Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2021/0015/З |
Дугаар | 221/МА2023/0019 |
Огноо | 2023-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0019
|
|
|
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд М.Д,
Нэхэмжлэгч: “С” ХХК,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: М.Д
Нэхэмжлэлийн шаардлага:“Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Дд “Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон А/51 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болохыг даалгах”,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, гуравдагч этгээд М.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 119/2021/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр:
“Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2022/0037 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Гуравдагч этгээдээр энэ хэрэгт татагдсан М.Д би “С” ХХК-ийн ямар нэг эрх ашгийг зөрчөөгүй, ямар нэг хууль дүрэм ч зөрчөөгүй. Ямар ч сургуулиас хүүхдэд тамхи зарсан тухай гомдол гаргаж байгаагүй.
Би өөрөө энэ дэлгүүрээ ажиллуулдаг тул хүүхдэд тамхи зардаггүй. Тамхи авъя гэсэн хүүхэд нэг ч удаа орж ирж байгаагүй.
2.2.Надад тамхи худалдах зөвшөөрөл олгосон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга хууль зөрчөөгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн үед тамхи худалдах цэг нь ерөнхий боловсролын сургуулиас 500 м-ийн гадна байна гэж мэргэжлийн байгууллага тогтоож өгсний дагуу зөвшөөрөл олгосон байдаг.
Гэтэл одоо энэ хэрэг дээр хувийн компани 500 м-ээс дотогш байна гэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Үүнийг гуравдагч байгууллага аль дүгнэлт нь үнэн зөв болохыг тогтоох ёстой байтал шүүх үүнийг анхаарсангүйд гомдолтой байна. Хүүхэд сургуулиасаа агаараар нисэж очоод тамхи авахгүй шүү дээ. Гэтэл агаараар м-ийн хэмжээг тогтоож байдаг нь буруу.
Би дээрхи сургуулиудаас хүүхэд гараад манай цэг хүртэл явган явж хүрэх хэмжээг явган хүний замаар дугуйт м-ээр хэмжиж үзэхэд хамгийн ойр Орхон Эмпати сургуулиас 536 м зайтай байсан. MCYT-өөс яг ингэж хэмжвэл бүүр 700-800 м зайтай гарна.МСҮТ-өөс миний тамхи борлуулах цэг рүү шууд чигээрээ явж очих боломжгүй учир нь дундуур нь явах боломжгүй хашаа бүхий барилгууд байдаг юм.
Тийм учраас радиус гэдэг хэмжээс нь бодит байдалд нийцэхгүй хэмжээс юм. Шүүх үзлэг хийж хэмжээг тогтоогооч гэж хүсэлт тавихад хүлээж аваагүйд гомдолтой байна.
2.3.С ХХК-ийн захирал Л.Мөнхбат гэгч нь шүүх хурал дээр шүүгчийн асуултад хариулахдаа " Д гийн тамхи худалдан борлуулах цэг нь яг замын хажууд учраас миний орлогыг хаагаад байна" гэж эрх ашиг зөрчигдсөн үндэслэлээ тайлбарлаж байна лээ. Энэ хүн олон төрлийн бизнес эрхэлдэг намайг бодвол орлого ашиг ихтэй хүн юм билээ.
Би бол тамхи худалдан борлуулах ганц энэ цэгийн орлогоор амьдралаа болгодог хүн.Би зохих зөвшөөрлийн дагуу л үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй.
Гэтэл хоёрын хоёр ижил үйл ажиллагаа явуулдаг этгээдийн нэгийг нь энэ ажиллагаагаа явуулж орлого олж амьдар гээд нөгөөг нь чи энэ хүний орлогыг хааж байна, наад үйл ажиллагаагаа боль, зогсоо гэдэг шүүх байдаг юм уу. Нөгөө Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим гэдэг юм байхгүй болсон уу. Би үнэндээ маш их гомдолтой байна.
2.4.Хариуцагч Баян-Өндөр сумын төлөөлөгч өмгөөлөгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг үндэслэн захиргааны актыг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл миний тамхи худалдах зөвшөөрлийг түдгэлзүүлбэл сумын Засаг дарга асуудлыг нягталж үзээд миний тамхи борлуулах цэгийн байрлалыг өөрчлүүлэх боломж байгаа эсэхийг хайх гэсэн үг байх.
Би ч бас ингэж болно гэж үзсэн. Яагаад гэвэл одоо Орхон аймагт тамхи худалдан борлуулах зөвшөөрөл өгөхөө больсон гэсэн. Шүүх яагаад энэ заалтыг хэрэглэхгүй гэж байгаа үндэслэлээ шийдвэрт дурдаагүй байна.
Миний эрх ашиг шүүхийн шийдвэрээр хөндөгдөж магадгүй гэж гуравдагч этгээдээр татчихаад эрхийг минь зөрчиж Л.Мөнхбатын талд асуудлыг шийдэж намайг ялгаварлаж үзсэнд гомдолтой байна.
Зүй нь хариуцагч талын хүсэлтийг хүлээж авч дээрхи хуулийн дагуу шийдсэн бол би амин зуулгаасаа салахгүй байх боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл сургуулиас 500 м-ийн гадна зай тогтоож өгөх гэсэн хариуцагчийн саналыг хүлээж авсан бол нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашигт нийцэх байлаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “С" ХХК-иас “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Д-д “Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон А/51 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс “М.Д-гийн тамхи худалдаж буй цэг нь МСҮТ болон “Энэрэл” асрамжийн төвөөс 500 метр дотор байрладаг ба энэ нь Тамхины хяналтын тухай хуулийн 4.1.1-д зааснаар насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, 6 дугаар зүйлийн 6.7.14-д заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглох гэсэн заалтуудыг зөрчиж байна,... иргэн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар хандсан нь бизнесийн эрхэд халдсан, манай бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, ижил төстэй ажиллагаа явуулдаг байгууллагын цаашдын орлогод сөргөөр нөлөөлж, тэгш эрх, өрсөлдөх эрхтэй холбоотойгоор “С" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна” гэж маргасан.
3.Харин хариуцагчаас “Тамхины хяналтын тухай хуульд Ерөнхий боловсролын сургуулиас 500 м гэж заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээс Google дээрх программаас татаж өгсөн зураглалын дагуу тусгай зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгч нь Баян-Өндөр сумын Засаг даргад албан ёсоор бичгээр хүсэлт өгөөгүй, ... М.Д-д давуу байдал олгосон захиргааны актыг захиргааны байгууллагаас гаргаагүй,... тамхи худалдах үйл ажиллагааг тус нэхэмжлэгч компани бүртгүүлээгүй,... Өрсөлдөөний тухай хуульд заасан бизнесийн орлогод нөлөөлсөн зүйл байхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
4.Гуравдагч этгээдээс “хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй, ижил үйл ажиллагаа явуулдаг этгээдийн нэгийг нь энэ үйл ажиллагаагаа явуулж орлого олж амьдар гээд нөгөөг нь чи энэ хүний орлогыг хааж байна, наад үйл ажиллагаагаа боль, зогсоо гэсэнд гомдолтой байна” гэж тайлбарладаг.
5.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 6.7.14-д “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, ...олгоно”, 7.4-д “Тамхи үйлдвэрлэх, худалдах, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.
6.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 1.3-д “зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд ... сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан.
7.Маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/51 дүгээр захирамжаар[1] гуравдагч этгээд М.Дгийн тамхи худалдах цэг нь худалдааны газрын үйлчилгээний MNS-5021-1:2019 стандартын шаардлага хангасан гэж үзэж тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, тус сумын Оюут багийн “Авто мастер” төвийн хашаанд тамхины төрөлжсөн худалдааг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар эрхлэх №Т-28 дугаар тусгай зөвшөөрлийг[2] олгож, хариуцлагын гэрээг[3] байгуулжээ.
8.Харин нэхэмжлэгч компаниас анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар[4] тус сумын Оюут багийн НИК ШТС-ын урд /өөрийн эзэмшил/ Тамхины төрөлжсөн худалдааг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар эрхлэхээр №86 дугаар тусгай зөвшөөрөл[5], хариуцлагын гэрээг байгуулж[6], уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгуулж, №Т-2193 дугаар тусгай зөвшөөрөл, хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулсан.
9.Хэрэгт авагдсан шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр[7] “... М.Дгийн тамхи худалдан борлуулах цэг нь Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14-д заасан /Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор/ байна, .... Орхон Эмпати сургууль төв гол цэгээс 495,6 м, захын цэгээс 459,7 м, МСҮТ хичээлийн байр төв гол цэгээс 388,2 м, захын цэгээс 295,2 м, МСҮТ дотуур байр төв гол цэгээс 305,3 м, захын цэгээс 273,2 м, Энэрэл хүүхэд асрах төв нь төв гол цэгээс 438 м, захын цэгээс 419 м тус тус зайтай болох”-ыг тогтоосон байна.
10.Үүнээс үзэхэд гуравдагч этгээдэд тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн шийдвэр нь Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-д заасан заалтад нийцээгүй бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд ... сөрөг нөлөө үзүүлсэн” үндэслэлээр тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үр дагаврыг агуулсан байна.
11.Энэхүү маргааны тохиолдолд гуравдагч этгээдийн тамхи худалдах цэг нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор байгаа нөхцөл байдлыг хариуцагчаас шалган тогтоолгүйгээр гуравдагч этгээдэд тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй.
12.Гэвч Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтын зорилго нь нийтийн эрх ашиг тэр дундаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нийт хүүхдийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай харин ижил төрлийн буюу зэргэлдээ байршилд тамхины зөвшөөрөл эзэмшдэг этгээдийн тэгш өрсөлдөх, бизнесийн үйл ажиллагаа болох борлуулалтын орлого буурахад саад болж буй нөхцөлийг арилгах, хамгаалахад чиглэсэн агуулгагүй байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр”,
Уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зохицуулсан.
14.Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны шүүхээс захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон тохиолдолд уг хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /субьектив, эсхүл объектив эрх/ хамгаалагдаж, сэргэсэн байхыг хамтад нь шаардана.
15.Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй нь тогтоогдсон байсан ч уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, шүүхээр хамгаалуулах, сэргээлгэхээр шаардаж буй субьектив, эсхүл объектив эрх нь хамгаалагдах, сэргэх үндэслэлгүй тохиолдолд түүнийг захиргааны шүүхээс хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй, энэ нь хуулиар олгосон захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ хязгаартай холбоотой бөгөөд захиргааны шүүх хуулиар өөрт олгогдоогүй хяналтыг хэрэгжүүлэх үндэслэлгүй юм.
16.Маргааны тохиолдлын хувьд гуравдагч этгээдийн тамхи худалдах цэг нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор байгаа нөхцөл байдлыг хариуцагчаас шалган тогтоолгүйгээр гуравдагч этгээдэд тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгосноор нийтийн эрх ашиг тэр дундаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нийт хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байна.
17.Энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь ..., хүүхдийн эрх, ... хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, буюу хүүхдийн эрхийг хамгаалж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд нэхэмжлэгчээс нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар маргаагүй байна.
18.Шүүхээс нэхэмжлэгчийн субьектив, обьектив эрхийг хамгаалах зорилго нь маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчээс эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлж буй саадыг арилгах, хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг.
19.Харин гуравдагч этгээдийн тамхи худалдах цэг нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор байгаа нөхцөл байдлыг хариуцагчаас шалган тогтоолгүйгээр гуравдагч этгээдэд тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч компанийн өөрийн субьектив эрхээ “бизнесийн эрхэд халдсан, бизнесийн үйл ажиллагаанд нь саад учруулж, ижил төстэй ажиллагаа явуулдаг байгууллагын цаашдын орлогод сөргөөр нөлөөлж, тэгш эрх, өрсөлдөх эрх зөрчигдсөн” гэж тодорхойлж буй үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны шүүхэд хуулиар олгогдоогүй, хууль зүйн үндэслэлгүй юм.
20.Гэтэл анхан шатны шүүхээс “... адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан шаардлагыг тэгш хангуулаагүй, захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн адил төрлийн үйл ажиллагаа эрхлэх тэгш өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
21.Иймээс хариуцагчийн гуравдагч этгээдэд тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон маргаан бүхий А/51 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
22.Харин “маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй” гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
23.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримттай холбоотой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С" ХХК-иас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Д-д “Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон А/51 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ