Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01799

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01085 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1485 дугаар магадлалтай,

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

ЛЧШС /L Q/, С.Э нарт холбогдох,

Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 50.677.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц-, өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч Ц.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БНХАУ-ын иргэн ЛЧШС буюу Баатар нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надтай утсаар яриад “...танай хөргүүртэй 40 тонны контэйнерт 14 тонн орчим малын гэдэс дайвар бүтээгдэхүүн 1 сарын хугацаатай 1.000.000 төгрөгөөр хадгалуулая” гэж тохирсон. Гэвч 1 сар болоход мөнгөө өгөөгүй, Баатартай ярихаар сарын дараа авъя гээд мөнгө төгрөгөө ч өгөөгүй, эхнэр Эрдэнэжаргалтай ярихад нэг мөсөн 3 сар болгоё гээд аваагүй. Ингээд хариуцагч нарын эд зүйлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ноос 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл 11 сар хадгалсан. Би өөрөө мал, махны наймаа хийдэг тул үйл ажиллагаагаа явуулахын тулд Дорнын алтан тал хоршооноос хөлдөөгчийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сарын 3.500.000 төгрөгөөр 10 сар түрээсэлж 35.000.000 төгрөг төлж хохирсон. Мөн түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 4.607.000 төгрөг төлсөн нийт 50.677.200 төгрөгийг хариуцагч Баатар буюу ЛЧШС, эхнэр С.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...БНХАУ-ын иргэн ЛЧШС буюу н.Баатар нь 2016 оны 4 дүгээр сард Дорнод аймагт ноолуур худалдаж авахаар очоод Бадамцэцэг гэж хүнтэй танилцаад ноолуур авч, өгөлцөж байсан. Тухайн үед Баатар нь Хятад улсын иргэн Ганбо буюу н.Ганболдтой хамт явсан бөгөөд н.Ганболд нь дотор гэдэсний наймаа хийж, 12 тн гэдэс хадгалах газар олж өгөөч гэж гуйсны дагуу Ц.Ц-ийн хөлдөөгчид нь хадгалуулсан. Түүнээс хойш Улаанбаатарт ирснийхээ дараа эхний 2 сарын хөлс буюу 2.000.000 төгрөгийг Ц.Ц-ид өгөөрэй гэж н.Ганболдод өгч явуулсан боловч Дорнод аймгаас хилээр гарч, визны асуудлаас болж хар тамга даруулж, Монгол улсад эргэж ирээгүй. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй болсон. Тухайн үед с.Э энэ асуудалд оролцоогүй. Хадгалуулсан дотор гэдэс нь н.Баатарынх биш, н.Ганболдынх байсан. Иймд өөр хүний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасны дагуу  БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /ЛЧШС/-аас 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 47.677.200 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч С.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  411.336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч LIU QISHISAN /ЛЧШС/-аас 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1485 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт гэж, 3.000.000 /гурван сая төгрөг/ гэснийг 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гэж, 47.677.200 төгрөгийн гэснийг 39.677.200 төгрөгийн гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 62.950 төгрөг гэснийг 190.950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 373.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэдийгээр Ц.Ц-ийн хөргүүрийн зориулалттай контейнерт н.Ганбо гэх хүний дотор гэдсийг хадгалуулахад ЛЧШС нь хамт явсан, мөн уг дотор гэдсийг н.Ганбо гэгчтэй хамт зарж борлуулахаар тохиролцсон байснаараа уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцоод байна. Гэвч тухайн үед Ц.Ц-той амаар тохиролцсон байдалд нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тайлбар хийж иргэний эрх зүйн чухам ямар гэрээний харилцаа болохыг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Учир нь Ц.Ц-ийн хөлдөөх зориулалттай контейнер нь зориулалтын барааны агуулах бөгөөд тухайн агуулахад н.Ганбо гэгчийн малын дотор гэдсийг хадгалуулсан байгаа нь Иргэний хуулийн 428 дугаар зүйлд заасан "Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ" байгуулагдсан болох нь харагдаж байна. Анхан шатны шүүх хадгалалтын гэрээ, давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл боллоо. Хэрэв ЛЧШС, Ц.Ц- нарын хооронд барааны агуулахад эд хөрөнгө хадгалах гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 429 дүгээр зүйлд заасан агуулахын баримт бичгийг хадгалагч Ц.Ц- хадгалуулагч ЛЧШСд үйлдэж өгөх, мөн хуулийн 430 дугаар зүйлийн 430.1-д хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг хадгалуулагчаас шаардах эрхгүй”, 430.2-т “Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын баримт эзэмшигч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол хадгалагч түүнд арван дөрөв хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол хадгалагч түүнийг худалдах эрхтэй” хэмээн тус тус заасан байна. Үүнээс үзэхэд Ц.Ц- нь тухайн бүтээгдэхүүнийг 3 сар хадгалаад хэрэв агуулахыг чөлөөлөөгүй тохиолдолд эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь нээлттэй байсан. Хэдийгээр нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг гаргаж хаясан гэж тайлбарладаг боловч хаясан болох нь хэрэгт авагдсан материалуудаар нотлогдож байгаа эсэхийг анхаарч үзээгүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Ц- нь ЛЧШС /L Q/, С.Э нараас хадгалалтын хөлс 11.000.000 төгрөг, хохирол буюу бусдын хөлдөөгч түрээслэж, төлбөрт төлсөн 35.000.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4.607.000 төгрөг, нийт 50.677.200 төгрөг шаардсаныг хариуцагч нар зөвшөөрөөгүй “...хадгалуулсан зүйл нь бусдынх байсан...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлээс 3.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх гэрээг эд хөрөнгө хөлслөх гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 11.000.000 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл ЛЧШС /L Q/, С.Эрдэнэжаргал нар Ц.Ц-ийн эзэмшлийн хөргүүртэй 40 тонны контейнерт малын дайвар бүтээгдэхүүнийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаатай хадгалж контейнер ашигласны хөлсөнд 1.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээг 2 сараар сунгасан нь тогтоогджээ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах юм. 

Гэрээний хугацаа 1 сар байсан хэдий ч хөлслөгч контейнерийг чөлөөлөөгүй тул дайвар бүтээгдэхүүнийг гаргаж, эд хөрөнгийг ашиглах боломжтой болсон өдрөөр тооцож 11.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн баримтад  тулгуурласан байна.

Учир нь хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байна.

2. Анхан шатны шүүх талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь эрх зүйн хувьд алдаатай байна.

Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үздэг байна.

Талуудын хоорондох тохиролцоо хадгалалтын гэрээний шинжийг агуулаагүй байна. Анхан шатны шүүх хөлсийг гэрээний хугацаагаар тооцсон нь учир дутагдалтай болжээ.

3. Дорнын алтан тал хоршооноос хөлдөөгчийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сарын 3.500.000 төгрөгөөр 10 сар түрээсэлж 35.000.000 төгрөг төлж хохирсон. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 4.607.000 төгрөг төлсөн нийт 39.677.200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдснаар “...зохигчийн хооронд “барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ” байгуулагдсан гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусмагц эд хөрөнгөө авахыг хадгалуулагчид мэдэгдэж, тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй бол эд зүйлийг худалдах эрхтэй байсан...” гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд “шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 190.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ