Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 479

 

С.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ч.Ганбат,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.Мд холбогдох эрүүгийн 1803000010035 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.М, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

С.М нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэгш” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас хохирогч Б.Түвшинзулын эзэмшлийн “Тоёота Приус” загварын 62-72 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын орчим, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Галакси төвийн зүүн талын замд “Тоёота Приус” загварын 62-72 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.а, 13.1-д заасныг зөрчсөнөөс явган зорчигч Т.Сг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.М-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.М-ийг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сарын хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Мд энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 11 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Мд оногдуулсан 4 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолохоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс 6.750.000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөг хохирогчид төлсөн ба шүүгдэгч С.Мэс 11.489.147 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С.Мд олгох, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч С.М нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, хуулийг төсөөтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг огтхон ч тогтоогоогүй ба шийтгэх тогтоолын зохих хэсгүүдэд ч тайлбарлаагүй. Урьд нь тэнсэж, хянан харгалзсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч хөнгөрүүлэх нөхцөл байдал олон байсан гэдэгт эргэлздэггүй. Жишээлбэл, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сар 24 хоногтой байсан, тохиолдлын чанартай үйлдлийн улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, өөрийгөө машин жолоодож чадах юм шиг бодож нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг маш олон заалтууд хуульд байсан. Би насанд хүрээгүй байхдаа амьдрал, ажил хөдөлмөрийн ямар ч дадал олоогүй байхдаа урьдчилан төлөвлөгдөөгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх бүрэн боломж байхад миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг сонгон хэрэглэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн мөртлөө уг тогтоох хэсгийн 2, 3, 4, 7 дугаарт дурдсанаар 27.10 дугаар зүйлийн 2, 3-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна. Мөн би жолоодох эрхтэй байсан мэт ойлгогдоно. Ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүний байхгүй эрхийг 2 жилээр хассан нь ойлгомжгүй, хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь анзаарагдана. Дээрх тогтоолын заалтууд нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр байна. Жишээ нь: 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссаны дараагаас тооцож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь огт ойлгогдохгүй байна. Би үндсэн ялаа эдэлж дуусч гарч ирээд жолооны сургуульд суралцаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авмагц 2 жилээр эрхийг хасах юм уу, эсхүл хорих ял эдэлж дуусаад 2 жил болсны дараа жолооч болчихвол дээрх шийдвэр үйлчлэхгүй юм уу гэх мэт ямар ч ойлгомжгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж эхэлсэн ба цаашид ч төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний төрсөн эх Л.Золзаяа миний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоогдон хохирогч талтай хохирлыг нөхөн төлөх тухай хэлцэл хийж, гэрээ байгуулсныг намайг шүүхээр ороход 18 нас хүрчихсэн гэсэн үндэслэлээр уг гэрээг хүчингүй болгосныг эсэргүүцэж байна. Би насанд хүрээгүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдээд 18 нас хүрээд шүүхээр шийтгэгдсэн. Миний ээж эх байх эрхээ хасуулаагүй ба насанд хүрээд шүүхээр орвол эхийг нь хууль ёсны төлөөлөгч биш гэж үзнэ гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Ээжийн минь хохирогч талтай хийсэн гэрээг цуцалж, хохирогчийг хохирогч чигээр нь үлдээж, намайг хохирол төлөхөө илэрхийлээгүй гэж дүгнэснийг мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт гэж үзнэ. Мөн миний биечлэн эдлэх ялыг буруу тогтоосон гэж үзэж байна. Хэргийг нэмж нэгтгэхдээ миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-нээс байхгүй болж, энэ зүйл хэсгээр ял эдэлж байсан хүмүүс суллагдсан байгаа. Тэгэхээр ял нэмж нэгтгэхэд өмнөх тогтоолоор оногдуулсан 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан ял хасагдаж тооцогдох ёстой. Эдгээр байдлуудыг харгалзан хуулийн зөв зүйл, хэсгээр хөнгөн ял шийтгэл оногдуулах нөхцөлийг бүрдүүлж, хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулаад өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн туслалцааг бүрэн өгсөн. “Тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэм буруутай үйлдэлд Б.Түвшинзул “хохирлоос төлнө. Хэргээ бие даагаад хүлээчих” гэсэн тул гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Намайг хоригдож байхад эргэж ирээгүй, хохирол төлбөрөөс төлөлцөөгүй учраас би гомдолтой байна” гэж шүүгдэгч гомдол гаргасан. Б.Түвшинзул гэх хүн ял завшиж, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хохирол, төлбөрөөс зайлсхийсэн байх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаалгах хүсэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд зааснаар ял нэмсэнд гомдолтой байдаг боловч Өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотой тайлбарыг өгсөн. ...” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.М-ий тээврийн хэрэгсэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Түвшинзулын нэр дээр байсан. Б.Түвшинзул, С.М нар нь хамт ажиллаж байх үедээ С.М нь зөвшөөрөлгүйгээр автомашиныг нь авч, унаж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шүүгдэгч болон Б.Түвшинзул нарын мэдүүлгүүдээр автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэдэг нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Хандсүрэн “чи энэ автомашиныг өөрөө авч явсан уу, эсхүл Б.Түвшинзул зөвшөөрөөд өгч явуулсан уу” гэдэг талаар асуухад “Би зөвшөөрөлгүй авч явсан” гэдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тиймээс бусдын тээврийн хэрэгслийг ашиглагч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан учраас бусдын тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэрэг үйлдэхдээ зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх С.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

С.М нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэгш” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас хохирогч Б.Түвшинзулын эзэмшлийн “Тоёота Приус” загварын 62-72 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын орчим, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Галакси төвийн зүүн талын замд “Тоёота Приус” загварын 62-72 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.а, 13.1-д заасныг зөрчсөнөөс явган зорчигч Т.Сг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

 

Хохирогч Т.Сгийн “...Биднийг таксинаас буух үед цаг ойролцоогоор 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг 20 минут болж байсан. Бид “Galaxy tower”-ийн тэнд манай нөхөр С.М-ий төрсөн дүүгийн эхнэр Туултай уулзах гэж буусан. “Galaxy tower”'-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин асар хурдтай ирээд яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. Ухаан орох үед эмнэлэгт байсан, ослоос хойших зүйлийг сайн санахгүй байна. ... Ослоос болж би толгойдоо гэмтэл авсан, баруун гарын харьт, баруун хөлийн дунд чөмөг, аарцаг яс 2 хугарсан, баруун 3 хавирга хугарсан, нурууны 5, 6 дугаар сэртэн хугарсан, зүүн хөлийн шилбэ үйрч яс байхгүй болсон гэмтлүүдтэй байна. Үүнээсээ болж дотуур цус их алдаж, ГССҮТ-д 36 хоног хэвтээд гарсан. Одоо хувийн эмнэлэгт 20 хоног хэвтэж байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 25.000.000-30.000.000 төгрөг гарч байгаа. ... Зүүн хөл нилээн асуудалтай болсон ба Солонгос улс руу донорын яс захиалсан, булчин шилжүүлэх, арьс нөхөх, яс нөхөх 3 том хагалгаанд орно. Энэ хагалгааг Солонгос улсад хийлгэхэд 60.000.000 төгрөг болно. ... Одоо бол 100 хувь хүний асаргаанд байгаа. ... Маш их гомдолтой байна. ...” /1 дүгээр хавтас, 12-13 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Түвшинзулын “...Надад хэлэлгүйгээр миний эзэмшлийн 62-72 УНХ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад унаад явсан байсан. Би С.М-ийг машин авч гарсныг мэдээд араас нь утсаар ярихад “ойрхон явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Би ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Дараа нь “чи яагаад машин унаад гарсан юм бэ” гэхэд “ойрхон юманд явах гээд унаад гарсан юм” гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Би дэлгүүрийнхээ хашаан дотор машинаа тавьсан болохоор түлхүүрийг нь дотор нь орхисон байсан. Тухайн ослоос болж миний машин нилээн эвдэрсэн. Гэхдээ машины хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй. ...” /1 дүгээр хавтас, 30 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бямбасүрэнгийн “...“Galaxy tower”-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин асар хурдтай ирсэн. Би “яана аа эгчээ, ямар аймаар хурдтай явдаг юм” гээд урагшаа ухасхийсэн. Тэгтэл ард тас гээд л явчихсан. Эргээд хартал Т.С машинд мөргүүлээд унаж байсан. Би нөгөө машины жолооч дээр очоод “чи ямар аймаар хурдтай явдаг юм, хүн алчихлаа” гэхэд тэр залуу өөрийнхөө утсаар түргэн тусламж болон цагдаа дуудсан. Мөргөсөн жолооч машиндаа аймаар чанга хөгжим тавьсан байсан ба машиндаа ганцаараа явж байсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн. ...Т.С явган хүний гарцан дээр мөргүүлсэн. ...” /1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас/,

 

С.С.М-ийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошуунд байрлах “Тэгш төв” Солонгос сэлбэгийн худалдааны төвийн ажлын хашаанд Түвшинзулын 62-72 УНХ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин байсан. Тухайн үед Түвшинзулын машины түлхүүр машин дотроо байхаар нь унаад гарсан. Баянхошуунаас гараад 13 дугаар хороолол ороод Болороо дээр очих гэтэл гэртээ байхгүй байсан. Би буцаад Баянхошуу орох гээд ... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Galaxy tower”-ийн тэнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эмэгтэй хүн зам хөндлөн гарч ирсэн. Тэр хүнийг хараад би тоормоз гишгээд 3 дугаар эгнээ рүү шилжиж амжилгүй очоод мөргөсөн. ... Би насанд хүрээгүй болохоор автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, өмнө нь машин барьж байгаагүй. Тухайн өдөр машин унаад явж чадмаар санагдаад найз охин дээрээ машинтай очих санаатай эзэмшигчийн зөвшөөрөлгүй автомашиныг унаад явсан. ...” /1 дүгээр хавтас, 183-184 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13904 дугаартай “...Т.Сгийн биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хатуу хальсан доорх цусан хураа, ховдлын цус харвалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, цээжний зүүн талын 2-р хавирга ясны хугарал, баруун, зүүн уушигны няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт, зүүн шаант ясны ил хугарал, баруун атгаал, умдаг яс, баруун дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.1.20-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас/,

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 11  дүгээр сарын 11-ний өдрийн №222 дугаартай “... Харин баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан нь тухайн зам тээврийн ослын үед жолооч хол эсвэл ойрын гэрлийн алийг асааж явснаас шалтгаалж нөлөөлж болно. Холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлнө. Зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо, хүч нь ослын өмнө ямар байсныг тодорхойлох боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 92-102 дугаар хуудас/

 

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай “... Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. ...”;

Мөн дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтас, 41 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хавтас, 3-4 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 5-7 дугаар хуудас/ зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 11  дүгээр сарын 11-ний өдрийн №222 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал зэрэг нотлох баримтад үндэслэн мөрдөгчийн магадлагаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

 

С.С.М-ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

С.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.М-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 2 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

С.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

С.М нь хорих ялыг тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох асуудал үүсжээ.

 

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Мд энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 11 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

 

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заасныг шүүх хэрэглэхдээ тухайн ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болохыг тодорхойлж, оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд түүнд нийцүүлэх асуудлыг шийдвэрлэх учиртай. 

 

С.С.М-ийн бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр бусдын автомашинд нэвтрэн орж, дотроос нь эд хөрөнгө авч, автомашины эд зүйлсийг тонож авсан үйлдлүүдийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан шинжээр нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр,  агуулахад”  нэвтэрч үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Мөн түүний бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахын тулд хохирогчийг 2 талаас нь сугадаж, энгэрт нь байсан хэтэвчийг нь авч хохирол учруулсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаар ялыг дүйцүүлэн бодоход 4 жил 2 сар 18 хоног болж өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сараас өндөр тогтоогдож байх бөгөөд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар ялыг дүйцүүлэн бодоход 6 сар тус тус болж байх бөгөөд дээрх ялуудыг нэмж нэгтгэхэд С.С.М-ийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар  оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас өндөр тогтоогдож, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

 

С.М-ий урьд ял шийтгүүлсэн байдлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт заасан ялын хэмжээтэй уялдуулан үзэхэд ашиггүй байдал үүссэн тул дүйцүүлэх боломжгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Мд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх зайлшгүй байдал үүсч байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.С.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийн он, сар, өдрийг бичихдээ 2 өдөр буюу 13, 19 гэсэн нь, мөн шүүхийн шийдвэрт залруулга хийсэн захирамжийн тогтоох хэсэгт шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй гэж бичсэн нь утга, найруулгын хувьд буруу болохыг дурдаж байна.