Б.Б-ийн цагдан хоригдсон 486 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-аас 600.000 төгрөг, Б.Б-ээс 800.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Б.Ч- нь 86 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий 7х4 см хэмжээтэй гялгар ууттай цагаан талстлаг “мөс” мэт зүйл 9,4 гр жинтэй, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл уутны хамт 0,5 гр жинтэй, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл уутны хамт 0,7 гр жинтэй, №7 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 1х0,5 см хэмжээтэй шавар, №3 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 0,8х0,8 см хэмжээтэй шавар, хар өнгийн жин хэмжүүр, шар өнгийн асаагуур, 8,5х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутнууд, №4 гэж дугаарласан улаан өнгийн лентээр дээд доод хэсгийг нь ороосон шилэн хийцтэй “бонго” мэт зүйл, №5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, №8 гэж дугаарласан ногоон өнгийн шилэн “бонго” мэт зүйл, цагаан өнгийн эвдэрхий асаагуур, “Xiagshan” гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл 1,5 гр жинтэй, №3 гэж дугаарласан “гамба натрихлорид 0,9% 2 мл” гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, дарах хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуур, жижиг хуванцар лонх хэлбэртэй сав, 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь хуванцар гуурс угласан шилэн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан шилэн гаанс зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, №5 гэж дугаарласан АН8783733 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АР3686277 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн СиДи бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, Б.Э-ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, Б.Э- Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...надад “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилго байгаагүй. Ч-аас авсан мөнгөөр түүнд худалдахыг завдсан зүйл байхгүй. Хамт хэрэглэх гэж байсан үйлдлийг маань худалдаалахыг завдсан гэж үзэж, гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр би “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Э-аас бус Насанхүү гэх хүнээс авсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний бие мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба үүндээ гэмшиж байна. Иймээс миний гэмт үйлдлийг үнэн зөвөөр шалгаж, ар гэрт үлдсэн ганц бие эцгийг маань харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хадгалсан” үйлдлээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээж ирсэн. Харин мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэж байгааг гайхаж байна. Энэ хэрэгт шалгагдаж байх хугацаанд эхнэр маань амаржиж, анхны хүү маань мэндэлсэн. Уг байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Б.Э-ыг 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Б-т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь эргэлзээ бүхий байдаг. Учир нь Б.Б- анхнаасаа Б.Э-ы нэрийг бүтнээр нь бус “Тайванаа” гэж, мөн түүний гадаад төрхийг бор царай хүн байсан гэх зэргээр мэдүүлдэг. Түүнчлэн Б.Б- нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг авахаасаа өмнө Б.Э-тай уулзаж Насанхүүгийн утасны дугаарыг авсан байдаг. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзэхэд Б.Э-ы эзэмшилд саарал, цагаан өнгийн “Тоёота Приус” загварын автомашин байдаггүй, харин “Тоёота Ландкруйзэр 80” загварын автомашин байдаг нь тогтоогдсон. Дээрх байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн асуудлыг дахин хянахыг хүсье. Харин Б.Э- нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Насанхүү гэгчээс олж авч, борлуулах зорилгогүйгээр гэртээ хадгалсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд үндэслэн тухайн гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Б.Б-ийг “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийг материалаас үзэхэд Б.Б- нь Б.Ч-гаас 800.000 төгрөгийг аваад үүнээсээ 600.000 төгрөгөөр нь Насанхүү гэгчээс “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг авч, түүнийгээ Б.Ч-д өгөх гэж байгаад баригдсан үйл баримт харагддаг. Эдгээр үйл явдал нь нэг өдөр болсон, үргэлжилсэн үйлдэл юм. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Б-ийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 удаа ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье...” гэв. 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Э-, Б.Б-, Б.Ч- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлын тухайд эргэлзээтэй зүйл тогтоогдоггүй. Б.Б-ийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл биш юм. Учир нь тэрээр “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-аас олж авч, гэртээ хадгалсан. Б.Ч- нь Б.Б-т мөнгөө урьдчилан шилжүүлээд, дараа нь дээрх бодисоо түүнээс очиж авах гэж байгаад баригдсан байдаг. Үүнээс үзэхэд нэг төгссөн үйлдэл, нэг завдсан үйлдэл байна. Б.Э-ы тухайд ял хүндэдсэн асуудал байхгүй. Тухайн зүйлд заасан доод хэмжээгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж судлахад;

1. Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Б-т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан, 

мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 10,8 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

- Б.Э-ы орших суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоотод болон С.Цогийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 97-54 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 229-239/, дээрх үзлэгээр цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл илэрснийг хураан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 26-30/, мансууруулах бодисын агууламж, тухайн бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Б.Э-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 241-243/, Б.Э-ы эзэмшлийн “HUAWEI” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 247/,

- Үзлэгээр хураан авсан эд зүйлд химийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэстний хүрээлэнгийн шинжээчийн 679, 140 дугаартай “...тетрагидроканнабинол болон метамфетамины агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /2хх-ийн 44-50, 52-53/,

- Б.Э- нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай шийдвэрийн хуулбар /2хх-ийн 149-159/,

- Б.Э-, А.Моника, С.Цог нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 91-92, 97-98, 100, 3хх-ийн 162/,

2. Б.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-аас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан,

мөн өдөр тухайн бодисыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Ч-д хууль бусаар борлуулахыг завдсан болох нь;

- Б.Б-ийн орших суух Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод болон тус байрны 4 дүгээр орцонд үзлэг хийхэд “мөс” мэт зүйл илэрснийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-14/, мансууруулах бодисын агууламж, тухайн бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Б.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-20/,

- Үзлэгээр хураан авсан эд зүйлд химийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэстний хүрээлэнгийн шинжээчийн 9999 дугаартай “...метамфетамины агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /1хх-ийн 48-51/,

- Б.Б-ийн эзэмшлийн 99918373, Б.Ч-ы эзэмшлийн 94000109 дугаарын гар утасны ярианы дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 210-222/,

- Б.Ч- нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5112062679 дугаартай данснаас Б.Б-ийн эцэг Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны 5013153173 дугаартай дансанд “800.000 төгрөгийг шилжүүлсэн” тухай харилцах дансны хуулга /1хх-ийн 174-177, 193-196/,

- гэрч Л.Баттөмөр /1хх-ийн 46/ болон Б.Б-, Б.Ч- нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 102-103, 107-109, 111-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Б.Б- нь давж заалдсан гомдолдоо “... “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Насанхүү гэгчээс олж авсан, надад уг бодисыг худалдах зорилго байгаагүй...” гэж маргадаг боловч энэ хэрэгт Насанхүү гэгч этгээдийн үйлдэл оролцоо тогтоогдоогүй, түүнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэх баримт нотолгоо авагдаагүй, харин Б.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ч-аас 800.000 төгрөгийг өөрийн эцэг Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, улмаар Б.Э-гаас 600.000 төгрөгөөр 2 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, түүнийгээ Б.Ч-д худалдах үйлдэл дээрээ баригдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад Б.Ч- нь “...Б- надруу залгаад “Чи мөс авах уу, 2 гр-ыг 800.000 төгрөгөөр авч тус болооч” гэхээр нь 800.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн... тэгээд гэрийнх нь орцонд уулзаж байгаад цагдаад баривчлагдсан... урьд нь Б-ээс мөс худалдаж авч байсан...” /2хх-ийн 102-103/ гэж, Б.Б- нь “...өөрийн танил Тайвнаа гэх залуугаас 600.000 төгрөгөөр 2 гр мөс худалдаж авсан... түүнийхээ ихэнх хэсгийг Ч-д өгөхөөр савлаад гэрээсээ авч гарахдаа орцонд цагдаа нарт баригдсан...” гэж /2хх-ийн 107-109/ тус тус мэдүүлжээ.

Б.Ч-, Б.Б- нарыг ийнхүү мэдүүлэг өгөхөд нь аливаа албан тушаалтнаас дарамт, шахалт үзүүлсэн байдал тогтоогдоогүй ба тэд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэн нэгэн албан тушаалтанд холбогдуулан энэ талаар гомдол, санал гаргаж байгаагүй байна. 

Аливаа ухамсарт үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаанд тунгаасны үр дүнд үйл ажиллагааны илрэл болж, улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэл, тодорхой хэрэгцээгээр нөхцөлдөн түүнийгээ шийдвэртэйгээр хэрэгжүүлдэг.

Б.Б- нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Ч-д худалдах санаа зорилгыг агуулж, улмаар уг санаа зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн үйлдэл нь түүнээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогджээ. Иймээс энэ талаар маргасан шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Б.Э-, Б.Б-, Б.Ч- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх болсон хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Прокуророос Б.Э-ыг “сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулсан, мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Б-ийг “сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн борлуулахыг завдсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Ч-ыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал”, “давтан үйлдэл” гэх зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтуудыг халсаны гадна, “сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан” гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах” гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийн шинжид нийцэж тохирсон байх ба 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн доод хэмжээ багасчээ.    

Дээрх байдлыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос Б.Ч-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн худалдахыг завдсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэн, холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “...сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ. Үүнээс үзвэл 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ хүндэрсэн байх тул шүүгдэгч Б.Э-ы эрх зүйн байдал дордохоор байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдахыг завдсан” гэмт хэрэгт төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялтай дүйцэх хэмжээний буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв.

Иймд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн, шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгч Б.Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэлээ. 

 Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоос “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн санаа, зорилго...”-ын талаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Нийслэлийн прокурорын газраас Болдын Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 болгон тус тус зүйлчилсүгэй.” гэснийг “Нийслэлийн прокурорын газраас Болдын Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 болгон тус тус зүйлчилсүгэй.” гэж,

- 4 дэх заалтад “Болдын Э-ыг “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Болдын Э-ыг “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,  

- 6 дахь заалтад “Болдын Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Болдын Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 7 дахь заалтад “Баттөмөрийн Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Баттөмөрийн Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 8 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Б.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Б.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.” гэж,  

- 9 дэх заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Э-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Б-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Б-т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоос “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн санаа, зорилго”-ын талаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН