Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0091/З |
Дугаар | 221/МА2022/0750 |
Огноо | 2022-12-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2022/0750
“А Ө” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч, Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А Ө” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо
Гуравдагч этгээд “А г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2020/0091/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А Ө” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр шийдвэрээр:
“...Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан “А Ө” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд “А г” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороонд холбогдуулан гаргасан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1.“...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.8-д “Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын түншлэлээр шалгарсан “И” блок 5.8 га талбайг, “Ө” блок 5.1 га талбайг хамаарч байгаагаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд 66 оршин суугчтай 2 талт гэрээг байгуулсан, 3 талт гэрээг огт байгуулаагүй болох нь Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр мөн нотлогдож байна”, 1.9-д “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас маргаан бүхий акт гарах хүртэл 2 жил 5 сар 18 хоногийн хугацаанд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүйг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн.
Гэтэл Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.16-д “Үнэлгээний хорооноос шалгаруулсан хуулийн этгээд нь төслийн саналыг төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулах ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулна”, 2.17-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төслийн саналыг танилцуулж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид төслийг саналыг дэмжих эсэх талаар санал авах ажлыг зохион байгуулна, 2.18-д “Санал хураалтын дүнд хамгийн өндөр хувийн санал авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан төсөл боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу гэрээ байгуулна”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.6-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна”, 3.2-т “Тухайн шатны Засаг дарга нь энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.в-д заасны дагуу шийдвэр гаргана”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай нь 2 талт гэрээ байгуулсан гэж хариуцагч нийслэлийн Засаг дарга үзсэн тул төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа 3 талт гэрээ байгуулах үүрэг нь хууль, журмаар нийслэлийн Засаг даргад оногдсон.
Нийслэлийн Засаг дарга хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй, 3 талт гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй. “А Ө” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 1.7-д заасан иргэд түншлэлд холбогдуулан гомдол гаргахын тулд гурван талт гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Гэвч 3 талт гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй. Үүнийг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3.11-д “Тус төлөвлөгөөнд төслийн хүрээнд ашиглалтад оруулах орон сууцны барилга тус бүрээс гурван талт гэрээ байгуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг заавал хамруулахаар тусгана" гэж зааснаас харах боломжтой.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн 1.7-д дурдсан иргэдтэй 3 талт гэрээ байгуулаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийн шалгаруулалтын үед иргэдээс төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан байх шаардлагын дагуу 2 талт гэрээ байгуулсан.
Мөн маргаан бүхий “И”, “Ө” блок дээр зөвхөн “А Ө” ХХК, “А г” ХХК-ийн түншлэл барилга бариагүй. Өөр бусад компаниуд орон сууцны барилгууд барьсан ба төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани бүх иргэдэд орон сууц өгөх үүргийг хүлээсэн тохиолдолд өөр бусад компанид барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байх ёстой байх боловч холбогдох төрийн байгууллагаас “А Ө” ХХК, “А г" ХХК-ийн түншлэл шалгарсан байхад өөр бусад этгээдэд “И” болон “Ө” блокт барилга барих зөвшөөрөл олгосон. Өөр бусад компани мөн адил барилга барьсан атал гомдол гаргасан бүх иргэдийн өмнө түншлэл үүрэг хүлээсэн мэт анхан шатны шүүх дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Харин тухайн гомдол гаргаж байгаа иргэд түншлэлийн барилга барьсан 16 давхар 120 айлын үйлчилгээтэй 1 ширхэг орон сууц, 1 орон сууцны суурь цутгасан хэсэгт хамаарч байгаа тохиолдолд тухайн иргэдийн гомдлыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эсэх тухай асуудал хөндөгдөх боломжтой.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим”-ыг тусгасан, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж хуульчилсан.
3.2.Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамж нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой. Дээрх захирамжаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг тус тус үндэслэсэн.
Тухайлбал журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-т “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасан.
Гэвч “А Ө” ХХК, “А г” ХХК-ийн түншлэл дээрх заалтад хамаарах ямар нэгэн зөрчил гаргаагүй. 120 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан тул 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Ноцтой зөрчил удаа дараа гаргасан эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, баримт зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 3 жилийн хугацаанд нотлох баримтаар хэрэгт авагдаагүй нь үйл ажиллагааны ноцтой зөрчил удаа дараа гаргаагүйг нотолно.
Мөн гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, гурван талт гэрээг байгуулах үүргээ өнөөдрийг хүртэл Засаг дарга биелүүлээгүй, 120 айлын орон сууц болон 1 орон сууцны суурийг барьсан газрын газрыг чөлөөлж, тухайн чөлөөлсөн газрын иргэдэд орон сууц олгосон. "А Ө” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэлийн барьсан орон сууцны доорх газарт өмчлөл, эзэмшлийн газар нь давхцаад орон сууц авч чадалгүй хохирсон гэж гомдол гаргасан иргэн байхгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
4.1.“...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
“А г” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/465 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А Ө” ХХК-тай хамтран түншлэлээр шалгарч, батламж авсан. Гэтэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан захирамжийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжид зөвхөн “А Ө” ХХК-ийн нэрийг дурдсан байдаг.
Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.6-д “Дээрхээс дүгнэвэл хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь 1.5-д дурдсанчлан удаа дараагийн албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан” гэх дүгнэлтийг хийсэн боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг энэхүү дүгнэлтээр үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ч “А г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байгаа талаар бид нарт мэдэгдээгүй, түүнчлэн тайлбар, татгалзал гаргах боломжоор хангаагүйг хүлээн зөвшөөрсөн. “А г” ХХК нь түншлэлээр Нийслэлийн өмнө албан ёсоор төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг дурдах нь зүйтэй.
Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.5-д дурдсан албан бичгүүдийн алиныг ч “А г” ХХК-д хүргүүлж байгаагүй. Гэтэл “А г” ХХК-д “сонсох ажиллагаа хийсэн, тайлбар, татгалзал гаргах боломжоор хангасан” хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй байна.
“А Ө” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэл гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах үед буюу 2016 оны шүүхийн шийдвэрт дурдаад буй Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам батлагдаагүй байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах үед нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан дээрх журам мөрдөгдөж байсныг дурдах нь зүйтэй.
Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.9-д “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш хяналтын хорооны шийдвэр гарах хүртэлх 2 жил, 5 сар, 18 хоногийн хугацаанд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүйг зөвтгөх үндэслэл болохгүй” гэжээ.
Гэтэл Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд зааснаар төсөл хэрэгжүүлэхдээ “...төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл үе шат, төслийн төлөвлөлийн болон шийдвэр гаргах үе шат, төсөл хэрэгжүүлэх үе шат, төсөл хэрэгжүүлж дуусгах үе шат” гэсэн дарааллыг баримтлах бөгөөд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл үе шат буюу тус журмын 2 дугаар зүйлийн 2.18, 2.21-д төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахаас өмнө оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах зохицуулалттай тул Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж батламж олгосон, хариуцагч ч энэ талаар маргадаггүй.
Харин анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудалд буюу “нэхэмжлэгч нь 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүй” гэж тайлбарлан “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэрийг үндэслэлтэй” хэмээн үзэж буй нь төсөл хэрэгжүүлэх үед мөрдөгдөж байсан журам болон эрх бүхий этгээдийн шийдвэрийн талаар илт үндэслэлгүй дүгнэлт хийснийг харуулна.
4.2.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.18-д заасны дагуу “А Ө” ХХК болон “А г” ХХК нарын түншлэл нь “И” хэсэгчилсэн талбайд хамаарч буй иргэдийн 80-аас доошгүй хувьтай нь “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу түншлэл, оршин суугч иргэн нарын хооронд 2 талт гэрээг байгуулсан. Дээрх 2 талт гэрээ нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахад төрийн байгууллагаас шаардсан баримт байсан тул гэрээг байгуулж, нийт оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан гэж нийслэлийн Засаг дарга үзсэн тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Ийнхүү төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа журамд заасан ажиллагаанууд хийгдэх ёстой.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд” гэж заасныг дурдсан байгаа нь дараах баримтаар үгүйсгэгдэнэ. Үүнд:
-Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.г-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь 80-аас доошгүй хувийн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулна” гэж заасны дагуу гурван талт гэрээг нийслэлийн Засаг дарга байгуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл гурван талт гэрээг байгуулаагүй болох нь Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/227 дугаар албан бичгээр нотлогддог. Нэгэнт эрх бүхий байгууллагаас гурван талт гэрээ байгуулаагүй тухай баримт ирүүлсэн, гурван талт гэрээ байгуулах үүрэг нь нийслэлийн Засаг даргад байхад гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
“И” хэсэгчилсэн талбайд 16 давхар 120 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга, мөн дахин нэг орон сууцны барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй, нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан учраас 6 сарын хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Техникийн болоод үйл ажиллагааны ноцтой зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд үүнийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох ёстой, харин шүүхээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа 3 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл авагдаагүй нь дээрх дүгнэлт гараагүйг харуулж байна.
Дээрх гурван тохиолдлын аль нэг үүссэн тохиолдолд Хяналтын хороо хуралдаж дээрх нөхцөл байдлын аль нь үүссэн, ямар баримтаар нотлогдож байгааг хэлэлцсэний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эсэх тухай санал гаргахаар хууль, журамд зохицуулсан.
Өөрөөр хэлбэл хяналтын хорооны төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал хууль ёсны бөгөөд хуульд заасан үндэслэлийг баримталсан байх ёстой. Гэтэл “А Ө” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал гаргахдаа дээрх гурван тохиолдлын аль нь биелэгдсэн эсэх, улмаар цуцлах санал гаргасан талаар дурдаагүй, төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, зөвхөн иргэн Г.Мы тайлбарыг үндэслэн санал хураасан. Гэвч төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлд иргэний саналыг үндэслэх заалт байхгүй болохыг шүүх анхаараагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Нэхэмжлэгч нь анх 2014 онд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын И хэсэгчилсэн талбайд “А г” ХХК-ийн түншлэлээр, 2016 онд дангаараа М, Ж, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр тус тус шалгарч, батламж гардсан боловч нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10 дугаар хуралдаанаар төслийн ажлыг эхлээгүй гэсэн үндэслэлээр М, Ж хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдаж, үүнтэй маргаагүй тул үлдсэн И болон Ө талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ.
Гэвч 2014 оноос хойш 4 жил, 2016 оноос хойш 2 жилийн гарангын хугацаанд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон төдийгүй бодит байдалд тухайн хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт төлөвлөсөн хэмжээнд огт хэрэгжиж чадаагүй болох нь нийтэд илэрхий үйл баримт тул маргаан бүхий Хяналтын хорооны хурлын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 02/6 дугаар шийдвэр, нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Тухайлбал Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл аваагүй, гэрээний үүргийн биелэлт болон ажлын гүйцэтгэлийг цаасан суурьтай ирүүлэхийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас удаа дараа шаардаж байсан боловч ирүүлээгүй зэрэг нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзалд хамаарах маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхийн 2020 оны 594, 2022 оны 182 дугаар магадлалд заасны дагуу нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн Ө хэсэгчилсэн талбайд хамаарах нэр бүхий иргэдээс гомдол гаргасан, И, Ө талбайн нийт 10.9 га газарт оршин суудаг 66 оршин суугчтай 2 талт гэрээ байгуулснаас бус 3 талт гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөг хуваарийн дагуу хэрэгжүүлээгүй, бодит байдалд төсөл хэрэгжих дээрх байршилд 4 айлын газрыг чөлөөлж, 1 блок 16 давхар 120 айлын үйлчилгээтэй орон сууцыг 2017 онд ашиглалт оруулсан атлаа уг орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг бүрэн хамруулаагүй байсан, 1 орон сууцны суурь цутгаснаас өөрөөр бодитой үйл ажиллагаа эрхлээгүй зэрэг нь шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хангах боломжгүй.
Харин нийслэлийн Засаг даргын захирамжид гуравдагч этгээд “А г” ХХК-ийн нэрийг орхигдуулж, зөвхөн нэхэмжлэгч “А Ө” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, өөрөөр хэлбэл И, Ө хэсэгчилсэн талбайн алинд нь дангаараа, алинд нь хамтарч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг маргаан бүхий захирамжид ялгамжтай тусгаагүй ч энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн талаар шүүхийн шийдвэрт Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан бичгүүдийг дурдсан, гэвч нэхэмжлэгчтэй адил “А г” ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүйг буруутгахгүй, учир нь төсөл хэрэгжүүлэх түншлэлийн аль нэгэнд нь дээрх байдлаар мэдэгдэл хүргүүлснийг тус тусад нь хүргүүлэх байсан гэж дүгнэх нь хэт өрөөсгөл дүгнэлт болно.
2.Цаг хугацааны хувьд түншлэлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгчээр шалгарах үед буюу 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаал гараагүй байсан ч маргаан бүхий захирамж, шийдвэр гарсан 2018-2019 онд уг тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” мөрдөгдөж байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ журмаар зохицуулсан, маргаанд шууд хамаарал бүхий зохицуулалтыг үндэслэсэн нь зөв.
Анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс хэсэгчилсэн талбайд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн саналыг авсан нь төсөл хэрэгжүүлэх батламжийг олгох нэг нөхцөл болсон гэдэгтэй маргаангүй, харин ийнхүү батламж авснаас хойш санал авсан иргэдийг хамруулан нийслэлийн Засаг даргатай 3 талт гэрээ байгуулаагүйтэй холбогдуулж шүүхийн шийдвэрт дүгнэлт хийсэн нь буруутгах боломжгүй.
Гурван талт гэрээ байгуулах нь зөвхөн нийслэлийн Засаг даргын үүрэг мэтээр тайлбарлах нь зүйд нийцэхгүй бөгөөд энэхүү гэрээ байгуулагдаагүй нь нэхэмжлэгчийн хувьд аливаа үүрэг хүлээгээгүй гэж дүгнэж үл болно.
Мөн И, Ө хэсэгчилсэн талбайд өөр компаниудад зөвшөөрөл олгож барилга баригдсан талаар давж заалдах гомдолд дурдсан, энэ талаар “…шүүхийн шийдвэр нь өөрөө заавал биелэгдэх шинжийг агуулах бөгөөд төслийн талбайд бусад иргэн, хуулийн этгээд барилга байгууламж барьж төсөл хэрэгжих боломжгүй болсон… нь баримтаар нотлогдож байна…” гэж шийдвэрт дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН