Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01881

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар магадлалтай,

А.Э-ын нэхэмжлэлтэй

МҮОНРТ-ид холбогдох, 

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б689 тоот тушаалаар А.Э- намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Гэвч МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилох тухай Б/727 тоот тушаал дахин гаргаж өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон. Улмаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/727 тоот тушаалаар томилогдсон өдрөөс сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь намайг ажилд томилсон тушаал хоёр удаа гаргасан ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сүлжээний нэвтрүүлэг олгоогүй, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, өрөө гаргаж өгөөгүйгээс гадна, компьютер, сурвалжлагын аппарат хэрэгслээр хангаагүй. Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т заасны дагуу иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Э-ыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн. А.Э- нь Монголын мэдээ агентлагт тоймчийн ажил эрхэлдэг болсон. Тийнхүү эрхэлж байхдаа зөвхөн радиогийн мэдээтэй холбоотой тоймч хийж байгаад ажлаас халагдсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1506 тоот шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж 9.972.900 төгрөгийн олговор олгохоор болсон. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар түүнийг Хурд агентлагийн (радиогийн) тоймчийн ажилд томилж, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон. Гэтэл А.Э- нь нэг ч удаа телевизийн мэдээ бэлдэж байгаагүй, туршлагагүй атлаа заавал Монголын  мэдээ агентлагт  (телевизийн)  тоймчоор  орно, хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гээд ажилдаа ирэхгүй байсан тул ажил олгогчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А.Э-ыг Монголын мэдээ агентлагт томилсон. Гэтэл тийнхүү томилсон цагаас А.Э- нь мөн ажилдаа ирэхгүй, гүйцэтгэхгүй байсан учир ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Мөн дээрх шүүхийн шийдвэрээр А.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгээгүй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалд ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс хойш А.Э- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд А.Э-ын   нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ыг МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Шуурхай мэдээний албаны тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч МҮОНРТ-ээс 2.092.425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч МҮОНРТ-эд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48.429 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 26.384 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 90.662 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх “...байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгджээ. Энэ нөхцөлд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргийг хүлээнэ” гэж мөн магадлалд “байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн байх тул ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй” гэж тус тус дүгнэсэн нь хуульд байхгүй зохицуулалт хэрэглэсэн буюу хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт байхгүй байхад “үүрэгтэй” гэж хэрэглэх ёсгүй хууль хэрэглэжээ. Мөн эдгээр дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Учир нь 2017 оны 3 сарын 24-ний өдөр хийгдсэн байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлт нь А.Э- болон МҮОНРТ нарын хооронд 2015 оны 6 сарын 22-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орохуйцаар хийгдээгүй. Өөрөөр хэлбэл тус хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогч нь МҮОНРТ хэвээр, нэгжийн нэр нь “Олон нийтийн телевизийн 2 дугаар суваг” гэж хэвээр, албан тушаалын нэр нь “тоймч” хэвээр байх бөгөөд гэрээний бусад аливаа заалт ч хэвээр үйлчлэхээр буюу бүтцийн өөрчлөлтийн улмаас аливаа нэмэлт, өөрчлөлт орох шаардлагагүй байсан. Ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, эсхүл шинээр дахин батлах ямар ч бодит нөхцөл, шаардлага үүсээгүй байхад тус хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй гэж дүгнэснээрээ шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэжээ. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлт нь ажилтны хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах нөхцөл үүсгэсэн тохиолдолд л тийнхүү өөрчилдөг болохоос шаардлагагүй байхад дахин дахин цаас үйлдвэрлэх шаардлагагүй юм. Түүнчлэн 2015 оны 6 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж ажилд эгүүлэн томилсон учраас тус тушаал нь хүчин төгөлдөр бус болсон тул үр дагаварт нь хөдөлмөрийн гэрээний үйлчлэл сэргэсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. А.Э- нь анх МҮОНРТ-ийн радиогийн мэдээний Хурд агентлагт тоймчийн ажил эрхэлж байгаад 2015 оны радио болон телевизийн мэдээний нэгжүүдийг нэгтгэсэн бүтцийн өөрчлөлтөөр Монголын мэдээ сувагт радиогийн тоймчоор ажиллаж байхдаа 2016 оны 3 сард сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын байранд танхайрсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр тухайн үеийн удирдлага ажлаас нь халжээ. Улмаар А.Э-ыг ажилд эргүүлэн томилох тухай 2017 оны 5 сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр гарахаас 2 сарын өмнө МҮОНРТ дахин бүтцийн өөрчлөлг хийж радио болон телевизийн мэдээг салгасан байсан тул А.Э-ыг ажилд нь эгүүлэн томилохдоо хуучин эрхэлж байсан ажлыг нь хийлгэх нь зүйтэй гэж үзэж радиогийн Хурд агентлагт томилсон боловч тэрээр гэрээгээ байгуулахгүй, заавал телевизийн мэдээ бэлддэг Монголын мэдээд ажиллана гэж хэрүүл хийж, өрөөнийхөө бусад ажилтнуудын ажлыг хийлгэхгүй байсан тул дахин тушаал гаргаж МОНТ-д тоймчоор ажилд авсан. Ийнхүү томилсон ажлын байр нь 2015 оны 6 сарын 22-ны хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан албан тушаал нь мөн бөгөөд ажиллаж буй байгууллага, нэгж, ажлын байр нь хэвээр учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн МҮОНРТ нь ажилд нь эгүүлэн томилж буюу радиогийн тоймчоор авах тушаал гаргаж, улмаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс гарын үсэг зурж, А.Э-д өгснийг нэхэмжлэл гаргахдаа хавсарган шүүхэд өгснөөр нотлогдоно. Өөрөөр хэлбэл ажил олгогч үүргээ гүйцэтгэсэн боловч А.Э- зоргоор аашилж, хэрүүл тэмцэл хийсээр өдийг хүрсэн юм. А.Э-ыг ажилд авсан тушаал гаргамагц тэрээр тоймчдын өрөөнд байх өөрийн ширээн дээр сууж тоймоо бэлдэх үүрэг хүлээх боловч ажилдаа ирэхгүй, ирсэн үедээ хэрүүл тэмцэл хийх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахаас өөр зүйл хийхгүй байсаар сар орчим болсон тул ажил олгогч ажлаас нь дахин халсан. Шүүх дээр дурдсан бодит үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэхгүй, үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй тогтоол гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            МҮОНРТ-ид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 дугаар шийдвэрийг хариуцагч МҮОНРТ- биелүүлж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/727 тоот тушаалаар нэхэмжлэгч А.Э-ыг Монголын мэдээ сувгийн Шуурхай мэдээний албаны  тоймчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

            Үүний дараа МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/66 тоот тушаалаар А.Э-ыг “сүлжээт нэвтрүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан” шалтгаанаар ажлаас халжээ.

            Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.

            МҮОНРТ-, А.Э-ыг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан хэдий ч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажил эрхлэх боломжоор хангаагүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

            Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээх бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээндээ ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй тул   “ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халах хууль зүйн боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            А.Э- ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдох хугацаанд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/40 тоот тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан учир хөдөлмөрийн гэрэг шинээр байгуулах шаардлагатай ба энэ ч утгаар гэрээний саналыг ажил олгогч, ажилтанд хүргүүлж байсан нь тогтоогдсон байна.

            Дээр дурдснаар “А.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48.430 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ