Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00043

 

Я.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00026 дугаар магадлалтай,

Я.Н-гийн нэхэмжлэлтэй

П.Б-т холбогдох, 

УАЗ фургон маркийн 55-50БНХ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг Я.Н-гийн нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2016 оны 03 дугаар сард иргэн Т.Д-д 43.810.000 төгрөг зээлдүүлж, 28.000.000 төгрөгт УАЗ фургон автомашин авахаар тохиролцсон бөгөөд  2016 оны 04 дүгээр сард надад фургон автомашиныг өгч 55-50 БНХ улсын дугаартай, №01213493 дугаартай гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр П.Б- нь уг автомашиныг худалдаж авъя, 28.000.000 төгрөгийг дансанд чинь хийнэ гэж хэлээд авч явсан. Мөн Т.Д-гөөр уг автомашиныг П.Б-ын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн итгэмжлэл хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш тэрээр мөнгөө өгөлгүй одоог хүртэл зугтаасаар намайг хохироож байна. Иймд миний хохирлыг барагдуулж, П.Б-аас миний өмчлөлийн УАЗ фургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2016 оны 02 сард миний танил болох Н.Л-гийнд Т.Д-тэй анх танилцсан. Т.Д- нь Оросоос фургон автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие автомашин захиалахаар болж урьдчилгаа 16.000.000 төгрөгийг Н.Л-гээр дамжуулж Т.Д-гийн дансанд шилжүүлсэн. Энэ хугацаанд Т.Д- бор өнгийн автомашин ирсэн авах уу гэхэд нь би цагаан өнгийг авна гээд аваагүй. 2016 оны 04 сарын 27-ны өдөр  захиалсан машинаа авахаар Н.Л-гийн хамт очиж цагаан өнгийн фургон машиныг аваад итгэмжлэл хийлгэж Баянхонгор аймаг явсан. Уг автомашиныг худалдаж авах үед тэднийд Я.Н- гэх залуу Орос руу Т.Д-тэй хамт явж бакал авчирна гээд байж байсан. Би Т.Д-д үлдэгдэл мөнгө болох 1.900.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 10.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түүний 5077281984 дансруу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад автомашины эзэмших эрхийг нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүдээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд Т.Д- рүү явуулахад Я.Н-гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. Гэтэл Я.Н-тэй ярихад чи надтай говьруу ноолуурын дуудлага худалдаанд явж өгчихөөд нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн. Би Я.Н-тэй хамт яваагүй. Түүнээс хойш Я.Н- нь залгахаар утсаа авахгүй өдийг хүрсэн. Я.Н- нь одоо уг тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Б-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Т.Д-гөөс  машиныхаа өмчлөлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхэд надад итгэмжлэл хийж өгөөд үүнийг авч очоод нэрэн дээрээ шилжүүл гэж хэлсэн. Тэгээд Баянхонгор аймагт ирээд тээврийн үйлчилгээний газарт очоод нэр дээрээ шилжүүлэх гэхэд гаалийн бичигтэй машин шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд Т.Д-тэй яриад хотод очиход иргэний үнэмлэхээ үлдээчих, араас чинь гэрчилгээг нь чиний нэр дээр гаргаад явуулна гэж хэлсэн. Гэтэл тус фургон автомашины гэрчилгээг 2016 оны 5 сарын 11-ний өдөр Я.Н-гийн нэр дээр болгоод явуулсан байсан. Надад машинаа худалдчихаад Я.Н-гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон. Я.Н-гийн хувьд Т.Д-д орос бакалын үнэ гэж 40 гаран сая төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд түүнийгээ Т.Д-гөөс авч чадаагүй учраас хоорондоо хуйвалдаж миний машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулсан улмаар энэ байдлаа ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Я.Н-, Т.Д- нарын хооронд байгуулсан 2016 оны 5 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг Я.Н-гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...П.Б-ын Т.Д- рүү шилжсэн 18.000.000 төгрөг нь П.Б-аас биш Н.Л-гээс шилжүүлсэн байдаг. 18.000.000 төгрөгийг өмнөх бор өнгийн  Фургон машины мөнгө гэж шилжүүлсэн. Цагаан өнгийн  Фургон автомашины мөнгө гэж шилжүүлээгүй. П.Б- ирээд Я.Н- автомашины бичиг баримтыг 80.000 төгрөг өгөөд ав гэж худлаа яриад надаас аваад явсан байсан. Түүнээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт автомашиныг аваад ирсэн байхаар нь цагдаагийн байгууллагад би хандсан. П.Б-, Н.Л- нарын хооронд мөнгөний асуудал байгаа. Мөн Н.Л-, Т.Д- нарын хооронд өр авлагын асуудал байгаа гэж ярьдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би иргэн Я.Н-гээс ОХУ-аас УАЗ фургон авчирч өгөхөөр 570.000 рубль, 15.000.000 төгрөгийг бэлнээр авч уг машиныг авчирч өгсөн. Уг машиныг авчраад Я.Н-д өгөх үед Баянхонгор аймгийн харъяат Н.Л-, П.Б- нар цуг ирээд уг машиныг худалдаж авах талаар ярьсан. Би урьд нь Н.Л- П.Б- нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй фургон машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан бор фургоны мөнгийг миний дансанд хийж, одоогийн энэ машины мөнгийг Я.Н-гийн дансанд хийхээр тохиролцоод Н.Л-, П.Б- нар Улаанбаатар хотод 5 шарын ХААН банкнаас хийнэ гээд машиныг надаар итгэмжлэх хийлгээд аваад явсан. Гэвч хэлсэндээ хүрч мөнгийг хийлгүй яваад улмаар надаас авсан итгэмжлэхээ ашиглан машинд улсын дугаар авах гэж байхад нь Я.Н- бид 2 очиж уулзаад яагаад ингэж байгаа талаар асуухад нь урьд авсан машины мөнгөнөөс үлдэгдлийг нь миний дансанд хийгээд шинээр авах машиныхаа мөнгийг Я.Н-д өгнө гэхээр нь та нар нутгийн хүмүүс энэ асуудлаа өөрсдөө шийд би захисан хүнд нь өглөө гээд Я.Н-гийн нэр дээр уг машиныг улсын бүртгэлд бүртгүүлж 55-50 БНХ улсын дугаар авч өгсөн. Тэр үед П.Б- гэгч нь уг машиныг Баянхонгор аймагтаа үлдээгээд ирсэн тул Я.Н- номер бичиг баримтаа аваад явсан. Тэр үеэс хойш юу болсныг мэдэхгүй гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан УАЗ/220695/ маркийн 55-50БНХ улсын дугаар, 220695G0480113 аралын дугаартай, цагаан өнгийн  Фургон автомашиныг хариуцагч П.Б-ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Я.Н-д олгож, хариуцагч П.Б-ын Я.Н-, Т.Д- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Я.Н-гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас 297.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШЗ2017/02374 дугаар захирамж, түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын үйлчлэл энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00026 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Т.Д- нь Оросоос фургон автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие  Фургон автомашин захиалсан. 2016 оны 4 дүгээр сарын 27-нд захиалсан машинаа авахаар Улаанбаатар хотод Н.Л-гийн хамт очиж УАЗ маркын 2016 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн фургон машиныг урьдчилгаа болгон 18.000.000 төгрөгийг өгөөд итгэмжлэл хийлгэж аваад шууд Баянхонгор аймагт аваад ирсэн. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Т.Д- рүү үлдэгдэл мөнгө болох 10.000.000 төгрөгийг 5077281984 данс руу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүгээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд Т.Д- рүү явуулахад Я.Н-гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. Би Т.Д-д мөнгийг нь шилжүүлж албан ёсоор авсан байхад автомашины өмчлөлийн гэрчилгээг Я.Н-д шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь фургон машиныг Т.Д- нь Я.Н-д худалдсан, харин П.Б-т худалдаагүй гэснийг гуравдагч этгээд Т.Д- болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж шийдвэрлэсэн. Би Т.Д-д машиныг 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан нь гэрч Н.Л- болон миний шүүхэд гаргаж өгсөн бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй буюу тус машиныг би худалдаж авснаас хойш 2 жилийн хугацаанд өөрийн хэрэгцээнд хэрэглэж унаж байхад шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Би Т.Д-д тухайн машины үнийг шилжүүлж худалдаж авсан нь Т.Д-гийн дансны хуулга дээр тодорхой байтал худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй мэтээр шүүх шийдвэрлэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Н-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Я.Н-, П.Б-аас УАЗ фургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай автомашин гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...гэрээний үүргээ биелүүлж автомашины үнэ 28.000.000 төгрөг төлөөгүй...” гэснийг, хариуцагч “...автомашиныг Т.Д-гөөс худалдан авч, үнийг төлж, эзэмшилдээ авсан, нэхэмжлэгчээс уг автомашиныг авч, үнэ төлөхөөр тохиролцоогүй...” гэж маргаж, Т.Д-гөөс Я.Н-д автомашины тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгч Я.Н- “Т.Д-гөөс авах авлагад автомашиныг шилжүүлэн авсан” гэж сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

            Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т.Д- оролцож тайлбар гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээжээ.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад хамааруулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийн агуулгыг зөв тодорхойлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

            Иймд энэ талаархи хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч Я.Н- нь хариуцагч П.Б- худалдах-худалдан авах гэрээний үүрэг автомашины үнийг төлөөгүйгээс гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн эд хөрөнгөө гаргуулах агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүйг зөв дүгнэсэн боловч тухайн эрх зүйн маргааныг гэрээний бус үүргийн харилцаа буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Үүнд: нэгдүгээрт, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, хоёрдугаарт, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн 2 нөхцлийг тодорхойлжээ.

           Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэх урьдач нэг нөхцөл нь нэхэмжлэгч Я.Н-гийн хувьд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр хариуцагч П.Б-т хөрөнгө шилжүүлэн өгснийг хариуцагч хүлээн авсан байх явдал бөгөөд хэргийн баримтаар ийм үйл баримт тогтоогдоогүй байна.

            Нөгөө талаар анхан шатны шүүх автомашины тээврийн хэрэгслийн эзэмших эрх Я.Н-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал тухайн хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлно гэж дүгнэж, улмаар энэ нөхцлийг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

            Иймд хариуцагч П.Б-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Я.Н-д автомашиныг шаардах эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

2. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэрээний үүргийн харилцаа буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн ч нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулаагүй нь тухайн дүгнэлттэй нийцээгүй байна.

Түүнчлэн тус шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Я.Н-, хариуцагч П.Б- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж, нэхэмжлэгч талаас хүлээсэн үүргийн дагуу хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй байна.

Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д, амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хийсэн гэж үзэхийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д  тус тус заажээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “...Т.Д-гийн нэхэмжлэгч Я.Н-д худалдсан автомашиныг хариуцагч П.Б- Я.Н-гээс худалдан авч, мөнгийг төлөхөөр тохиролцсон” гэх боловч энэ тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй байна. Хэрэгт авагдсан Я.Н-, Т.Д- нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, Я.Н-гийн нэр дээрх автомашины эзэмших эрхийн бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсныг нотлохгүй юм.

Дээр дурдснаас үзвэл нэхэмжлэгч Я.Н-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буюу худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас автомашин гаргуулахаар шаардах эрхгүй байна.

              3. П.Б- нь УАЗ фургон маркийн автомашины өмчлөх эрхийг Т.Д-тэй байгуулсан худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр олж авсан нь хэргийн баримтаар  тогтоогджээ.

П.Б-аас Т.Д-д 3 удаа нийт 28.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг Т.Д-гөөс П.Б-т шилжүүлсэн итгэмжлэл, автомашины бодит эзэмшлийг шилжүүлсэн байдал, гэрч Н.Л-гийн “...П.Б- мөнгөө төлж Т.Д-гөөс  автомашиныг худалдан авсан, энэ үед би хамт явсан...” гэх мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Т.Д-д шилжүүлсэн 28.000.000 төгрөг нь өөр автомашины үнэ гэх гуравдагч этгээдийн тайлбар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, урьд нь Т.Д-, П.Б- нар бор өнгийн УАЗ фургон маркийн автомашиныг худалдахаар тохирч, гэрээний зүйлийг Т.Д-, П.Б-т шилжүүлэн өгсөн, хариуцагч үнэ төлөх үүргийг хүлээсэн гэх  үндэслэлгүй байна.

Харин уг автомашиныг Н.Л- нь Т.Д-гөөс авч бусдад дамжуулан худалдаад мөнгийг бүрэн төлөөгүйгээ мэдүүлэгтээ тодорхой тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх хариуцагч П.Б-ын Я.Н- болон Т.Д- нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлдээ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлийн шаардлага хангасан байна.” гэж заасан байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэв энэ нөхцөл шүүх хуралдааны явцад тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүйгээс гадна хариуцагчийн шүүхэд дахин хандах эрхийг зөрчжээ.

Хариуцагч П.Б- сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Я.Н-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д- нарт холбогдуулан гаргасан   хэдий ч шүүх тухайн нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулан тайлбар авч  ажиллагаа хийж, талууд энэ талаар мэтгэлцсэн, Т.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон  байх тул зохигчийн хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Сөрөг нэхэмжлэл нь  “Т.Д-гөөс Я.Н-д автомашины тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах” гэж тодорхойлогдсон  ч худалдагч Т.Д- худалдсан хөрөнгөтэй  холбоотой бичиг баримтыг П.Б-т шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, улмаар тухайн хөдлөх эд хөрөнгийн бүртгэл Я.Н-гийн нэр дээр шилжигдснийг өөрчлөн бүртгэхийг нэхэмжлэгчид даалгах утгатай байна.

          Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэжээ.

          Автомашины бодит эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн атлаа бичиг баримтыг өөр бусдад шилжүүлсэн Т.Д-гийн үйлдэл буруу байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Я.Н-гийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, П.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.       Нэхэмжлэгч Я.Н- өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдээс шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00026 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Б-аас УАЗ фургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай автомашиныг гаргуулахыг хүссэн Я.Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар  УАЗ фургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай автомашины эзэмших эрхийн бүртгэлийг хариуцагч П.Б-ын нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч Я.Н-д даалгасугай.” гэж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Н-гээс 70.200 төгрөг гаргуулж, хариуцагч П.Б-т олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 297.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ