Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01740

 

Т.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

 Т.Ө-ын нэхэмжлэлтэй

С.Д-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 10.025.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: "Э" ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай Т.Ө- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгийн нөхөр хоршооны гишүүн биш С.Д-тэй Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гэрээгээ нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. С.Д-тэй гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх Агро Фрукт ХХК-ийн нэр дээр байсан. 7.500.000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.Мөнхцэцэгт зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.Мөнхцэцэг хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш С.Д-тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 150.000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. С.Д- нийт 310.000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд С.Д-гээс 10.025.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан тайлбарт: С.Д- нь Т.Ө-аас ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7.500.000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед Т.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь эхнэр Б.Мөнхцэцэгийн өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн Т.Ө-аас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтад тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн Т.Ө- Б.Мөнхцэцэгийн урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.Мөнхцэцэг урьд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг төрийн сангаас гаргуулж Э ХЗХ-нд олгож, нэхэмжлэгч Т.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 175.350 төгрөг гаргуулах төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “ нэхэмжлэгч Т.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч С.Д-гээс зээл 7.190.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.835.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Д-гээс 129.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Өсөржаргалд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Ө-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч С.Д- нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ тайлбар, татгалзлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Ииргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс дүгнээгүй байна. Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч мөн эсэхийг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж Т.Ө- нь нэхэмжлэгч мөн гэж үзсэн нотлох баримт хэрэгт авагдсан эсэх, С.Д-д 7.500.000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн эсэхэд дүгнэлт хийсэн нотлох баримтыг үгүйсгэж буй нотлох баримт хэрэгт авагдсан эсэх, тухайн зээлийг С.Д- биш, Б.Мөнхцэцэг авсан гэх маргааныг Э хоршоо үүсгэж байсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн эсэх, нэхэмжлэгч Т.Ө- зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байдлыг анхаарч дүгнээгүй. Тайлбартаа Э хоршооноос 2.000.000 төгрөгнөөс дээш зээл гардаггүй учир гарын үсэг зурсан, энэ мөнгө хоршооны мөнгө, барьцааны зүйл С.Д-гийн нэр дээр байсан учир түүнтэй гэрээ хийх болсон гэх тайлбарыг гаргаж байсныг анхааралгүй хэрэгт авагдсан зээлийн гэрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Зээлийн гэрээний талуудыг нэр өөрчлөх байдалд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн. Уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээг чөлөөтэй байгуулах гэх зохицуулалтад зээлдүүлэгчийн нэрийг өөрчлөх ойлголт байх үндэслэлгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу зээлийн гэрээний зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан зохицуулсан ба зээлдэгч, зээлдүүлэгч гэж хэн болох талаар тусгайлан заасан. Мөнгийг зээлдүүлсэн этгээд зээлдүүлэгч гэж тодорхойлох зохицуулалт хуульд заасан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан этгээд болгон зээлдүүлэгч байж болох зохицуулалт гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч С.Д- 7.500.000 төгрөг иргэн Т.Ө-аас зээлийн гэрээ байгуулан бодитоор мөнгө авсан гэх байдал хэрэгт нотлогдоогүй, Т.Ө- нь мөнгийг зээлдүүлсэн гэх байдал хэрэгт нотлогдоогүй байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э ХЗХ, Б.Мөнхцэцэгээс гэрээний үүрэгт 10.025.000 төгрөг шаардаж, зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон, хариуцагч “...2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж мөнгө зээлээгүй, өмнө нь 3 удаа, нийт 7.500.000 төгрөг зээлж, 10.414.850 төгрөг буцаан төлсөн...” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХЗХ нь Т.Ө-ыг нэхэмжлэгчээр, С.Д-г хариуцагчаар солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

Т.Ө-, С.Д-гээс зээлийн үүрэгт 10.025.000 төгрөг шаардаж, зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 7.500.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэх гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг, хариуцагч “...эхнэр Б.Мөнхцэцэг өмнө нь Э ХЗХ-с 3 удаа 7.500.000 төгрөг зээлж авсныг нэгтгэж, барьцаа хөрөнгө миний нэр дээр тул гэрээ байгуулсан, энэ гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан магадлалд заасан дүгнэлт хуульд нийцсэн боловч тус шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа найруулгын алдаа гаргасан байх тул энэ  үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Т.Ө-, С.Д- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан үйл баримтад зохигч маргаагүй байна. Хариуцагч гэрээний дагуу мөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс гаргасан Т.Ө-, С.Д- нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээний ар тал дахь мөнгө хүлээн авсан тухай бичиглэл, Э ХЗХ болон Б.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан 2013.12.18, 2014.05.16-ны өдрийн болон Э ХЗХ болон Б.Мөнхцэцэг нарын 2014.04.02-ны өдрийн нийт 3 удаагийн зээлийн гэрээ, эдгээр гэрээний биелэлт, мөнгө төлсөн цаг хугацаа, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагчийн 3 удаа зээлийн төлөлт хийсэн баримт зэргийг харьцуулан үнэлж Т.Ө-, С.Д-д гэрээний дагуу 7.500.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрх үүснэ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, зээлдүүлэгч Т.Ө- 7.500.000 төгрөгийг зээлдэгч С.Д-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон тул мөнгийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ийнхүү дүгнэсэн атлаа “...Т.Ө- өөрийн бус Э ХЗХ-ны 7.500.000 төгрөгийг С.Д-д зээлсэн байна. ...Иймд Т.Ө-, С.Д- нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ...талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан боловч Т.Ө-аас Т.Даваасүрэнд 7.500.000 төгрөг бодитоор шилжсэн гэж үзэх боломжгүй. ...зээлж буй мөнгө ...өөрийнх нь биш учир хоршооны мөнгийг Т.Ө- нэхэмжлэх эрхгүй...” гэж үзсэн нь үндэслэл муутай байна.

Хэргийн баримтаар зээлийн мөнгө Э ХЗХ-ных болох нь нотлогдсон хэдий ч тус хоршоо болон Т.Ө- нар хоорондоо мөнгө шилжүүлсэн асуудалд маргаагүй байна. Иймд Т.Ө- бусдаас мөнгө авч, өөрийн нэрээр бусдад зээлдүүлснийг  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Т.Ө- зээлийн гэрээний үүрэгт 10.025.000 шаардсан боловч уг шаардлагад үндсэн зээл 7.500.000 төгрөгөөс гадна ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх үндсэн зээлийн төлбөрөөс 3 удаагийн төлөлтөөр 310.000 төгрөг төлөгдснийг хасч үлдэх 7.190.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь хэргийн баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй байна.

...Б.Мөнхцэцэгийн өмнө авсан 3 удаагийн зээлийн тооцооноос шалтгаалж дахин гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар үгүйсгэгдсэн, өөрөөр хэлбэл, шинээр гэрээ байгуулахаас өмнө 2 гэрээний үүрэг биелэгдсэн байсан тухай баримт, 7.500.000 төгрөг шилжүүлсэн болон уг хугацаанаас хойш төлбөр төлөгдсөн баримтуудыг няцаасан баримтыг гаргаагүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалын 1 дэх заалтад “шийдвэрийн 1 дэхь заалтанд “нэхэмжлэгч Т.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “шийдвэрийн 1 дэх заалтыг” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 130.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ