Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 389

 

  Б.Б, Ш.Т, Л.М нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч, хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б,

шүүгдэгч, хохирогч Ш.Т, Л.М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч, хохирогч Ш.Т, Л.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох 201725012051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овогт Б.Б, 1977 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 84 дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  _______ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ______/;

2. Т овогт  Ш.Т, 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, “Алианс тех” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт _____________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: _____/;

3. Б  овогт  Л.М, 1972 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Ш.Т, Л.М нартай маргалдан зодолдож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ш.Т, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Б.Бг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Б, Ш.Т, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ш.Т, Л.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Ш.Т, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би дүү Отгонцэцэгийн гэрт ирчихсэн байж байтал бэр эгч гэх Б.Б гаднаас орж ирээд хэрүүл хийгээд өөдсийхөн чинээ хүүхдийг янз бүрээр хэлж, доромжлоод байхаар нь тэсэлгүй хэдэн үг хэлсэн. Гэтэл намайг үр хүүхэд, хань ижилгүй гэх мэтээр доромжлоод, миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд харилцан үсдэлцэж ноцолдсон. Яг энэ үед Ш.Т нь орж ирээд бид хоёрыг салгасан төдийгүй, миний дүү Отгонцэцэг, ах Ганхуяг нар бас салгах гэж бөөн юм болсон. Гэтэл тухайн үед ноцолдож, зодолдох, зууралдах явцад хэн нь хэнд, ямар гэмтэл учруулсан нь сайн тодорхойгүй байхад Ш.Тийг надтай бүлэглэн Б.Бд хөнгөн гэмтэл учруулсан гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Харин Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Ш.Тийг ямар ч хамааралгүй байхад гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй юм. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өөрийн нялх үрээс ялгаагүй хүүхдийг багш сэхээтэн хүн байж худлаа гүтгэж, бусдын нүдэн дээр доромжилсон, гэрт нь ирж хэрүүл, шуугиан дэгдээж, зодоон хийсэн хүнийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн толгойгоо компьютерт харуулсан 120.000 төгрөг, эмчийн бичиж өгсөн эм, тариаг авсан 143.000 төгрөг, нийт 263.000 төгрөгийн баримтыг шүүхэд өгч, шүүх хуралдаан дээр Б.Бгаас гаргуулах талаар хэлсэн байхад хохирогч нар нь эмчилгээний болон бусад зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнд гомдолтой байна. Иймд Ш.Тийг гэм буруугүйд тооцож, миний эмчилгээний төлбөрийг Б.Бгаас гаргуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ш.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Бг “миний 6 настай хүүг олон хүний дэргэд янз бүрээр худлаа хэлж, эвгүй байдалд оруулсан, байнга тэгдэг” гэж эхнэр Отгонцэцэг хэлэхээр нь би Б.Б руу залгаад “учраа ололцоорой” гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ ямар нэг санаа зорилго агуулаагүй, хүн байна, хэл амаараа учраа ололцог” гэж бодоод хэлсэн... Бэр эгч Б.Б намайг хүүхдээ салхилуулчихаад орж ирэхэд манайд ирчихсэн, хашгичаад, хадам эгч Л.Мтэй үснээсээ зулгаалцсан байдалтай ноцолдож байхад нь “больцгоо” гэж хэлээд болихгүй болохоор нь салгаж, Б.Бг гэрээс гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх намайг Б.Бгийн биед Л.Мтэй бүлэглэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Би хэрүүл зодоон хийж байсан хүмүүсийг салгасан бөгөөд ямар ч хүн байсан тэгэх байсан. Тухайн үед бүгд хэрэлдсэн, ноцолдсон хүмүүсийг салгах гэж зууралдаж байсан ба зууралдах явцад хэн хэнд нь гэмтэл учирсан байж болохоор нөхцөл байдалтай байсан.  Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Бгийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь хэрэг явдал 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд гарсан. Шүүх энэ талаар тогтоолдоо тусгаж, хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ “... давтан буюу бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага хөнгөрч орсон байна” гэж илт буруу ойлгон дүгнэсэн. Яагаад гэвэл энд ял, эрүүгийн хариуцлага бус хэргийн зүйлчлэл, бүрэлдэхүүний асуудал хамаарах ёстой атал шүүх зөвхөн ял хариуцлагын хувьд дүгнэлт хийж, мөрдөн байцаалтын үед гаргасан зүйлчлэлийн алдааг олж хараад засч чадсангүй. Хохирогч нар гомдол гаргаж, тэдний биед гэмтэл учирсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байсан атал 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар шууд татсан нь “... хэргийг дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтойгоор зөрчжээ.

 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу зүйлчилсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх байсан атал 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн учир шүүх 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн. Гэтэл 2015 оны шинэчилсэн найруулгаар “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж шинээр бий болсон. Энэхүү шинэчилсэн найруулгыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж хуульд заасан байхад түүнээс өмнө үйлдэгдсэн хэрэгт энэхүү шинжээр орж ирсэн хүндрүүлэх шинжийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6   дугаар зүйлийн 2 буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтыг хамааруулан хэрэглэсэн нь буруу юм. Эрүүгийн шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай Улсын Дээд шүүхийн 264 дүгээр тогтоолын 5 дахь заалтад “... шинэ хуульд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгүүдийг ...хууль үйлчилсэн ... өдрийн 00 цагаас хойш үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд хэрэглэнэ” гэж заасантай нэгэн адил утгаар ойлгох учиртай байсан. Нөгөө талаас хүндрүүлсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг хуулиар хориглосон зарчим ч мөн алдагдав.

Шүүгдэгчийн үйлдэл нь давтан гэмт хэргийн шинжгүй атал шүүх давтан буюу 2, түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл болон 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “давтан” гэх ойлголт нь 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар хүчингүй болсон, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдлийг давтан гэж зүйлчлээгүйг анхаарах ёстой. Болсон хэрэг явдлын хувьд авч үзвэл үргэлжилсэн үйлдэлтэй “нэг” гэмт хэрэг юм.

Учир нь тэрээр хэдийгээр 2 хүний биед гэмтэл учруулсан гэж байгаа боловч нэг цаг хугацаанд, нэг эхлэл төгсгөлтэй, нэг санаа бодлын хүрээнд хэд хэдэн үйлдэл хийсэн билээ. Ийм хэргийг Эрүүгийн эрх зүйн онолд “үргэлжилсэн” үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үздэг.  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчлан заажээ.

Дээрх онол, практик, хууль зүйн нэгдмэл ойлголт байсаар байтал хэргийн зүйлчлэлийг буруу хийж, мөрдөгчийн хууль зөрчсөн алдааг шүүх зөвтгөж байгаад гомдолтой байгаа тул давж заалдаж буй энэхүү гомдлыг минь хүлээн авч магадлан шийдвэрлэж өгнө үү...” гэв.   

Шүүгдэгч, хохирогч Ш.Т, Л.М нарын өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Богино хугацаанд нэг нэгнээсээ зууралдсан хүмүүсийг Ш.Т салгах үйлдэл хийж, хэн хэнийх нь биед хөнгөн гэмтэл учирсан үйлдэл байдаг. Гэхдээ өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн ярьсан зүйлийг сайн ойлгохгүй байна. Нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэгдмэл хор уршиг учирсан гэж яриад байна. Үргэлжилсэн үйлдэл нэг удаагийн цохилтоор 2 хүн цохигдсон юм шиг болоод байна. Тэгэхээр энэ бол байж болохгүй асуудал. 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нэгдмэл хор уршиг үүсгэсэн гэж үзэхгүй. Энэ нь өөрөө 2 удаагийн цохилтоор 2 хүнд гэмтэл учирч байгаа. Үүнд анхан шатны шүүх зөв үнэлэлт өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Ш.Т үйлдэл нь эргэлзээтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон. 2 үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Бүлэглэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоход эргэлзээтэй байна ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ш.Т нь “би оролцоогүй, салгасан” гэдэг. Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн баримтуудаар Ш.Т гаднаас орж ирэхэд Л.М, Б.Б нар үсдэлцэж байсан. Эхлээд Ш.Т тэр хоёрыг салгаад, дараа нь хүч хэрэглэж үүд рүү түлхэж, үүдэнд халтирч унахад өшиглөж, биед нь гэмтэл учруулсан. Б.Бгийн гарт нь үүссэн бэртэл Ш.Төмөрхуягийн үйлдлээс учирсан гэдэг нь тогтоогдсон. Б.Бгийн толгойд үүссэн үсний гэмтэл нь Л.Мийн үйлдлийн улмаас болсон. Шүүх хуралдааны тэмдэглэлийг уншихаар энэ талаар тодорхой байгаа. Сая Ш.Т “би оролцоогүй” гэж яриад байна. Тухайн хэрүүл маргаан, зодооныг Ш.Т асуудлаа шийд гэж өдөр болгон дуудсан учраас хэрүүл маргаан, зодоон болсон. Ш.Т, Л.М нар “бид хоёр урьдчилан үгсэж тохиролцоогүй” гэж маргадаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тодорхойлсноор урьдчилан үгсэж тохиролцоогүй ч гэсэн үйлдлээрээ нэгдсэн болж байгаа. Тэгэхээр Ш.Т, Л.М нар бүлэглэж, Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Б.Бгийн өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг, нэгдмэл хохирол учруулсан гэж яриад байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлд давтан гэдгийг тодорхойлсон. Үргэлжилсэн үйлдэл гэдэг үг хуульд байхгүй. Өмгөөлөгч Д.Б хэлж байгаагаар нэг удаагийн үйлдлээр 2 хүнд гэмтэл учруулсан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж болно. Анхан шатны шүүх хүлээн аваад эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг нь илүү хүндэрч байсан учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон ба тэдний эрх зүйн байдал дээрдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Ш.Т, Л.М нартай маргалдан зодолдож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ш.Т, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Б.Бг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “... 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр Ганхуягийн хамт Ш.Тийн гэрт очсон бөгөөд намайг очих үед Л.М, Отгонцэцэг хоёр хамт байсан. Би ороод “Чинзориг хаана байна, харъя, үнэхээр хямралд орсон бол эмчид үзүүлье” гэхэд Отгонцэцэг ташаагаа тулж зогсоод, над руу хашгираад “чи багш хүн байж миний хүүхдийг доромжилллоо, чи тэгж хэлснээс болоод манай хүүхэд сэтгэл санааны хямралд ороод хэцүү байна” гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас Л.М “чи тэр хүүхдийг харж яах гэж байгаа юм” гээд маргалдаад байж байтал гаднаас Ш.Т 2 хүүхдээ дагуулж орж ирээд буйдан дээрээ суусан. Тэгэхээр нь би Ш.Тийг “чи яагаад намайг элдэвээр хэлж доромжилж байгаа юм бэ” гэсэн чинь шууд босож ирээд “чи манайхаас зайл гээд миний гараас татаад чирэхээр нь би “гарахгүй, би танайд хоёр хөлөөрөө орж ирсэн, яагаад хөөгдөж чирэгдэж гарах ёстой юм бэ” гэж хэлсэн. Ш.Т намайг гаргах гээд татаж байхад Л.М араас ирээд үснээс зулгаасан. Тэгээд бужигнасан бөгөөд манай нөхөр  Г дундуур нь орж Ш.Тийг салгаад хананд шахаад зогссон. Ингээд хэсэг намжаад байтал Отгонцэцэг дундуур орж хэрүүл хийгээд Л.Мийг надаас холдуулсан. Тэгтэл Ш.Т цаанаас гүйж ирээд намайг угзарч татахаар нь би гарыг нь тавиулах гээд хойшоо хальт унасан чинь миний зүүн талын гуя руу өшиглөсөн. Тэгээд Ш.Т миний ар дагзнаас үсдэж татаад намайг орилж, хашгирч байхад Ганхуяг салгасан...” /хх-18/,

хохирогч Ш.Тийн “... 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө манай хамаатны хүүхдийн үсний найр болоод манай хамаатан, садан уулзсан. Тэр дунд Г-ийн гэр бүлийнхэн байсан бөгөөд найр болсноос хойш манай эхнэр Отгонцэцэг надад “... тэр найран дээр манай хүү Чинзоригийг Б.Б “чамайг муу гарсан гэж самбар дээр бичсэн байна лээ” гэж хэлсэн байсныг мэдээд Б.Бд “та найран дээр юу гээд хэлчихсэн юм бэ, ирж учраа ол” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн орой хүүхдээ салхилуулчихаад гэртээ ороод ирсэн чинь Ганхуяг, Б.Бтай хамт ирсэн байсан ба Б.Б, Л.М нар үсдэлцсэн байдалтай байхаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь намайг самардсан. Ингээд хоёр гарнаас нь татаад, чирээд үүд рүү гаргасан чинь буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь гаргах гэж байгаад санамсаргүй үсдчихсэн байсан бөгөөд бөөн хэрүүл болж байгаад гараад явсан...” /хх-21/,

хохирогч Л.Мийн “... 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би дүү Отгонцэцэгийн гэрт ирээд байж байтал Ганхуяг, Б.Б нар орж ирээд, Б.Б “... ухаан алдсан хүүхэд чинь хаана байна” гээд хашгираад байсан. Ингээд Б.Бтай О маргалдаад байхаар нь би голоор нь орж “хүүхдийг нь хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон байна” гэж хэлсэн чинь Б.Б над руу дайрсан ба улмаар маргаан болж, намайг хэл амаар доромжилж байгаад, намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдэлцсэн. Биднийг үсдэлцээд байж байхад гаднаас Ш.Т орж ирээд салгах гэсэн чинь салахгүй байсан...” /хх-24/,

гэрч Ш.Г-ийн “... Манай эхнэр Б.Б айлын байрны найран дээр манай дүү Ш.Ттай тааралдаад “хүүхэд чинь муу гарсан байна лээ, урсдаг самбар дээр тэгж гарч байна лээ” гээд тоглоом шоглоом болгоод хэлчихсэн байсан. Үүнийг Ш.Тийн эхнэр хүндээр тусгаж авч, Ш.Тт хэлээд, Ш.Т манай эхнэр лүү залгаж хэрүүл болсон байсан. Ш.Т нь Б.Б руу залгаад “чи зуурсан бантангаа өөрөө ирж янзал” гэж хэлсэн байхаар нь би эхнэртэйгээ хамт Ш.Тийн гэрт очсон бөгөөд биднийг очиход Ш.Тийн эхнэр, эгчтэйгээ хамт байсан. Ингээд гэрт нь ороход Отгонцэцэг эгчтэйгээ нийлээд Б.Бг “чи яагаад манай хүүхдийг тэгж хэлдэг юм” гээд маргаан үүссэн. Тэгэхдээ зодоон болоогүй. Энэ үед гаднаас Ш.Т хүүхэдтэйгээ орж ирээд Б.Бг “чи манайхаас зайл” гээд гарнаас нь зулгааж чирсэн чинь О-ийн эгч нь гэх эмэгтэй босож ирээд Б.Бгийн араас үсдэж дарахаар нь би дундуур нь орж салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Ш.Т болон Отгонцэцэгийн эгч үсдээд больж өгөхгүй байсан ...” /хх-25/,     

 гэрч Л.О-ийн “... Манай нөхөр Ш.Тийн хамаатны хүүхдийн үсний найр болоод нөхрийн хамаатан садангууд бүгд уулзсан. Ингээд айлд сууж байтал Ганхуягийн эхнэр Б.Б манай хүү Чинзоригийг “сургуулийн самбар дээр чамайг муу гарсан гэж бичсэн байна лээ” гэж миний хажууд хэлэхээр нь би тэр үед юу ч яриагүй. Харин манай хүү их цочролд орсон байсан. Тэр найрнаас хойш би нөхөр Ш.Тт болсон асуудлыг хэлээд, Ш.Т нь Б.Б руу ярьж хэлсэн байсан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би эгч Л.Мийн хамт гэртээ байж байтал гаднаас Б.Б нөхрийн хамт хашигчиж, орилж орж ирээд манай эгчийн үсийг зулгааж, нөхөргүй, хүүхэдгүй хүүхэн гэж хэл амаар доромжилж дайрахаар нь би дундуур нь орж салгасан. Салгаад байж байтал гаднаас нөхөр Ш.Т орж ирээд салгах гэтэл манай нөхрийн бугалганаас Б.Б базаж, зулгааж гарахгүй эсэргүүцээд нөхөр лүү дайрсан бөгөөд Ш.Т арай гэж гаргасан чинь буцаж дайрч орж ирээд маргалдсан ...” гэх мэдүүлгүүд /хх-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Бгийн биед тархи доргилт, 2 гарын бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуяны гадна, шилбэний цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи зулгаралт, зулайн хуйхны үс халцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ш.Тийн биед дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи ба гадна булан, баруун хацрын зулгаралт, зүүн шууны цус хуралт, зулгаралт, цээж, зүүн далны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7211 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Л.Мийн биед тархи доргилт, зүүн шууны гадна дээд хэсэг, гуяны урд дээд хэсэгт цус хуралт, зулайн баруун хэсэгт үс халцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэчлэн найруулсан хууль хүчин төгөлдөр болж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, улмаар шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу шүүгдэгч нарын  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна. 

 Анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж,   Б.Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ш.Т, Л.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

 Харин шүүх хууль буцаан хэрэглэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч, хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б “... Б.Б нь   хоёр хүний биед гэмтэл учруулсан боловч нэг цаг хугацаанд, нэг эхлэл төгсгөлтэй, нэг санаа бодлын хүрээнд хэд хэдэн үйлдэл хийсэн тул давтан гэж үзэхгүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх байсан...”,   

шүүгдэгч, хохирогч Л.М, Ш.Т нар нь “... Ш.Т тухайн гэмт хэрэгт оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудийг дүгнэж үзэхэд, Ш.Т нь гаднаас орж ирэх үед Л.М, Б.Б нар үсдэлцсэн байсан ба Ш.Т нь Б.Бг “чи манайхаас гар” гэж хүч хэрэглэн үүд рүү чирж түлхэж, үүдэнд хальтирч унахад өшиглөж,  Л.М араас нь үсдэж, зулгааж бүлэглэн зодож биед нь тархи доргилт, 2 гарын бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуяны гадна, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи зулгаралт, зулайн хуйхны үс халцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх тул Ш.Тийг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь энэ шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгээр зүйлчлэгдэх байсан.

Гэмт хэргийн “давтан” гэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан бөгөөд харин 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн ...” гэх шинжийг хангаж байх тул  хэргийн зүйлчлэл зөв байна.  

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б, хохирогч, шүүгдэгч Л.М, Ш.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Прокуророос Б.Б, Ш.Т, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогч, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б, хохирогч, шүүгдэгч Л.М, Ш.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН