Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00057

 

Б.Бгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэр,

     Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 201/МА2018/00021 дүгээр магадлалтай,

          Хүсэлт гаргасан Б.Б

         Нийт 179 015 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Б.Бгийн төлөөлөгч З.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Бгийн төлөөлөгч З.Нямсүрэн, өмгөөлөгч Д.Галтогтох, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

        Б.Б түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлт болон тайлбарт “...  Л.Түмэнбаяр 2011-09-28-ны өдрийн орой аймгийн Дашбалбар сумын төвөөс гарсан боловч 2012-02-05-ны өдөр нас барсан байдалтай олдсон.Үүний улмаас Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, 2012-02-14-ний өдөр хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон. 2012-02-16-ны өдрийн 35 тоот захирамжаар цагдан хоригдсон. Үүнээс хойш 2013-06-06-ны өдрийг хүртэл нийт 488 хоног хийгээгүй хэргийнхээ төлөө үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. 2013-06-06-ны өдөр Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтад өгсөн. Б.Бг 488 хоног цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарлан эрхийг нь зөрчсөн. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноос гадна хүнд өвчтэй аавыгаа асарч чадалгүй аав нь нас барснаар сэтгэл санааны маш хүнд цохилтод орсон. Дорнод аймгийн Прокурорын газраас 2013-09-04-ний өдөр ЭХ-н 96.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх 2014.03.19-ний өдрийн 58 дугаар тогтоолоор цагаатгасан. Б.Б 488 хоног цагдан хоригдож, 2 жил гаруй хугацаанд хийгээгүй хэрэгт шалгагдаж, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд асар их хохирол амссан. Б.Б эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид 3сая төгрөг төлсөн. Нэг сард 300,000 төгрөгийн хөлс авч, адуу маллаж байсан. 2012.02.14-ний өдрөөс эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш орлого олох боломжоо алдсан. Иймд 2012-02 сараас 2014-03 дуусталх хугацаа буюу 25 сарыг 300,000 төгрөгөөр тооцон 7,5 сая төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байна. 2002-02-14-ний өдөр байцаалт авахдаа “...10-15 жилийн ял авах болно...” гэж айлгаж, сүрдүүлж байснаас сэтгэл санаагаар унаж, шоконд орж хямарсан. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсоноос “алуурчин” гэж хэлэгдэж, нэр хүнд нь унасан. Удаа дараа хийгээгүй хэргийнхээ төлөө шүүх хуралдаанд орж сэтгэл санаагаар унаж байсан тул 100 сая төгрөг нэхэмжилж байгаа. ЭХ-н 59.3-т цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэсэн заалтыг үндэслэн цагдан хоригдож байх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг байсан учир цагдан хоригдсон 488 хоногоор үржүүлж 68 515 200 төгрөг, нийт 179 015 200 төгрөг гаргуулахыг шаардаж байна...” гэжээ.

        Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор тайлбартаа “... нийт 179 015 200 төгрөг гаргуулахаар шаардсан ч энэ  баримтаар тогтоогдоогүй байна. Ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого гэж 7,5 сая төгрөг яригдаж байгаа. Гэтэл мал маллаж сард 300,000 төгрөгийн орлого олж  байсан нь нотлогдохгүй байна. Ц.Галсанг гэрчээр оруулах хүсэлтээсээ татгалзсан ба ганц өгүүлбэр тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэх нь учир дутагдалтай. Сэтгэл санааны хохирол гэж 100 сая төгрөг нэхэмжилж байгаа ч нэр хүнд нь ямар байдлаар хэрхэн гутаасан, бусдад дарамтлуулсан доромжлуулсан тохиолдлуудыг эрх бүхий хуулийн байгууллагад хандаж шалгаж тогтоосон баримтгүй. Сэтгэл санааны хохирлын мөнгийг юугаар үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана. Хуулийн зохицуулалтаас үзэхэд ямарваа нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэх нь харагдаж байна. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

       Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 56,186,640 төгрөг гаргуулан Б.Бд олгож, үлдэх 122,828,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор  шийдвэрлэсэн байна. 

       Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 201/МА2018/00021 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6,186,640 төгрөг гаргуулж Б.Бд олгож, үлдэх 172,828,560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

       Б.Бгийн төлөөлөгч гомдолдоо: “... ЭХХШТХ-н 45.1.1-т “Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан ... сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах ... эрхтэй.”, 45.4.1-д “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ИХШХШТХ-д заасан журмын дагуу гаргана” гэж тус тус заасан. Дээрх хоёр хэм хэмжээнээс харахад цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэдэг нь тодорхой бөгөөд Монгол Улсын төр цагаатгагдсан иргэнийхээ сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах эрхийг нь хязгаарлаагүй юм. 45.4.1 дэх хэм хэмжээ нь эрх бүхий этгээд өөрт учирсан сэтгэл санааны хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж болох бөгөөд тус нэхэмжлэлээ зөвхөн ИХШХШТХ-н дагуу буюу нэхэмжлэл гаргах процессын талаар журамласан хэм хэмжээ болохоос бус сэтгэл санааны хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргахыг хориглосон асуулгатай хэм хэмжээ биш юм. Б.Б 91.1-т заасан “Хүнийг санаатай алах” гэх онц хүнд ангиллын гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан нийт 488 хоног цагдан хоригдсон. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 96.1 “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, хуулийн байгууллагаар 2 жил гаруй хугацаанд шалгагдсан. Б.Б нь хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэгт шалгагдаагүй. Энэ хугацаанд Б.Б нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдээгүй байж асар их дарамт, айдас, алдсан боломж, нөхөж барашгүй цаг мөчүүд, эргэн ирэхгүй төрсөн эцэгтэйгээ уулзах байсан боломж, төмөр торны цаана хязгаарлагдаж, хасагдсан эрх, эрх чөлөө зэрэг мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэ цэнэтэй зүйлсээ алдсан. Дээрх зүйлийг одоо хэн нөхөж өгөх вэ? Хэн ч нөхөж, хуучин байранд нь буцааж чадахгүй. Б.Бгийн хувьд өөрийн сэтгэл санаанд учирсан хор уршгийг 100 сая төгрөгөөр тооцон, төрөөс нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүхээс 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ тэрээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Бг 488 хоног хоригдож, 2 жил гаруйн хугацаанд шалгагдаж, эхнээсээ “Алуурчин” хэмээх нэр зүүн амьдарч, дээр дурдсан эргэж ирэхгүй олон олон зүйлсийг алдаж ирснийг өчүүхэн төдийд ч үл тоон түүний сэтгэл санаанд учирсан хор уршгийг нэг ч төгрөгөөр үл үнэлсэнд маш их гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.Б 2017-11-29-ний өдөр шүүхэд хандаж Монгол Улсын засгийн газраас нийт 179 015 200 төгрөг шаардахдаа үндэслэлээ “... 2012-02-14-ний өдөр хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож 2013-06-06-ны өдрийг хүртэл нийт 488 хоног хийгээгүй хэрэгт цагдан хоригдсон, шүүх цагаатгасан тул өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөг, сард 300,000 төгрөгийн хөлсөөр бусдын малыг маллаж байсан тул олох ёстой орлого 7,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгөөр тооцон цагдан хоригдсон 488 хоногийн 68 515 200 төгрөг…” гэж тайлбарлажээ.

         Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газраас “... нийт 488 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгийг нэг сард ногдох ажлын 21,5 хоногт тооцон  3,186,640 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол  50,000,000 төгрөг нийт 56,186,640 төгрөг...” гаргуулахаар шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж 50,000,000 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

         Б.Бгийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн тул тус шүүхээс хяналтын гомдлын хүрээнд буюу “... сэтгэл санааны хохиролд  50,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй...” эсэх талаар дүгнэлт хийнэ.   

         Дорнод аймгийн Цагдаагийн газраас Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэн 2012 оны 02 сарын 14-ны өдөр сэжигтнээр тооцож, 2012 оны 02 сарын 16-ны өдрөөс сэжигтнээр, 2012 оны 02 сарын 28-ны өдрөөс яллагдагчаар 2013 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл нийт 488 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь, мөн Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолоор цагаатгасан нь тус тус тогтоогдсон байна. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байна. Мөн хуулийн 45.4-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг тул Б.Б зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4-р зүйлд тус тус нийцжээ. 

         Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. 

         Сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 201/МА2018/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хүсэлт гаргагч Б.Бгийн төлөөлөгч З.Нямсүрэн хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ