Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 382

 

Д.Батбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээд Б.Алтанцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0538 дугаар магадлалтай, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 23 дугаар зүйлийн 23.1.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.8-д заасныг баримтлан иргэн Д.Батбаатарын Шүүхийн шийдвэрийн дагуу надад ногдох үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, иргэн Д.Батбаатарын шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0538 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Иргэний   хэрэг   шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр ...үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 398 дугаар тогтоолын дагуу маргаан бүхий барилгын өмчлөх эрх, бүртгэлийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үүнийг дурдаж өгсөн мөртлөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тодорхой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн 2007 оны 147 дугаар магадлал, Дээд шүүхийн 2007 оны 398 дугаар тогтоолыг биелүүлэх явцдаа шийдвэр гүйцэтгэгч 1. хууль зөрчиж явуулсан, буруу м.кв-аар хуваасан, илүү м.кв талбай нэхэмжлэгч Д.Батбаатар эзэмшиж байгаа, 2. Иргэн Н.Банзрагч, Б.Цэенрэгзэн нарын өмчлөлд бүртгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Б.Алтанцэцэгээс гаргуулахаар ажиллагаа явуулж миний эрхэд халдсан зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 440 дүгээр шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, биелэгдээгүй байгааг дурдаж өгсөн байтал шүүх анхаарч үзээгүй.

3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж тодорхой нэр томъёог хуульчилж өгсөн байхад Бүртгэлийн байгууллагын ямар захирамжилсан шийдвэр, захиргааны акт шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж, Бүртгэлийн байгууллагад даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд, магадлалыг  хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэн Д.Батбаатар нь шүүхийн шийдвэрийн дагуу өөрт ногдох үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Д.Батбаатар, Б.Алтанцэцэг нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай, 2 давхар  барилгыг 50, 50 хувиар өмчлөх эрхтэй болохыг тогтоосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааны 2007 оны 147, Улсын Дээд шүүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны мөн оны 398 дугаар тогтоол  тус тус хүчин төгөлдөр байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэрүүдээр өмнө нь уг үл хөдлөх эд хөрөнгийг “Дөрвөн-Ундарга” ХХК-ийн захирал Б.Алтанцэцэгээс иргэн Н.Банзрагч, Б.Цэенрэгзэн нарт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, эдгээр иргэдийн нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгон, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих өөрчлөлт хийхийг Эрхийн улсын бүртгэлийн албанд даалгажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 574 дүгээр захирамжаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 147 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас  “шүүхийн шийдвэрийг биелүүлж,  Д.Батбаатар, Б.Алтанцэцэг нарын нэр дээр гэрчилгээ олгох”-ыг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт мэдэгдсэн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/1590, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/3213 албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2007 оны 398 дугаар тогтоолыг биелүүлэх захиргааны байгууллага буюу Эрхийн улсын бүртгэлийн албаны үйл ажиллагаа нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 32.3-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 32.4-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж заасанд нийцэж хэрэгжих учиртай юм.

“... гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөөгүй, ...  Н.Банзрагч, Б.Цэенрэгзэн нар улсын бүртгэлд хэвээрээ байгаа,...“Дөрвөн-Ундарга” ХХК-ийн хамт мэдүүлэг гаргах ёстой....” гэх захиргааны байгууллагын тайлбар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл биш болно.

Дээрхээс үзвэл Д.Батбаатарын мэдүүлгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй хамааралтай үйл баримт байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтзгэлийн ажиллагаа, шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар зэрэг нь тусгайлсан хуулиар зохицуулагдах тусдаа харилцаа болохоос, биелэгдээгүй шүүхийн шийдвэрийн тухайд шүүхэд дахин бие даасан нэхэмжлэл гаргах, үүний үндсэн дээр шүүх дахин шийдвэр гаргах нь Шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй юм.

Иймээс “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа...” гэх гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, харин хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх явцад шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаарх гомдолд дурдсан асуудал нь энэ маргаанд хамааралгүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол нь захиргааны байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, “холбогдох бүртгэл хийх” үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0538 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу өөрт ногдох үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ