Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00083

 

УШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02075 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1856 дугаар магадлалтай,

УШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ҮЧ ХХК-д холбогдох, 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 313.412.301 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний хөлс 215.587.699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Л.З, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч УШ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Увдист орон цогцолборын төслийг боловсруулан, уг цогцолборын хүрээнд 10 метрийн өндөртэй, 115.72 м.куб хэмжээтэй боржин чулуун хаалга буюу Увдисын үүд нэртэй байгууламжийг хийхээр цогцолборын төсөлд тусгагдсан. Манай компани чулуун хаалга хийх ажил гүйцэтгэх гэрээг ҮЧ ХХК-ийн захиралтай 2015 оны 10 сард амаар тохиролцсон бөгөөд гэрээний нийт үнийн дүн дээр талууд тохиролцоогүй тул өнөөдрийг хүртэл бичгээр гэрээ хийгдээгүй. Хариуцагч нь чулуун хаалгыг нийт 696.600.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал, гүйцэтгэх ажлын төсвийн хамт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УШ ХХК-д ирүүлсэн. Уг үнэлгээг УШ ХХК нь зөвшөөрөөгүй тул ҮЧ ХХК нь төсөвчин Ч.Мөнхтуяагаар 2016 онд чулуун хаалгыг 698.587.132 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлын төсөв ирүүлсэн. УШ ХХК-аас чулуун хаалга 115.72 м.куб хэмжээтэй болж байхад 720 м.куб чулуу шаардлагагүй тул төсвөө дахин гаргахыг хүсэхэд ҮЧ ХХК нь 3 дахь удаагаа төсвийг гаргахдаа 1.101.647.787 төгрөгөөр гүйцэтгэх тооцоог гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 313.412.301 төгрөгийг хариуцагчид төлсөн. Хариуцагч нь чулуун хаалгыг бүрэн хийж дууссан гэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын төсвийг бодитой үндэслэлтэй тогтоосны дараа ажлын хөлсийг төлөх хүсэлтэй байгаа. Талуудын хувьд боржин чулуун хаалганы үнийг анхнаасаа хэлэлцэн тохирч чадаагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчээс боржин чулуун хаалганы үнэд төлсөн 313.412.301 төгрөгийг хариуцагч ҮЧ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ҮЧ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани 2015 оны 8 дугаар сард Увдист орон цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 10 метр өндөртэй, 21 метр урттай боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэхээр болж нийт 696.600.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх санал тавихад захиалагч тал хүлээн зөвшөөрч, улмаар төсвийн дэлгэрэнгүй хувилбартай танилцах хүсэлтийг тавьсан байдаг. Манай компанийн зүгээс уг 696.600.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсвийн дэлгэрэнгүйг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн урьдчилгаа төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд нийт 313.412.301 төгрөгийн төлбөр төлсөн. Манай компани 2015 оны 8 дугаар сард захиалсан чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд УШ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс болох 383.187.699 төгрөгийг манай компанид төлөөгүй байна. Компанийн зүгээс нэхэмжлэгчийг үлдэгдэл ажлын хөлсийг төлөх хүртэл боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэггүй болно. Бид дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын төсвийг нийт 696.600.000 төгрөг байхаар тооцоо, төсөв гаргасныг УШ ХХК-д хүргүүлж, танилцуулсан. Үүний дараагаар захиалагч талаас үнийн талаар ямар нэгэн санал, тайлбар ирүүлээгүй бөгөөд уг сардаа урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн тул бид ажлаа эхлүүлсэн. Манай компани ажлын нэмэлт зардлыг өөрсдөө гаргаж, ажлыг хийж дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ҮЧ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Захиалагч тал уг байгалийн боржин чулуугаар хийж гүйцэтгүүлсэн чулуун хаалганы ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа чулуун хаалгыг гаргуулж, өөрт олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Улмаар шинжээч нь боржин чулуун хаалгыг 529.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд захиалагчийн чулуун хаалгыг хийж гүйцэтгүүлсэн боловч ажлын хөлсийг гүйцэт төлөөгүй төлбөрийн үлдэгдэл болох 215.587.699 төгрөгийг хариуцагч УШ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч УШ ХХК-ийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Талууд урьд өмнө ажил хэргийн холбоотой байсан тул итгэлцлийн үндсэн дээр чулуун хаалганы үнийн саналыг ирүүлэхээс өмнө ажлын урьдчилгаа хөлсийг өгч эхэлсэн. Хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн үнийн саналыг зөвшөөрөөгүй учраас 2, 3 дахь төсвийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй чулуун хаалганы үнийг тохиролцож чадаагүй гэдгээ мэдэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл бичгээр гэрээ байгуулагдаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02075 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ҮЧ ХХК-аас 313.412.301 төгрөг гаргуулах тухай УШ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар УШ ХХК-аас 215.587.699 төгрөгийг гаргуулан ҮЧ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 1.725.020 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 1.235.890 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, УШ ХХК-аас 1.235.890 төгрөгийг гаргуулан ҮЧ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1856 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.725.020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэн. Хуулийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүяингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зохицуулалт бөгөөд хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2017/15281 дүгээр захирамжаар тус иргэний хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Шинжээч нь дүгнэлтийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шинжээчээс 15281 дугаар захирамжаар  анх шинжээчид тавигдсан асуултад дурдагдаагүй, огт хамааралгүй зүйлийг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх энэхүү хүсэлтийг хангаагүй шийдсэн нь үндэслэлтэй тул шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу эргэлзээтэй нотлох баримт биш юм. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч УШ ХХК, хариуцагч ҮЧ ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч, нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 215.587.699 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг, зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

          Хариуцагч ҮЧ ХХК нь нэхэмжлэгч УШ ХХК-ийн захиалгаар Архангай аймгийн Цахир суманд бүтээн байгуулж байгаа “Увидаст орон” цогцолборт зориулж, боржин чулуун хаалга хийж гүйцэтгэхээр хэлэлцсэн боловч гэрээний үнийг талууд тодорхой тохиролцоогүй нь тогтоогдсон байна.

          Гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй тул гэрээ байгуулагдаагүй хэмээн нэхэмжлэгч ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөө хариуцагчийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж үзэн нэхэмжилсэн бол хариуцагч гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж ажлын хөлсийн үлдэгдлийг шаарджээ.

          Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан байх ба шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Анхан шатны шүүх, зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн тухай магадлалд заасан үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг тогтоолгож, дүгнэлт гаргуулсан хэдий ч шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүйгээс тухайн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

         Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу бүрдээгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.

         Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан ”энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах” зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1856 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.236.000 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                   Г.АЛТАНЧИМЭГ