Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч П.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Цэцэгмаа, шүүгдэгч Э.Очир, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:1118/, хохирогч Н.Баяр-Эрдэнэ, шинжээч эмч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж 178в тоотод оршин суудаг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 272 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЙЗ95032511/ Эмч овогт Энх-Амарын Очирт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021896 дугаар 185/2016/0115/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:                    

 

Шүүгдэгч Э.Очир 2016 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, тодорхой шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартай ашиглан толгойн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Очирын: Би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд Бэлхийн эцсийн буудал дээр зогсож байтал хэдэн ах нар байсан. Тэгээд нэг ах хүү надаас тамхи асуухаар нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэгтэл манай хашаанд байсан Халтар гэдэг ах байсан. Тухайн  үед тэр Халтар манай хашаанд байхдаа тогны мөнгө тушаахгүй өрөнд оруулаад нүүгээд явсан байсан. Би Халтартай тогны мөнгөний асуудлаас болж маргасан. Би Халтартай барьцалдаж авахад хохирогч Баяр-Эрдэнэ намайг араас татан боож унагаасан. Тэгээд намайг унахад хажуу талаас цохисон. Тухайн үед би ухаан балартсан байсан. Мөн хамт явж байсан суга таягтай хүн намайг таягаараа цохисон. Тэгээд би тэд нараас салж яваад буцаж очоод хохирогчийн толгой руу пивоны шилээр толгойн тус газарт нь цохисон. Тэгээд удалгүй эргүүлийн цагдаа авч явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ганзоригийн: Хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл ба хөнгөн зэргийн гэмтэл байсан. Уг гэмтэл сорвижсон байсан. Гэмтэл тухайн хэрэг гарахад учирсан гэмтэл юм гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баяр-Эрдэнийн: Одоо надад шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би хотоос 13 цагийн үед гарч Бэлхийн автобусны буудал дээр буугаад, Ганбаатар, Халтар нартай таарсан. Тэгтэл шүүгдэгч Очир хүрч ирээд Халтартай маргалдаад байхаар нь чи боль гээд хувцаснаас нь татаад түлхсэн. Шүүгдэгч салаад явсан тэгтэл удалгүй хүрч ирээд миний толгой руу пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан. Тэгээд эргүүлийн цагдаа ирж мэдүүлэг авсан мөн түргэн дуудсан. Миний биеийн байдал одоо зүгээр болсон гэж мэдүүлсэн мэдүүлэг,    

 

Хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Баяр-Эрдэнийн: ...2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагийн үед хотын төвөөс автобусанд суугаад ...эцсийн буудал дээр буугаад танил Ганбаатар ахтай уулзаад зогсож байтал үл таних залуу ирээд Ганбаатар ахтай цуг явж байсан ахтай маргалдаад хэрэлдээд байхаар нь би хажуунаас нь чи аав шигээ хүнтэй битгий маргалдаад бай гэтэл чамд хамаагүй гээд яваад өгсөн. Гэтэл бор шилтэй пиво барьж ирснээ үг дуугүй миний толгой руу нөгөө шилтэй пивоороо цохиод толгой хагалчихсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганбаатарын: ...Би сар өдрөө сайн санахгүй байна. Бэлхийн эцэст байдаг “Ууган” төвийн гадна өөрийн найз Халтарын хамт юм яриад зогсож байхад манай талийгаач дүүгийн найз Баяр-Эрдэнэ бид 2 дээр ирж уулзсан. Бид 3 юм яриад зогсож байтал нилээн халамцуу залуу ирээд манай найз Халтар луу дайраад байхаар нь Баяр-Эрдэнэ чи настай хүнийг яах гээд байгаа юм гэж хэлээд барьцалдаж аваад хоорондоо цохилцохоор нь би салгасан. Гэтэл тэр залуу Ууган төвийн дэлгүүр дотроос гартаа пиво барьчихсан гарч ирээд пивоныхоо талыг уучихаад шилийг нь хагалаад зогсож байхад цагдаагийн алаг тэрэг ирж байсан чинь тэр залуу цаашаагаа зугтаагаад явсан, цагдаа нар ирээд Баяр-Эрдэнийг дагуулаад аваад  явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Зол-Эрдэнийн: ...2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 40 минутанд Бэлх-10-аас Бэлхийн хуучин эцэс дээр хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Н.Баяр-Эрдэнэ гэгчийг Э.Очир нь согтуурсан үедээ пивоны шилээр цохиж танхайрч байсныг таслан зогсоож материалжуулан Бэлх-10-д хүлээлгэн өгсөн. Намайг дуудлагаар очиход ...Очироос бусад нь ийм пивоны шилээр цохисон гээд Очирын барьж байсан пивоны шилийг зааж байсан. Тэрнээс өөр хагарсан шил тэр хавьд байгаагүй. Очирт шаардлага тавихад биелүүлж чадахгүй эсэргүүцээд байсан, ...Тухайн үед Баяр-Эрдэнэ миний хүзүүнд байсан мөнгөн гинжээр Очир намайг боож чирснээс болж алга болсон гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэсувдын: ...Би сар өдрөө сайн санахгүй байна, ямар ч байсан сонгуулийн өмнө байсан.  …би 19:00 цагийн үед яараад гэртээ очиход манай нөхөр Баяр-Эрдэнэ толгойгоо боосон байсан ба боолтоо авчихсан, дэр цус болчихсон байсан. ...Бэлхийн эцэс дээр нэг өвгөнийг өмөөрсөн чинь нэг залуу ууж байсан пивоны шилээр толгой руу цохиод тэгээд цагдаа дээр очсон чинь надад түргэн тусламж дуудаж үзүүлээд нөгөө залууг батлан даалтанд өгөөд явуулсан гэж надад ярьсан. ...Хүзүүнд нь боогдсон ором, нүүр ам болон баруун тохой, аль нэг хөлний шилбэ гуянд хөхөрсөн байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн шинжээчийн №9404 тоот:     

  1. Баяр-Эрдэнийн биед зулайд сорви, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.     
  2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.     
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-14/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-33-36/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 сарын 25-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-38-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Э.Очир 2016 оны 6 сарын 23-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчим гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Н.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, тодорхой шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартай ашиглан толгойн тус газарт цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч Б.Ганзоригийн: Хохирогчид учирсан гэмтэл шинэ гэмтэл …тухайн хэрэг гарахад учирсан гэмтэл гэж мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганбаатарын: ...Бид 3 юм яриад зогсож байтал нилээн халамцуу залуу ирээд манай найз Халтар луу дайраад байхаар нь Баяр-Эрдэнэ чи настай хүнийг яах гээд байгаа юм гэж хэлээд барьцалдаж аваад хоорондоо цохилцохоор нь би салгасан. Гэтэл тэр залуу Ууган төвийн дэлгүүр дотроос гартаа пиво барьчихсан гарч ирээд пивоныхоо талыг уучихаад шилийг нь хагалаад зогсож байхад цагдаагийн алаг тэрэг ирж байсан чинь тэр залуу цаашаагаа зугтаагаад явсан, цагдаа нар ирээд Баяр-Эрдэнийг дагуулаад аваад  явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Г.Зол-Эрдэнийн: ...2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 40 минутанд...  ...Намайг дуудлагаар очиход ...Очироос бусад нь ийм пивоны шилээр цохисон гээд Очирын барьж байсан пивоны шилийг зааж байсан. Тэрнээс өөр хагарсан шил тэр хавьд байгаагүй. Очирт шаардлага тавихад биелүүлж чадахгүй эсэргүүцээд байсан, ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Б.Эрдэнэсувдын: ...Би сар өдрөө сайн санахгүй байна, ямар ч байсан сонгуулийн өмнө байсан.  …би 19:00 цагийн үед яараад гэртээ очиход манай нөхөр Баяр-Эрдэнэ толгойгоо боосон байсан ба боолтоо авчихсан, дэр цус болчихсон байсан. ...Бэлхийн эцэс дээр нэг өвгөнийг өмөөрсөн чинь нэг залуу ууж байсан пивоны шилээр толгой руу цохиод тэгээд цагдаа дээр очсон чинь надад түргэн тусламж дуудаж үзүүлээд нөгөө залууг батлан даалтанд өгөөд явуулсан гэж надад ярьсан. ...Хүзүүнд нь боогдсон ором, нүүр ам болон баруун тохой, аль нэг хөлний шилбэ гуянд хөхөрсөн байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9404 тоот актын дүгнэлтээр тогтоогдон нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчлэх ёстой гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Очирын гэм буруутай үйлдлээс хохирогч Н.Баяр-Эрдэнийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан 200.000 төгрөгний зардлыг нөхөн төлсөн нь мөнгө хүлээн авсан тухай баримтаар тогтоогдов.    

 

Шүүгдэгч Э.Очир Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 272 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шийтгэх тогтоолын хуулбараар /хх-38-41/ тус тус тогтоогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заажээ. Шүүгдэгч Э.Очирыг ялтайд тооцох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байна. Шүүгдэгч Э.Очир хүнд гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Н.Баяр-Эрдэнэд гэм хорын хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551-ийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

  1. Энх-Амарын Очирыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар Энх-Амарын Очирыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Очирт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.                                                                                                                            

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Очирт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                                  

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                     

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    Б.ДУЛАМСҮРЭН