Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2018/00021

 

 

2018      07         24                                        201/МА2018/00021

 

Б.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, прокурор Б.Догмиддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал, мөн төлөөлөгч прокурор С.Алтай нарын давж заалдах гомдлоор Б.Б-н нэхэмжлэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 179 015 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд түүний өмнөөс дараах хүсэлтийг гаргаж байна. Л.Т нь 2011 оны 9 сарын 28-ны орой тус аймгийн Дашбалбар сумын төвөөс Хүлэг-150 маркийн дугааргүй мотоциклтой гарч, 2012 оны 02 сарын 05-ны өдөр тус сумын Номинт баг, Зааны овоо гэх газраас нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд Б-г холбогдуулан 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон. 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот захирамжаар сэжигтнээр цагдан хоригдсон. Үүнээс хойш 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 488 хоног хийгээгүй хэргийнхээ төлөө үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. 2013 оны 6 сарын 06-ны өдөр Б-д сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж, бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Б нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагаас эхлэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ удаа дараа тайлбарлан өргөдөл гомдол гаргаж байсан. Сонсгосон зүйл ангийг өөрчилж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж ял өөрчлөн сонсгоход нь хүртэл гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл түүнийг үндэслэлгүйгээр 488 хоног цагдан хорьж, түүний эрх чөлөөг хязгаарлан маш ноцтойгоор эрхийг нь зөрчиж байсанд сэтгэл санаагаар маш их хохирсон. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээх боломжгүй болсноос гадна хүнд өвчтэй аавыгаа асарч чадалгүй аав нь нас барснаар сэтгэл санааны маш хүнд цохилтод орсон. Дорнод аймгийн Прокурорын газраас 2013 оны 9 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх дээр Б.Б-д холбогдох шүүх хуралдаан гурван удаа хойшлогдож, нэг удаа мөрдөн байцаалтад буцсан. Ингээд тав дахь удаагийн шүүх хуралдаан 2014.03.19-ний өдөр хуралдаж Сум дундын 10 дугаар шүүхийн 58 дугаар цагаатгах тогтоолоор Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж, түүнийг цагаатгасан. Ийнхүү Б.Б нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш хоёр жил гаруй хугацааны буюу 25 сарын дараа онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож, шүүх хуралдааны танхимаас суллагдсан.

Иймд Б.Б нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас 488 хоног цагдан хоригдож, хоёр жил гаруй хугацаанд хийгээгүй хэрэгтээ шалгагдсаны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд асар их хохирол амссан бөгөөд өөрт учирсан хохирлыг төрөөс нэхэмжилж байна. Үүнд:

1. Б.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авсан ба хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг төлсөн учир өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Тэрээр тус хэрэгт шалгагдахын өмнө суманд иргэн Ц.Г-н 200 гаруй тооны адууг сард 300 000 төгрөгийн хөлстэйгөөр маллаж байсан бөгөөд 2012.02.14-ний өдрөөс эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш орлого олох боломжоо алдсан. Иймд 2012 оны 02 сараас 2014 оны 03 сарыг дуусталх хугацаа буюу 25 сарыг 300 000 төгрөгөөр үржүүлэн 7 500 000 төгрөгийг олох ёстой байсан орлогод нэхэмжилж байна.

3. 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байцаалт авахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн байна. Та 10-15 жилийн ял авах болно гэж айлгаж, сүрдүүлдэг байсан. Нэхэмжлэгч Б.Б нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял авах нь гэж сэтгэл санаагаар унаж, шоконд орж хямарсан. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсоноос нь хойш гэр бүлийнхэн нь түүний адил сэтгэл санаагаар унасан бөгөөд өвчтэй аавыгаа ч сахиж чадаагүй. Мөн шүүхэд нэхэмжлэгчээр өөрийн биеэр оролцох тухай хэлэхэд шүүх гэсэн үгийг сонсоод арагшаа ухарч байсан. Мөн нутгийн зон олон, ахан дүүс,найз нөхөд гээд олон хүний дунд түүний нэр хүнд алуурчин гэж хэлэгдэж, нэр хүнд нь унасан. Удаа дараа хийгээгүй хэргийнхээ төлөө шүүх хуралдаанд орж сэтгэл санаагаар унаж байсан болохоор сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа.

4. Хууль бусаар ял эдэлж байхдаа олон төрлийн эрхээ хязгаарлуулж байсан. Тийм учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэсэн заалтыг үндэслэн цагдан хоригдож байх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөг байсан учир цагдан хоригдсон 488 хоногоор үржүүлж 68 515 200 төгрөг, нийт 179 015 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Б нь Прокурор, мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 488 хоног цагдан хоригдсон хохирол, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны хохирол гэж төрөөс нийт 179 015 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжилсэн мөнгө нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого гэж 7 500 000 төгрөг яригдаж байгаа. Гэтэл Ц.Г-н малыг маллаж сард 300 000 төгрөгийн орлого олдог байсан нь нотлогдохгүй байна. Иргэний хэрэгт Ц.Гг гэрчээр оруулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хойшилсон байдаг. Ц.Г-г хаана байгааг тодорхойлж чадаагүйгээс гаргасан хүсэлтээсээ татгалзсан мөртлөө ганц өгүүлбэрээр бичсэн энэ тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэх нь учир дутагдалтай юм. Сэтгэл санааны хохирол гэж 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний нэр төр, алдар хүндийг ямар байдлаар хэрхэн гутаасан, бусдад дарамтлуулсан доромжлуулсан тохиолдлуудыг эрх бүхий хуулийн байгууллагад хандаж байсан талаар шалгаж тогтоолгосон нотлох баримт байдаггүй. Сэтгэл санааны хохирлын мөнгийг юугаар үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт Иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурорын гэм буруугаас үл хамааран төр арилгана гэж заасан байдаг. Энэ хоёр зохицуулалтаас үзэхэд ямарваа нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэх нь харагдаж байна. Иймд мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаа явагдаагүй учраас иргэнд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн зохицуулалт дутуу, төрөөс мөнгө гаргуулах ажиллагаанд хувийн сонирхлын үүднээс хандах магадлал бас байдаг. Ийм учраас иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлэн дүгнэж,  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож төрд ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэрээр:

 Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 56 186 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122 828 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: ...

1. Анхан шатны шүүх Б.Б-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ түүний сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 100 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтаас сэтгэл санааны хохирол учирсан гэх ямар баримтыг үндэслэсэн, мөнгөн дүнгийн хэмжээг юунд үндэслэж тогтоосон нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-т “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид Тусгай сан гэх/ гэнэ” гэж заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь уг тусгай санд хамаардаг. Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т “Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-т заасан сангийн хөрөнгийг зарцуулна”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 6.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана” гэж тус тус заасны дагуу зарцуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөс гэм хорын хохирлыг төлөх талаар хуульчлан заагаагүй байхад гаргуулахаар шийдвэрлэж буй нь хуульд заагаагүй үйлдлийг хийлгэхээр даалгасан шийдвэр болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, прокурор С.Алтай давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа тогтоогдсон мэтээр дүгнэж, нэхэмжлэгч Б.Б-д Засгийн газрын нөөц сангаас 56 186 640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйл ажиллагаа хууль бус байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул “хууль бус” гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйл ажиллагаа нь хууль бус болох нь, хууль зөрчсөн нь заавал тогтоогдсон байх ёстой бөгөөд Б.Б-н үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан. Дээрх эрүүгийн хэрэгт хууль бус ажиллагаа хийгдээгүй, хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, Б.Б-д таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар авсан гэсэн ямар нэг шийдвэр байхгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж гомдол гаргаж байгаагүй, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмаар явуулсан ба хууль зөрчиж явуулсан болон хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнэлт хийж, хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх” талаар хуульчилсан. Мөн 2002 оны Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар “хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана” гэсэн. Дээрх 2 хуулийн зохицуулалт нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бусаар явуулсан ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэм хорыг арилгах талаарх хуулийн зохицуулалт байх бөгөөд хэрэгт цугларсан хохирогч Л.Л, М.Б, гэрч А.Б, Ц.Д, М.М, Б.Д нарын мэдүүлгээр Б.Б-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгах хангалттай үндэслэл тогтоогдсон учир 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн шалгаж цагдан хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй мөрдөн байцаах ажиллагаа байсан байна. Шийдвэрт сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнийхээ үндэслэлийг заагаагүй, сэтгэл санааны үр дагавар гэдэгт хууль бус ажиллагааны улмаас сэтгэл зүйн дарамтад орж, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчид дээрх нөхцөл байдал бий болсныг нотлон харуулсан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийн гэм хорын хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн. Эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж ажилласан ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагааны улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна. Хуульд заасан дээрх үндэслэлүүдийн аль нь ч нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан гаргах ёстой байхад нийтийн албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

                                                               

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний  хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан алдааг залруулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь төрд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  2012 оны 02 сарын 14-ны өдөр сэжигтнээр тооцож, 2012 оны 02 сарын 16-ны өдрөөс сэжигтнээр, 2012 оны 02 сарын 28-ны өдрөөс яллагдагчаар 2013 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл нийт 488 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсан болох  нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 15-33 дахь талууд/

Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 58 дугаар цагаатгах тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-н Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ. / хх-ийн 45-47 дахь талууд/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох  албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах,  хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч хуульд заасан зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь өөрт учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон 488 хоногийн хохиролд 68 515 200 төгрөг, 25 сарын хугацаанд авах байсан цалин 7 500 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс 3 000 000 төгрөг, нийт 179 015 200 төгрөг  гаргуулахаар нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан байна. Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан байна.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд заасан зохицуулалт байхгүй учраас шүүх нэхэмжлэгчийн энэ талаарх гаргасан шаардлагыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх  үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д “хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”-ыг нөхөн төлөхөөр заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь цагдан хоригдсон тухайн хугацаанд ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар  хэрэгт баримт авагдаагүй боловч  анхан шатны шүүх Б.Б-н  цагдан хоригдсон 488 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлтэй зөв болсон  байна. / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сард авах 140400 төгрөгийг 21,5 хоногт хуваан нэг хоногт ногдох 6530 төгрөгийг 488 хоногоор үржүүлэн нийт 3 186 640 төгрөг гаргуулсан/

Харин Б.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдахаас өмнө Ц.Г-н малыг сарын 300 000 төгрөгийн хөлстэйгээр маллаж байсан гэж 25 сарын хөлсөнд нийт 7 500 000 төгрөг нэхэмжилсэн ба ийнхүү нэхэмжилж байгаа нь түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан 488 хоногт ногдох цалин хөлс, хөдөлмөрийн бусад орлоготой давхардуулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд  энэхүү шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн гэх 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасантай нийцсэн байна.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, прокурор С.Алтайн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 6 186 640 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын  нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, Р.Отгонжаргал, прокурор С.Алтай нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснын баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6 186 640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172 828 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал, мөн төлөөлөгч, прокурор С.Алтай нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА 

                                                                              З.ЭНХЦЭЦЭГ