Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01899

 

Б.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1585 дугаар магадлалтай,

Б.Ө-ы нэхэмжлэлтэй

ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох, 

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сараас ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16-д даргаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажил авах үед тус төвийн борлуулалтын орлогын төлөвлөгөө хангалттай биелэгддэггүй, хэрэглээний усны нэг хүний хоногийн хэрэглээ батлагдсан хэмжээнээс хэтэрдэг, усны алдагдал өндөртэй, ажлын байрны орчин нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хангалтгүй, нийт ажилтнууд хурал хийх заалгүй байсныг засч сайжруулах, өсгөн нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд дээр дурдагдсан ажлууд бүгд тодорхой түвшинд сайжирсан. Түүнчлэн ажилтнуудад олгодог үр дүнгийн урамшуулал нь тогтмол бага хувиар бодогддог байсныг нэмэгдүүлж хамгийн өндөр хувь болох 40 хувь хүргэсэн. Улмаар ОСНААУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөнүүдийн биелэлтийг тогтмол хангаж, тайлан мэдээг цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх заалтыг удирдлага болгосон боловч бидний хооронд ямар ч харилцан тохиролцоо хийгдээгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 1.821.769 төгрөг, нэг өдрийн 82.807 төгрөгөөр тооцож гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбарт: Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны онцлог шаардлагыг харгалзан ажилчдыг өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ болон хэлцэлд үндэслэн байгууллагадаа өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулдаг ба Б.Ө-тай хөдөлмөрийн гэрээ болон хэлцлээр тохиролцсоны дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар Төв түгээх төвийн ахлах инженерээр ажиллуулахаар тохиролцсон. Иймд Б.Ө- нь ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн төв түгээх төвийн ахлах инженерийн ажлыг өөрөө хийхээс татгалзаж байгаа учир ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу ОСНААУГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаал хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Ө-ыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.626.723 төгрөгийг хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ө-д олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 56.978 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1585 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.626.723 гэснийг 2.266.627 гэж, 3 дахь заалтын 56.978 гэснийг 51.216 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.Ө- нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож ажлын үр дүн, хариуцлага зэргийг харгалзан ажлын байрыг өөрчилж болохоор хөдөлмөрийн гэрээний 1.12.2 дахь заалт болон 2.1.7 заасан ажил олгогч эрх, үүрэгт, 2.2.6 заасан ажилтны эрх үүргээр баталгаажуулан гэрээ хийсэн. Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16-ын дарга байсан Б.Ө-ыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн ажлын байртай холбоотой үүссэн нөхцөл байдал, ажлын үр дүн, шаардлага, хариуцлага зэргийг харгалзан үзэж зөвхөн шилжүүлэн ажиллуулах үүднээс цалин хөлсийг бууруулахгүйгээр тус газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар Төв түгээх төвд ахлах инженерийн ажилд авсан тушаал гаргасан ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлөн ажил, амралтын тооцоог хийх шаардлага байгаагүй гэрээгээр тохирсон хүрээнд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан гам. Гэтэл давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд бичгээр хийсэн хөдөлмөрийн гэрээг авч үзэхгүй, шийдвэрт өөрчлөлт оруулсан. Тус газар нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож дараагийн ажилдаа үргэлжлүүлэн гэрээ байгуулан ажиллах талаар хөдөлмөрийн дотоод журмаар тодорхой заасан байгааг нэхэмжлэгч Б.Ө- нь хамгийн сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлах нь амралтын тооцоо болон холбогдох бусад тооцоо хийгддэг өөр асуудал юм. Тус газар нь хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг тасралтгүй 24 цагийн турш явуулах үүднээс ажилтнуудынхаа сахилга хариуцлага, мэдлэг чадвар, удирдлага зохион байгуулалтыг байнга анхаарч ажиллаж байж, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс ажлын зайлшгүй шаардлага болон ажилтан болон иргэд оршин суугчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зэрэг хойшлуулшгүй үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн дүрмээр олгогдсон эрх, үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хүрээнд тушаал шийдвэрээ гарган ажилласан. Тус газрын дарга /ажил олгогч/, Б.Ө- /ажилтан/ 2-ын хооронд байгуулсан хедөлмерийн гэрээгээр тохиролцсон нөхцлөөр өөр ажилд шилжүүлэн ажиллах шийдвэрт хүрсэн болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх талаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ямар хуулийн аль заалтыг яаж зөрчсөн талаар тодорхой дурьдаагүй шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Ө-ыг ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ө-, ОСНААУГт холбогдуулан тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт, давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлт оруулсан ба магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн даргаар ажиллаж байсан Б.Ө-ыг ажил олгогч 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/353 тоот тушаалаар Төв түгээх төвийн ахлах инженерээр томилжээ.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй ба Б/350 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, байгууллагын дүрмийн 8.3.1-д заасныг үндэслэл болгожээ.

Хуульд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох “талууд харилцан тохиролцсон” нөхцөл нь ажил олгогч болон ажилтны хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, хамтран ярилцаж, урьдчилж тохиролцон, нэг шийдэлд хүрсний  үндсэн дээр ажил олгогч  шийдвэр гаргасан байхыг ойлгох бөгөөд хэргийн баримтаар энэ үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч, нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзахдаа, зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.12.2-т “ажилтныг ажлын үр дүн, шаардлага, хариуцлагыг харгалзан ажлын байрны байршлыг өөрчлөн шилжүүлэн томилох тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтын дагуу “талууд харилцан тохиролцсон” гэж ойлгоно, 2.1.7-д “ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан шилжүүлэн ажиллуулах”, 2.2.6-д “ажлын зайлшгүй шаардлагаар илүү цаг ажиллах, мөн шилжин ажиллах” гэж тус тус заасныг үндэслэж, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34-р зүйлд заасан зохицуулалтаас үзвэл, “ажлын зайлшгүй шаардлага”, “сул зогсолтын үе”, “ажилтны эрүүл мэндийн байдал”-г харгалзан ажилтантай тохиролцож, эсхүл ажил олгогчийн санаачилгаар түр эсхүл бүр өөр ажилд шилжүүлж болдог байна.

ОСНААУГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д “ОСНААУГ нь бүтэц, зохион байгуулалт, өөрчлөлт, ажлын шаардлагаар буюу сул зогсолтын үед ажилтныг өөртэй нь тохиролцсны үндсэн дээр өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно” гэж  мөн заажээ.

Талуудын хооронд үүссэн маргаанд “сул зогсолтын үе”, “ажилтны эрүүл мэндийн байдал” хамааралгүй байна.

Харин ажил олгогч ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажлыг гүйцэтгүүлэхийг шаардах нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан зохицуулалт юм. Уг зохицуулалтын “ажлын зайлшгүй шаардлага” гэдэг нь ажилтнаас өөрөөс шалтгаалах бус, өөр хүчин зүйл тухайлбал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол гэх зэргээс байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгахтай холбоотой байх нөхцөл байна.

Түүнчлэн, ажилтныг зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлж үүрэг гүйцэтгүүлэх нь тодорхой хугацаатай байхаас гадна өмнө эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдах ба хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай.

Хөдөлмөрийн гэрээний 1.12.2-т заасан нөхцөл  нь өмнө эрхэлж байсан албан тушаалыг өөрчлөх бус, түүнтэй адил албан тушаалын зөвхөн ажлын байрны байршлыг өөрчлөх, гэрээний 2.1.7, 2.2.6-д Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “ажлын зайлшгүй шалтгаанаар” түр шилжүүлэх агуулгатай зохицуулалт тусгагджээ.

Дээр дурдснаас үзвэл Б.Ө-ыг Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн даргын албан тушаалаас өөр буюу төв түгээх төвийн ахлах инженерээр  ажиллуулах  хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд зааж буй, Б.Ө-ы ажлын үр дүн, хариуцлага буюу хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлттэй холбоотой шалтгаан нь хууль зүйн хувьд ажилтанг өөр  ажилд шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

Ажилтантай тохиролцохгүйгээр эрхэлж байсан албан тушаалыг, өөр албан тушаалаар сольж, цалин бууруулж байгаа нь ажилтанг ажлаас халсантай адил гэж үзнэ.

Иймд, Б.Ө-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.

Харин ажилгүй байсан хугацааны олговорын хэмжээг анхан шатны шүүх буруу тооцоолсныг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1585 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ