Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0484/з |
Дугаар | 373 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 373
“Үнэн-Анд” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төмөрсоль, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0574 дүгээр магадлалтай, “Үнэн-Анд” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн дарга, Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Үнэн-Анд” ХХК-ний захирал Т.Төмөрсолийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Үнэн анд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 12-ний өдөр гардуулсан үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, дээрхи талбайн сонгон шалгаруулалтанд “Үнэн анд” ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын М-48-117-ВГ планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд “Үнэн анд” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0574 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг баримтлан “Үнэн-Анд” ХХК-ийн ““Демси трейд” ХХК-д хүргүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, дээрх талбайн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын М-48-117-ВГ планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Үнэн-Анд” ХХК-ний захирал Т.Төмөрсоль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0574 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-д заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аар тухайн маргаантай хэрэг зохицуулагддаг.
1. Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн.
Захиргааны хэргийн шүүхийн бусад шүүх /эрүү, иргэний шүүх/-ээс ялгарах онцлог нь өөрөө мөрдөн шалгах эрхийг эдэлдэг. “Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь АМГ-ын /хуучин нэрээр/ Сонгон шалгаруулалтын комиссоос 2016 оны 4-р сарын 11-нд сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлийг байлцуулж үр дүнг зарласан хуралдаанд оролцож компаниа шалгарсаныг мэдсэн байсан.
Сонгон шалгаруулалтын комиссоос "Демси трейд" ХХК-д 2016 оны 4-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарсныг утсаар мэдэгдсэний дагуу уг өдөр нь 6/2457 тоот мэдэгдлийг тус компанийг төлөөлж ирсэн гэдгээ О.Оргил компанийн регистрийн дугаар /2711184/ болон өөрийн иргэний регистрийн дугаараа тэмдэглүүлж авсан нь нотлогддог. {Хавтаст хэргийн 46, 117-р тал)
Уг компанитай ямар ч холбогдолгүй этгээд компанийн регистрийн дугаарыг мэдэж байх нь бодит байдалтай нийцэхгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
2016 оны 4-р сарын 19-ний өдрөөс хойш ажлын 5 өдөр дууссаны дараагийн өдөр буюу 2016 оны 4-р сарын 27-ын өдөр "Демси трейд" ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь АМГ-ын кадастрын хэлтэст биечлэн очсон байдаг. (анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-р хуудас)
2016 оны 4-р сарын 19-ний 6/2457 тоот мэдэгдэл гарсныг О.Оргил гардан авч 2016 оны 4-р сарын 23-нд "Демси трейд" ХХК-ийн захирал М.Тэмүүжинд өгсөн байдаг. (хавтаст хэргийн 114-р тал) Сонгон шалгаруулалтын журмын 10.1.3-д зааснаар “Демси трейд" ХХК нь 2016 оны 4-р сарын 28-ны дотор сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүг төлөх үүрэгтэй байсан. М.Тэмүүжин нь түүнийгээ мэдэж байсан тул 2016 оны 4-р сарын 27-ны өдөр АМГ-ын Кадастрын хэлтэст очсон байдаг. (хавтаст хэргийн 115-р тал) Хэрэв М.Тэмүүжинг 2016 оны 4-р сарьш 27-ны өдөр мэдсэн гэж хугацааг тоолбол 2016 оны 5-р сарын 4-ний өдөр сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүг төлөхөөр байдаг. Гэтэл М.Тэмүүжин нь 2016 оны 5-р сарын 3-ны өдөр гомдол гаргасан байдаг. Энэ нь "Демси трейд" ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь сонгон шалгаруулалтад шалгарснаа албан ёсоор мэдсэн бөгөөд сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүг төлөхгүй байх арга хэрэглэж байсан нь нотлогдож байна. Ийм тодорхой баримтыг давж заалдах шатны шүүх анхаарч хянаагүй. (давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх хуудас)
Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад "Демси трейд" ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь сонгон шалгаруулалтад шалгарсан мэдэгдлээ албан ёсоор мэдэж, итгэмжилсэн хүнээрээ дамжуулан авсан гэдэг нь тогтоогдож байгаа төдийгүй сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүү /1,119,703,999 төгрөг/-г төлөхгүй байх хугацаа хожих үйлдэл гаргасан нь тодорхой байна.
2. Давж заалдах шатны шүүх ... АМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс "2016 оны 4-р сарын 19-ны өдрийн мэдэгдлийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж өгөөгүй" гэж үзэн, мэдэгдлийг зохих журмын дагуу хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гарсны дагуу АМГ-ын даргын 2016 оны 5-р сарын 09-ийн өдрийн 1/15 дугаар "Албан даалгавар"-аар түүнийг баталгаажуулахыг даалгаж, 2016 оны 5-р сарын 12-ны өдөр мэдэгдлийг "Демси трейд" ХХК-ийн захирал М.Тэмүүжинд гардуулж, алдаагаа залруулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй... гэж дүгнэсэн байдаг. (давж заалдах шатны шүүхийн магадлалын 4-5-р хуудас)
АМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд тухайн маргаантай асуудлыг хянадаг чиг үүрэггүй юм. Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийг хэлтэс нь агентлагийн үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэлийн гэрээнд заасан ажил үүргийн гүйцэтгэлийн явцад болон биелэлтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хянах, санал дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бүтцийн нэгж юм.
Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана ... гэж заасан байхад албан даалгавар гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг шүүх хянаж үзээгүй.
Давж заалдах шатны шүүх нь уг маргаантай хэргийг хянаж үзэхдээ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэг, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 13.1, 13.2 дахь заалтуудыг хэрэглээгүй.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8-р сарын 31-ний өдрийн 221/МА2016/0574 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 7-ын өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Үнэн-Анд” ХХК-ний захирал Т.Төмөрсоль 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд ирүүлсэн нэмэлт тодруулгадаа: Манай компаниас танай шүүхэд хандаж гаргасан гомдолдоо дараах байдлаар тодруулга хийж байна. Үүнд:
1. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тогтоосноор: анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг баримтлан ... сонгон шалгаруулалтад "Үнэн Анд" ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн баримталсан хуулийн дээрх заалтуудад:
• Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах ... гэсэн байна.
• Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг олгоно ... гэсэн байна.
• Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно ..., 24.2-т энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно ..., 26.9-т улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно ..., 53.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ..., 56.1.3 - 56.1.5-д энэ хуулийн 56 дугаар зүйл нь нийтдээ тусгай зөвшөөрлийг цуцлах тухай байна.
Дээрх заалтууд нь манай компанийн гаргасан ... "Демси трейд" ХХК-д АМГ-ын газраас 2 дахь удаагаа хүргүүлсэн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай ... нэхэмжлэл болон энэ хэргийн маргаантай огт хамааралгүй хуулийн заалтууд байна.
2. Мөн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу заалт хэрэглэсэн талаар дурдсан /давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-р тал/ бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолын нэг дэх хэсэгт: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг баримтлан.... гэсэн байгаа бөгөөд 11.1.16 гэсэн заалтыг бичилтийн алдаа гарган 11.1.6 гэж бичсэн байна гэж ойлгож байна. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-р тал/
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх ... гэсэн байна. Харин 11.1.6-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих ... гэсэн байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т: Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиодолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд өгсөн дүгнэлтээр: “Сонгон шалгаруулалтад "Демси трейд" ХХК-ийг шалгарсан гэдгээ 3-н удаа мэдсэн ... мөн АМГ-т гомдол гаргасан нь хугацаа авах арга байсан гэж үзэж байна” ... гэжээ. /хавтаст хэргийн 117-р тал/
2016 оны 4-р сарын 11-ны өдөр тухайн сонгон шалгаруулалтад оролцсон нийт 9-н байгууллагын нүдэн дээр сонгон шалгаруулалтын комиссоос: "Демси трейд" ХХК шалгарлаа, шалгарсан оролцогч болон бусад оролцогчдод ямар нэгэн санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад анх мэдсэн, мөн Сонгон шалгаруулалтын комиссоос "мэдэгдлээ ав" гэж 2016 оны 4-р сарын 19-ны өдөр утсаар мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан "...утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэсэн заалтад нийцэж байгаа.
2016 оны 4-р сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэний дагуу /үнэхээр О.Оргилоор авахуулаагүй тохиолдолд/ яагаад бүтэн ажлын 5 өдрийн дараа буюу 2016 оны 4-р сарын 27-ны өдөр авахаар ирсэн нь ... компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аваагүй гэсэн шалтаг тоочин АМГ-т гомдол гаргасан … зэрэг нь илтэд хугацаа авах арга байсан нь тодорхой байна.
Түүнчлэн сонгон шалгаруулалтад шалгарснаа мэдсэн өдөр буюу 2016 оны 4-р сарын 11-ний өдрөөс 4-р сарын 26-ны өдрүүдэд "Танай компанитай хамтран ажиллая, хэт өндөр үнэ санал болгосон байна" гэж олон удаа бидэнтэй холбогдож төрөл бүрийн санал тавьж байсан нь үнийн саналын зөрүүг төлөх хуулийн хугацаанд төлбөрөө төлөх боломжгүй байсныг, мөн хугацаа хожиж мөнгөө гүйцэд болгох санаатай байсныг бид хангалттай баримтуудаар нотолж чадах болно.
Мөн АМГ-т манай компаниас 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн албан тоотын хариуг огт өгөөгүй, 5-р сарын 13-ны өдөр өгсөн албан тоотын хариуг "Демси трейд" ХХК-д АМГ-ын газраас 2 дахь удаагаа хүргүүлсэн мэдэгдлийн дараа өгсөн байдаг. Харин АМГ нь "Демси трейд" ХХК-ийн 2016 оны 5-р сарын 03-ны өдрийн гомдлыг ажлын 3 хоногт шийдвэрлэж өгсөн байдаг бөгөөд энэ нь АМГ илт нэг талд үйлчилсэн болохыг илэрхийлж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газраас Сэлэнгэ аймгийн Баянягол, Мандал сумдын нутаг дахь Сайр уулын М-48-117-ВГ планшейтын код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан, уг сонгон шалгаруулалтад 9 аж ахуйн нэгж оролцон өрсөлдөж, саналаа ирүүлсэн, 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сонгон шалгаруулалтын саналуудыг нээхэд “Дэмси трейд” ХХК нь 1,119,000,000 төгрөгийн үнийн саналаар нэгдүгээрт, “Үнэн анд” ХХК нь 200,000,000 төгрөгийн үнийн саналаар хоёрдугаарт орсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “Дэмси трейд” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэн талаарх “мэдэгдэл”-ийг мөн өдөр нь тус компанийн менежер гэх О.Оргилд гардуулсан, хариуцагчаас “... 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж өгөөгүй” гэж, гуравдагч этгээд “Дэмси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжингээс “... 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдлийг хүлээн аваагүй ... 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан” гэж, нэхэмжлэгчээс “... “Дэмси трейд” ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарсан болохоо мэдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор сонгон шалгаруулалтын үнийн зөрүүг төлөөгүй /байхад/ ... удаах оноо авсан манай компанийг шалгарсанд тооцоогүй /нь хууль бус/, ... Ашигт малтмалын газраас 2016 оны 5-р сарын 12-ны өдөр “Демси трейд” ХХК-д /мэдэгдэл/ хүргүүлсэн нь хууль зөрчсөн” гэж тус тус маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” “Дэмси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд хаягласан албан тоотыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газраас ирж авсан О.Оргил нь тус компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй болох нь тогтоогдсон, “...төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдлийг гардуулсан” үйл баримттай хариуцагч маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “... сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор /төрийн захиргааны төв байгууллага/ батлана” гэсний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан, уг журмын 10 дугаар зүйлийн 10.1.4-т “...шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай ... мэдэгдлийг хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагч Ашигт малтмалын газар сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч “Дэмси трейд” ХХК-нд мэдэгдлийг хүргүүлэх үүрэгтэй гэж үзнэ.
Гэтэл Ашигт малтмалын газар нь шалгарсан оролцогч “Дэмси трейд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдлийг гардуулсан, “...мэдэгдлийг өөр этгээдэд гардуулсан,...мэдэгдэл хүлээн аваагүй” талаар “Дэмси трейд” ХХК-иас гомдол гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс шалгаж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “... 04 үгээр сарын 19-ний өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдлийг гардуулж өгөөгүй байна..., мэдэгдлийг зохих журмын дагуу хүргүүлэх” дүгнэлт, санал гаргасан, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/16 дугаар албан даалгавараар “... “Дэмси трейд” ХХК-нд сонгон шалгаруулалтад шалгарсан тухай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь сонгон шалгаруулах журмын дагуу хүргүүлэх...”-ийг даалгасан нь “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус зөрчөөгүй, уг албан даалгаварын дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “мэдэгдэл”-ийг “Дэмси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд гардуулсан нь нэхэмжлэгч “Үнэн анд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1-д “сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор ... комиссын дүгнэлтийг /Ашигт малтмалын газрын/ даргын тушаалаар баталгаажуулах”-аар, уг тушаалыг үндэслэн “...шалгарсан оролцогчид ... мэдэгдэл хүргүүлэх”-ээр заасан байх тул 10.1.2-т “...үнийн саналын төлөөгүй үлдсэн зөрүүг ажлын 5 өдөрт багтаан төлөх” гэснийг “мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан төлөх” гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, оролцогч өөрийгөө шалгарсан болохыг “хэзээ мэдсэн” нь хугацаа тоолох үндэслэл болохгүй, “мэдэгдэл хүлээн авсан”-аар “ажлын 5 хоногийн дотор төлбөр төлөх” үүрэг үүснэ, шүүхүүд “Дэмси трейд” ХХК-ийг “шалгарсан болохоо эрт мэдсэн” үйл баримтыг үгүйсгээгүй, гагцхүү, төрийн захиргааны байгууллага “шалгарсан оролцогчид мэдэгдэл хүргүүлэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Дэмси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд “мэдэгдэл”-ийг албан ёсоор гардуулсан, ингэснээр “Дэмси трейд” ХХК 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “...ажлын 5 хоногийн төлбөр төлөх” үүргээ биелүүлсэн, эдгээр нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн, захиргааны хэргийн шүүхийн “нотлон шалгах эрх” нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээр хязгаарлагдах тул “... О.Оргил нь “Дэмси трейд” ХХК-ийн регистрын дугаарыг ямар учраас мэдэж байсан, ... уг компанитай ямар холбоотой болох, ... сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүг төлөхгүй байх арга хэрэглэсэн эсэх” талаар иргэн, хуулийн этгээдийг мөрдөн шалгах эрхгүй, энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болно.
Иймд, нэхэмжлэгчийн “... “Дэмси трейд” ХХК нь ... шалгарсан болохоо 2016 оны 4 дүгээр сарын 11-нд ...анх мэдсэн, ... 4 дүгээр сарын 19..., 23..., ....27-ны өдөр ... мэдсэн нь баримтаар тогтоогдсон”, “...уг компанитай ямар ч холбогдолгүй этгээд компанийн регистрийн дугаарыг мэдэж байх нь бодит байдалтай нийцэхгүй”, “...илтэд хугацаа авах арга байсан” гэх зэрэг хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Мөн, “...Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь ... маргаантай асуудлыг хянадаг чиг үүрэгтэй эсэх”, “... /Ашигт малтмалын газрын дарга/ албан даалгавар гаргах эрхтэй эсэх” асуудал нь маргаан бүхий захиргааны акт болох “...“Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 12-ний өдөр гардуулсан үйл ажиллагаа” хууль ёсны эсэх маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Ашигт малтмалын газар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох заалтыг зөрчөөгүй талаар зөв дүгнэлт хийсэн, ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох, ийнхүү олгохдоо эрх бүхий этгээдийн баталсан журмыг баримтлахаар заасан материаллаг хуулийн заалтуудыг магадлалын тогтоох хэсэгт баримталсан нь “шүүхийн шийдвэр хуульд үндэслэх” зарчимд нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ.
Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Үнэн анд” ХХК-ийн захирал Т.Төмөрсолийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА