Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 490

 

А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч А.Т,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлоор А.Төд холбогдох 201526012488 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          А овогт  А.Т, 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ...................... тоотод оршин суух,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлсэн,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 197 дугаар шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тийн эдлэх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад,

          Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 42 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: .................../,

          1. А.Т нь 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчиний 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Г-гийн монгол гэрийн хаалганы цоожийг, автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн, эвдэн нэвтэрч, 43 инчийн “Samsung” загварын LCD зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2. 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2016 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянсоёмбо” хотхоны 65А байрны доод талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Г-ын эзэмшлийн 98-84 УНЭ улсын дугаартай “Toyota spacio” загварын автомашины баруун хойд талын салхины шилийг хагалан нэвтэрч гоо сайхны бараа, бүтээгдэхүүн, автомашины аккумлятор, автомашины МР3 тоглуулагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.507.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 2 дугаар гудамж 158 тоотод оршин суух иргэн М.Б-н монгол гэрийн цоожийг автомашины дугуйны дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч “Acer” загварын суурин компьютер, тоос сорогч, индукцийн плетка, пүүз, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Согоотын задгай тоотод оршин суух иргэн Г.Д-гийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч “Samsung S2” загварын гар утас, 43 инчийн “Samsung” загварын LCD зурагт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доод салхитын 8 дугаар гудамжны 130А тоотод оршин суух иргэн Б.Э-ын байшингийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч 47 инчийн “LG” загварын LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          6. 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Б-ын эзэмшлийн “Ихэр уудам” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч архи, виски, шоколад, бэлнээр 140.000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 640.500 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Б-ийн эзэмшлийн зурагчин, каноны үйл ажиллагаа явуулдаг газарт нэвтэрч “Nikon” загварын гэрэл зургийн аппарат, 8 ширхэг флаш диск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр машин механизм ашиглан Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суух иргэн М.М-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч 47 инчийн “LG” загварын 3D Led зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 49 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух иргэн Д.Б-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Panasonic” загварын 32 инчийн Led зурагт, “Dell” загварын компьютерийн процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600.000 төгрөгийн хохирол,

          10. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух Д.С-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Toshiba” загварын 32 инчийн Led зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 98 дугаар цэцэрлэгийн захирлын өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч иргэн Э.Д-ийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. 2016 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар такси транспорт” ХХК-ийн техникийн өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч, ширээн дээр байсан иргэн Б.Г-ын эзэмшлийн “Sony Вайсо” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 500.000 төгрөгийн хохирол, иргэн Н.Олзбаатарын эзэмшлийн Dell” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан, 

          13. 2016 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн голын эцэст байрлах иргэн Ш.Г-ын эзэмшлийн “Оргил од” хүнсний дэлгүүрийн арын хаалгаар нэвтэрч бэлнээр 621.400 төгрөг, 599.000 төгрөгийн нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.221.300 төгрөгийн хохирол учруулсан,

          14. 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал овооны 15 дугаар гудамжны 7 тоотод байрлах иргэн Б.М-ийн эзэмшлийн “Агар” хүнсний дэлгүүррийн вакум цонхыг түлхэн нэвтэрч тамхи, архи, “HP” загварын зөөврийн компьютер, “Iрhone 4” загварын гар утас, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.610.100 төгрөгийн хохирол учруулсан,

          15. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 1 дүгээр гудамжны 13а тоотод оршин суух иргэн Ж.О-ын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч орж 32 инчийн “Mogul” загварын зурагт, архи, бугуйн цаг, мөнгөн аяга, бөгж зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 6.968.000 төгрөгийн хохирол учруулсан,

          16. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 96 дугаар гудамжны 31б тоотод оршин суух иргэн Г.Ш-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч “Samsung” загварын 48 инчийн Led зурагтыг хулгайлж 1.600.0000 төгрөгийн хохирол учруулсан,

          17. 2013 оны 12 дугаар 31-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэрэндоржийн гудамж, Улсын их дэлгүүрийн урд талын тус зам дагуу байрлуулсан Х.Б-ийн эзэмшлийн 50-05 УБО улсын дугаартай, “Toyota Land criuser 200” загварын автомашины зүүн талын хойд хаалганы салхины том шилийг хагалж, бэлэн 24.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 24.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          18. Яллагдагч Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны 245 тоотод оршин суух иргэн С.Н-н байшингийн вакум цонхийг түлхэн нэвтэрч бэлнээр 17.000.000 төгрөг, 100 ам.доллар, хяналтын камерын бичигч төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан, буюу нийт 18 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 64.521.462 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цагдан хоригдсон байхдаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ШШГЕГ-ын харъяа цагдан хорин 461 дүгээр ангиас түр хугацаагаар авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах үед 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн, оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Төд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Төд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

          Бариултай, эвхдэг мөрлөгчтэй, дурантай ПС-77.177 загварын хийн буу 1 ширхэг, бариултай хийн боллонтой ППК-ЭС загварын хийн гар буу 1 ширхэг, хийн боллон 1 ширхэг, ууттай чихэвч 2 ширхэг, дугуй бай 1 ширхэг, цифертэй бай 3 ширхэг, ууттай дагалдах 11 хэрэгслийг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 43 инчийн “Samsung” загварын, LCD зурагт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

          Шүүгдэгч А.Төд холбогдох  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Тийн урьдчилан цагдан хоригдсон 627 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А.Төөс 5 жилийн хугацаанд 49.040.281 төгрөг гаргуулж,

          хохирогч Б.Г-д 1.110.000 төгрөг, Д.Г-д 1.557.000 төгрөг, М.Б-д 1.090.000 төгрөг, Г.Д-д 80.000 төгрөг, Б.Э-д 800.000  төгрөг, А.Б-д 366.000 төгрөг, Д.Б-т 288.000 төгрөг, Д.С-д 350.000 төгрөг, Д.Ба-д 600.000 төгрөг, Э.Д-д 845.000 төгрөг, Н.О-т 450.000 төгрөг, Б.Г-т 500.000 төгрөг, Ш.Га-т 1.221.300 төгрөг, Б.М-д 1.610.000 төгрөг, Ж.О-д 6.983.000 төгрөг, Г.Ш-т 1.680.000 төгрөг, С.Н-д 3.679.781 төгрөг, Х.Бд 24.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.А-д 250.000 төгрөг, Б.Б-д 315.100 төгрөг, Н.А-т 300.000 төгрөг, Д.Б-д 165.000 төгрөг тус тус олгох,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 76-65 УНМ улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Л-д буцаан олгож, уг тээврийн хэрэслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Төөс гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 24-86 УНИ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хохирогч С.Нэргүйд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, А.Тийн эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, мөн хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Би 18 удаагийн үйлдлээр, нийт 64.521.462 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. Мөн зарим хохирогч нарт эд зүйлийг нь буцааж өгсөн.

          Би хохирогч Ж.О-ын гэрээс 32 инчийн “Могул” загварын зурагт, 1 ширхэг мөнгөн аягатай авсан. Гэтэл хохирогч өөр олон эд зүйлс байсан гэж 6.968.000 төгрөг нэхэмжилж байгааг, мөн хохирогч Д.Б-ийн ажлын байрнаас “Nikon” загварын зургийн аппарат 1 ширхэгийг хулгайлж авсан. Гэтэл хохирогч өөр эд зүйл байсан гэж 288.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Би 2014 оны 6 дугаар сард Хан-Уул дүүрэг, Баянмонгол хорооллын доорх зогсоолд зогсож байсан хар өнгийн, “Land-200” загварын автомашины цонхыг хагалж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэх хийн бууг авсан. Гэтэл уг газрыг мөрдөгчид зааж өгөхдөө андуурч, улмаар хохирогч нь олдоогүй. Иймд уг газрыг зааж өгч, хохирогчид эд зүйлийг нь хүлээлгэж өгөх хүсэлтэй байна. Энэ талаар прокурорт хэлсэн боловч хүлээж аваагүй.

            Хохирогч нарын хохирлын тооцоо нь нийт 48.940.281 төгрөг болдог ба 100.000 төгрөгөөр зөрдөг. Би зарим хохирогч нарын эд зүйлийг буцааж өгсөн, харин зарим хохирогч нар огт байгаагүй зүйлс нэхэмжилж байна. Гэтэл энэ бүгдийг шалгалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Иргэний нэхэмжлэгч Д.Б-д гаргуулахаар заасан 165.000 төгрөгийг  миний эх Ариунаа нь мөрдөгч, ахлах дэслэгч Б.Б-д өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй.

          Иргэний нэхэмжлэгч Х.А нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж надаас эд зүйл авдаг байсан. Гэтэл түүнд 250.000 төгрөг нөхөн төл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

          Би хохирогч Б.Э-ын гэрээс 47 инчийн “LG” загварын зурагт хулгайлж, уг эд зүйлийг эзэнд нь буцааж өгсөн, ба хохирогч эд зүйлээ хүлээн авсан гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл тогтоолд уг мөнгийг гаргуулахаар заасныг зөвшөөрөхгүй.

          Би Г.Э-тэй бүлэглэн С.Н-н гэрээс бэлэн мөнгө авч 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн хэргийг үйлдэх үед би машинд хүн харж, Г.Эрдэнэпүрэв уг айл руу орсон ба гарч ирээд надад бэлэн 5.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгөн дээр би хохирогч О, Б.Г , Г.Ш , Д.Б  нарын эд зүйлсийг зарж цуглуулсан 6.000.000 төгрөгийг нэмээд нийт 11.000.000 төгрөгөөр “Toyota prius 20” загварын автомашиныг авсан. Гэтэл уг машиныг 9.990.000 төгрөгөөр бодож, хохирогч С.Нэргүйн хохиролд тооцож өгсөн. Мөн намайг Г.Э-тэй 17.349.562 төгрөгийг хувааж төлөх ёстой. Гэтэл надаас 13.669.781 төгрөг, Г.Э-ээс 3.679.781  төгрөг гаргуулахаар заасан байна.  

          Би 2013 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ломбарднаас 50 ширхэг зөөврийн компьютер, 40 ширхэг алт монетан эдлэл мөн бэлэн мөнгө, 30 ширхэг гар утас зэргийг хулгайлаад таньдаг ахдаа өгч байсан. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд прокурор Ц.Г-д болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч анхаарч үзээгүй. Энэ хэрэг одоо Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар тасаг, мөрдөгч О дээр шалгагдаж байгаа. Гэтэл намайг 2-6 өөр шийтгэх тогтоолоор яллаж эрх зүйн байдлыг минь дордуулах гэж байна.

          Би өөрийн үйлдсэн хулгайн 30 үйлдэлдээ шалгуулах хүсэлт удаа дараа бичгээр гаргаж байсан боловч анхаарч үзэхгүй байсаар 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр прокурор Ц.Г , мөрдөгч Б.Б нар ирж, байцаалт аваад, зам шалгалтаар авч явсан ба уг шалгалтаар би доорхи хэргүүдийг зааж өгсөн.

          Үүнд: 2016 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн цонхоор орж 1 ширхэг зөөврийн компьютер, 2.000.000 төгрөг хулгайлсан.

          2013 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст харъяалагдах “Ирт-Инвест” ХХК-ийн 1 давхарын цонхоор орж, гадаад мөнгө авсан ба уг мөнгийг солиулахад 18.000.000 төгрөг болж байсан. Уг газарт миний найз А ажилладаг байсан ба надад ажилчдад тавих цалин байгаа гэж хэлж байсан. Зам шалгалтаар очиход цонх, хөшиж хугалсан цонхны төмөр хамгаалалт гэх зэрэг бүх зүйл хэвээрээ байсан.  

          2015 оны 12 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах “Олимп хотхон”-ны орцны үүдэнд зогсож байсан, цагаан өнгийн “Land 200” загварын автомашины цонхыг хагалж, бэлнээр 3.500.000 төгрөг хулгайлсан. Уг хэрэг дээр намайг харсан гэрч байдаг ба би энэ хэрэг дээр байцаалт өгч байсан.

          2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийн цонхоор орж, 2 ширхэг компьютер, 1 ширхэг зөөврийн компьютер, бэлнээр 1.000.000 төгрөг авсан.

          2013 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Гэрэлт” төвийн урд талын байрны подвальд байрлах ломбардны цонхоор орж алт, монет, утас, бэлэн мөнгө хулгайлж авсан. Зам шалгалтаар очиход өөр хүмүүс байсан ба өмнө нь хулгай орж байсан талаар хэлдэг.

          2013 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүрэгт байрлах “Авто үнэлгээ” гэх газрын цонхоор орж сейф, 2 ширхэг зургийн аппарат, 1 ширхэг зөөврийн компьютер авсан. Уг сейфийг эвдлэхэд 13.000.000 төгрөг гарч ирсэн. Одоо тэр сейфийг хаана байгаа газрыг мэдэж байгаа.

           Би одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хулгайн 6 үйлдэл, Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хулгайн 1 үйлдэл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хулгайн 2 үйлдэл, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хулгайн 1 хэрэг дээр тус тус шалгагдаж байгаа. Иймд дээрх хэргүүдийг нэгтгэж, нэг мөр шийдүүлж, мөн илрээгүй байгаа хулгайн хэргүүдээ ч нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

          Мөн хохирогч Ж.О, Д.Б нарын хохирлыг үнэн зөв гаргуулах, хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Б нарын эд зүйлийг өгсөн байхад хохирол нэхэмжилж байна. Мөн С.Н-н хохирлыг Г.Э-тэй тэнцүү хувааж төлөх,  24-86 УНИ улсын дугаартай автомашин авсан гэх 6.000.000 төгрөгийг хохирогч нарт олгуулах хүсэлтэй байна. Хохирлын үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ нь ойлгомжгүй, зөрүүтэй байх тул дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд би хэргүүдээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байх ба өөр өөр шийтгэх тогтоолоор яллуулж миний эрх зүйн байдал дордохоос маш их айж байна ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.Т нь хохирогч Ж.О-ын гэрээс “1 зурагт хулгайлсан, бусад эд зүйлийг би мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Хохирогчоос 3 удаа мэдүүлэг авсан. Хохирогч нь ямар нэгэн эргэлзээ бүхий зөрсөн мэдүүлэг өгдөггүй, тогтвортой мэдүүлэг өгдөг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Энэ камерын бичлэгт шүүгдэгч А.Т хохирогч Ж.О-ын гэр лүү нийт 3 удаа орж, гарсан байдаг. Анх зурагт аваад гардаг, дараа нь хатуу эд зүйл аваад гарч байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байдаг. Мөн эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ж.О-ын гэрээс алдагдсан эд зүйлүүдийн үнэлгээ нотлогдон тогтоогддог.

          Д.Б-ийн ажлын байрнаас “Nikon” загварын зургийн аппарат 1 ширхэгийг хулгайлж  аваад Сансарын түнээлд байрлах авто ломбардад тавьсан. Түүнийг хураан авч Д.Б-т эргүүлэн өгсөн.  

          Хийн буу алдагдсан газрыг би буруу газар зааж өгсөн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс алдагдсан гэтэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авсан гэж шалгасанд гомдолтой байна гэсэн. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Энэ хийн гар бууг хаанаас хэрхэн авсан бэ гэхэд шүүгдэгч А.Ттэй хамт ажиллаж байсан гэх хүн “А.Т намайг түр хадгалж бай гэж өгсөн. Үүнийг би цагдаагийн байгууллагаар хураалгаж байна” гэж авчирч өгсөн. Энэ дагуу холбогдох шалгалтыг хийхэд шүүгдэгч А.Т “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж авсан” гэж мэдүүлдэг. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс рүү албан бичиг явуулсан. Албан бичгийн дагуу “Toyota Land criuser 80” загварын автомашинаас хийн буу алдагдсан талаар ямар нэгэн гомдол авагдаагүй. Энэ талаар ямар нэгэн хэрэг нээж шалгагдаагүй байна гэсэн албан бичиг ирсэн. Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг хоорондоо хил хязгаарын хувьд тусдаа хол оршдог байтал үүнийг шүүгдэгч А.Т “би үүнийг Хан-Уул дүүргээс авсан” гэдэг тайлбар өгч байсан.

            Хохирогч Б.Э-ын гэрээс 47 инчийн “LG” загварын зурагтыг шүүгдэгч А.Т М гэж хүнд зарсан. М нь 350.000 төгрөгөөр худалдаж аваад, гэр рүүгээ харих замдаа таксины жолоочид 400.000 төгрөгөөр зарсан болох нь тогтоогддог. Шүүгдэгч А.Т “би энэ зурагтыг би хүлээлгэж өгсөн” гэж ярьж байна гэхээр, шүүгдэгч А.Т 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрээс иргэн М-ийн гэрээс 47 инчийн, “LG” загварын зурагт буюу яг адилхан загварын зурагт хулгайлсан үйлдэл байдаг. Энэ зурагтыг хурааж авч, иргэн Мөнхцэцэгт буцааж өгсөн.   

          Хохирогч С.Н-н гэрээс 17.000.000 төгрөгийг хулгайлсан үйлдлийг шүүгдэгч А.Т “би энэ хэргийг ганцаараа үйлдсэн” гэж мэдүүлдэг. Энэ хэрэг шүүгдэгч А.Төд холбогдуулан шалгаж байх явцад буюу хэрэг шүүхэд ирсний дараа “Э-тэй хамтран үйлдсэн” гэж ярьж, хэргийг мөрдөн байцаалтад буцаж шалгахад, Э шүүгдэгч А.Ттэй бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогддог. Энэ хэргийг тусгаарлан шалгахад Эрдэнэпүрэв Хан-Уул дүүргийн прокурорын газарт 25 удаагийн үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгагдаж байгаа. Иймд Э-ийн үйлдлийг тусгаарлаж, энэ үйлдэлд нь шүүгдэгч А.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Эрдэнэпүрэвээс хэдэн төгрөг авсан талаар маш олон эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Хохирогч С.Н-н гэрээс хулгайлж авсан мөнгөөр 24-86 УНИ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашиныг худалдаж авсан байдаг. Энэ автомашиныг битүүмжлэн хохирогч С.Н-д буцаан олгосон шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

          Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ломбардаас хулгай хийсэн гэдэг асуудал урьдчилсан хэлэлцүүлгийн үед яригддаг. Энэ үед шүүгдэгч А.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2018 оны 1 дүгээр сард гадуур байсан. Энэ үед Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст О байцаагчид байцаалт өгч, тэр байцаалтаа урьдчилсан хэлэлцүүлэгт авчирч “би энэ хэргийг үйлдсэн” гэж ямар ч нотлох баримтгүйгээр гаргасан мэдүүлэг байдаг.  Энэ асуудлыг тодруулахаар  Баянгол дүүргийн прокурорын газарт албан тоот явуулахад “А.Т нь дээрх хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгагдаагүй” гэж албан бичиг ирсэн. Мөн шүүгдэгч А.Т “надад нийт 20 үйлдэл байна, 30 үйлдэл байна, би үүнийг шалгуулмаар байна гэж удаа дараа прокурорт хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу газар дээр нь мэдүүлэг авсан. Мөн шалгалтаар авч явсан. Нийт 12 үйлдэл заасан байдаг. Энэ 12 үйлдэл нь бүгд 2013 оны үйлдлүүд байдаг. Шүүгдэгч А.Т 2011 оноос хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 2011 оноос 2015 онуудад хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр суллагдаж, 2015 оны 11 дүгээр сарын 20-оос эхлэн дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргүүдийг шалгах явцад холбогдох газруудаас асууж, лавлахад манайд хулгайн үйлдэл гарч байгаагүй гэсэн тайлбар байдаг. Мөн цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн үү гэсэн албан бичиг явуулсан. Энэ албан бичгийг дагуу цагдаагийн байгууллагаас А.Т нь гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг нь тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Тийн хувьд энэ хэрэг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн холбогдуулан шалгаж байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нийт 4 удаа авсан. 2016 оны 7 дугаар сараас цагдан хориод мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан. Энэ хугацаанд үйлдлүүд гаргадаг. Энэ үйлдлүүдийг нь шалгаж зарим нь тогтоогдсон. Ингээд нийт 18 үйлдэл хийсэн байна гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч А.Т эрүүгийн төлөөлөгч нартай харилцаа холбоотой. Эрүүгийн төлөөлөгч нараас байнга хэрэг авдаг гэдэг байдал тогтоогддог. Цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзах болгонд эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд байж байдаг. Танайд А.Т гэдэг хүн шалгагдаж байгаа юм байна ямар үйлдэлтэй юм гэж холбогдуулан шалгахаар, энэ нь зөвхөн А.Тийн мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Оргон зайлсан үйлдлийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

                                                ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

          А.Т нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 18 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 64.521.462 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цагдан хоригдсон байхдаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ШШГЕГ-ын харъяа цагдан хорин 461 дүгээр ангиас түр хугацаагаар авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах үед 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Г /1хх-25/, Ц.Г /1хх-109/, М.Б /2хх-7/, Г.До /2хх-101-102/, Б.Э  /2хх-127-128/, А.Б /2хх-181-182/, Д.Б /2хх-184-185/, Д.Б /3хх-104-105/, Д.С /3хх-107-108/, Э.Д /4хх-58/, Н.О /4хх-106-107/, Б.Г /4хх-108-109/, Ш.Г /4хх-166-167/, Б.М /4хх-199/, Ж.О /5хх-4-6/, Г.Ш /5хх-31-32/, Х.Б /8хх-11-12/, С.Н /2хх-50/, гэрч Б.Н /1хх-26/, Ц.Б /2хх-8/, Ц.Б /2хх-9/, Б.М /2хх-130/, О.Б /3хх- 60/, Б.Н /3хх-61/, О.Б /3хх-62/, Г.Б /3хх-110-111/, Л.Х /3хх-59/, Н.Б /4хх110-111/, Х.Ө /4хх-170/, иргэний нэхэмжлэгч Б.Б /1хх-162/, Х.А /1хх-164/, Н.А /2хх-104-105/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Тийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл , эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

А.Төд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй,   Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Прокуророос А.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Анхан шатны шүүхээс А.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн, оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Төд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч А.Төөс “... Анхан шатны шүүхийн надаас гаргуулахаар заасан нэр бүхий хүмүүсийн хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн надад дээрх хэргүүдээс гадна 20 үйлдэл байгаа тул хэргүүдийг нэг мөр шалгуулж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А.Төд холбогдох хэрэг нь 2 удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаж хангалттай ажиллагаа хийгдсэн, дахин шалгавал зохих зүйл илрээгүй, түүнчлэн үйлдэл тус бүрт нь эд зүйлийн үнэлгээний комиссын  дүгнэлт гарч, хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон, анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн хэргийн материалаас түүнийг өөр хэрэг үйлдсэн гэж дахин шалгуулах нөхцөл байдал байхгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН