Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 762 700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Өнөрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь тус хоршоотой 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид гэрээг нотариатаар баталгаажуулан, фидуцийн гэрээний зүйл болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Suzuki /Суцуки/ маркийн 78-37 УНЛ улсын дугаартай автомашины бичиг баримтыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Гэхдээ хариуцагч нар автомашиныг унаж эзэмшиж байгаа. Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 сарын хугацаатай сунгасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд зээлийн хүүд 3 656 000 төгрөг төлсөн. Зээлдэгч нар удаа дараа зээлээ төлөхгүй тохиролцсон хугацааг хэтрүүлдэг, удаа дараа шаардуулдаг. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх байсан боловч төлөөгүй. Мөн өмнөх 6 дугаар сарын хүүний дутууг ч төлөөгүй, энэ тухай сануулж утсаар мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээний 4.6-д заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндсэн зээл 4 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2 296 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 459 200 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 6 762 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь тус хоршооноос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 4 000 000 төгрөгийг 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн гэрээг 15 сарын хугацаатайгаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сунгасан нь үнэн. Зээлийн барьцаанд Д.Өнөрмаагийн нэр дээр байсан 78-37 УНЛ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн 60,000 км явсан хар өнгийн Сузуки жипийг шилжүүлсэн. Зээл төлөх график хийгдсэн. Гэтэл зээл төлөх хугацаа болоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж, тус хоршоо хариуцагч нарын автомашиныг бага үнээр авах гэсний илрэл. Зээлийн гэрээгээр сар бүрийн зээлийг дараа сарын 02-ны дотор төлөхөөр гэрээнд тусгагдсан. Зээлдэгч нар нь гэрээнд заасны дагуу сар бүр хүүг төлж байсан. 2016 оны 3 дугаар сард хүүг хугацаанаас нь хоцорч төлсөн нь үнэн хэдий ч нэхэмжлэгч шаардах хуудас өгсний дараа үүргээ биелүүлж 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийг төлсөн. Зээлийн хугацаанд төлсөн төлбөрийн дүнд маргахгүй. Нэгэнт нэхэмжлэгч зээлээ шаардаж гэрээгээ цуцалж байгаа тул өмнө нь шүүхийн шийдвэрээр гарсан хэмжээ болох 4 477 900 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нараас 4 477 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 284 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 24 729 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 86 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Өнөрмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15/22 тоот дугаартай зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж хадгаламж зээлийн хоршооноос 4 000 000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай зээлж зээлийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 15 сарын хугацаатай сунгаж 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусах ёстой юм. Уг гэрээнд cap болгоны 02-нд өмнөх сарын зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу 7 дугаар сарын зээлийн хүүг төлөх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд зээлийн хүүг тогтмол төлж нийтдээ 3 456 000 төгрөг төлсөн, төлөөгүй сарын хүү огт байхгүй байхад тус хадгаламж зээлийн хоршоо нь гэрээгээ зөрчиж байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн гэрээнд "зээлийн хүүг 30 хоногоор тооцож авна" гэж тодорхой заачихаад 30 хоног болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч үүргээ зөрчсөн буруутай үйлдлийг шүүх анхаарч үзээгүй. Иймд гэрээний үүргээ нэхэмжлэгч зөрчиж шүүхэд нэхэмжлэл гарган Д.Өнөрмаа, Г.Энхболд нарын бизнесийн нэр хүндэд халдаж банк санхүүгийн байгууллагаас зээл авах эрхгүй болох нөхцөлд хүргэж шүүхийн шийдвэр гаргуулсан явдалд гомдолтой байх тул дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 762 700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шаардсаныг хариуцагч нар үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 392 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 400 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 4 477 900 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр Д.Өнөрмаа, Г.Энхболд нарт 4 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, өрхийн хэрэгцээний зориулалтаар “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо зээлдүүлжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15/22 тоот фидуцийн гэрээ байгуулж хариуцагч Д.Өнөрмаагийн өмчлөлийн “Сузуки гранд витара” маркийн 78-37 УНЛ дугаартай автомашиныг нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр шилжүүлсэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусмагц зохигчид 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээг 15 сараар буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгаж, уг гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хувиарийг баталсан болох нь хэргийн 6-12, 51-54 дугаар талд авагдсан зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгүүд өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 15/22 тоот зээл болон барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ, зээлийн хоршооны гишүүний анкет зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ  байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн хүүд 3 656 000 төгрөг төлсөн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д “зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гэрээнд тооцоологдсон үндсэн хүүний хорин хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх”-өөр талууд тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь гэрээний 2.1-т зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1 заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний 4.1.1-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй тул гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь хариуцагч Д.Өнөрмаагийн эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн 4 000 000 төгрөг, зээлийн хүү 392 000 /49 хоног х 8 000/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 400 /392 000х20 хувь/ төгрөг, нийт 4 470 400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7 500 төгрөг, нийт 4 477 900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хэргийн 11 дүгээр талд авагдсан 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь 4 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн эргэн төлөлт хийсэн баримтуудаас үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нарын бизнесийн нэр хүндэд халдаж банк санхүүгийн байгууллагаас зээл авах эрхгүй болох нөхцөлд хүргэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхээмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах шаардлагагүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгчид хариуцагч нараас зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулсан шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

 Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Өнөрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өнөрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Өнөрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 160 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ