Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0067

 

 

 

 

 

                   “Б.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: “Б.Ц” ХХК,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Гуравдагч этгээд: “С” сургууль,

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 577 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, С.Э, А.З нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2018/0430/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б.Ц” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 5 дугаар зүйлийн 5.2.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарт холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар захирамжаар “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлсэнтэй холбогдуулан тус хэргийн хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарын эрх залгамжлагчаар Барилга, хот байгуулалтын яамыг томилж” шийдвэрлэсэн.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл “Б.Ц” ХХК болон “С” сургуулийн хоорондын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалтыг явуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудас үндэслэлтэй гарчээ” гэжээ. Бодит байдалд “Б.Ц” ХХК нь “С” сургуультай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлуудаас газар шорооны ажил 100 хувь, цутгамал бетон бүтээцийн ажил 100 хувь, суурийн ажил 100 хувь, өрлөгийн ажил 100 хувь, гадна хөөсөн фасадын ажил 100 хувь, дотор заслын ажил 60 хувь, дээврийн ажил 100 хувь /Гэрээний нэмэлт ажил/, цонхны ажил 50 хувь, дотор цахилгааны ажил 40 хувь, дотор холбоо дохиоллын ажил 50 хувь, гадна пандусны ажил 100 хувь /Гэрээний нэмэлт ажил/, гараашны шалны дулаалгын ажил 100 хувь /Гэрээний нэмэлт ажил/ зэрэг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт ажлын 80 хувийг хийж гүйцэтгэж байсан ба үүнийг ч зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд дурдсан.

            3.2. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компанийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан эрхийн дагуу улсын комисст оролцуулаагүй талаар гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан бөгөөд энэ асуудлаар Мэргэжлийн  хяналтын ерөнхий газарт хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж заасны дагуу Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг томилогдож, ажлын хэсгийн даргаар Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж ажилласан. Гэвч уг ажлын хэсэг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон тухайн үеийн “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын зохих заалтуудыг зөрчиж ажилласан. Өөрөөр хэлбэл, “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, норм дүрэмд нийцсэн эсэхэд хяналт шалгалт явуулаагүй. Мөн “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, “Хот төлөвлөлт барилгажилт” БНбД 30-01-04, “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт” БНбД 32-04-09 норм дүрэм, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөнийг төрийн байгууллагууд тогтоосоор байхад Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д “хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан, эрх бүхий этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагааг хууль тогтоомж, норм дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх үүргээ ажлын хэсэг биелүүлээгүй, ажлын хэсэг дүгнэлтээ гаргалгүйгээр ажлаа зогсоож, “С” сургуульд давуу байдал үүсгэсэн.

3.3. Ажлын хэсэг хяналт шалгалтын дүнг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудсаар гаргасан гэдэг боловч илтгэх хуудсаа гаргахаас өмнө урьдчилаад хариу явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” заасныг зөрчсөн. Үүнийг томьёолбол 

Д/Д

Хэнд

Огноо

Утга

1.

ХЗДХ-ийн сайд

2017.12.15

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

2.

МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх

2017.12.25

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

3.

“Б.Ц” ХХК

2017.12.27

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

4.

Илтгэх хуудас

2017.12.28

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

5.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2018.01.08

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

6.

МУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх

2018.03.07

“С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй байна.

 

3.4. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т удирдамжид тусгагдах зүйлсийн жагсаалтыг баталсан ба 5.2.2-т “шалгалтын зорилго, үндэслэл”, 5².3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан ажлын хүрээнд хийнэ” гэж тус тус заасан. Удирдамжаар “Б.Ц” ХХК-ийн захирал Б.Бийн өргөдөлд дурдсан асуудлаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний архивын газраас албан бичгээр ирүүлсэн баримт, бичиг материалуудад үндэслэн шалгаж, тайлбар, тодруулга гаргах зорилготой хийгдсэн бөгөөд зорилгодоо нийцжээ. Дээрх ажиллагааг хийсний үндсэн дээр хуулийн этгээдүүдийн хоорондын иргэний эрх зүйн маргаан нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн” гэжээ. Бодит байдалд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагчийн эрх”,  “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ”,  1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”,  2-т “өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах”, 4-д “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах”, 5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”, 7 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг”, 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 2-т “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах”, 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэж заасан.

3.5. Өөрөөр хэлбэл, “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын гишүүдийн хууль бус үйлдлийн талаар Нийслэлийн Засаг даргад удаа дараалан гомдол гаргасан боловч гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй байсан учраас дээд шатны албан тушаалтан Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан бөгөөд гомдлыг хуулийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн. Тийм ч учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан эрх бүхий албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болсон.

3.6. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Улмаар уг хариуг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 дүгээр албан бичгээр өгсөн бөгөөд тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх чиг үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан “эс үйлдэхүй”-г гаргаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг” хэлэх ба энэ тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаас үзвэл Д.Ж нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн асуудлаар дан ганц Д.Жд холбогдуулан эс үйлдэхүй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага ойлгомжгүй гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ. Бодит байдалд “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам зөрчсөнийг төрийн байгууллагууд эхнээсээ тогтоож байна. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Монгол Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, архивын хэрэг хөтлөлтийн улсын ахлах байцаагч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар зэрэг төрийн байгууллагууд “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаа нь зохих хууль дүрэмд нийцээгүйг тогтоосон болон зохих байгууллагууд нь улсын комисст ажилласан албан хаагчдаа алдаа дутагдал гаргасан гэж арга хэмжээ авагдсан. Үүнд:

Д/Д

Хэн, юу?

Тайлбар

Хэн, хаанаас тогтоосон

1.

Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээлгэн өгсөн  “Г.К” ХХК, “С” хооронд сургуулийн байгуулсан гэрээ

“Г.К” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад огт ажиллаж байгаагүй, ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч зуураагүй бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу Барилга угсралтын ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулсан байдаг

МУ-ын ЕПГ-ын 2017.12.07-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”

2.

Барилгын ажлын тэмдэглэл

Хуурамч

МУ-ын ЕПГ-ын 2017.12.07-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”

3.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгыг “Г.К” ХХК-ийг гүйцэтгэгчээр хүлээн авсан нь

Барилгын тухай хуулийн 48.5, 48.7, 48.8 дахь заалтуудтай нийцэхгүй

ХУД-ын ИХАШШ-ийн 2020.04.29-ний өдрийн

4.

Барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалтыг “Б.Ц” ХХК-ийн нэр дээр хийсэн нь

Хууль бус болох

ЗХДЗШШ-ийн 2018.12.28-ны өдрийн 610 дугаартай магадлал, МУДШ-ийн 2019.02.25-ны өдрийн 55 дугаартай тогтоол

5.

Байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актыг баталгаажуулсан нь

Барилгын тухай хуулийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасанд нийцээгүй

НМХГ-ын 2017.03.24-ний  өдрийн албан бичигт дурдсан

6.

“С” сургууль

Өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөөгүй байж сургалтын үйл ажиллагаа явуулж байсан

“Барилгын ашиглалтыг зогсоох тyxaй” мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт /2016.03.03/

7.

Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил далд ажлын тэмдэглэлийн хуулбар хувиар барилгы байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан

Барилгын тухай хуулийн 37.1.1, 37.1.16, 37.1.19, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13.3-4.13.8-д заасан заалтуудад нийцээгүй

Архивын хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн 2017.02.03-ны өдрийн 05/01 дүгээр дүгнэлт

8.

Улсын комисст хэрэглэсэн “Б.Ц” ХХК-ийн инженерийн бичсэн барилгын ажлын тэмдэглэл, ил далд ажлын актууд

СБД-ийн ИХАШШ-д нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болох “Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын тэмдэглэл”-ийг хариуцагч “С” сургуульд хууль бусаар өгч, ажлын хариуцлага алдсан шүүгчийн туслах Н.Ундармаа нь ажлаасаа халагдсан

БЗ, СБ, Чд-ийн ИХАШШТГ-ын 2017.03.16-ны өдрийн 241 дүгээр албан бичиг

9.

СБД-ийн 2-р хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилга бохирын шугам дээр байрласан нь

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.7, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбд-ийн 30.01.04/-ийн 7.10-р заалтын 14-р хүснэгтэд заасан зай хэмжээ болон УСУГ-аас 2013 онд олгосон 60/13 дугаартай техникийн нөхцөлийн 15.3, 2015.05.10-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтийн 2-р хавсралтыг тус тус зөрчсөн

НМХГ-ын 2019.01.15-ны өдрийн 02-03/207 дугаартай албан бичиг

10.

СБД-ийн 2-р хороонд “С” сургуулийн өргөтгөлийн барилга барих нь

Хот байгуулалтын тухай хуулийн 4.1.3, Барилгын тухай хуулийн 9.1.1-д заасан шаардлага болон “Хот төлөвлөлт барилгажилт” БНбд 30-01-04, “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт” БНбд 32-04-09 зэрэг хууль, норм дүрэмтэй нийцээгүй.

НМХГ-ын 2023.05.30-ны өдрийн 02-02/1160 дугаар албан бичиг

11.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн “М.Э” ХХК

Төрийн захиргааны мэргэжлийн байгууллагаас хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байж “С” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн

МУ-ын ЕПГ-ын 2020.03.06-ны өдрийн “Хариу мэдэгдэх” хуудас

12.

АТГ-аас томилогдсон шинжээчийн дүгнэлт

“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, 1.2.2 дахь заалтыг зөрчсөн. “Б.Ц” ХХК нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгад Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн. “Г.К” ХХК-иар “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан нь 2008 оны Барилгын тухай хуулийн 16.6, 16.9, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, 1.2.3 дахь заалтуудыг зөрчсөн. “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.2-т заасныг зөрчсөн.

Шинжээчийн 2021.07.19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлт

3.7. Дээрх төрийн байгууллага, шүүх, прокурорын шийдвэрүүдээс харахад үндсэндээ “төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин авч ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь хууль болон гэрээгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хуулийн 40, 48 дугаар зүйлийг зөрчин байж, “С” сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан, уг үйлдлээрээ “Б.Ц” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хохироосон”, “С” сургуульд давуу байдал олгосон болох нь тогтоогдож байхад Д.Ж эс үйлдэхүй гаргаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил мод байх”, 4.1.3-д “хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх”, 4.1.4.д “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 4.1.5-д “хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх”, 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх”, 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэсэн зарчим зөрчигдсөн төдийгүй мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан.

3.8. Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаас үзвэл Д.Ж нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байтал хяналт шалгалтын илтгэх хуудас гарахаас нэг хоногийн өмнө “Б.Ц” ХХК-д албан бичгээр хариу өгсөн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгийг хуулбарласан нь илт байна.

3.9.  Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 14.1-д заасан эрхийн дагуу гаргасан гомдлыг хүлээн авч 577 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:  

            4.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Тодруулбал, гомдлын 1 дэх хэсэгт “ ... Ажлын хэсэг хяналт шалгалтын ... илтгэх хуудсаар гаргасан гэдэг боловч илтгэх хуудсаа гаргахаас өмнө урьдчилаад дүнг хариу явуулсан байдаг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасныг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй. Иргэн Б.Б нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгатай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хэд хандан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ноос 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1-1/4305 дугаар албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01/275 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг нь холбогдох хяналт шалгалтыг хийж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/275 дугаар “Илтгэх хуудас”-ыг үйлдэн “... эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд иргэний болон эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагаас уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болохыг мэдэгдсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн. Учир нь иргэн Б.Бээс гаргасан өргөдөл, гомдол, шаардлага бүрт “... “Б.Ц” ХХК-тай холбоотой дараахь хэрэг маргаанууд шүүхэд хянан хэлэлцэгдэж байна” гээд эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны талаарх мэдээллийг бичсэн. Нэгэнт иргэн Б.Бийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байхад аливаа төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох эрх байхгүй болох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж, мөн зүйлийн 49.2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “... Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Арбитрын тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд хамаарахгүй” гэж зааснаас тодорхой харагдаж байна.

Мөн 01/275 дугаар илтгэх хуудасны 1 дэх хэсгийн 42-т “иймд ... манай байгууллагаас уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болохыг мэдэгдсэн болно” гэж Б.Бт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн 07/3934 дүгээр албан бичгийн талаар дурдсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, үндэслэлээр хийнэ” гэж, 5².3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.3.11-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар удирдах албан тушаалтанд илтгэх хуудсаар танилцуулж болно”, 11.20-д “Илтгэх хуудас гэж хяналт шалгалтын явц, дүнгийн талаарх санал дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтанд танилцуулах баримт бичиг” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд хяналт шалгалтын хүрээнд ямар ажиллагаа хэрхэн хийсэн, үр дүнг оролцогч нарт хэрхэн мэдэгдсэн талаарх дүгнэлтийг хүргүүлж буй явдал юм. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан урьдчилсан дүгнэлт гаргасан зүйл байхгүй гагцхүү хийгдсэн хяналт шалгалтын ажиллагааны талаар дүгнэж буй тул “Б.Ц” ХХК-д хүргүүлсэн 07/3934 дүгээр албан бичиг нь 01/275 дугаар илтгэх хуудаснаас өмнө хүргэгдэх нь тодорхой.

4.2. Гомдлын 2 дахь хэсэгт “ “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаанд төрийн байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” талаар дурджээ.  Гэвч энэ хэсэгт шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хэрхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй. Иргэн Б.Бээс Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдлыг хуулийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн талаар талууд маргадаггүй бөгөөд анхан шатны шүүхээс үгүйсгээгүй.

4.3. Гомдлын 3 дахь хэсэгт “ ... “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь .... төрийн байгууллагууд эхнээсээ тогтоож байна” гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/340 актыг хууль бус болохыг тогтоож, уг актыг хүчингүй болгож, “Б.Ц” ХХК-ийг Улсын комиссын бүрэлдэхүүнд оролцохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс энэхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газрын дэд бүтцийн дарга нарт холбогдох захиргааны хэрэгт комиссын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд анх хандах болсон гол шалтгаан болох “төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхээ сэргээлгэх” гэх эрх ашгаас зөрүүтэй байдлыг болгож, ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

4.4. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх “... улмаар уг хариуг Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 дүгээр албан бичгээр өгсөн ... эс үйлдэхүйг гаргаагүй байна” гэж дүгнэсэн. Тодруулбал, дээр дурдсанчлан хариуцагч нар нь хуулиар хүлээсэн аливаа үүргээ биелүүлээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан захиргааны акт биш буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул шүүхийн дүгнэлт үнэн зөв.

4.5. Анхан шатны шүүх “... нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн асуудлаар дан ганц Д.Жд холбогдуулан эс үйлдэхүй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага ойлгомжгүй гэсэн ... тайлбар үндэслэлтэй” гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ...” гэж тодорхойлсон. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цгийн баталсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар хяналт шалгалтын удирдамжийн 4-д шалгалтын бүрэлдэхүүн хэсэгт “Хяналт шалгалтыг ... газрын дарга Д.Ж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль зүй, мониторингийн хэлтсийн улсын ахлах байцаагч Д.О ...” гэх нэр бүхий 11 хүнийг дурдаж, энэхүү бүрэлдэхүүн хяналт шалгалтыг явуулж, 01/275 дугаар илтгэх хуудсыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэр бүхий 11 албан тушаалтнаас 1 этгээдэд холбогдуулан гаргасан “Б.Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үнэн зөв үндэслэл бүхий дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны байх”, “үндэслэл бүхий байх” шаардлагуудыг бүрэн хангасан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж 577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:  

            5.1. Ерөнхий боловсролын “С” сургууль нь суралцагчдынхаа сурч боловсрох орчин нөхцөл сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Б.Ц” ХХК-тай байгуулсан боловч “Б.Ц” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13/120, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/125 дугаар албан бичгээр дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Ийнхүү “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Б.Ц” ХХК-иас гэрээг цуцалсан тул 2 компанийн хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02921 дүгээр шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00785 дугаар шийдвэрээр “Б.Ц” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоон шийдвэрлэж байсан.

5.2. “С” сургууль нь 2013.06.07-2013.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг “Б.Ц” ХХК-д шилжүүлсэн бөгөөд 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг “С” сургуулиас авсан талаар “Б.Ц” ХХК маргадаггүй ба эдгээр нь дансны хуулгаар нотлогддог. Харин “Б.Ц” ХХК нь 2013.06.06-2013.10.21-ний өдөр /гэрээ цуцлагдсан өдөр/-ийг хүртэлх хугацаанд нийт 981,834,121 төгрөгийн дүн бүхий ажлыг гүйцэтгэсэн болох одоогийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “С” сургуулийн нэхэмжлэлтэй, “Б.Ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын “С” сургуулийн зүгээс “Б.Ц” ХХК-д 1,199,007,774 төгрөгийн ажлын хөлсийг олгосон боловч “Б.Ц” ХХК нь нийт 981,834,121 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгэж, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь баримтаар тогтоогддог.

5.3. Дээр дурдсанчлан “Б.Ц” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13/120 дугаар мэдэгдлээр ерөнхий боловсролын “С” сургуультай байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “ “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, гэрээ цуцлагдах өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын зардлаасаа илүү санхүүжилтийг авсан атлаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газрын дэд бүтцийн хяналтын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээд захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй. “Б.Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодит байдалд хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж байх тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

2. Давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            2.1. Нэхэмжлэгч “Б.Ц” ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

           2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 677 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

2.3. Улмаар 577 дугаар шийдвэрээр “...  “Б.Ц” ХХК болон “С” сургуулийн хоорондын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалтыг явуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудас үндэслэлтэй, ... хуулийн этгээдүүдийн хоорондын иргэний эрх зүйн маргаан нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь дээр дурдсан хуулийн заалтад нийцсэн, ... 07/3934 дүгээр албан бичгээр өгсөн байх бөгөөд тэрээр өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиг үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй” гэх зэргээр дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

2.4. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд шийдвэрийг хянаад маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, одоогийн үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үлдэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2.5. Тодруулбал, “Б.Ц” ХХК-ийн захирал Б.Б Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гаргасан өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн, улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01/275 дугаар удирдамжийг баталсан, уг удирдамжид “... “Б.Ц” ХХК-ийн захирал Б.Бийн өргөдөлд дурдсан асуудлаар Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль тогтоомж, холбогдох журам, дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийж, тайлбар тодруулга гаргах зорилгын хүрээнд Сүхбаатар дүүрэг 2 дугаар Усны гудамж, “С” сургуулийн өргөтгөлийн барилга улсын комиссын үйл ажиллагааг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний архивын газраас албан бичгээр ирүүлсэн баримт бичиг, материалуудад үндэслэн шалгахаар шийдвэрлэсэн” байна.

2.6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3831 дүгээр албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10478 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017  оны 32 дугаар тогтоолоор “... “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан 2016/340 дүгээр актыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. ... “С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэсэн хариуг өгсөн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 дүгээр албан бичгээр “... улсын байцаагчдын албан шаардлага, дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэр гарсан тул манай байгууллагаас уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэж “Б.Ц” ХХК-д мэдэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудсанд “ ... “С” сургууль “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд иргэний болон эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагаас уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болохыг мэдэгдсэн, ... шаардлагад дурдсан 3 асуудлаар томилогдсон ажлын хэсэг “Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүрээнд хяналт шалгалт хийж, хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон “Б.Ц” ХХК-ийн захирал Б.Б нарт бүрэн хүргүүлж ажилласан” гэжээ.

2.7. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах эрхтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй байна.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 311-д зааснаар “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгох бөгөөд хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын  биелэлтэд хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг байна.

2.8. Дээр дурдсан 01/275 дугаартай илтгэх хуудас,  01/3831, 07/3934 дүгээр албан бичгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, томилогдсон ажлын хэсэг “Б.Ц” ХХК-ийн гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан журмын дагуу бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй, тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар удирдамжид зааснаар “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комисс, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна.

2.9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4-д өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол өргөдлийг хянаж үзэхгүй байхаар хуульчилсан боловч уг маргааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10478 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017  оны 32 дугаар тогтоолоор “Б.Ц” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг холбогдох хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, түүний “ “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

Мөн 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа үйл баримттай талууд маргаагүй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “... уг асуудалд Засгийн газар дээрх хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн, ... хяналт шалгалтыг зогсоогоогүй, харин шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэр байгаа гэх үндэслэлээр зогсоосон гэж үзнэ” гэж мэдэгдсэн байна.

2.10. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар холбогдох байгууллагаас баримтуудыг цуглуулсан ч нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж холбогдох ажиллагааг бүрэн явуулаагүй, гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүй ““С” сургууль, “Б.Ц” ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд Иргэний болон Эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэх байдлаар хариу өгснөөр нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлоо хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэж болохоор байна.

2.11. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын удирдамжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдож байна. Мөн давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.3.11-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар удирдах албан тушаалтанд илтгэх хуудсаар танилцуулж болно”, 11.20-д “Илтгэх хуудас-хяналт шалгалтын явц, дүнгийн талаарх санал дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтанд танилцуулах баримт бичиг” гэж тус тус заасны дагуу уг асуудлыг илтгэх хуудсаар шийдвэрлэж хариу өгснийг буруутгаагүй, харин 01/275 дугаартай удирдамж болон үүнээс өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалд заасан асуудлуудыг бүрэн шалгаагүй, энэ талаар хуульд нийцсэн хариу өгөөгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.12. Одоогийн бодит нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.13. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар захирамжаар “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлсэнтэй холбогдуулан тус хэргийн хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарын эрх залгамжлагчаар Барилга, хот байгуулалтын яамыг томилж” шийдвэрлэсэн бөгөөд “... үүнтэй холбоотойгоор хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэлж байсан ажлын чиг үүргийг хуваарилсан бүтэц орон тоо батлагдаагүй байгаа” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

2.14. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн мөрдөгчийн тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Э, Нийслэлийн Хот стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Ж нар “С” сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад оруулах комисс хуулийн хүрээнд ажилласан эсэхэд магадлан шинжилгээ хийгээд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “С” сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хуулийн хүрээнд байгуулагдан ажилласан эсэх, барилгыг 2016/340 дугаартай актаар хүлээн авахдаа “Г.К” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр оролцуулсан нь холбогдох хууль, дүрэмд нийцсэн эсэх, “Б.Ц” ХХК нь тус сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжийн ажлын хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх хэсэгт заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн эсэх, “Б.Ц” ХХК-д олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүрээнд “Г.К” ХХК ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжтой эсэх, хэрэв үргэлжлүүлэн явуулах бол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл олгох эсэх асуудлуудаар 07/020/02 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

2.15. Улсын дээд шүүхийн 2021 оны 61 дүгээр тогтоолоор “... хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий үйлдэлтэй холбоотой нотлох баримт /07/020/02 дугаартай шинжээчийн дүгнэлт/ илэрсэн нь шүүхийн шийдвэрийн гол дүгнэлтэд нөлөөлөхүйц байна, ... нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүдийн талаар шинжээчийн дүгнэлтэд “ “С” сургуулийн өргөтгөлийн барилгын үндсэн хийц, бүтээцийн угсралтын ажлыг “Б.Ц” ХХК гүйцэтгэсэн болох нь тодорхой байна, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2016/340 дугаартай актаар хүлээн авахдаа “Г.К” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч гэж тусгасан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн” гээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцаасан.

2.16. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийх бөгөөд 01/275 дугаар удирдамжид “... Б.Бийн шаардлагад дурдсан “С” сургуулийн барилгуудыг ашиглалтад хүлээн авсан улсын комисс, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг хамруулан гүйцэтгэхээр” заасан, шинжээч шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн Хот стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд “С” сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад оруулах комисс хуулийн хүрээнд ажилласан эсэх талаар 07/020/02 дугаартай дүгнэлтийг гаргасан, мөн “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа, одоо энэ асуудлаар хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт эцэслэн батлагдаагүй байгаа зэргээс үзвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.

2.17. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нэгэнт барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт холбогдох хууль, журамд нийцсэн эсэх талаар өөр хэрэг маргаан хянагдаж байгаа, нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд авч үзвэл нэхэмжлэгчийн тодруулсан гэх 13 асуудлаар хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахаар даалган шийдвэрлэх боломжгүй.

2.18. Иймд шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагын даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.19. Мөн шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3, 9 дүгээр зүйлийн 9.2.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б.Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ       

           ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН