Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

 

С.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлоор С.Сод холбогдох эрүүгийн 1805004260082 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт С.С, 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Баян-Овоод оршин суух бүртгэлтэй боловч одоо .... тоотод дүү С.С амьдардаг гэх /РД:.../,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 6 сар хорих ял,

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 13 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан эдлээгүй үлдсэн 4 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 11-21 тоот хашааны үүдэнд хохирогч Ч.О хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, биед нь тулган “өөрт байгаа мөнгөө гаргаж өг” гэж хэлэн, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний “ЛЖ” маркийн гар утас, бэлэн 4 000 төгрөгийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Сод холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Сыг зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Сыг 6 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Сод оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 23 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлж, хэргээ хүлээсэн. Хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогч ямар ч гомдол саналгүй гэсэн. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж, хорих хугацааг багасгаж, дэглэмийг минь бууруулж өгөөч гэж хүсч байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, тус шүүх хуралдаанд оролцож байна. Хорих ялын хугацааг бууруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дэглэмийг өөрчилж өгнө үү ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч өмнө нь 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Засарч хүмүүжсэн гэж үзэхээргүй байна. Өмнө үйлдсэн гэмт үйлдлээ дахин давтсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 11-21 тоот хашааны үүдэнд хохирогч Ч.Од хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, биед нь тулган “өөрт байгаа мөнгөө гаргаж өг” гэж хэлэн, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний “ЛЖ” маркийн гар утас, бэлэн 4 000 төгрөгийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Огийн: “...2018 оны 1 дүгээр сарын 9-ний 00 цагийн орчим ажлаасаа гэр рүүгээ явж байсан. Тэгээд Баруун Ард-Аюушийн 1-21 тоот хашааруугаа ортол араас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тэр хүн хутга гаргаж ирээд “мөнгөө өг, гар утсаа өг” гэсэн. Тэгээд би айгаад мөнгө, гар утсаа өгсөн. Тэр хүн 30 орчим насны, 170 см өндөртэй хүн байсан. Би харвал танина...” /хх-13-15/,

шүүгдэгч С.Сын: “...би 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зочид буудалд найзтайгаа хамт архи ууж байгаад тэндээс гарч, “Хас” банкны АТМ-д “Хаан” банкны виза карт уншуулах гэтэл карт уншигдаагүй. Тэгээд буудалдаа эргэж очоод үлдсэн архиа уугаад, гадаа сууж байтал миний урдуур нэг эмэгтэй хүн явж өнгөрсөн. Тэгэхээр түүний араас дагаж очиход тэр эмэгтэй “хэн бэ” гээд гар утасны гэрлээ нүүр рүү тусгасан. Би хутга гаргаж, баруун гартаа бариад, зүүн гараараа хувцасны халааснаас нь барьж байгаад “мөнгөө өг” гэхэд тэр 4000 төгрөг өгсөн. Дараа нь “утсыг чинь үзье” гэхэд утсаа үзүүлэхээр нь ноцолдож байгаад утсыг нь булааж авсан. Тэгэхэд миний барьсан хутга газар унахаар нь би гүйгээд явсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” /хх-102/ гэх мэдүүлгүүд,

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-10/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Сын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч С.Сын хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан 6 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хуульд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс шүүгдэгч С.Сын “ял хөнгөрүүлж, дэглэм бууруулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ