Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2016/04853/И |
Дугаар | 001/ХТ2018/01720 |
Огноо | 2018-11-30 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01720
Т Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1471 дугаар магадлалтай,
Т Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй
ХБ ХХК, БП ХХК, Р ХХК-д тус тус холбогдох,
Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465.519.990 төгрөгийг ХБаас гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц-, Э.Б, хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.М, Э.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Т Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2013 онд Монгол улсад хөрөнгө оруулж барилга угсралтын ажил хийхээр БП ХХК-ийн захирал Ө.Ашхүүтэй харилцан тохирч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах наран хороололд орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барихаар Хөрөнгө оруулах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээтэй холбоотойгоор Т Ж ХХК, БП ХХК, Р ХХК, ХБ ХХК хамтран 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл дээрх гэрээний Хятад, Монгол хэл дээр бичигдсэн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг сүүлд хийсэн гэрээний орчуулгаас мэдсэн. Нэхэмжлэгч Т Ж ХХК-ийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий нэгж талбарын 303870062 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалт бүхий 640.000 м.кв буюу 64 га газрыг эзэмшиж байсан БП ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгагдсан агуулгаар 64 га газар дээр 100 хувь хөрөнгө оруулж барилга барих, хөрөнгө оруулалтын баталгаа болгож 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 64 га газрыг холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж нэхэмжлэгч Т Ж ХХК-д барьцааны эрхийг шилжүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулалтыг хийх гол нөхцөлтэй гэж ойлгож байгуулсан. Гэтэл тус гэрээгээр нэхэмжлэгч нь бусдын өрийг шууд төлөх болсноо мэдээгүй, харин төсөл хэрэгжсэнээр төлнө гэж ойлгосон. Банкны зүгээс болоод бусад хариуцагч нар нэхэмжлэгчид үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс Т Ж ХХК гэрээг байгуулсан байна. Иймд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Тунжөү ХХК, ХБ ХХК, БП ХХК, Р ХХК нарын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний агуулгыг нэхэмжлэгчийн зүгээс ноцтой төөрөгдсөн, хариуцагч нар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах тул гэрээг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын данснаас ХБны шилжүүлэн авсан 465.519.990 төгрөгийг ХБ ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: …2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4 талт гэрээний товч агуулга нь ХБ ХХК зээлдэгч Р ХХК-ийн зээлд газраа барьцаалуулсан БП ХХК нь өөрийн газар дээр хэрэгжүүлж буй Ургах наран хороолол төслийн барилгыг Т Ж ХХК барихыг зөвшөөрөх, ийнхүү зөвшөөрсөнтэй холбоотойгоор Т Ж ХХК нь Р ХХК-ийн нэрийн өмнөөс зээл төлөх, ХБ нь Т Ж ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худалдахад хамтран ажиллах, Р ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд Т Ж ХХК-с төлбөрийг шаардах тухай байсан. Р ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч ХБ энэ талаар Т Ж ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т Т Ж ХХК нь Р ХХК-ийн зээлийн төлбөр төлөх, үл маргах журмаар өөрийн данснаас, тухайлбал Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг төвлөрүүлж төлбөр суутгуулах эрхийг ХБинд олгосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 465.519.990 төгрөгийг Р ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлж, зээлд төлсөн. Дээрх 4 талт монгол хэл дээрх гэрээг нэхэмжлэгч Т Ж ХХК орчуулгын эрх бүхий этгээдээр орчуулан баталгаажигдсан гэрээг банкинд танилцуулж улмаар банк гэрээнд оролцож байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хятад хэл дээр бичигдсэн хувилбарыг банкны зүгээс хянах, нийцэж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагагүй буюу үүрэггүй. Мөн нэхэмжлэгч орчуулгын алдаатай байдлаас болж ноцтой төөрөгдөж гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээний зөрүүтэй гэх орчуулгын агуулгаас харахад банктай холбоотой зүйл, заалтуудын хувьд агуулгын зөрүүгүй байна. Шүүхийн журмаар шинжээч томилж хийлгэсэн хоёр удаагийн орчуулгаар ч гэсэн үндсэн агуулгаараа Т Ж ХХК бусдын өрийг төлөх болсноо бүрэн ойлгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Талуудын хооронд 4 талт гэрээ байгуулагдахаас өмнө Р ХХК, Бльюскай Партнерс ХХК болон Т Ж ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа ХБинд хандсан. Р ХХК, Бльюскай Партнерс ХХК, Т Ж ХХК нараас Банкинд тавьсан санал, Т Ж ХХК-иас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу ХБ дөрвөн талт гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Т Ж ХХК нь үл маргах журмаар өөрийн данснаас төлбөр суутгуулах эрхийг ХБинд олгосон. Талуудын хооронд байгуулсан дөрвөн талт гэрээ хэрэгжсэн бөгөөд Т Ж ХХК-ийн зүгээс барилгын зураг төслөө гаргуулж, Бүгд найрамдах хятад ард улсаас ажиллах хүч оруулж ирэхээр холбогдох байгууллагуудад хандсан байдаг. Т Ж ХХК-ийн захирал Лянхуа гэрээг хэрэгжүүлж дээр дурдсан ажлуудыг хийж байсныг манай компанийн зүгээс баталж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан ХБ, БП ХХК, Р ХХК, Т Ж ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465.519.990 төгрөгийг ХБнаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.555.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1471 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Түн Жөу ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.555.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Нью галакси төв Азийн гарц орчуулгын товчооны орчуулга хэрэгт авагдсныг харьцуулан үзвэл гэрээний маргаж буй заалтуудын монгол хэл дээрх хэсэг, Хятад хэлрүү орчуулсан орчуулгыг харьцуулан үзэхэд нэг бүрчлэн тохироогүй ч гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.10, 3.1 дэх заалт нь агуулгаараа хөрөнгө оруулагч тал болох Т Ж ХХК нь зээлийн өрийг төсөл хэрэгжүүлэгч Рендөрбау ХХК-ийн нэрийн өмнөөс банкинд хариуцан төлөх үүрэг хүлээсэн гэдэг нь илэрхийлэгдсэн...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэсний 58.2.1-д “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” гэж талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг тэдгээрийн хүссэн хэлцэлээс өөр хэлцэл болсон эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү гол үйл баримт, маргааны талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлжээ. Тухайлбал давж заалдах шатны шүүх “гэрээний маргаж буй заалтуудын Монгол хэл дээрх хэсэг, Хятад хэлрүү орчуулсан орчуулгыг харьцуулан үзэхэд нэг бүрчлэн тохироогүй ч агуулгаараа Т Ж ХХК нь Р ХХК-ийн нэрийн өмнөөс зээл төлөх талаар үүрэг хүлээсэн” гэж гэрээний орчуулгууд хоорондоо тохироогүй гэж дүгнэсэн атлаа агуулгаараа зээл төлөх талаар үүрэг хүлээсэн гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь хэзээ ямар нөхцөл, болзолтойгоор төлөх тал дээр ноцтой төөрөгдсөн буюу тус гэрээнд гарын үсэг зурснаар шууд бусдын өрийг хариуцан, харилцах данснаасаа суутгуулахаар гэрээ байгуулаагүй. Тухайн төслийн дагуу Т Ж ХХК барилгыг барьж, борлуулалт хийснээр, мөн тухайн гэрээнд зааснаар тухайн барилга барих газрыг Т Ж ХХК-д барилга бариулах зориулалтаар чөлөөлж өгснөөр зээлийн эргэн төлөлтийн үүрэг үүсэхээр тохиролцсон байдаг. Мөн гэрээнд зааснаар талууд эргэн төлөлтийн талаар нэмэлт гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг батлах ёстой байсан ч нэгэнт төсөл хэрэгжээгүй учраас нэмэлт гэрээ болон зээл эргэн төлөлтийн хуваарь батлагдаагүй байна. Дээрхи байдлаар гэрээ байгуулсан хэмээн ойлгож гэрээнд гарын үсэг зурсан байтал газрыг Т Ж ХХК-д газар чөлөөлж давхар барьцаалаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй зэргээр тус төсөл огт хэрэгжээгүй байна. Төсөл хэрэгжээгүй учраас төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Бусдын аваад хэрэглэсэн мөнгийг Т Ж ХХК төлөх үүрэг байхгүй. Давж заалдах шатны шүүх Т Ж ХХК-ийг 2013, 2014 онд өөрийн данснаас 4 удаагийн шилжүүлгээр 465.519.990 төгрөгийг ХБинд шилжүүлсэн талаар маргаагүй гэж илэрхий буруу дүгнэлт хийжээ. Т Ж ХХК нь тэрхүү мөнгийг шилжүүлээгүй. Банк дураар загнаж компаний дансанд байсан мөнгийг авсан байдаг. Энэ нь маргааны гол зүйл юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн заалтууд зөрчигдсөн байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн гэрээний дагуу ХБ нь Т Ж ХХК-ийн банкин дахь данснаас шууд төлбөр суутган авах эрхийг хууль, гэрээгээр олгоогүй. Гэтэл гэрээний Монгол хэл дээрх 2.14, 2.15 дах хэсэгт үл маргах журмаар суутган авах эрхтэй гэх, Хятад хэл дээрх орчуулгыг нь харахад суутган авах талаар огт заагаагүй. Харин төсөл хэрэгжин орон сууц борлуулсны орлогын 5 хувийг эхний ээлжинд банкинд төлөх талаар тусгажээ. Монгол, Хятад хэл дээрхи гэрээний орчуулга ноцтой зөрж байгаа юм. Т Ж ХХК-ийн хувьд тийнхүү үл маргах журмаар данснаасаа ХБийг мөнгө татуулах талаар огт хэлцэл хийгээгүй болох нь албан ёсны баталгаат орчуулгаар нотлогджээ. Мөн гэрээний бүхий л зохицуулалтыг харахад, төсөл хэрэгжиж борлуулалт хийгдэхэд Т Ж ХХК нь борлуулалтын 5 хувийг БП ХХК-д төлөх бөгөөд эхний удаа БП ХХК-ийн ХБинд төлөх төлбөрийг төлж эхлэхээр заасан байна. Дээрхи байдал нь хэлцэл хийгч талууд гэрээний гол нөхцлийн талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй байхдаа гэрээнд гарын үсэг зурсан, орчуулга зөрөөтэй байсны улмаас ноцтой төөрөгдсөн болох нь тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү Хятад хэл дээрхи хэсгийг орчуулсан орчуулга болон Монгол хэл дээрх хэсгийн утга агуулгын зөрүү Талуудын хооронд ноцтой төөрөгдөл үүсгэсэн болохыг үнэлж, дүгнээгүй байна. Гэрээний Хятад хэл дээрхи хэсгийг орчуулсан Нью Галакси ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01\17 дугаар албан бичигт “...тус гэрээнд орчуулга хийхэд гэрээний зарим заалтууд өгүүлбэр зүйн алдаатай, ойлгомжгүй, мэргэжлийн түвшинд хийгдээгүй google translate-ээр шууд орчуулагдсан байсан учраас бүрэн төгс орчуулга болж чадаагүй...” гэжээ. Өөрөөр хэлбэл Т Ж ХХК-ийг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Хing Sunjian нь гэрээний Монгол хэл дээр юу бичигдсэнийг ойлгоогүй. Төсөл огт хэрэгжээгүй, борлуулалт хийж орлого олох нь битгий хэл барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл ч гараагүй байхад Т Ж ХХК-ийн данснаас их хэмжээний мөнгө суутган авсныг нэхэмжлэгч тал огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тийнхүү тохиролцоогүй гэдэгтээ бат итгэлтэй байна. Төсөл огт хэрэгжээгүй байхад бусад компанийн өр төлбөрийг хариуцахаар гэрээ байгуулах нь утгагүй бөгөөд тийм хэлцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан байх боломжгүй юм. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т “Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө эсхүл түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар батлуулна” гэжээ. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан Т Ж ХХК-аас ХБинд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 017 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот албан бичгээр хожим хийсэн уг үйлдлээрээ хэлцлийг ойлгож, ухамсарлаж байсан гэх дүгнэлт анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн байна. Лю Лянхуаг компаний гүйцэтгэх захирлаар томилсон, тэр нь эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн баримт байхгүй. Гүйцэтгэх захирлын албан тушаал эрх хэмжээг тогтсон практик, ажил хэргийн хүрээнд олж авах боломжгүй, хууль, дүрмийн үндэслэл байхгүй. Түүнийг давж заалдах шатны шүүх гүйцэтгэх захирал гэж үзэж дүгнэсэн нь төөрөгдөл юм. Гэтэл тухайн албан бичгүүдийг Т Ж ХХК-ийг Компаний тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал нь баталж, явуулаагүй бөгөөд тухай албан бичгийг хэн үйлдсэн тодорхойгүй байхад Т Ж ХХК-ийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчихийн хамт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т Ж ХХК нь ХБ ХХК, Бльюскай партнерс ХХК, Р ХХК-д холбогдуулж 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Р ХХК-ийн зээлийн төлбөрт суутган авсан 465.519.990 төгрөгийг ХБ ХХК-с гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...4 талт гэрээний орчуулга алдаатай байсны улмаас хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрч ноцтой төөрөгдсөн...” гэжээ.
Хариуцагч ХБ ХХК “...гэрээний заалт агуулгын хувьд нэхэмжлэгч Т Ж ХХК нь Р ХХК-ийн зээлийг төлөх үүрэг хүлээсэн...”, хариуцагч Р ХХК “...компанийн зээлийн төлбөрийг үл маргах журмаар өөрийн данснаас суутгуулах эрхийг Т Ж ХХК нь ХБинд олгосон...” гэж тус тус маргасан, хариуцагч Бльюскай партнерс ХХК нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Т Ж ХХК болон Бльюскай партнерс ХХК-ийн хооронд байгуулагдсан “хөрөнгө оруулах” гэрээгээр Бльюскай партнерс ХХК-ийн эзэмшлийн газарт Ургах наран орон сууцны хороолол барих төслийг талууд хамтран хэрэгжүүлж Т Ж ХХК нь барилга барих шаардлагатай хөрөнгийг гаргаж, гаргасан хөрөнгөө буцаан авч, ашгийг хуваахаар талууд тохиролцжээ.
Мөн өдөр Р ХХК-ийн ХБ ХХК-с авсан зээлийг Т Ж ХХК төлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Бльюскай партнерс ХХК-ийн газрыг барьцаалсныг чөлөөлөх зорилготой Т Ж ХХК, ХБ ХХК, Бльюскай партнерс ХХК, Р ХХК-ийн хооронд хамтран ажиллах 4 талт гэрээ байгуулагдсан байна.
ХБ ХХК нь Т Ж ХХК-ийн тус банк дахь харилцах данснаас 2013, 2014 онд 4 удаагийн шилжүүлгээр Р ХХК-ийн зээлийн төлбөрт нийт 465.519.990 төгрөг суутган авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.
4 талт гэрээ Монгол хэл дээр байгуулагдсан, гэрээний нэг тал буюу БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Т Ж ХХК-г төлөөлж гэрээ байгуулсан этгээдэд гэрээний заалт бүрийг хятад хэл дээр орчуулж гэрээндээ тусгаж танилцуулсныг зохигч маргаагүй байна.
Гагцхүү гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.10, 3.1.4 дэх зохицуулалтын орчуулга Монгол хэл дээрхи гэрээний агуулгатай нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгч өөрийн хүссэн хэлцлээс өөр хэлцлийг хийсэн гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч Т Ж ХХК нь “хүссэн хэлцлээс өөр хэлцлийг байгуулсан” гэж маргахдаа “...мөнгийг үл маргах журмаар харилцах данснаас суутгана гэж ойлгоогүй, зээлийг төлөх нөхцөл, болзлыг, ...тухайн төслийн дагуу барилгыг барьж, борлуулалт хийснээр, барилга барих газрыг Т Ж ХХК-д барьцаалснаар зээлийн эргэн төлөх үүрэг үүснэ” гэж ойлгосон гэжээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлж, гэрээний 2.14, 2.15-д зээлийн төлбөрийг үл маргах журмаар суутган авах эрхтэй гэснийг Хятад хэл дээрхи орчуулгын агуулгад тусгаагүйг шинжээчийн дүгнэлтэд дурдсан боловч гэрээний бусад нөхцлөөр Т Ж ХХК-ийн Зүүн хараад барьсан барилгын орлогоос ХБ ХХК нь Р ХХК-ийн зээлийг суутган авахаар талууд харилцан тохиролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иймээс нэхэмжлэлд заасан үндэслэлээр зохигчийн байгуулсан гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Гэрээнд зааснаар ХБ ХХК-ийн хувьд Р ХХК-ийн зээл төлөгдвөл уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааг чөлөөлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд орон сууц барих төслийг хэрэгжүүлэгч Бльюскай партнерс ХХК болон хөрөнгө оруулагч Т Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр хүлээх эрх, үүрэг хэрэгжсэн эсэх, уг төслийг хэрэгжүүлээгүйд хэн нь буруутай асуудалд ХБ ХХК хамааралтай этгээд биш, эдгээр талуудаас төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, зээл төлүүлэх тохиролцоог цуцлах талаар ХБ ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн энэ талаархи тайлбар нь ноцтой төөрөгдснөөс гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагын үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1471 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2.555.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ