Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 213/МА2017/00022

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/ 00669 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж захирал *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "Алтан завъяа ундарга" ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх ажлын тендерт журмын дагуу оролцон ялалт байгуулж, ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний төсөвт өртөг нь 146.308.023 төгрөгийн санхүүжилттэй байсан ба эхний жилийн санхүүжилт нь 50.000.000 төгрөг байхаар гэрээгээр харилцан тохиролцон баталсан. Гэтэл Шинэжинст сумын ИТХ-аас, тоггүй байгаа айлууддаа нэмж тог татмаар байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр, ажлын ерөнхий зураг дээр гараар нэмж зурж манайх ажлаа нэмж явуулан нийт 69.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн.

Харин 2015 онд Шинэжинст сум нь тухайн ажилд зориулан 15.000.000 төгрөг төсөвт суулгасан, танай илүү хийсэн ажлын хөлсийг өгнө гэж мэдэгдэж байсан болов ч манайд одоо хүртэл олгоогүй. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захилагч тал болох Шинэжинст сумын засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгуулага ИТХ-аас 28.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж захирал *******оос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын тендерт оролцож ялаад Шинэжинст сумын Засаг даргын тамгын газартай 146.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 онд тухайн ажлыг хийж гүйцэтгэсний дараа он дамжиж хийх ажил тул гэрэлгүй айлуудыг гэрэлтэй болго гэсэн. Нэмж гэрэл тавиулах бол мөнгө хэрэгтэй гэсэн чинь дараа жил хийх юм чинь ажлаа эхэл гэж Шинэжинст сумын Засаг дарга хэлсэн. Шинэжинст сумын Засаг дарга дараа өгнө та ямар нэгэн аргаар ажлаа хий гэхэд би банкнаас зээл авсан. Үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичигийг 2015 онд хүргүүлж байсан. Тухайн сумын ирэх жилийн төсвийн тодотгол дээр шугамын өргөтгөл гэж 15.000.000 төгрөг тодотгож тавьсан талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, түүний хавсралтаас харагддаг юм. Одоо Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас 26.206.211 төгрөг, Шинэжинст сумын өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2.293.789 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа 2014 онд 50.000.000 төгрөгийн гэрээ, үлдсэн хөлсийг 2015 онд байгуулна гэж гэрээг хийсэн байдаг. Сумын засаг дарга байсан *******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нартай аман хэлэлцээр гэрээ хийсэн гэж тайлбарладаг юм. Төрийн сангийн төлөөлөгч зэрэг тухайн үед мэдэх хүмүүсийг гэрчээр асуулгасан. Гэрчүүд шүүхэд тайлбар өгөхдөө гэрээ хий гэж хэлээгүй, айлуудыг нэмж цахилгаантай болгох, 15.000.000 төгрөгийн ажлыг хийнэ гэж хэлээгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэрээний дагуу ажлыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хүлээлцсэн, ажил хүлээлцэх комисст Ц.Даншийцоодол нь өөрийн биеэр орсон. Тэр үед 15.000.000 төгрөгийн ажлыг хийгээд илүү хүлээлгэж өглөө, илүү хийсэн ажил гэсэн комиссын хурлын протокол, тэмдэглэл байдаггүй. Нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан ямар нэгэн баримт байдаггүй, нэхэмжлэгч тал гэрээ байгуулаагүй үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2014 онд гэрээ байгуулаад ажил гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Дараагийн сумын Засаг дарга 2016 онд томилогдсон, үүнээс харахаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. ******* ХХК-нь 2015 онд ажлаа гүйцэтгэсэн гэрээ байгуулсан бол мөнгөө нэхэмжилж авах боломжтой байсан. Энэ хугацаанд ямар нэгэн зүйл ярихгүй байж байгаад 2016 онд сумын шинэ Засаг дарга томилогдсон хойно мөнгө нэхэмжилж байгаа нь өөр агуулгатай гэж үзэж байгаа. Хариуцагч талаас ямар нэгэн баримт байхгүй байгаа учир мөнгө төлөх үндэслэлгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийг үзэхэд дараагийн санхүүжилт гэж мөнгө бодогдоогүй, 2014 онд ажил дуусаад сум орон нутгийн бүртгэлд 50.000.000 төгрөгийн хөрөнгө хийсэн гэж бүртгэж авсан, дансандаа ямар нэгэн өртэй гэсэн бүртгэл байхгүй. Дараа оны төсөвт 15.000.000 төгрөг төсөвлөсөн нь тог ороод хэдэн жилдээ сааталд ордог тул түүнд зарцуулагдах, айлд өрх нэмэгдэж өргөтгөл хийх мөнгө гэж тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч нар нь тайлбар хэлдэг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамтарч шийдвэр гаргадаг байгууллага, төсвийг батлаад баталсан хуваарийн дагуу Тамгын газар зарцуулдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Алтанзавъяа ундарга ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18.206.211 төгрөг, алданги 8.000.000 төгрөг нийт 26.206.211 төгрөгийг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсвийг баталж өгөөгүйн алданги 2.293.789 төгрөгийг нийт 28.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүхийн зардал 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-аас гаргуулж, хөрөнгийн үнэлгээний төвийн төрийн банкин дахь 100000142787 дугаар дансанд олгуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж захирал *******оос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манай байгууллага нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас зарласан тендерийн дагуу тухайн тендерт оролцож тус сумыг тогтой болгох ажилд хүчин зүтгэл гаргаж тухайн байгууллагын хийлгэх ёстой ажлыг өөрийн хүч хөрөнгөөр, гэрээнд заасан чанар стандартын дагуу хийж зохих ёсоор хүлээлгэж өгсөн.

Ажил хүлээлцэх актанд “..захиалагчийн хүсэлтээр гэр хорооллын ажлыг хийж гүйцэтгэсэн болно..” гэдэг байдлаар оруулж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэтэл шүүх энэ байдалд үнэлэлт өгөлгүйгээр, мөн гэрээнийн ерөнхий нөхцөлд заасан 146.308.223 төгрөгний ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэг нь батлагдсан байна гэж дүгнэсэн атлаа манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай "Алтан Завьяа Ундарга" ХХКомпани нь Шинэжинст сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр 2014 онд захиалагчийн болон өөрийн хөрөнгөөр 65.137.500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, тухайн ажлын гүйцэтгэлийг захиалагч байгуууллага хүлээн авсан, ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч байгууллагын зүгээс нэмэлт ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэдэг нь ажил хүлээлцсэн актанд түсгагдсан байхад энэ байдалд үнэлэлт өгөлгүйгээр шийдвэрлэлээ. Шинжээчийн дүгнэлтээр энэ байдал нотлогдон тогтоогдсон байхад манай байгууллагад илт хохиролтойгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Төрийн байгууллагын өөрийн алдаатай шийдвэр, сум орон нутгийн удирдлага солигдсон шалтгаанаас болж хувийн хэвшил, иргэн хохирох ёсгүй, мөн хийсэн ажлынхаа хөлсийг авах нь Иргэний хуулийн мөн чанар зарчим байхад үүнийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 669 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

"Алтан Завьяа Ундарга" ХХКомпани нь гэрээ байгуулсны үндсэн дээр 2014 онд захиалагчийн болон өөрийн хөрөнгөөр 65.137.500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, тухайн ажлын гүйцэтгэлийг захиалагч байгууулллага хүлээн авсан, ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч байгууллагын зүгээс нэмэлт ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэдэг талуудын ажил хүлээлцсэн акт болоод нэхэмжлэгчийн тайлбар болоод бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа болно.

Шүүх гэрээгээр гүйцэтгэх ажлын төлбөрийг зөвхөн 2014 онд 50.000.000 төгрөгийн ажил хйиж гүйцэтгэх ёстой байтал нэмж 15.137.500 төгрөгийн ажил хйиж гүйцэтгэсэн нь гүйцэтгэгч байгууллагын буруутай үйлдэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан ажлаа хийсэн, харин хариуцагч

байгууллага гэрээнд заасан ажлын хөлсөө өгөөгүй, 2015 оны төсөвт суулгаж өгч 15.000.000 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлуулсан мөртлөө гүйцэтгэгчид олгоогүй байна. Захиалагч талаас 2014 онд айлуудыг тогтой болгох тухай амаар хэлж улмаар тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хэрэгт авагдсан ажлын зураг болоод гүйцэтгэгч талын гаргасан тайлбар, нотлох баримтууд, шинжээчийн дугнэлт байсаар байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдлаас зөрүүтэй болжээ.

Хариуцагч тал өөрийн тайлбарлаж байгаа тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ түрүүчийн Засаг дарга болоод удирдлагуудтай хамааруулан тайлбарладаг.

"Алтан Завьяа Ундарга" ХХКомпани нь гэрээний ерөнхий үндэслэлээр талууд 146.308.223 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, тухайн тохиролцооны үндсэн дээр ажлаа хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон, түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18.206.211 төгрөг, алданги 8.000.000 төгрөг нийт 26.206.211 төгрөг, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын төсвийг баталж өгөөгүй хохирол 2.293.789 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулаагүй байж ажиллагаа хийгээд явсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Тухайлбал нэхэмжлэгч *******ын анх гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулахдаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Л.Батхуяг гэгч хүнд гардуулсан тэмдэглэл байх боловч тэмдэглэл дээрээ /хх-ийн 53 дугаар тал/ “...нэхэмжлэгч *******ын нэг хуудас нэхэмжлэлийг т гардуулав...” гэж тэмдэглэсэн байгаа нь нэхэмжлэлийг хэнд гардуулсан нь тодорхойгүй.

Шинэжинст сумын Засаг даргын тухай 2017 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ыг томилсон байх ба /хх-ийн 63 дугаар тал/ сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж шүүхэд хариуцагчаар оролцож эхэлсэн байхад д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нараас 28.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж, /хх-ийн 267-268 дугаар тал/ сумын Засаг даргын тамгын газраас 26.206.211 төгрөг, Шинэжинс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хохирол, алданги 2.293.789 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байхад хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч , Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчиж, хариуцагч нь нэхэмжлэлтэй танилцах, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, татгалзах, тайлбар өгөх эрхийг нь эдлүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч *******ид Улаанбаатар хотын Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг болон 1 дэх хавтаст хэрэгтэй танилцуулаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 131/ШШ2017/00669 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                Г.УЛАМБАЯР