Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Аийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, нэг хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Аийн С нь Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой мэргэжилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...” болох ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувцас солих өрөөнд М.Бтай маргалдаж, түүний нүд рүү өөрийн шаргал өнгийн “ I phone” загварын гар утсыг шидэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: Урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлэг хэвээр байгаа. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

 “... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-д ажлаа хийж байгаад 11 цагийн үед хамт ажилладаг С, Чагнаадорж, Баясгалан бид дөрөв нийлж 0.75 литрийн хэмжээтэй хоёр шил архи хувааж уугаад байж байхад инженер Эрдэнэжаргал “та нар архи уусан байна. С, Чагнаадорж хоёр чинь их согтолттой” байна гэсэн. Тэгээд 14 цагийн үед хувцас солих өрөөнд ороод хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С барьж байсан шаргал өнгийн “I Phone” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг оносон. Хамт хувцасны өрөөнд байсан инженер М эмнэлэг рүү намайг аваад явсан. С миний нүд рүү утас шидсэнийхээ дараа гараад зугтсан. С их хэмжээний согтолттой байсан. Тухайн үед инженер М, С бид гурав байсан. Хувцас солих өрөө том хэмжээтэй, бид хоёрын хооронд ойролцоогоор 2.5-3 метр орчим зайтай. Би дунд зэргийн согтолттой байсан. С эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...миний нөхөр М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...”-ийн ажлын байран дээр хүнд зодуулсан. Нөхөр бид зүүн нүдэнд нь эмчилгээ хийлгэсэн. Зодсон Сийг ирж уучлалт гуйж, эмчилгээ хийж өгөх байх гэж бодсон. С холбоо барихгүй, ажлаасаа гарсан байсан. Миний нөхөр М.Б 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...”-ийн ажлын байран дээрээ хүн аврах гэж байгаад нас барсан. М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс “Орбита” эмнэлгийн хяналтад орж, “Гэрэл“ нүдний эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэс заслын хагалгаанд орсон. Өмнө нь нүдний хагалгаанд орж байгаагүй. Толгойн зүүн чамархай орчим байдаг сорви бол багадаа авч байсан гэсэн. С эмчилгээний зардалд 800.000 төгрөг цувуулж дансаар өгсөн, өөр зардал өгөөгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримтаар 545.100 төгрөг байна. Баримт байхгүй ойролцоогоор 2.000.000 төгрөг зарцуулсан. Одоо 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролтой байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр тал/,

 

            3. Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

 “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжид 10:30 цагийн үед очиход хамт ажилладаг Б, С нар согтуу байдалтай ажлын байран дээрээ хамт сууж байсан. Би хувцас солиулах өрөөнд хувцсыг нь солиулахаар оруулсан. Тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С Быг “хаяж явах гэлээ, хамт явсангүй” гэж уцаарлангуй байж байгаад гэнэт буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Бын зүгт гар утсаа шидсэн. Б тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал зүүн нүдийг онож утас нь газар гурав хугарч унасан. Б нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүд орчмоос цус гарч эхэлсэн. Би түүнийг аваад шууд гэмтлийн эмнэлгийн урд байрлах нүдний эмнэлэгт хүргэж өгөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

 

            4. Гэрч Ц.М /”Гэрэл” нүдний эмнэлгийн эмч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100 хувь, зүүн нүдний хараа 8 хувь, зүүн нүдний даралт бууруулах  4 эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ. М.Бд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах ...мэс засал хийж зүсэлт хийж таван оёдол тавьсан. ...М.Бд 2018 оны 10 дугаар сарын 01-нд нүдний даралт буулгах парасинтез мэс ажилбар хийсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,

 

            5. Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...”-д ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ дуудагдаж, Б, Эрдэнэбаатар, Чагнаадорж, Баясаа, Эрдэнэжаргал нарын хамт ажиллахаар болсон. Өглөө 09 цагийн үед ажлын хувцас солих өрөөнд инженер Эрдэнэжаргал зааварчилгаа өгч биологийн цэвэрлэгээний усан санд ажиллахаар орсон. ...Баясаа бид хоёр тамхи татахаар гарахад араас Чагнаадорж дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй архи авч гарч ирээд бид машиндаа суугаад архиа задалсан. Надад нэг хундага өгсөн, би бага зэрэг амсаад өгсөн. Үлдсэн архийг Б, Чагнаадорж, Баясаа гурав хувааж уусан. Дуусаад буцаад ажил руу орсон. Баясаа, Б хоёр түрүүлээд орсон. Би араас нь орох гэж байхад инженер Эрдэнэжаргал над руу ойртож ирээд Б бид хоёрыг архи уусан байна, та хоёроор ажил хийлгэхгүй гэсэн. Би инженер М, Б нарын хамт хувцас солих өрөөнд орсон. Би инженер Мтай юм ярьж байхад Б хувцсаа сольж байсан. Би гар утсаа баруун гартаа бариад эргүүлж байгаад санамсаргүй алдаад хувцсаа сольж байсан Бын зүүн нүдний доор хацар дээр нь оночихсон. Б зүүн нүдээ дараад “нүд рүү цохичихлоо” гээд уурлаад байсан. Инженер М эмнэлэг орохгүй бол болохгүй гээд Быг аваад явсан. Би Бтай муудалцсан асуудал байхгүй. Тухайн үед би согтоогүй эрүүл байсан. Гэмтлийг би учруулаагүй. Хэн учруулсныг мэдэхгүй. М.Б ажилд орохоос өмнө толгойн зүүн талын чамархайн хагалгаанд орж байсан гэж хэлж байсан. Уг гэмтлийг тэр хагалгаанаас авсан байх. М.Бд эмчилгээний зардалд ойролцоогоор 900.000 төгрөг шилжүүлсэн. М.Б бид хоёр ойролцоогоор 3 метрийн зайтай байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дугаар тал/,

            -2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... Би ... хувцас солих өрөөнд ...Б руу шаргал өнгийн “I phone-6” маркийн гар утсыг шидэж зүүн нүдийг нь оночихсон юм. М.Бын биед учирсан гэмтлийг би гар утас шидэж учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...хохирогч М.Б хувцас солих өрөөнд “архи ууснаа инженерт мэдэгдчихлээ, арчаагүй юм” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд гартаа барьсан гар утсаа М.Бын зүг рүү шидсэн. Би шидсэний дараа очиж харахад зүүн нүдийг нь оноод хавдаж шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/

            -Мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн “... Быг хувцсаа сольж байх хооронд би гар утсаа үзэж байсан. Тэр хооронд Б Мын хажууд “би энэ ажлаас гарах гэж байгаа юм чинь ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “чи инженерүүдийн хажууд яах гээд байгаа юм бэ, дараа наад асуудлаа ярь” гэж хэлсэн. Б дуугүй хувцсаа солиод байсан. Би гар утсаа эргүүлж байгаад шидсэн. Тэгсэн Бын нүдний доор оносон. Харсан чинь нүдний ойролцоо хэсэгт нь хавдаад цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд хавтаст хэргийн 152 дугаар тал/,

 

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 846 тоот дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алим улайлттай. Зүүн нүдний хүүхэн хараа өргөссөн. Зүүн нүдний хүүхэн хараа гэрлийн урвалгүй.

            Амбулаторын картнаас: 

2018.9.22-ны шинжилгээнд: дүгнэлт: зүүн нүдний судсан бүрхүүлийн нимгэрэл гэжээ.

2018.9.22-ны үзлэгт: зүүн нүдний хараа: НМ. Зүүн нүдний салстын хаван, өмнөд камерт цус хуралт.

            2018.9.26-ны үзлэгт: зүүн нүдний хараа бүрэлзэнэ. Эвэрлэгийн хаван, хүүхэн харааны өргөсгөл. Онош: зүүн нүдний битүү гэмтэл.

            2018.10.01-ний шинжилгээнд: дүгнэлт: шар биеийн сорвижил гэжээ.

            2018.10.01-ний үзлэгт: баруун нүдний хараа-1.0, зүүн нүдний хараа 0.02.

            2018.10.04-ний үзлэгт: салстын шарх цэвэр оёдлууд байрандаа өмнөд камер дундаж, хүүхэн хараа өргөн.

            2018.10.11-ний үзлэгт: баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа бүрсгэр 0.04. эмийн эмчилгээ хийсэн, нүдний даралт ихэссэн учир “Гэрэл” эмнэлэгт М эмчээр парасинтез хийгдсэн. Имплант тавигдсан. Үзэхэд: баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа 0.04, бүүдийнэ, зүүн талын хүүхэн хараа өргөн, шарх цэвэр, салстад оёдолтой. Онош: зүүн нүдний гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор даралт ихсэлт.

2018.10.16-ны үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.04,

2018.10.23-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.08,

2018.10.25-ны ЭХК-ийн шийдвэрээс: онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт хоёрдогчоор нүдний даралт ихсэлт өвчин.

2018.10.25-ны үзлэгт: онош: гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөл, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт.

 2018.10.28-ны хийсэн ОСТ: зүүн нүдний IS/SOscar/+/онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт, даралт ихсэлт буулгах мэс засал, гэмтлийн гаралтай шар биеийн сорвижил.

2018.11.06-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09

2018.11.14-ний үзлэгт: баруун нүдний хараа 1.0,  зүүн нүдний хараа 0.06

2018.12.06-ны үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.09

2019.01.05-ны үзлэгт. Баруун нүдий хараа 1.0, зүүн нүдний хараа 0.09

Дүгнэлт: М.Бын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,09/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Б.Долгормаа/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ ,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 450 дугаар дүгнэлтэд:

“...комисс шинжээч бид Баяжаргалыг үзэхэд зовиур: хоёр нүд аргаж өвдөнө. Баруун нүд хааяа бүрэлзэнэ. Үзлэгт: ...хүүхэн хараа хоёр талд ижил бус, баруун нүдний хүүхэн хараа гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичирхийлэлтгүй. ...хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний салст улайлттай, зүүн нүд хүүхэн хараа гэрлийн урвалд сул оролцоно.

Иргэний эрүүл мэндийн дэвтэрт: 2019.4.23-ны “Гэрэл” нүдний эмнэлгийн эмчийн үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.1 гэжээ.

Дүгнэлт: М.Бын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүдний эмчийн үзлэгүүдээр:

2018.10.01-ний үзлэгт: зүүн нүдний хараа 0.02,

2018.10.11-ний үзлэгт: хараа бүрсгэр 0.04,

2018.10.16-ны үзлэгт зүүн нүдний хараа 0.04,

2018.10.23-ны үзлэгт зүүн нүдний хараа 0.08,

2018.11.06-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09,

2019.01.05-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09,

2019.4.3-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.1 болж харах чадвар аажмаар нэмэгдсэн байна.  Иймд дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийн амь насанд аюултай эсэх, гэмтлээс үүссэн үлдэц уршиг гэсэн шалгуур шинжүүдэд хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулах гэмтэлд хамаарахгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 846 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” /шинжээч эмч С.Чулуунсүх, Б.Даваасүрэн, Ш.Цэцэгмаа/ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

 

8. Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллгаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... Нүдний өмнөд камер гэдэг нь нүдний алим хүүхэн хараа зэргийг агуулсан шилэнцэр бүтэцтэй дотроо тунгалаг шингэнтэй хөндийг хэлнэ. Гол үүрэг нь гаднаас ирж буй гэрлийн тусгалыг шар бие рүү ойлгох үүрэгтэй.  Цус хуралт нь тунгалаг шингэнтэй хөндийд цус хурахыг хэлнэ. Нүдний даралт ихсэлт нь анхдагч болон хоёрдогч шалтгаанаар үүсдэг. Анхдагч нь нүдний өөрийн өвчин, хараа бууралт зэргээс үүсдэг. Хоёрдогч гэдэг нь гадны нөлөөтэй буюу гэмтлийн гаралтай үүсдэг. М.Бын хувьд хоёрдогчоор буюу гэмтлийн гаралтай үүсгэсэн гэж дүгнэлтэд тусгасан. М.Бын биед 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт 0.02-0.1 хүртэл сэргэсэн байна. Иймд харах чадвар аажмаар нэмэгдэж байх тул хараа бууралтыг гэмтлийн шалгуур шинж гэж үзэхгүй. Эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Шинжээч Долгормаагийн 846 дугаартай дүгнэлтийг гаргах үед харааны бууралт 0.09 байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар 30 хувь чадвар алдалтад хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэг гаргасан байна. Энэ хоёр дүгнэлтийн гэмтлийн зэрэг ижил боловч шалгуур шинж нь өөр юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

 

9. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... “I phone-6” загварын гар утас Имэй: 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй,дэлгэц хагархай, асаах товчин дээр дарахад асахгүй байсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 110 дугаар тал/,

 

10. Хохирогч М.Баяжаргалын “Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний карт /хавтаст хэргийн 27-33 дугаар тал/, иргэний эрүүл мэндийн дэвтэр /хавтаст хэргийн 34-37 дугаар  тал/, Мэс засал хийлгэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 87 дугаар тал/ хохирлын 616.100 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 13, 47, 88-90, 138-141 дүгээр тал/, хохирогч М.Бын иргэний үнэмлэх болон нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 105 дугаар тал/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хавтаст хэргийн 147 дугаар тал/,

 

            11. Шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 66 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дугаар тал/, хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 142 дугаар тал/, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 70, 71 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 136 дугаар тал/, “Бюлдинг Миррор ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дүгээр тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 137 дугаар тал/, хохирол, хор уршигт 715.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хавтас хэргийн 72, 73 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Сийн холбогдсон хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...” болох ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Бтай маргалдаж, түүний нүд рүү гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн,

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа “улсын яллагийн саналын дэмжиж байна” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “шүүгдэгчид оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч А.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй...” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч А.С гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.С, хохирогч М.Б нар нь Ус Сувгийн Удирдах Газрын  “...”-д хамт ажилладаг байсан байх ба, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэд ажлын байран дээрээ хамт архидан согтуурсан байна.

Улмаар шүүгдэгч А.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, Ус Сувгийн Удирдах Газрын  “...”-ийн ажилчдын хувцас солих өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүн рүү өөрийн “ I phone” загварын гар утсыг шидэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...С, Чагнаадорж, Баясгалан бид 0.75 литрийн ...хоёр шил архи хувааж уугаад дуусаад байж байхад инженер Эрдэнэжаргал “та нар архи уусан байна. С, Чагнаадорж хоёр чинь их согтолттой байна” гэсэн. ...14 цагийн үед хувцас солих өрөөнд ...хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С барьж байсан шаргал өнгийн “I рhone” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг оносон. ...хамт байсан инженер М намайг эмнэлэг рүү аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

            -гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжид 10:30 цагийн үед очиход ...Б, С нар согтуу байдалтай ажлын байран дээрээ хамт сууж байхаар нь хувцас солиулах өрөөнд оруулсан. Тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С Быг хаяж явах гэлээ, хамт явсангүй гэж уцаарлангуй байж байгаад гэнэт буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Бын зүгт гар утсаа шидсэн. Б тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал зүүн нүдийг онож утас нь газар гурав хугарч унасан. Б нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүдний орчмоос цус гарч эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

            -Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100 хувь, зүүн нүдний хараа 8 хувь, зүүн нүдний даралт бууруулах  4 эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ. М.Баяжаргалд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах ...мэс засал хийж зүсэлт хийж таван оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 846 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 450 тоот  дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

-Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ... хувцас солих өрөөнд ...Б руу шаргал өнгийн “I phone-6” маркийн гар утсыг шидэж зүүн нүдийг оночихсон юм. М.Бын биед учирсан гэмтлийг би гар утас шидэж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түүний шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд хавтаст хэргийн 152 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.С нь “архи ууснаа инженерт мэдэгдлээ, арчаагүй юм гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч М.Б руу гар утсаа санаатай шидэж, түүний эрүүл хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон ба, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан байдал нь нөлөөлжээ.

Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 846 тоот дүгнэлтээр “...хохирогч М.Бын биед учирсан гэмтлүүдээс зүүн нүдний харааны бууралтыг 0.09, ...энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн.

Дээрх 846 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээч томилж, бүрэлдэхүүнтэй шинжээчид 450 тоот дүгнэлт гаргасан ба, тус дүгнэлтээр“...М.Бын биед учирсан гэмтлээс зүүн нүдний хараа бууралт /0,1/,  ...учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, ...харах чадвар аажмаар нэмэгдсэн.  ...цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. ...846 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 Эдгээр дүгнэлтүүдээр хохирогчийн зүүн нүдний харааны бууралтын хувь зөрүүтэй байгаа хэдий боловч хохирогч М.Б нь гэмт хэрэг гарсан тухайн хугацаанд үзүүлж, 846 тоот дүгнэлтийг шинжээч гаргах үед түүний зүүн нүдний харааны бууралт нь 0.09 хувьтай байсан боловч тодорхой хугацаанд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэсний дараа хохирогчийн зүүн нүдний харааны бууралт сайжирсан, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шинжээчдийн бүрэлдэхүүн үзлэг хийхэд зүүн нүдний харааны бууралт 0.1 хувь болж сайжирсан нөхцөл байдал тогтоогджээ. Түүнчлэн энэ талаар шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ “... М.Бын биед 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт 0.02-0.1 хүртэл сэргэсэн, харах чадвар аажмаар нэмэгдсэн тул хараа бууралтыг гэмтлийн шалгуур шинж гэж үзэхгүй, шинжээч Долгормаагийн 846 дугаартай дүгнэлтийг гаргах үед харааны бууралт 0.09 байсан байх тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар 30 хувь чадвар алдалтад хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэг гаргасан байна. Энэ хоёр дүгнэлтийн гэмтлийн зэрэг ижил боловч шалгуур шинж нь өөр юм. ...”/хавтаст хэргийн 94 дүгээр тал/ гэж мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэвэл хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул дээрх дүгнэлтүүдийг агуулга, гэмтлийн зэргийн хувьд зөрүүгүй, хууль ёсны гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгчийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Сийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар.

Улсын яллагчаас “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 715.000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн дүгнэлтийг;

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа нь хэргийн 88-89 дүгээр талд 410.000 төгрөгийн, 90 дүгээр талд 77.100 төгрөгийн, 138 дугаар талд 496.700 төгрөгийн, 139 дүгээр талд 93.600 төгрөгийн, 140 дүгээр талд 32.500 төгрөгийн баримтыг тус тус ирүүлсэн, нийт 1.157.900 төгрөгийг нэхэмжилнэ, үүнээс 715.000 төгрөг төлөгдсөн, үлдэх 442.900 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тайлбар, дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгээс “2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн биеэр оролцож мэдүүлэг гаргахдаа “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байсныг анхаарна уу” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар 616.100 төгрөгийг (хавтаст хэргийн 13, 88 хуудасны ар, 89-90) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь хохирол, хор уршигт 715.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Харин 442.900 төгрөг нь тухайн эм, тариа эмчилгээг зайлшгүй хийлгэх ёстой байсан талаарх баримт буюу эмчлэгч эмчийн эмийн жор хэрэгт авагдаагүй, хохирогчийн эрүүл мэндийн дэвтэрт дээрх эм тариаг хэрэглэх талаар тэмдэглэгээгүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Мөн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцсон гэсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нь хууль ёсны төлөөлөгчийг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь шаардах эрхийг хуульд заасны дагуу өмгөөлөгчид шилжүүлсэн итгэмжлэл олгогдоогүй, мөн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оэ оролцож мэдүүлэг гаргахдаа “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байсан, энэхүү мэдүүлэг өөрчлөгдсөн эсэх талаар шүүхэд мэдэгдсэн баримтгүй байгааг дурдав.

Харин шүүх эрүүгийн хэргийн хамт иргэний нэхэмжлэлийг хянах хүрээнд нэхэмжлэлийн талаарх дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Тус хэргийн хохирогч М.Б нь гэмт хэрэг гарсаны дараа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ ослоор нас барсан байх тул түүний эхнэр П.Оийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгааг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Сөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулж өгнө үү гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь ажил эрхэлдэг талаар баримтгүй, орлогоо нотлоогүй зэрэг нь торгох ялыг оногдуулах боломжгүй” гэсэн дүгнэлтийг;

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунтуяагаас “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна, шүүгдэгчид торгох ял оногдуулах нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна” гэсэн  дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...шүүгдэгч А.С нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, Гашуун сухайтад ажилладаг, өмнөх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэж мэдүүлж байсан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан заасан ба үүнд:

-1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн.” бол гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээ нь дээрх заалтад хамаарч байна.

Харин Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Сийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх ба, тодруулбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.Сөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нь шүүгдэгч А.Сөд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нь ажил эрхэлдэг талаар, мөн орлогыг тодорхойлсон баримтгүй байх тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

3. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “I phone-6” загварын гар утсыг шүүгдэгч нь буцаан авахгүй гэх тул асаах товчин дээр дарахад асахгүй, цаашид ашиглах боломжгүй болсон 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “I phone-6” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгахыг даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Аийн Сийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “I phone-6” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгасугай.

6. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Сийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оэ нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсантай холбоотой гарсан гэх 442.900 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Сөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Сөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА