Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01721

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 233 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар магадлалтай,

 Д.Огийн нэхэмжлэлтэй

М.С-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 17.914.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил н.Чинбатын найз болох М.С- нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр авч явсан. М.С- нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр утсаар яриад иргэн Г.С-т машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө гэсний дагуу Г.С-т шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш М.С- нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил н.Чинбатаар дамжуулан надад төлсөн. Өөр мөнгө дахин төлөөгүй ба М.С- машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд М.С-эс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг машиныг огт аваагүй. 2015 оны 5 дугаар сард Л.Чинбат над руу залгаад чамтай уулзмаар байна гэхээр нь бид хоёр Хан-Уул дүүрэгт уулзсан. Уулзаад Л.Чинбат нь энэ машиныг зарж өгч туслаач гэж хэлсэн. Би ямар учиртай машин юм бэ гэхэд манай найз Д.О Солонгос улсад ажил хийж ирээд энэ машиныг авсан юм. Улаанбаатар хотод зарагдахгүй байна. Чи Сэлэнгэ рүү унаж яваад зарах талаас нь үзүүлж харуулаад өг гэж хэлсэн. Л.Чинбат бид хоёр өмнө бие биедээ тусалж байсан болохоор би машиныг нь аваад явсан. Ингээд би уг машиныг нь Сэлэнгэ аймагт авч иртэл хүмүүс бензин машиныг газаар ажилладаг болгосон байна гэж хэлсэн. Тэгэхээр би Л.Чинбат руу залгаад энэ машин чинь зарагдахгүй юм байна буцаагаад ав гэхэд Соёлоо чи яаж ийгээд наадхаа далд оруул гэж хэлсэн. Ингээд Дарханд байдаг миний танил Ц.Ариунтуяа гэдэг хүн над руу залгаад чамд prius байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад prius байхгүй харин КIA5 маркийн машин байна. 22.000.000 төгрөгөөр намайг зараад өгөөч гэж хэлсэн юм гэж ярьсан. Тэгээд Ц.Ариунтуяа 10.000.000 төгрөгөнд нь түлш үлдсэн 12.000.000 төгрөгийг нь намар тарьсан будаагаа хураахаараа өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүний машин болохоор би асууж байж болъё гэж хариулсан. Л.Чинбат ч гэсэн Ц.Ариунтуяаг танина. Тэгээд би Л.Чинбаттай яриад Ц.Ариунтуяагийн тавьсан саналыг хэлэхэд өг, өг гэж хэлсэн. Ц.Ариунтуяа 2015 оны 5 сард 3.000.000 төгрөгнийхөө түлшийг өгсөн. Дахин 2.100.000 төгрөгийн түлш өгөөд түүнээс хойш утсаа унтраагаад алга болсон. Ингээд 2015 оны 8 дугаар сард Д.О, Л.Чинбат, Ц.Ариунтуяа болон миний бие уулзалдаад би Ц.Ариунтуяагаас түлш гэж авсан 5.100.000 төгрөгийг Л.Чинбатад өгөөд та нар өөрсдөө өгөө аваагаа тохир. Одоо надад хамаагүй шүү гэж би хэлсэн. Тэгтэл 16.900.000 төгрөгийг сарын дотор өгөхөөр тохиролцож байсан. Ингээд наймаа тохиролцсон гэж бодоод 2015 оны 10 дугаар сард надад холбогдуулаад залилангийн хэргээр эрүү үүссэн байсан. Улмаар хуулийн байгууллага шалгаад надад ямар ч буруу байхгүй болохыг тогтоосон. Энэ хэрэг маш олон шатны шүүхээр орсон. Би хүнд туслах үүднээс явж байгаад л ийм нөхцөл байдалд орсон. Түүнээс биш би уг машиныг зарж өөртөө ашиг унагах гэсэн зорилго байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 233 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.С-эс худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1.014.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.339 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-эс улсын тэмдэгтийн хураамж 271.339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 233 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 271.340 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэснийг хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх М.С- намайг Д.Огээс уг машиныг шилжүүлэн авсан байгаа тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би Л.Чинбатын гуйлтаар тус машиныг бусдад зуучилж өгөх гэж л шилжүүлж авсан болохоос өөрөө худалдан авах гэж шилжүүлж аваагүй. Эд хөрөнгийг шилжүүлсэн л бол тэр бүхэн худалдах худалдан авах гэрээ болохгүй. Харин машины өмчлөгч гээд байгаа Д.О нь өөрөө Г.С- гэдэг хүнд хууль журмын дагуу машинаа худалдаж бичиг баримтаа шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх “М.С- нь машиныг хүлээж авсны дараа Д.Отэй утсаар ярьж машиныг чинь зарчихлаа. Г.С- гэдэг хүнд машиныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгчих, машины үнийн урьдчилгаа 5.100.000 төгрөгийг авсан гэсний дагуу Д.О нь машины эзэмших эрхийг Г.С-т шилжүүлсэн байна” гэж дүгнэжээ. Гэтэл ийм зүйл огт болоогүй. Баримт нотолгоогүй ийм зүйлийг шүүх бичиж байгаад би гомдолтой байна. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан гээд байгаа Д.Огийн найз Л.Чинбат, тус машиныг өөрийнхөө өр төлбөрт өгч ашиглачихаад машины үнийг төлье гээд байгаа Б.Болдсайхан нарын хүмүүсийн ярьсан мэдүүлгийг шүүх нотлох баримт болгож байгаад гомдолтой байна. Д.Ог танихгүй, түүнээс машин аваагүй, харин Л.Чинбатыг таньдаг байсан бөгөөд Л.Чинбатын гуйлтаар түүнд тус болох гэж л зуучилж өгсөн. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Л.Чинбатын мэдүүлгийг үндэслэл болгож заажээ. Гэтэл шүүхийн үндэслэл болгоод байгаа тус тайлбар мэдүүлгүүдээс харахад харин ч энэ хүмүүс өөрсдөө нотариатын газарт биечлэн очиж худалдах худалдан авах тухай хууль ёсны гэрээ байгуулж өөрийнхөө машиныг Г.С- гэдэг хүнд худалдаж машины бичиг баримтыг шилжүүлж өгсөн тухайгаа нотолж хэлсэн. Тийм ч учраас урьд өмнө нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ машинтай холбогдолтой хэргийг шийдвэрлэхдээ Д.О нь өөрөө Г.С- гэдэг хүнд худалдах худалдан авах гэрээ байгуулж машиныг шилжүүлэн өгсөн нь баримтаар нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэр шүүх хурал дээр шүүгч надад хандаж хэлэхдээ Д.О нь Г.С- гэдэг хүнд машинаа худалдсан байхад та машины мөнгө гэж нэхэмжилж байгаа чинь үндэслэлгүй байна гэж хэлж байсан юм. Шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдэж байх үед Ц.Ариунтуяа болон түүний өмгөөлөгч Ч.Булган нар нь Авто тээврийн газраас уг машины бичиг баримтыг гаргуулах хүсэлтийг гаргаж шүүх тэр хүсэлтийн дагуу Авто тээврийн газраас тус машины бичиг баримтыг гаргуулахад Д.О нь өөрөө Г.С- гэдэг хүнд машинаа худалдсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн юм. Тэгээд тус баримтыг шүүх үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үүнээс болоод би цаашид машины мөнгийг хөөцөлдөж чадаагүй. Энэ үнэн болсон байдлыг тодруулахын тулд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 1194 дугаар шийдвэр, Авто тээврийн газраас ирсэн бичиг баримтуудыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Д.Огийн машиныг иргэн Ц.Ариунтуяа, Б.Болдсайхан нар хувьдаа ашигласан нь тогтоогдсон юм. Б.Болдсайхан нь Дархан-Уул аймгийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Би тэр машиныг аваад Гантулга гэдэг хүнд өглөгтэй байсан тул 16.000.000 төгрөгөнд бодож өрөндөө өгсөн” гэж мэдүүлсэн юм. Мөн Б.Болдсайхан гэдэг хүн нь өөрөө Д.Огийн машиныг аваад өр төлбөртөө өгсөн, машины үнийг төлье гээд шүүхэд хүсэлт гаргаад байгаа. Би бусдын машиныг худалдаж аваагүй байж өр төлбөрт орж байгаадаа гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Д.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.О, М.С-эс автомашины үнийн үлдэгдэл болон алдангид 17.914.000 төгрөг шаардаж, үндэслэлээ, худалдах-худалдан авах гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй гэжээ. Хариуцагч “автомашиныг худалдан аваагүй тул үнэ төлөх үүрэггүй, худалдан авагч олж холбож өгсөн” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

М.С- 22.000.000 төгрөг төлж, автомашиныг өөрийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авах, Д.О нь автомашины эзэмших болон өмчлөх эрхийг М.С-д шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн гэх үндэслэл буюу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй байна.

Л.Чинбат нь Д.Огийн Киа-5 маркийн автомашиныг зарж өгөхөөр М.С-д өгснийг хариуцагч үгүйсгээгүй, М.С- Ц.Ариунтуяад худалдахаар өгсөн гэх боловч тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, харин Ц.Ариунтуяагаар дамжуулж Б.Болдсайхан худалдан авч, улмаар н.Гантулгад өрөндөө өгснийг, цааш нь Г.С-т  шилжүүлсэн гэх үйл баримтууд хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Үүнээс гадна Д.О хариуцагч М.С-д бус Г.С-т худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн баримт хэрэгт авагджээ.

Эдгээрээс үзвэл шүүх зохигчийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг хэргийн баримтад тулгуурлан дүгнээгүй гэж үзнэ.

2. Хэдийгээр Д.О автомашинаа 22.000.000 төгрөгт худалдах хүсэл зорилготой байсан боловч хэний хооронд ямар гэрээний харилцаа үүссэнийг зөв тогтоогоогүйгээс автомашины үнэ тодорхой бус байна.

Б.Болдсайхан М.С-ийн нэхэмжлэлтэй Ц.Ариунтуяад холбогдох хэрэгт гаргасан тайлбарт “...М.С-тэй очиж уулзаад ...22 сая төгрөгөөр машиныг би авсан учир М.С-д мөнгийг төлнө”, гэрчээр асуугдахдаа “...үнэ ханшаа 22.000.000 төгрөг гэж тохироогүй, машин жаахан эвдрэлтэй байсан, тухайн үед машины ханш 18.000.000 төгрөг байсан..., бидний хооронд өр, авлага бий, тооцооноос 3-4 сая байгаа, би Гантулгад өглөгтэй байсан, 16 сая төгрөгт бодож өгсөн” гэж мэдүүлжээ.

Мөн хэрэгт байгаа Д.О Г.С- нарын хоорондох худалдах-худалдан гэрээ 9.000.000 төгрөгийн үнийн дүнтэй байна.

Дээрх нөхцлөөс хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 233 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 271.340 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ