Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01900

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1538 дугаар магадлалтай,

Г.Т-ын нэхэмжлэлтэй

МС- ХХК-д холбогдох, 

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г.Т- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 97 дугаар байрны 501 тоотод байрлах орон сууц болон авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр МС- ХХК болон иргэн Л.Гантөмөр нарын хооронд хийсэн эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан. Могул таун хотхонд нийт 132,91 м.кв орон сууц 15,5 м.кв автозогсоолын хамт 2013 оноос хойш эзэмшиж байгаа. Орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт хүсэлт гаргахад барьцаанд байна. МС- ХХК-иар барьцаагаа чөлөөлүүлж, бүртгэл хийлгэ гэж буцаасан байдаг. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг МС- ХХК гаргаж өгөх үүрэгтэй. Төлбөрийг бүрэн төлсөн. Төлбөрийг хэрхэн төлсөн гэхээр МС- ХХК, Цонх констракшн ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Цонх констракшн ХХК хуванцар цонх, хаалга үйлдвэрлэдэг. Баригдсан барилгын Могул тауны бүх цонхийг нийлүүлсэн. Үүний төлбөрт 5, 6 байрыг бартераар авсан байдаг. Өмнөх байрнуудынх нь гэрчилгээ гарсан ба маргаан үүсээгүй. Цонх констракшн ХХК-ийн захирал Л.Гантөмөр бөгөөд төрсөн хүү Г.Т- юм. Тооцоо нийлье гэхээр 2 тусдаа компани байсан гэж тооцоо нийлдэггүй. Хүчин төгөлдөр гэрээний дагуу Г.Т- өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Анх Л.Гантөмөр нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1В/59 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 97 дугаар байрны 705 тоот 66,55 м.кв 2 өрөө орон сууц, ГГ-8 автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцын нийт үнэ 98.187.500 төгрөг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Цонх констракшн ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн актын дагуу төлбөр бүрэн төлөгдсөн. Гэвч захиалагчийн хүсэлтийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1В/59-н тоот нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр захиалгаар бариулах орон сууцны тоотод өөрчлөлт оруулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 97 дугаар байрны 501 тоот 132,91 м.кв 4 өрөө орон сууц гэж өөрчлөн орон сууцны нийт төлбөрийг 181.137.500 төгрөг болгон 82.950.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дээрх 2 гэрээний захиалагчийн эрх, үүргийг Л.Гантөмөр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1В/59-н дугаар эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Г.Т-т шилжүүлсэн. Манай компани 97 дугаар байрыг 2014 оны эхний улиралд ашиглалтанд оруулж захиалагч нарт түлхүүр хүлээлгэн өгсөн ба захиалагч нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн одоог хүртэл уг байранд амьдарч байгаа. Хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1В/59 дүгээр төлбөр барагдуулсан тодорхойлолтын хувьд уг тодорхойлолтыг нягтлан-бодогч тооцооны алдаа гаргасан тул тодорхойлолт гаргаж өгсөн. Учир нь нэмэлт гэрээгээр орон сууцны хэмжээ, нэмэгдсэнийг анзааралгүй тодорхойлолт гаргаж өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй бөгөөд манай компаниас гаргасан үлдэгдэл төлбөр 82.950.000 төгрөгийг барагдуулах шаардлагыг биелүүлдэггүй. Хэрэв нэхэмжлэгч уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоогдоод, улсын бүртгэлийн гэрчилгээ Г.Т-ын нэр дээр гарсан тохиолдолд манай компани үлдэгдэл төлбөрөө шаардах эрхгүй болж хохирох тул өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1В/59 дүгээр "Захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.1-т "Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа ороц сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих..." гэж тус тус зааснаар өмчлөх эрх шилжих үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УБХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: УБХБ ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн маргаж байгаа 97 дугаар байранд зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Тухайн үед орон сууц 30 хувийн, автозогсоол 95 хувийн гүйцэтгэлтэй ерөнхий гэрчилгээ гарсныг үндэслэж, барьцааны гэрээ байгуулсан. МС- ХХК нь тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Үүний дагуу УБХБ ХХК нь шүүхэд хандаж, зээлийн төлбөр барагдуулах, хэрвээ зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дутуу гүйцэтгэлтэй байсан ба ирээдүйд гүйцэтгэх гүйцэтгэлтэй хамтад нь барьцаалсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны шийдвэрээр МС- ХХК-иас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, хэрвээ төлбөрөө өгөхгүй бол барьцаанд байсан орон сууц болон автозогсоолыг бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. МС- ХХК төлбөрөө төлж дуусаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбар банкинд өгдөг. Энэ утгаараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх боломж үлдсэн байгаа. Тийм учраас өнөөдөр гэрээ байгуулж, орон сууц авсан, өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөх асуудал үүсэх учраас бид уг хөрөнгөнд өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Цонх констракшн ХХК нь 2011 онд 98.000.000 төгрөгийн анхны гэрээний дагуу төлбөр төлсөн нь үнэн, гэхдээ уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлттэй холбоотой үнийн зөрүү гарсан учраас гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй учраас өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж 97 дугаар байрны 501 тоотод байрлах 132.91 м.кв орон сууц болон гг-8 тоот 15,5 м.кв автозогсоолын өмчлөгч Г.Т- мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч МС- ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.221.640 /1.063.640+158.000/ төгрөгийн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.151.440 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1538 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...уг тодорхойлолтыг хариуцагч талаас тооцооны алдаанаас үүдэлтэй буруу гаргасан гэж тайлбарласнаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй” гэж тайлбарласан байна. Гэвч нэхэмжлэгч тал буюу Цонх Констракшн ХХК, Г.Т- нар нь МС- ХХК дээр нэг ч удаа ирж тооцоо нийлж байгаагүй. Олон удаа ирж тооцоо нийл, төлбөрөө барагдуул гэх шаардлага тавьдаг боловч ирдэггүй. Компанийн ажилчдаас нь асуухад захирал гадаадруу явчихсан гэж тайлбар хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаан болтол тооцоогоо нийлье гэх шаардлагыг хэд хэдэн удаа гаргасан боловч огт хүлээж авалгүй байсаар шүүх хуралдааныг хийлгэсэн. Ийнхүү тооцоо нийлсэн нотлох баримт байхгүй тул МС- ХХК-ий нягтлан бодогч Б.Болормааг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж төлбөр тооцоо дутуу нь үнэн болохыг нотлуулахаар хүсэлт гаргасан. Гэвч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар болон хүсэлтийг огт хүлээж аваагүй. Шийдвэрийн үндэслэл болсон “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт” нь МС- ХХК-ийн нягтлан бодогчийн тооцооны алдаа байсан. Хэдий нягтлан бодогчийн алдаагаар төлбөрөө гүйцэд төлж барагдуулаагүй байхад нь төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн ч үүнийг алдаа байсан талаар нотлуулахаар нягтлан бодогч Б.Болормааг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүх хэргийг шийдвэлэхэд үндэслэл болсон нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв болохыг нотлох нь ач холбогдолтой байтал хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар нотлох баримтад тооцогдоно. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байсан. Гэвч давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж тайлбарласан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Т-, хариуцагч  МС- ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамжны 97-501 тоот орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ”...орон сууц, автозогсоолыг  Л.Гантөмөрөөс  эрх шилжүүлэх гэрээгээр авч, улмаар  МС- ХХК-тай  “захиалгаар барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан, төлбөр нь Цонх констракшн ХХК-ийн нийлүүлсэн бараа материалаар төлөгдсөн...” гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, “...төлбөрөөс 82.850.000 төгрөг төлөгдөөгүй...” гэж маргасан байна.

Энэ хэрэгт УБХБ ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “маргааны зүйл болсон орон сууц, автозогсоол нь МС- ХХК-ийн тус банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан” гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан МС- ХХК болон Л.Гантөмөр нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  байгуулагдсан 1В/59 тоот “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “нэмэлт гэрээ” гэрээгээр Л.Гантөмөр нь Хан -Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны 501 тоот 132.91 м.кв 4 өрөө орон сууц болон автомашины зогсоол  бариулахаар захиалж, ажлын хөлсөд 181.137.500 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон нь тогтоогджээ.

Л.Гантөмөр захиралтай Цонх констракшн ХХК, МС- ХХК-ийн барьж буй барилгын бүх цонхыг нийлүүлж, уг худалдсан зүйлийн үнэд 6 орон сууц авахаар тохиролцсоны нэг нь дээрх  орон сууц, автозогсоол болох, түүнчлэн  эдгээр  үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч  2014 онд хүлээн авч, эзэмшиж байгааг зохигч маргаагүй байна.

Л.Гантөмөр, Г.Т-, МС- ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээгээр 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1В/59 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээний үүрэг бүрэн биелснээр захиалагч талын эдлэх эрх, үүргийг Г.Т-т шилжүүлэхээр болжээ.

Уг гэрээнд гэрээний үнийг 100 хувь төлсөн бөгөөд төлбөрийн дүнгээр эрх хүлээн авагч нь МС- ХХК-д  төлбөр төлөхгүй гэдгийг баталж байна гэсэн, улмаар МС- ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээг Г.Т-тай байгуулж, төлбөр барагдуулсан тухай тодорхойлолтыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар тухайн хөрөнгө барьцаанд байгаа гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь тогтоогджээ.

Эдгээр баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу харьцуулан үнэлж, хариуцагчийн “төлбөр бүрэн төлөгдөөгүй” тухай татгалзал үгүйсгэгдсэн гэж дүгнэн Г.Т-ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэх тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. МС- ХХК болон Г.Т- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэйг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Харин Г.Т- орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан атал хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар тодорхойлсон нь оновчтой болоогүй байна.

Иймд дээрх алдааг залруулж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

Маргааны зүйл болсон орон сууц болон автозогсоол УБХБ ХХК-ийн барьцаанд байгаа нь Г.Т-ын өмчлөх эрхийг бүртгэхэд саад болохгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх тус банкинд хэвээр хадгалагдах үр дагавартайг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тооцооны алдаанаас төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт хийж өгснийг нотлуулна” гэж гэрчээр нягтлан бодогч Б.Болормааг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр бүрэн төлөгдснийг дурдснаас гадна орон сууц, автозогсоолын төлбөр нь Цонх констракшн ХХК, МС- ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу  нийлүүлсэн цонхны үнээр төлөгдсөн бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөр бүрэн тооцогдоогүй гэж үзсэн бол энэ талаархи баримтыг гаргаж өгөх бололцоотой байжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1538 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад ”Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ