Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0101/З |
Дугаар | 161 |
Огноо | 2018-03-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 161
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Б А” ХХК/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н,
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25220******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Т.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч М.Г, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага, үндэслэлдээ: “...Манай компани 2009 онд байгуулагдсан барилгын салхивч, дотоод заслын ажил хийдэг. Манай компанийн 2012 оноос 2016 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Г*******, Б.Н******* нар шалгаж 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 25220******* тоот шийтгэлийн хуудсаар 13.232.253,60 төгрөгийн нөхөн татвар, 3.993.432,30 төгрөгийн торгууль, 6.556,736,40 төгрөгийн алданги, 356,40 төгрөгийн хүү нийт 23.782.778,70 төгрөгийн төлбөрийн шийтгэл оногдуулсан. Дээрхи зөрчил нь 2012, 2013 онд И Ү Э ХХК, “Г Н Э” ХХК-иудаас авсан НӨАТ-ын хуурамч бичилттэй падаанаас үүдэлтэй юм.
Бид 2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу дээрхи худалдан авалтыг хуулийн хүрээнд шинэчлэн мэдүүлж татварын тайландаа залруулга хийн татварын албанд хүргүүлж баталгаажуулсан билээ. И Ү Э ХХК, Г Н Э ХХК-аас авсан НӨАТ-ын хуурамч бичилттэй падаануудыг “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуульд “2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байх, энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх” гэж заасны дагуу мэдүүлэн залруулсан байгаа тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны 25220******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компанийн зүгээс 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч бичилттэй байна гэдгийг мэдээд 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу дээрх зөрчлүүдийг өөрсдийн зүгээс сайн дурын үндсэн дээр санхүүгийн ил тод байдлын тайланд тусгаж Татварын ерөнхий газарт гаргаж өгсөн. Нийт 706.000.000 төгрөгийн санхүүгийн ил тод байдлын тайланг гаргаж өгсөн юм. Хуурамч баримт ашигласнаар татвар ногдох орлогыг бууруулсан гэх үндэслэлээр зөрчил тавигдсан тул манай компанийн зүгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 706.000.000 төгрөгийг тусгаж, орлогоо нэмж мэдүүлсэн. 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг дуустал 5 баримтыг тайландаа мэдүүлсэн байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар уг зөрчилд хяналт шалгалтын ажиллагаа явуулахгүй, нууцыг задруулахгүй, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй гэж заасныг баримтлан уг тайланг Татварын ерөнхий газарт гаргаж өгсөн.
Тухайн үед Сангийн яамнаас гаргасан тайлбарт “зөвхөн орлогыг биш зардал болон худалдан авалтыг нэмж Эдийн засгийн ил тод байдлын тайланд оруулна” гэсэн. Зарим аж ахуйн нэгжийн тайланд хасах дүнтэй гарсан. Харин буцаан авалтыг Татварын ерөнхий газраас авч болохгүй, бичилт хийхгүй зөвхөн орлогоо тайлагнах ёстой гэсэн зөвлөмж гарсан байдаг. Үүний дагуу манай компани орлого буурсан гэсэн үндэслэлээр орлогоо тайлагнасан.
Сангийн яамнаас гарсан дагаж мөрдөх чиглэл нь татварын илүү төлөлт, өглөг үүсгэхгүй байх талаар заалтууд юм. Харин манай гаргасан тайлангаас
харвал орлогоо нэмэгдүүлээд эдгээр орлогыг татварт төлөх ёстой байсан гэж ил тодоор гаргасан болохоос биш татварын буцаан авалтын талаарх татварын илүү төлөлт гаргахгүй, улсын төсвөөс буцааж авахгүй гэсэн утгатай.
Иймд дээрх шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч нар хариу тайлбартаа: “ Гомдол гаргагч нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25220******* тоот шийтгэлийн хуудсыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг шинэчлэн мэдүүлсэн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
Дээрх гомдлын шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.”Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ид тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.», 2 дугаар зүйлийн 2.2.”Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй.» гэж заасан нь зөвхөн орлого, хөрөнгөтэй холбоотой нуусан зүйлээ ил тодоор тайлагнахыг зөвшөөрсөн гэж ойлгогдохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно" гэж заасан нь татвар ногдох орлогыг бууруулдаг зардал, худалдан авалтыг тайлагнахгүй гэж ойлгогдохоор байна. Энэ хуулийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар Татварын ерөнхий газраас дараах чиглэлүүд гарсан болно.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас Улсын төсвийн орлого хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/1241 тоот чиглэлд “ ...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай. хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно" гэж заасан. Иймд хуулийн үйлчлэлд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн гүйлгээтэй холбогдуулж илүү төлөлт тайлагнах, буцаан авах хууль зүйн үндэслэлгүй болно.» гэж, мөн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07/1058 тоот чиглэлд: «...3арим татварын албадад хийсэн шалган зааварчлах ажлын явцад анхаарч ажиллах шаардлагатай дараах асуудлыг нийт албадад чиглэл, болгон хүргүүлж байна.Үүнд: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд орлогоо нэмж тайлагнан өмнө нь тайлагнасан зардал болон худалдан авалтаа залруулахгүйгээр нэмж мэдүүлсэн тайланг үндэслэн шалгалтыг дуусгаж байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно", Сангийн Яамны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3-2/4412 албан бичгээр “...эдийн засгийн ил тод байдлын тайлан гаргасан этгээдийн хувьд уг тайланд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн дүнгээр илүү төлөлт үүсгэх, тэрхүү чөлөөлөгдсөн гүйлгээтэй холбогдуулж улсаас ямар нэгэн буцаан олголт авах хууль зүйн үндэслэлгүй байна" гэснийг тус тус үндэслэн нэмж мэдүүлсэн тайланд тусгагдсан орлогод ногдох зардлыг татвар ногдох орлогоос, худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус хасахгүй байхыг мөрдөж ажиллах...» гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагч М.Г*******, Б.Н******* бид хуулийг ойлгож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн шийтгэл ногдуулсан болно...” гэжээ.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сангийн яамны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32/45 дугаартай албан бичгээр Эдийн засгийн ил тод байдлын тайлан гаргасан этгээдийн хувьд уг тайланд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн дүнгээр илүү төлөлт үүснэ. Тэрхүү чөлөөлөгдсөн дүнтэй холбогдуулж төрөөс ямар нэг буцаан олголт авах үндэслэл болохгүй гэснийг нэмж мэдүүлсэн тайланд тусгагдсан орлогод ногдох зардлыг татвар ногдох орлогоос нь, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн албан татварын зарлага гэх ба энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоороо худалдан авалт гэсэн нэрээр явдаг. Худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг
төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус хасахгүй байхыг мөрдөж ажиллах гэсэн чиглэл ирсэн.
Орлого, зарлага гэдэг бол 2 өөр ойлголт юм. Орлоготой холбогдуулж Сангийн яамнаас амаар чиглэл ирж байсан. Орлогоос хасах зардлыг гаальд буруу мэдүүлсэн бол хариуцлага тооцно. Орлого олохтой холбоотой зардлыг хасч тооцон, буцаан авалт гарахгүй гэсэн чиглэл ирсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь Үндэсний татварын албанд байсан. Тайлантай холбоотой асуудал дахин маргаан үүссэн тул тайлангийн зардал, худалдан авалтыг хүлээж авч болохгүй гэсэн чиглэл 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сангийн яамнаас ирсэн. Гомдол гаргагчийн зүгээс орлогоос хасч тавьсан гэж амаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайлан авч байх үед татварын улсын байцаагч нарт иймэрхүү асуудлууд тулгарч байсан. Гэхдээ ганц “Бугатын ам” ХХК-тай холбоотой хуурамч бичилттэй баримтын асуудал гараагүй, өөр олон компани хуурамч баримт ашигласан байсан. Хий бичилттэй баримтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд яаж хамруулах талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 56 дугаар нүүрэнд байгаа худалдан авалтаас хасагдахгүй дүн орлогод хамаарахгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдах гэж бичсэн хэдий ч хасагдахгүйгээр татварын хувь хэмжээ 0-ээр бодогдоно. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үндсэн зарчим нь “татварын үлдэгдэлд нөлөөлөхгүйгээр тайлагнана” гэсэн байдаг. Энэ зарчимд нөлөөлөхгүйгээр нэмэлт НӨАТ-ын хуулийн зарчимд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хий бичилттэй баримтын үнийн дүнг бичээд өмнө нь хий бичилттэй баримтаар худалдан авалт хийж байсан тул одоо тайландаа тусгаж залруулъя гэсэн байдлаар тайлагнаж, татвар төлөхөөр болсон тухай чиглэл өгч байсан. Мөн энгийн тайлан дагалдаж байсан. Үүнийг тайлан авч байсан үед аваад өөрчилж байсан юм.
Гомдол гаргагчийн зүгээс орлогоо оруулж бичсэн гэж тайлбарладаг. Гэтэл шийтгэврийн хуудасны үндэслэлд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого нь дутуу байна уу? эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвар ногддог орлогоо бууруулдаг худалдан авалт нь дутуу байна уу? гэдэг зүйл л яригдаж байгаа. “Бугатын ам” ХХК-ийн гаргасан зөрчил бол худалдан авалт, зардалтай холбоотой. Энэ нь аж ахуйн нэгжийн тайланд тусгагдахаараа борлуулалт болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 56 дугаар мөрөнд тусгаагүй байсан. Хуульд зааснаар аж ахуйн нэгжийн орлогоос өдөр тутмын холбоотой зардлаа хасвал татвар ногдох, ногдохгүй гэсэн 2 орлого гарч ирнэ. Гомдол гаргагчийн зүгээс тухайн үед хий бичилтийн баримтыг бичих мөр байгаагүй тул орлогоо хасч
бууруулж бичсэн гэж тайлбарладаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Б А ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны 25220******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н нар Б А ХХК-ийн 2012 оноос 2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 25220******* тоот шийтгэлийн хуудсаар 13.232.253,60 төгрөгийн нөхөн татвар, 3.993.432,30 төгрөгийн торгууль, 6.556,736,40 төгрөгийн алданги, 356,40 төгрөгийн хүү нийт 23.782.778,70 төгрөгийн төлбөрийн шийтгэл оногдуулжээ.
Уг татварын хяналт шалгалтаар тус компани нь 2015 онд Татварын ерөнхий газарт хийсэн засварын ажлын 445.263.00 төгрөгийн, 2016 онд Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн агааржуулалтын үнэ 742.545.45 төгрөгийн, нийт 1.187.808.45 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж татвар ногдуулж төлөөгүй, И Ү Э ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0013043004 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 80.000.000.00 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0013350661 дугаартай падаанаар 7.927.272.73 төгрөгийн, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0013350708 дугаартай падаанаар 14.454.090.00 төгрөгийн, Г Н Э ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0012385581 дугаартай падаанаар 18.740.910.00 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0013408305 дугаартай падаанаар 9.921.455 төгрөгийн нийт 131.134.727.73 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний үнэ” хэсэгт тусгаж татвар ногдох орлогыг бууруулсан болох нь Татварын ерөнхий хуулийн 18.1, 18.1.1, 18.1.14, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.4, 14.2-т заасныг зөрчсөн нь хөндлөнгийн мэдээлэл, санхүү, татварын тайлан, анхан шатны баримтаар тогтоогдсон гэж үзэн дээрх шийтгэлийг ногдуулсан байна.
Мөн татварын хяналт шалгалтаар тогтоогдсон 2015 онд Татварын ерөнхий газарт хийсэн засварын ажлын 445.263.00 төгрөгийн, 2016 онд Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн агааржуулалтын үнэ 742.545.45 төгрөгийн, нийт 1.187.808.45 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж татвар ногдуулж төлөөгүй зөрчлөөр 2015 оны жилийн эцсийн тайлангаар гарсан 842.235.00 төгрөгийн алдагдлыг бууруулж 396.972.00 төгрөг, 2016 оны жилийн эцсийн тайлангаар гарсан 78.056.501.20 төгрөгийн алдагдлыг бууруулж 77.313.955.71 төгрөг болгосон байна.
Гомдол гаргагч нь И Ү Э ХХК-иас 2012 онд 0013043004, 2013 онд 0013350661, 0013350708 дугаартай, Г Н Э ХХК-иас 2013 онд 0012385581, 0013408305 дугаартай хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 131.134.727.73 төгрөгийн худалдан авалт хийсэн хэмээн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар мэдүүлж татварын тайландаа залруулга хийн баталгаажуулсан байхад шалгаж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй хэмээн маргаж, харин 2015 онд Татварын ерөнхий газарт хийсэн засварын ажлын 445.263.00 төгрөгийн, 2016 онд Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн агааржуулалтын үнэ 742.545.45 төгрөгийн, нийт 1.187.808.45 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж татвар ногдуулж төлөөгүй зөрчилтэй холбогдуулан тусгайлан үндэслэл гаргаж маргаагүй ч шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.
Б А ХХК нь 2012, 2013 онд нийт 131.134.727.73 төгрөгийн худалдан авалтыг И Ү Э ХХК, Г Н Э ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр хийсэн хэмээн хуурамч бичилттэй падаанаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар нөхөн мэдүүлсэн гэх боловч уг хуулиар “татвар ногдох орлогыг бууруулдаг зардал, худалдан авалтыг тайлагнахгүй” гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлтэй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь “... нуун дарагдуулсан ... хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ид тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд
тусгаж, шинээр тайлагнасан, ... байвал ... хариуцлага, албан татвараас чөлөөлөхтэй холбогдосон харилцааг зохицуулахад орших” бөгөөд 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаас үзэхэд хуулийн үйлчлэх хүрээ нь “... хөрөнгө, орлогод” хамаарахаас гадна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заажээ.
Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас харьяа газар, хэлтсүүдэд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/1241 тоотоор “ ...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно" гэж заасан. Иймд хуулийн үйлчлэлд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн гүйлгээтэй холбогдуулж илүү төлөлт тайлагнах, буцаан авах хууль зүйн үндэслэлгүй.” гэж, мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07/1058 тоотоор “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд орлогоо нэмж тайлагнан өмнө нь тайлагнасан зардал болон худалдан авалтаа залруулахгүйгээр нэмж мэдүүлсэн тайланг үндэслэн шалгалтыг дуусгаж байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно", Сангийн Яамны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3-2/4412 албан бичгээр “...эдийн засгийн ил тод байдлын тайлан гаргасан этгээдийн хувьд уг тайланд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн дүнгээр илүү төлөлт үүсгэх, тэрхүү чөлөөлөгдсөн гүйлгээтэй холбогдуулж улсаас ямар нэгэн буцаан олголт авах хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн чиглэлүүд хүргүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд нэмж мэдүүлсэн тайланд тусгагдсан орлогод ногдох зардлыг татвар ногдох орлогоос, худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/ -ийн 14 дүгээр 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар
төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдан авалт хийсэн болохоо нотлох нягтлан бодох бүртгэлийн баримтгүй гэсэн үндэслэлээр төсөвт төлөх татвараас хасалт хийснийг зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.
Дээр дурьдсанаар уг шийтгэлийн хуудаст хамаарах 2015 онд Татварын ерөнхий газарт хийсэн засварын ажлын 445.263.00 төгрөгийн, 2016 онд Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн агааржуулалтын үнэ 742.545.45 төгрөгийн, нийт 1.187.808.45 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж татвар ногдуулж төлөөгүй зөрчилтэй холбогдуулан тусгайлан үндэслэл гаргаж маргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийг Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхэд санал оруулсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар, тухайлбал шүүх нотлох зарчим буюу захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй, цаашилбал хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах зэргээр нотлох баримттай холбоотой хүсэлт гаргах эрхийг “гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” хэмээн хязгаарласан, хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хэрэгүүлэх боломжгүйд хүргэсэн эсэхийг талуудаас тодруулахад энэ хэргийн тухайд талуудад нэмж гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах байдлаар цуглуулах нотлох баримт үгүй, шүүх нотлох зарчим, мэтгэлцэх зарчим алдагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25220******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Б А ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА