Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 60

 

Э.Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Хосбаяр даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар магадлалтай, 201625021896 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Эмч овогт Энх-Амарын Очир нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Очирыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Очир, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Э.Очирт холбогдох хэргийг бүх талаас нь шалгаж, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Уг хэрэг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн бөгөөд шилээр цохисон гэх боловч эд мөрийн баримт болон гарын хээ хэрэгт байхгүй. Гэрчээр Халзан гэх хүнийг нэг ч удаа байцаагүй, хохирогч өмнө нь толгойдоо бэртэл авч байсан. Хэрэг гарах үед байсан гэрч Ганбаатар шүүгдэгчийг хохирогчийн толгой руу цохиогүй гэж мэдүүлсэн. Тухайн үед хохирогч хүзүүндээ мөнгөн гинжтэй явсан гэдгийг тогтоогоогүй атлаа ямар баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн болох нь тодорхойгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотолж чадаагүй. Хэрэгт ач холбогдол бүхий гэрч Халзанг асууж байцаагаагүй. Гэм буруугийн сэдэлт, шалтгаант холбоо зэргийг тогтоож чадаагүй, хэргийн бодит байдлыг үнэн зөв эргэлзээгүй үнэлэхэд нотлох баримт хангалтгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд Э.Очир нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэрч Г.Зол-Эрдэнийн мэдүүлгээр пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн болох нь нотлогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчим хохирогч Н.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, тодорхой шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Э.Очирыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтооход хангалттай хэмжээний нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Э.Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Э.Очирын хувьд пивоны шилээр хохирогчийн толгойн тус газар цохин биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийг хувийн сэдэлтээр буюу хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийн бодит байдлыг тогтоолгох” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,          

                                   ШҮҮГЧ                                                           Ч.ХОСБАЯР

                                   ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН