Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 435

 

Б.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Ганчимэг,

хохирогч Г.Сын өмгөөлөгч Д.Ц,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Т,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр, Б.Сод холбогдох 1710000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт  Б.С, 1984 оны 3 дугаар сарын 31-ний  өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ...............тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ....................../;

Б.С нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.Сыг 23-57 УНХ улсын дугаартай, “Kia optima” загварын тээврийн хэрэгслээр дайрч биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан,

мөн Г.Сыг зодож биед баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун бугалага, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Б.Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Соос 2.673.782 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сд олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Б.Сын үйлдсэн хэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял завших боломж олгосон байна.

Шүүгдэгч Б.Сын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт хамаарч байх тул прокуророос түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1016 дугаартай дүгнэлт, өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хохирогч Г.Сд хүнд зэргийн гэмтлийн улмаас бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүссэн болох нь тогтоогдсон байхад шүүх “... хэрэгт цугларсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчид бие махбодийн, сэтгэл санаа шаналал, зовиур үүсгэсэн гэсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Б.С нь хохирогч Г.Сыг машинаар дайрсны дараа түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Сын “... би хэрэг болсон өдөр дайруулчихаад машинд сэрэхэд миний нүүр ам, шүд уруул өвчин орчихсон байсан, ... намайг ухаан алдахаас өмнө дээрх гэмтлүүд байхгүй байсан. Ухаан алдсаны дараа намайг зодсон байх, ухаан алдаагүй байхад зодоогүй...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10864 дүгнэлт болон нэмэлтээр хийсэн 1016 тоот дүгнэлтэд “...Г.Сын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Б.Долгормаагийн “...учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон тул Б.Сын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Сод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй атлаа оногдуулсан ял нь Шударга ёсны зарчимд нийцээгүй, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, хэт хөнгөн ял оногдуулсан байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.  

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь зөв зүйтэй дүгнэсэн. Б.С автомашин дотроо байсан ба Саруулыг хэзээ гарч автомашины урд хэвтсэнийг мэдээгүй. Прокурорын эсэргүүцэлд шударга ёсны зарчмыг үнэлсэнгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулах, мөн хуулийн 2.3 дахь заалтад заасан олон тооны шарх учруулж үйлдсэн гэдэг. Гэрч С, Г нарын “хохирогч С, шүүгдэгч Б.С нарыг “явъя” гэхэд “бид нар амралт, баяр ёслолын байдалтай өнгөрүүлнэ, та нар явж бай” гэсэн мэдүүлэг байдаг. Өнөөдөр шударга ёсонд нийцүүлж байна гээд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх зүйл яригдахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тодорхой заасан. Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг анхаарч, хэргийн үйл баримтад дүгнэлт хийж өгнө үү. Хохирогч С анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Тэрээр шүүгдэгч Б.Стой тодорхой хугацаанд дотно харилцаатай байсан гэдгээ үгүйсгэдэггүй. Би нөхрөөсөө айгаад янз бүрийн мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй гэдгээ хэлдэг. Анх энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл буюу бусдыг хүчиндэх гэмт хэргээр давхар зүйлчилж байсан. Прокурорын зүгээс “ял хөнгөдсөн байна, шударга ёсонд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч С “ухаан алдсаны дараа намайг зодсон байх, ухаан алдаагүй байхад зодоогүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.С “Би автомашин дор байхад нь өөрөө даваад гараад явсан, би дийлэхгүй болохоор нь наашаа татаж холдуулж байгаад арын суудал дээрээ суусан, түргэн тусламж би дуудсан. Түргэн тусламжийн автомашин замаа олохгүй байхад нь би тосож авсан. Автомашины арын суудалд оруулахад энэ гэмтлүүд учирсан байж магадгүй” гэж ярьдаг. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгож зөв зүйтэй шийдвэр гаргасан. Завдсан үйлдэл эсэхийг мөрдөгчид хүсэлт гаргахад хохирогчийн биед хүнд гэмтэл гарсан учраас санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл заалт өөрөө торгуулийн ял шийтгэлийн асуудал яригддаг. Тэгэхээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгуулийн ялыг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Б.Саруулаас уучлалт гуйж байна...” гэв.

Хохирогч Г.Сын өмгөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэл бичсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь прокуророос шүүгдэгч Б.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хөнгөрүүлж шийдвэрлэх эрх нь байгаа ч гэсэн хэргийн нөхцөл байдал, тухайн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харж үзэх ёстой байсан. Гэтэл шүүгдэгч Б.Сыг автомашинаар дайрч гэмтэл учруулсан гэж хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч Г.Сын шүүх хуралдаанд өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд мөн шүүгдэгч Б.Сын “би автомашиныхаа ард сэрсэн, тэгээд ам цангаад хөдлөх гэсэн чинь хүн орилсон” гэж шүүх хуралдаанд ярьсан, гэрч Сумъяа, Гэрэлмаа нарын “бид нарыг явахад Б.С суугаад үлдсэн” гэж мэдүүлсэн зэргээс харахад Б.С автомашин руугаа сууж чадахгүй согтолттой байсан уу гэвэл үгүй юм. Мөн Г.С шүүх хуралдаанд “миний толгой зүгээр болоод босоод ирэхэд Б.С майхан хураагаад миний хажууд сууж байсан. Би “орой болсон байна одоо харъя” гэхэд Б.С “хаашаа ч явахгүй” гэж хэлээд шууд автомашинаа хөдөлгөсөн. Би хөлөө жийгээд сууж байтал автомашин тулаад ирэхээр нь би биеэ хамгаалж, толгой тархиа гэмтээснээс гээд хэвтсэн. Машин миний дээгүүр маш удаанаар гарсан, миний яс хугарч байгаа дууг Б.С сонсон байх. Би бага зэрэг хөлөө жийгээд дээшлээд орилж байхад Б.С муухай инээмсэглэсэн царайтай харагдсан. Б.С жолоогоо орхиод миний түнх дээгүүр гараад явсан. Б.С автомашинаасаа буугаад ирэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд би ухаан алдсан. Намайг сэрэхэд бүрэнхий болсон Б.Сын автомашины шаварт суусан байдалтай автомашинаас яаж гаргах уу гэж яриад зогсож байсан” гэсэн мэдүүлэг байдаг. Хавтаст хэрэгт авагдсан түргэн тусламжийн эмч Цэрэнхандын мэдүүлэгт “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 45 минутад дуудлага өгсөн байдаг. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биогийн гүүрний баруун тийш 100 метр автомашинд дайруулж хөл гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу очиход хоёр нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарч хатсан, эрүүн дороо хөхөрсөн, цээж нь хөндүүр, баруун хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд эмэгтэйг автомашинд суух үед наад залуу чинь намайг автомашинаараа дайрсан, миний бие дээгүүр гарсан” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгүүдээс харахад Б.С нь болгоомжгүй үйлдсэн гэж үзэхгүй байна. Харин миний үйлчлүүлэгч энэ олон хүнд гэмтэл авсан ч гэсэн өнөөдөр амь нас нь эрсдээгүй, амьд сэрүүн байгаа нь олзуурхууштай. Гэхдээ миний үйлчүүлэгч хувиараа хөдөлмөр эрхэлж, үсчин хийдэг байсан. Б.С нь миний үйлчлүүлэгч Г.Саар үйлчлүүлдэг байсан. Одоо ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж группт орсон байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харахад яагаад ч хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан асуудал биш гэдэг нь харагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж, прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхээс зааж өгсөн хохирлыг шүүгдэгч Б.Сын эх нь шүүх хуралдааны дараа ирж өгсөн. Гэхдээ хохирогч Г.Сын хувьд 2.700.000 төгрөг аваад хохирол бүрэн барагдаж, эргээд урьдын байдалдаа орохгүй, гэм хор арилахгүй нөхцөл байдалтай байна. Гэтэл шүүгдэгч Б.С нэг ч удаа гэсэн хүнлэг хандаж, уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгчийн хэлж байгаа шиг автомашинаар дайрч хавирга хугарч хүнд гэмтэл учирснаас гадна шинжээчийн дүгнэлтээр мөн хөнгөн гэмтэл учирсан гэж байгаа. Автомашинд өргөж оруулахад хоёр нүд нь хөхөрч, амнаас нь цус гарах боломжгүй учир хавтаст хэргийн 76, 81 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд заагдсан гэмтлүүд учрах эсэхийиг анхаарч үзнэ үү. Иймд шүүгдэгч Б.Сод холбогдох хэргийн анхан шатны шүүхэд буцааж, уг хэргийг үнэн зөвөөр зүйлчилж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангахгүй, хэргийг буруу зүйлчилсэн байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.Сыг 23-57 УНХ улсын дугаартай, “Kia optima” загварын тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу онц харгис хэрцгий аргаар, автомашин ашиглаж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүнд гэмтэл санаатай учруулсан, улмаар хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Б.Сын үйлдлийг зөв зүйлчлэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж зааснаар Б.Сын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 23-57 УНХ улсын дугаартай, “Kia optima” загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн байна.

Энэ талаар прокуророос “... тээврийн хэрэгслийг Б.Сод буцааж олгох ...” санал анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан, анхан шатны шүүхээс эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий тээврийн хэрэгслийг хураах, улсын орлого болгох, хохиролд тооцуулах зэрэг асуудал дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сод холбогдох хэрэгт дээрх үндэслэлүүдийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сод холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Сод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН