Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 828

 

Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104/ШШ2017/00019 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Борхүү, Б.Ариунжаргал, Б.Сансартуяа, Б.Ариунцацрал, Б.Өнөр нарт холбогдох

 

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уртнасан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын банкны Багахангай дүүрэг дэх салбар нь 2004 он хүртэл бидний амьдарч байгаа байранд байрладаг байсан. 2004 онд банк татан буугдахад салбарын эрхлэгч Ж.Дайриймаа гэдэг хүнээс байр зарагдах гэж байгаа тухай мэдээд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад салбарын эрхлэгч “С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих” гэж хэлээд “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” /цэнхэр дэвтэр/-г бидэнд эх хувиар нь өгсөн. Үүний дагуу С.Батхүрэл гуайтай утсаар холбогдож өмчлөх эрхээ шилжүүлэн авах талаар хүсэлт тавихад “хүүхдүүд хөдөө байдаг болохоор нэг цуглахаар нь удахгүй шилжүүлж өгье” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Цэнхэр дэвтэр нь эх хувиараа бидэнд хадгалаатай байсныг шүүхэд өгсөн. Бид 2004 оноос хойш энэ байрандаа тогтвор суурьшилтай амьдарч байгаа бөгөөд оршин суугчийн хувьд зохих байгууллагад cap бүрийн төлбөр тооцоогоо хийгээд ямар ч зөрчилгүй аж төрөн амьдарч байгаа. С.Батхүрэл гуайг амьд байх үед эхнэр хүүхдүүдээс нь нэг нь ч байрны асуудлаар ирж уулзаж байгаагүй байж нас барсны дараа биднийг байрнаас гар гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд биднийг энэ орон сууцны шудрага өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх орон сууц нь талийгаач С.Батхүрэл, түүний эхнэр Б.Борхүүхэн, охин Б.Ариунцацрал, Б.Ариунжаргал, Б.Сарантуяа, хүү Б.Өнөр нарын өмчлөлийнх бөгөөд тэд энэ орон сууцыг хэн нэг этгээдэд худалдах талаар ямар нэг санал дэвшүүлж байгаагүй, нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг, түүний талийгаач эхтэй ямар нэг гэрээ байгуулаагүй. Өнөөдрийг хүртэл Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч нарын нэр дээр байгаа. Хэрэв талийгаач С.Батхүрэл уг орон сууцыг 2004 онд бусдад худалдсан бол уг орон сууцны хамтран өмчлөгч болох эхнэр хүүхдээс зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл ийм асуудал болоогүй учраас нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс орон сууцаа гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ хүмүүс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тусдаа шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Цэен-Ойдовын Уртнасан /РД:КЮ91021809/, Цэен-Ойдовын Ууганчимэг /РД:КЮ88042088/ нарыг Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарыг Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот 4 /дөрөв/ өрөө байрны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Налайх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Борхүүхэн нараас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг хариуцагч Б.Борхүүхэн нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104/ШШ2017/00019 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

1. Шүүх ИХШХШТ хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа хариуцагч нарын оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүрэгт амьдардаг болохыг тодорхойлсоор байхад шүүх хэргийн харъяалалыг зөрчиж шийдвэр гаргасан.

2. Шүүх Ц.Ууганчимэг, Ц.Уртнасан нарыг бусдаас эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагч нар болох байрны өмчлөгч нар маргаж буй орон сууцаа хэнд ч худалдаагүй юм.

Нэхэмжлэгч нар уг орон сууцыг Улаанбаатар хотын банкны Багахангай салбар татан буугдахад 500 000 төгрөгөөр худалдан авсан гэдэг боловч нэхэмжлэгч нар Улаанбаатар хотын банк нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байхгүй, мөнгө өгсөн баримт ч байхгүй юм.

Улаанбаатар хотын банк 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/1503 тоотоор Ц.Уртнасангийн гаргасан хүсэлтийн хариунд иргэн Ж.Дайриймаа нь хүсэлт гаргагч нарын хооронд хийгдсэн хэлцлийн талаар банк Ж.Дайриймаагийн өмнөөс тайлбарлах боломжгүй гэсэн талаар хариу өгсөн байгаагаас харахад Улаанбаатар хотын банк Ц.Уртнасан нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байгааг нотолж байна. Хэрэв С.Батхүрэл Улаанбаатар хотын банкинд орон сууцаа худалдсан бол орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатоор гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл авч нотариатоор баталгаажуулсан байх ёстой юм.

Улаанбаатар хотын банк С.Батхүрэл нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй учир нотлох баримт байхгүй юм.

Шүүх нэхэмжлэгч нарыг эрхийн доголдолтой үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж дүгнэн үзсэн.

Тэгвэл Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж заасан байна. Уг орон сууцыг нэхэмжлэгч нар бүртгэлийн газарт бүртгүүлээгүй юм.

Шүүх өмчлөгч С.Батхүрэлтэй нэхэмжлэгчийг утсаар ярьж өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг сольж өгөхийг шаардсан байна гэж үзсэн. С.Батхүрэл болон хамтран өмчлөгч нар Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарыг огт танихгүй бөгөөд утсаар холбогдож байгаагүй. Энэ талаар нотлох баримт байхгүй байхад шүүх шаардаж байсан гэж хийсвэр дүгнэлт хийсэн.

3. Маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор С.Батхүрэлд өмчлүүлж 00911502 дугаартай гэрчилгээ олгож улсын бүртгэлийн 2209000047 дугаарт бүртгэгдэн хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд энэ хэргийн хариуцагч Б.Борхүүхэн, Б.Ариунцацрал, Б.Ариунжаргал, Б.Сансартуяа, Б.Өнөр нар бүртгэгдсэн хэдий ч бодит байдлаар уг орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх үзсэн.

Шүүх уг байрны өмчлөгч нарыг хэн байсныг тодорхойлсон атлаа эзэмшиж ашиглаагүй байна гэж бусдын өмчлөлд шилжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

4. Шүүх С.Батхүрэл өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан гэж ямар ч нотолгоо баримт байхгүй байхад дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Хамтран өмчлөгч нар уг орон сууцыг худалдсан тухай огт мэдээгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

5. Шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг шудрага эзэмшигч гэж үзсэн. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шудрага эзэмшигч гэнэ. Тэгэхээр нэхэмжлэгч нарыг уг орон сууцыг хууль ёсоор эзэмшээгүй гэж үзэж байна.

6. Шүүх Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хуульд болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 ба түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж заасныг шүүх хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.

7. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч нараас шаардах хууль зүйн үндэслэл байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрээ гаргасан.

Нэхэмжлэгч нар уг маргаж буй орон сууцыг 2004 онд худалдаж авсан гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан хугацаанаас хэтэрч нэхэмжлэлээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104/ШШ2017/00019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч Б.Борхүү, Б.Ариунжаргал, Б.Сансартуяа, Б.Ариунцацрал, Б.Өнөр нарт холбогдуулан нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нар Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар тухайн орон сууцыг бусдад худалдаагүй, өмчлөх эрхийг хэн нэг этгээдэд шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх орон сууцыг 2004 онд Улаанбаатар банкны Багахангай салбар татан буугдах үед 500 000 төгрөгөөр худалдан авч өнөөг хүртэл бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарлаж байх боловч уг орон сууцны худалдах эрхтэй этгээд буюу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс худалдан авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, маргааны зүйл болох Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Борхүүхэн, Б.Ариунжаргал, Б.Ариунцацрал, Б.Өнөр, Б.Сансартуяа нар бүртгэлтэй болох нь Багахангай дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №11-834316 дугаартай лавлагаагаар тогдоогдож байна.

/хэргийн 37 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарыг 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууцанд оршин сууж, амьдарч байгаа, бусдаас эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар өмчлөх давуу эрх үүссэн болох нь нотлогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.” гэж заасан ба уг заалт нь өмчлөх эрхийг шилжүүлэх үед тэргүүн ээлжинд давуу эрхийг олж авах гэсэн заалт бөгөөд шууд өмчлөгчөөр тооцох зохицуулалт биш юм. Гэтэл шүүх дээрх заалтыг өмчлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор зохицуулсан байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13 дугаар зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч нараас өөр этгээдэд хэлцлийн үндсэн дээр шилжиж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нар нь эрх бүхий этгээдээс уг орон сууцыг дээрх хуулийн шаардлагын дагуу хэлцэл хийж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчид уг орон сууцыг 500 000 төгрөгөөр худалдсан гэх “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн Багануур дүүргийн салбар /уг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан гэх Ж.Даариймаа/ нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу захиран зарцуулах эрх бүхий этгээд байсан болох нь тогтоогдохгүй байхад шүүх өөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбарласан Ж.Даариймаа, Б.Эрдэнэхорол нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт нь өмчлөгч этгээд өөрийн эрхэд саад болж буй этгээдийн үйлдэл, эс үйлдлийг арилгуулахтай холбоотой шаардах эрхийн зохицуулалт байхад шүүх уг маргаанд хамааруулан хэрэглэснийг хууль буруу тайлбарласан гэж үзнэ.

 

Харин үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргахаар шүүхийн онцгой харъяалалд хамааруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зохицуулсан тул шүүхийн харъяалал зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүлйийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104/ШШ2017/00019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Борхүүхэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                        С.ЭНХТӨР