Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 339

 

А.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 490 дүгээр магадлалтай, А.Т-д холбогдох 201526012488 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Алаг морьт овогт А-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан “Орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглан их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Т гаргасан гомдолдоо “Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа болно. 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар суллагдсанаас хойш 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг үйлдлүүдийг шалгуулахаар мөрдөгч болон прокурор, шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүй байна. Мөн хулгайн 2015 оны 12 дугаар сараас  2016 оны 03 дугаар сар хүртэлх 6 үйлдэл, 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сар хүртэлх 5 үйлдэл, 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 07 дугаар сар хүртэлх 20 үйлдэл, 2018 оны 02 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хулгайн 10 үйлдлүүдийг шалгуулж, энэ хулгайн гэмт хэрэгт нэгтгүүлэх хүсэлтэй байна. Дээрх хулгайн гэмт хэргийг намайг үйлдсэн болохыг нотлох гэрчтэй болно. Тус тусдаа шалгаж ял оногдуулсан тохиолдолд миний эрх зүйн байдал дордоно гэж үзэж байна” гэжээ.  

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А.Т-ийн 18 хулгайн үйлдлээс нэг нь 2013 онд, хоёр нь 2015 онд үйлдэгдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах нь зүйтэй. Иймээс шийтгэх тогтоол, магадлалд энэ талаарх өөрчлөлтийг оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.Т нь 2013 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн хохирогч Б.Г, Д.Г, М.Б, Г.Д, Б.Э, А.Б, Д.Б, М.М, Д.Б, Д.С, Э.Д, Н.О, Б.Г, Ш.Г, Б.М, Ж.О, Г.Ш, Х.Б, С.Н нарын орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болон машин механизм ашиглан эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 64,521,462 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн цагдан хоригдож байхдаа 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангиас түр хугацаагаар авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах үед 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүн байнга амьдрах орон байр болон тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан, цагдан хоригдсон байхдаа оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа ял оногдуулахдаа мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Т-ийн энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэхийг хүссэн 2013 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн гэх 41 удаагийн хулгайн гэмт хэргүүдийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар дурдагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоож, түүнийг нотлогдсон гэж урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгч А.Т-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 490 дүгээр магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 5 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН