Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00066

 

СТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01368 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1818 дугаар магадлалтай,

СТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 342.980.806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч СТ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хог тээвэрлэх талаар харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хог тээвэрлэх түр гэрээ 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулсан. Гэрээнд тохирсноор Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17 дугаар хорооны буюу 1-р бүсийн нийтийн эзэмшлийн зам гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүргийг хүлээж, уг ажлын хөлсийг Захиалагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар төлөх үүрэг хүлээсэн. Манай байгууллага гэрээгээр тохиролцсон ажлаа тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн ба захиалагч байгууллага санхүүжилтээ дутуу хийж, төлбөрийн үлдэгдэл бий болгон үүнийгээ төлөхгүй байгаа. 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад 271.622.593 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 135.725.757 төгрөгийн санхүүжилт хийж, 135.896.836 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар саруудад 167.403.681 төгрөгийн хөлс төлөхөөс 82.830.121 төгрөгийн санхүүжилт хийж, 84.573.698 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 01-11 дүгээр саруудад 251.684.083 төгрөгийн хөлс төлөхөөс 172.493.000 төгрөгийн санхүүжилт хийж, 79.191.083 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудад 82.202.889 төгрөгийн хөлс төлөхөөс 38.883.700 төгрөгийн санхүүжилт хийж 43.319.189 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба нийт төлөгдөөгүй ажлын хөлс 342.980.806 төгрөг ба энэ нь СТ ХХК болон тус Засаг даргын тамгын газрын хамтран гарын үсэг зурж, тооцоо нийлж, баталгаажуулсан актуудаар нотлогдоно. Захиалагч байгууллага ажлын хөлсөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагаас манай байгууллагад санхүүгийн хүндрэл үүсч, ажлаа зохих ёсоор гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 92 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 174 тоот албан бичгүүдээр тус тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342.980.806 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал байгуулагдсан гэрээнүүдэд маргаагүй. 2017 оны 1-3 сарын 43.319.198 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн ажлын гүйцэтгэл хүлээн авсан сар бүрийн нэгтгэл баримтыг зөвшөөрсөн. Харин санхүүжилт хүрэлцэхгүй гэсэн болохоос гүйцэтгэлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Дүүргийн хог мөн биш эсэх талаар хуульд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй, нотлоогүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д зааснаар бид байгуулсан гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн төлбөрөө л шаардсан. Нийслэлээс санхүүжилт авах эсэх нь хариуцагчийн асуудал юм. 2014 онд Захирагчийн ажлын албанаас санхүүжилт олгож байсан гэдэг, Хас банкны дансны хуулгаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон байгаа нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Улаанбаатар хотод хогны асуудал 2013, 2014 онд хурц байсан тул тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/45 тогтоол гарч нэр бүхий 6 байгууллагатай хог тээвэрлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч СТ ХХК-тай дүүргийн Засаг даргын тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 дугаартай Хог тээвэрлэх, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар Хог тээвэрлэх түр гэрээг тус тус байгуулсан. 2014-2016 оны гэрээнд маргахгүй. 2015 онд хотын ерөнхий менежерийн загвараар байгуулсан гэрээний дагуу сар бүр ажлыг хүлээлцэж дүүргийн Засаг даргын тамгын газар санхүүжилт хийж байсан. Гэрээний хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж, аж ахуйн нэгж, айл өрхөөс төвлөрсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухай бүр гүйцэтгэгч талд бүрэн шилжүүлсэн. 2013 онд хог тээвэрлэх тарифтай холбоотой гэрээт компаниудаас удаа дараа гомдол ирсэн тул арилгах үүднээс 86 дугаар тогтоол баталсан. Нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс олгохоор заасны дагуу олгож байсан, энэ үед асуудал багатай байсан. 2015 оноос дүүрэг олгодог болсон. Дүүргийн төсөвт татаас маягаар суулгах болж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүү төрийн сангийн хэлтэс захиргаа аж ахуйн хэлтэс чиглүүлдэг. Дүүрэг гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний онцлог байдлыг харгалзан, гүйцэтгэгч талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн төсвөөс нэмэлт санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд тухай бүр олгож байсан. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн. 2014 оны 1 сард 18 сая төгрөг гэх мэт өгсөн. Нийслэлээс хангалттай төсөв өгдөггүйгээс дүүрэг хүндрэлтэй болдог. Дүүргийн төсөв хангалтгүйгээс энэ байдал гарсан. 86 дугаар тогтоол дотор хог тээврийн хөлсийг бодох аргачлал байдаг. Зөвхөн Сүхбаатар дүүргийн нутагт тээвэрлэсэн хогны хөлсийг л өгөх ёстой. Яг манай хог мөн үү гэдэг учир дутагдалтай. Дүүргээс зохион байгуулснаар хогийн машиныг хог ачиж байх процессыг хорооны дарга буюу хорооны хэсгийн ахлагч нар хяналт тавьдаг. Энэ ажил хариуцсан ажилтнууд хариуцлагагүй хандах, мөн олон аж ахуйн нэгж байрласан барилгуудад нэг л хуулийн этгээд хогны мөнгө төлөх зэргээр алдагдал гарах шалтгаан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/01 Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2017 оны 1-3 сарын 43.319.198 төгрөгийг үл маргах журмаар олгоно гэсэн тул 43.319.198 төгрөгийг зөвшөөрнө. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342.980.806 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01368 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дуургийн Засаг даргын тамгын газраас 342.980.806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СТ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1.872.860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 1.872.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1818 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 299.661.608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43.319.198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1.872.860 гэснийг 1.656.258 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас 342.980.806 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СТ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолоор зохицуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гэрээний үүргийн нэмэлт санхүүжилт 342.980.806 төгрөг нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулахдаа гаргасан зардал бөгөөд тус зардлыг бүрэн төлнө гэсэн гэрээний зохицуулалт байхгүй. Хариуцагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “...захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 86 дугаар тогтоолын дагуу дүүргийн төсвөөс сар бүр нэмэлт санхүүжилтийг олгосон. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч хийгээгүй. Магадлалын хянах хэсэгт “...Нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт орж ирээгүй, эсвэл дутуу ирсэн бол энэ талаар хариуцагч шаардлага гаргах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй...” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн дээрх тайлбарыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний хөлс, нэмэлт санхүүжилтийг төсөвт багтаан сар бүр олгосон байхад нэхэмжлэгчийн гаргасан зардлыг гэрээний нэмэлт санхүүжилт хэмээн үзэж нэхэмжлэгчид гаргуулахаар шийдсэн нь төсвийн мөнгийг үргүйдүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

СТ ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2014- 2017 оны 3 дугаар сар хүртэлхи нэмэлт санхүүжилтэд 342.980.806 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 43.319.198 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэжээ.

Хог хаягдлын тухай хуулийн /2012 оны/ 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.3-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга нь хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, ...талаар  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, улмаар сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

Дээрх хуулийн хүрээнд зохигчийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “хог тээвэрлэх гэрээ”, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, 2016 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр “хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “хог тээвэрлэх түр гэрээ”,  2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “хог тээвэрлэх түр гэрээ” тус тус байгуулагджээ.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч СТ ХХК нь  Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17 дугаар хорооны буюу 1-р бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүрэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар уг ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэсний нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 86 дугаар тогтоолоор баталсан журамд  зааснаар олгох үүргийг хариуцагч хүлээсэн нь тогтоогджээ.

СТ ХХК-ийн 2014 оноос 2017 оны 3 дугаар сар хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлс, нэмэлт санхүүжилтийг талууд гэрээнд заасан журмын дагуу холбогдох баримтын үндсэн дээр харилцан баталгаажуулсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Энэхүү баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нийт 772.913.384 төгрөгийн санхүүжилт олгохоос 429.932.578 төгрөг олгосон нь тогтоогдсон тул  анхан шатны шүүх 342.980.806 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д заасантай нийцсэн байна.

Гэрээний заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 86 дугаар тогтоолоор баталсан журамд ажлын хөлсөнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагаас хог хаягдлын хураамжаас гадна Нийслэлийн захирагчийн албанаас олгож байгаа нэмэлт санхүүжилт хамаарах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүйгээс нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож, уг санхүүжилтийг олгохдоо Улаанбаатар хотын захирагчийн алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулсан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлж, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Иймд Нийслэлийн төсвөөс санхүүжилт дутуу олгосон, дүүргийн төсөв хүрэлцэхгүй гэх  хариуцагчийн  гомдол үндэслэлгүй байна.

2017 оны 1 дүгээр улирлын санхүүжилтээс дутуу олгосон 43.319.189 төгрөгийг үл маргах журмаар хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хяналтын шатны шүүх хуралдаанд тухайн мөнгө төлөгдсөн гэсэн тайлбар гаргасныг дурдаж, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1818 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ