Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Т Т К” ХХК-ний нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргад  холбогдох аймгийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/173 дугаар захирамжийн “Т Т К” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож,  хүчингүй болгуулах шаардлага  бүхий нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,  Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Т Т К” ХХК-ний захирал Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Т Т К” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/198 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байршилтай, 8208004602 нэгж талбарын дугаартай 20524м2 хэмжээтэй газрыг орон сууцны 15 айлын хаус зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 000319655 дугаартай гэрчилгээг гаргуулж авсан. Улмаар энэхүү газраа зориулалтаар нь ашиглаж тус бүр нь 7.5:8.5 харьцаатай 63.75м2 хэмжээтэй 16 хаус барихаар төлөвлөж үүнээс 5 хаус буюу амины орон сууц барьж эхэлсэн боловч орон нутаг дэд бүтцийн асуудлыг шийдээгүйгээс болж орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд өгөх боломжгүй нөхцөл байдал үүсч ажлаа түр зогсоосон байхад аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжаар “ Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн тул  “Т Т К” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэсэн шийдвэрийг орон нутгийн албаны бус хүнээс цахим орчинд мэдээлэл тавигдсан байна гэдэг мэдээллийн дагуу олж мэдээд хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч маргаан бүхий А/173 дугаартай захирамжаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 40.4 дэх заалтыг үндэслэл болгон Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж гаргасан захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Учир нь: Манай барьж байгаа хаус буюу амины нийт 5 орон сууц нь тус бүртээ дээврийн хамт 5м өндөртэй 7.5:8.5 харьцаатай 63.75м2 хэмжээтэй 1 айлын орон сууц бөгөөд барилга байгууламжийн төвөгшлөөр барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжинд хамаарах орон сууц байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь хууль бус байна гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Үүнийг яагаад хууль бус үзээд байна гэхээр хариуцагч маргаан бүхий акт А/173 дугаартай захирамжаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсгийг үндэслэл болгоод Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг ноцтой зөрчсөн байна гэж үзээд цуцалсан байдаг. Үүнийг нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавартай. Хууль бус захирамж байна гэж үзэж манайх нэхэмжлэл гаргасан. Учир нь манай барьж байгаа хаус буюу амины орон сууц нь тус бүрдээ дээврийн хамт 5 метр өндөртэй. 7.5-ыг харьцах нь 8.5-ын хэмжээтэй 60.75 метр квадрат хэмжээтэй талбайтай нэг айлын орон сууц. Барилга байгууламжийн төвөгшлөөрөө барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байгаа. Хуульд зааснаар зөвшөөрөл шаардахгүй учраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, авах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэдэг. Төсөл сонгон шалгаруулах ажлын явцад баригдах байшингийн ерөнхий зургаа схемтэйгээ Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн. Үүнтэй холбоотой архитектурын зургийг үзэж танилцах талаар шаардлага гаргаагүй, төсөл сонгон шалгаруулах материалд өгсөн зургийн хүрээнд инженерийн зурагчлал хийгдсэн байгаа. Газар эзэмших гэрээ болон хуулиар тусгайлан зохицуулсан ямар нэгэн заалт нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа талаараа сонсох ажиллагаа хийгээгүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тодорхой заалтууд заагаад ийм зөрчилтэй байна шийдэж өгнө үү гэсэн албан бичгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Мөн өдрөөр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт нэгэнт тогтоогдсон. Тэгэхээр сонсох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн акт. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан  тусгай зарчмыг баримтлаагүй гаргасан шийдвэр. Мөн хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-т заасан үүргээ биелүүлээгүй. Нөхцөл байдлыг тогтоох талаар үүргээ биелүүлж нотлох баримт цуглуулах үнэлүүлэх бэхжүүлэх, сонсгох ажиллагааг биелүүлээгүй байгааг Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзнэ. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн акт. Дээр нь 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар манайд мэдэгдээгүй. Энэ бол тодорхой эрх бүхий хоёр компанид хандаж гаргасан захирамж байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хэвшсэн журмаар нийтэд танилцуулна гэдгээр цахим хуудсанд байрлуулсан байсныг мэдэж гомдол гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар эрх ашиг нь зөрчигдөж байгаа сөрөг шийдвэр гаргаж байгаа этгээдүүдэд энэ актыг гардуулах ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байгаа. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэдэг. Эхлүүлэх зөвшөөрөл аваагүйн хувьд барилгын ажлын төвөгшилтийн ангиллаараа Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218-д зааснаар манай барьж байгаа барилга барилгын төвөгшилтийн нэгдүгээр ангилал буюу 7 метр хүртэл өндөртэй 400 метр квадрат хүртэл талбайтай нэг айлын орон сууц гэдэг агуулгаар явж байгаа агуулгаараа барилгын ажил эхлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үздэг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай саналын үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.9-ийн 2-оор агуулагддаг. Ж.М төлөөлөгч тайлбарлаж байна. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадаад инженерийн шугамын трасс барилгын ажлын зургийг батлуулна гэсэн үндэслэлийг тайлбарладаг. Маргаан бүхий акт энэ үндэслэлээр гараагүй. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан тайлбар дээр гэрээний 3.9-ийн 5 яригддаг. Барилгыг орчин үеийн загвар стандарт батлагдсан зураг төсвийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж байгаа. Энэ талаараа хариуцагч маргаан бүхий акт гаргахдаа нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаа хийгээгүй байж хийсвэрлэн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тайлбартаа 3.10-г заадаг. 3.10-г заахын тулд 3.11-г цугт нь тайлбарлах нь зүйтэй. Дээрх нөхцөлүүдийн аль нэгийг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болно гэж байгаа. Эдгээрийг зөрчсөн талаарх баримт авагдаагүй. 11 дээр захирамж гарсан өдрөөс 2 жилийн дотор гэдэг. Мөн гэрээний гэрээний 4.3 дээр газар эзэмших гэрээг жил бүр дүгнэнэ гэдэг. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 сар болоогүй байж байхад энэ ажиллагаа явагдсан. Магадгүй гэрээ дүгнэх ажиллагаа хийгээд талуудын хооронд зөрчил дутагдлаа заагаад эрх, үүргээ зөрчиж байна гэдэг асуудал яригдсан бол манайх энэ дээр маргахгүй. Ноцтой зөрчил гэдэг чинь хэн нэгэн этгээдийн очоод энэ ноцтой шүү гэж хэлсэн асуудал биш. Энэ чинь үйл баримттай, нотлох баримттай байх ёстой. Ж.М хариуцагч сая тайлбарласан бид нар энэ барилгын төвөгшилтийн 2 дугаар ангилалд оруулаад блокчилсон барилга гэж үзэж байгаа учраас эхлүүлэх зөвшөөрөл ав гэж тайлбарладаг. Нэгэнт эрх бүхий этгээдээс буюу сайдын тушаалаар батлагдсан журмаар блокчилсон барилга чинь ийм хэмжээтэй шүү гэж заасан байхад хууль бусаар захиргааны байгууллага шаардах эрхгүй. Барилгын ноором дүрэм 31.5-ын 5-д тодорхой заалт байдаг. Блокчсон барилгыг 310101-ээр тооцож үзнэ. Заавал мөрдөх хавсралт дээр тодорхой заасан байгаа. Барилгын ноором дүрмийн 310505 дээр нэг айлын сууц гэж юу вэ, блокчсон орон сууцны барилга гэж юу гэж тодорхой заасан байгаа. Блокчсон барилга гэж нэг айлын сууцны төрөлд хамаарах бөгөөд 2 ба түүнээс дээш айлын сууцтай тус бүрдээ сууцны эдэлбэр газар руу шууд гарах гарцтай байна. Энэхүү тодорхойлолтыг өргөтгөж 2 ба түүнээс дээш бие биедээ хоорондоо залгаж барьсан сууцны блоктой тус бүрдээ сууцны эдэлбэр газар руу шууд гарах гарцтай байх. Нэг айлын орон сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчсон орон сууцны барилгын бие даасан хэсэг юм гэж блокчсон орон сууцыг тайлбарласан байдаг. Тэгэхээр манай барьж байгаа барилга бол хамар ханаар тусгаарлагдаагүй тус тусдаа байр. Магадгүй энэ айлын орон сууцнууд хамар хана нэг байх юм бол блокчсон орон сууцны төрөл хамаарна. Ийм учраас барилгын төвөгшилтийн хоёр дугаар ангилалд манай барьж байгаа байшин хамаарахгүй гэсэн тайлбартай байна. Талуудын дунд газар эзэмшүүлэх эрх үүсэж гэрээ байгуулагдсан байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Эзэмших эрх үүссэн үндэслэлийг талууд мөн тайлбарлалаа. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших эрх үүссэн. Газар эзэмших хугацаанд хариуцагч талын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай захирамжаар газар эзэмшигч  Т Т  К ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж байна. Зөрчигдөж байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. Захирамжид байгаа бодит нөхцөл байдлыг барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн, зураг төсөвгүйгээр гүйцэтгэсэн гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тавьж цуцалсан байгаа. Ноцтой зөрчлийн хувьд хариуцагч талын тайлбарлаж байгаа 3.9-ийн 2, 3.9-ийг 5-тай холбоотой заалт байхгүй байна гэж үзэж байна. Энэ заалтыг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцоогүй. Хоёрдугаарт үүнийг зөрчил байна гэдгийг тогтоосон үйл баримт хэрэгт хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Хариуцагчийн төлөөлөгч мөн тайлбарласан. Бид нар нэг загварын барилга бариулах зорилготой, өөр өөр хүмүүст газрыг эзэмшүүлэх юм бол өөр өөр загвартай барина. Хотын өнгө үзэмжид нөлөөлөх учраас нэг загварын барилга бариулна гэж энэ төслийг сонгон шалгуулсан гэдэг. Манай баригдаж байгаа барилга хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн төсөл сонгон шалгаруулалтын ажиллагаанд гаргаж өгсөн зураг мөн. Хэлбэр хэмжээ зохион байгуулалтын хувьд ч гэсэн хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд манай төслийг сонгон шалгаруулсан байгаа. Нэг загварын барилгын хувьд нийт 16 барилга болгож барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хуулиар, мөн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн захирамжаараа ч гэсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт эзэмших гэрээ байгуулж гэрээнд хяналт тавихыг зөвшөөрсөн болохоос төсөл хэрэгжих явцад хяналт тавихыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгоогүй. Тэгэхээр энэ асуудлаар тухайн этгээд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас энэ асуудлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах санал хүргүүлэх үндэслэлгүй байна. Харин хүчингүй болгуулах санал хүргүүлэх эрхтэй этгээд нь С.Б байна. Амины орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэх явцад хяналт тавьж ажиллахыг С.Б-д үүрэг болгосон. Энэ Б гэдэг этгээдээс эрх бүхий этгээдийн акт баримт үйлдэгдэж ирээгүй, гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн чиг үүрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгөөгүй. Барилгын ажил эхлүүлээгүй, барьж байгаа барилга нь стандартад нийцэхгүй, өрөө нь жижигхэн байна гэдэг гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Энэ нь газар эзэмшүүлэх эрх цуцлахтай холбоотой үндэслэл биш байна. Энгийн хүмүүс бол өөр ашиг сонирхол яваад байна гэж ойлгоно. Хууль ч бид нар хууль зүйн үндэслэлгүйгээр хууль бус шаардлага тавьж байна гэж тайлбарлана. Хэрэгт цугларсан нотлох баримт талуудын гаргасан тайлбартай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-д зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байна гэдгийг өмнө хэлсэн тайлбараараа дэмжиж тайлбарлаж байна гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Т Т К ХХК-тай холбоотой 20524 метр квадрат газрыг амины орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн захирамжийг аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаартай албан тоот ирүүлсэн. Үүний дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан байдаг. Газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохдоо хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж гаргасан гэж үзэж байна. Тухайн Т Т К ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр А/198 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд хоёр тал тодорхой эрх үүргийг харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Үүнд нэгдүгээрт тухайн гэрээний 3.9-ийн 2-т аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар байршил схем зураг, техникийн нөхцлөөс гадна инженер шугам трасс, барилгын ажлын зургийг батлуулах гэж заасан байдаг. Энэ үүргээ Т Т К ХХК биелүүлээгүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр аймгийн Засаг даргын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 захирамж хуульд нийцэж гарсан захирамж байдаг. Мөн аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагаас Т Т К ХХК-ийг тухайн амины хаус барьж барилгын ажил эхэлж байх үед очиж уулзаж хуулийн зүйл заалт зөрчсөн байна. Цаашид хууль тогтоомжийн дагуу энэ ажлаа үргэлжлүүлэхгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг чинь хүчингүй болгоно гэсэн үүрэг чиглэлийг тухай бүр өгч явж байсан бөгөөд энэ талаар гэрчийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Анх Солонго хороололд 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Тэгэхээр 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрээ дүгнэгдэх нь гэвч нэхэмжлэгч талын зүгээс ямар нэгэн нөхцөл байдлыг тодруулсангүй гэж байна. Гэрчийн тэмдэглэлийг харсан бол холбогдох албан тушаалтнууд аймгийн Засаг дарга, мэргэжлийн хүмүүсээ дагуулж очоод гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзсан байдаг. Тэгэхээр нөхцөл байдлыг тодруулаагүй гэж хэлж болохгүй. Албажуулж, тэмдэглэсэн зүйл байхгүй байгаа нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруу. Энэ дээр гэрч мэдүүлэг өгөхдөө хэлсэн байсан. Тодорхой ажил хариуцсан мэргэжилтэнд энэ чиглэлээр албажуул гэсэн үүрэг чиглэл өгсөн, гэвч тэнд ажилласан мэргэжилтнүүд нь баримтжуулсан зүйл байхгүй учраас гэрчийн мэдүүлэг авахуулсан байдаг. Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/198 дугаар захирамжаар Т Т к ХХК-д газар эзэмшүүлэхдээ захирамжид тодорхой үүргийг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Б-д үүрэг болгосон. С.Б нь зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарах хэлтсийн албан тушаалтан. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн доор харьяалагдах газар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар байдаг.  Энэ хүрээндээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тухайн хяналтыг тавих чиг үүрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж байгаа. Төсөл сонгон шалгаруулалтад танай “Т Т К” ХХК оролцоод цаашаа барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээлэн гүйцэтгүүлж болохоор зааж өгсөн. Т Т  К ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани гэж үзэж байгаа.

       Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд аймгийн Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцсэн захирамж гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 гэдэг заалтуудыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй гэж яриад байна. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Гэрээ байгуулснаар энэ асуудлыг тогтоогоод өгсөн асуудал. Бид нараас ийм зүйл шаардаагүй гэж ярьж байна. Төсөл сонгон шалгаруулалт анх зарлагдахдаа энэ урилга дээр хүртэл байж байгаа. Батлагдсан зураг төслөөр барилга байгууламж барих гэж үг байж байгаа. Холбогдох байгууллагуудыг өгсөн техникийн нөхцлийн дагуу гэж байгаа. Гүйцэтгэгч энэ техникийн нөхцлийг өөрөө авдаг. Шугам сүлжээний зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх гэсэн тусгай заалт хүртэл энэ дээр байж байгаа. Үүнийг зөвшөөрөөд төсөл сонгон шалгаруулалтад оролцсон гэж ойлгож байгаа. Бид нарын тавьж байгаа шаардлагыг зөвшөөрч төсөл сонгон шалгаруулалтаар ялагч болж төслөө гүйцэтгэж байгаа гэсэн ойлголтоор явж байсан. Төвөгшил дээр хэрвээ бид нар амины орон сууц гэдэг утгаар нь явсан бол барилга болгон дээр иргэдэд тус тусад энэ газрыг олгох боломжтой байсан. Яагаад бид нар тусгай зөвшөөрөлтэй барилгын компанид энэ газрыг блокчсон байдлаар олгож байгаа бэ гэхээр бид нар шаардлага тавих асуудлаа цэгцлэх гэж төсөл сонгон шалгаруулалт зарласан. Хөгжил хороолол шиг иргэдэд нэг нэгээр нь олгоод янз бүрийн юм бариулахгүй гэдэг утгаар зарласан. Төсөл сонгон шалгаруулалтын гол зорилго нь энэ. Тэгэхээр энэ төсөл сонгон шалгаруулалтыг өөр утгаар ажиллуулаад явах гээд байна.  Дараа нь иргэдийг хохироох асуудал гаргах уу гээд янз бүрийн асуудал байгаа. Иргэд бол өөрсдөө хөрөнгөө гаргаад өөрсдийн газар дээр барилга бариулж байгаа бол бид нар нэгдүгээр төвөгшлийг зөвшөөрч болно. Бид нар блокчсон байдлаар төсөл гэдэг утгаар нь явж байгаа. Ийм байдлаар төсөл явуулсан гэж ойлгож байгаа мөн хотын ерөнхий төлөвлөгөөний газар архитектураар зураг төсөл батлуулаагүй гэдэг үндэслэл тавьж байна. Сонгон шалгаруулалтад оролцохдоо энэ ажлын хэсэгт нь энэ албаныхан байсан. Төсөл сонгон шалгаруулалт зарлах журам дээр заасан байгаа. Ямар шалгуур байх ёстой, хэн хэрэгжүүлж ямар төсөл ирүүлэх ёстой талаар заасан байгаа. Энэ компани бол үүнийг зөвшөөрч орсон байгаа. Иргэдийн газар дээр барилга барьж байгаа асуудал биш гэж хэлээд байгаа. Төвөгшилттэй холбоотой ганц заалтаар бүх заалтыг тайлбарлаж яваад байна. Янз бүрийн ажлууд байдаг. Нэгдүгээр зэрэг дээр зураг төсөв, тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн ангиллыг тайлбарлаж яваад байгаагаас маш олон удаа дурдаж байгаа гарах үр дагавраа яаж тайлбарлах уу. Иргэд газраа худалдаж авлаа худалдаж авахаар танайх амины орон сууц бариад зарсан асуудал байгаа биз. Танай ирүүлсэн төсөл дээр байж байгаа. Дулаан алдагдалт, хурдан угсралт гэсэн үгнүүд байгаа. Энэ барилгыг барихад манай тавьж байгаа шаардлага марк стандарт янз бүрийн шаардлага байдаг. Хаана хэрэгжүүлж байсан нь мэдэгдэхгүй, төслийн хэсгээс аваад тавьсан байгаа. Төсөл шалгаруулах комисс дүгнэлт гаргасан байгаа. Т Т К  ХХК-ийн ирүүлсэн төсөл нь 12 дугаарт тавигдах шаардлагыг хангаагүй, шугам сүлжээний зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх гэснийг яаж шийдвэрлэх нь төсөл чинь дутуу байгаа. Иймэрхүү асуудлууд байсан. Нэг нь шугам сүлжээний асуудлаа шийдвэрлэж чадахгүй гэдгээр ажлаа эхлүүлээгүй байсан. Ямар ажлын зураг байсан хэзээ хийгдсэн нь тодорхойгүй. Ажлаа хэдий хугацаанд яаж гүйцэтгэх график нь тодорхойгүй. Нэг талдаа захиргааны акт нэг барилгын төвөгшилтэй холбоотой асуудал яригдаж байгаа боловч цаанаа маш том асуудал яригдаж байгаа гэдгийг хэлэх зүйтэй байх. Иргэдтэй байгуулсан гэрээг дараа нь шаардах хэрэгтэй болно. Иргэд энэ эрх ашгаа яаж хамгаалуулах юм. Энэ эрх ашгийг хаанаас яаж хамгаалуулах ёстой юм. Хууль мэдэхгүй иргэд гэдэг юм уу, байгууллага төсөл хэрэгжүүлэгч буюу ашиг олж байгаа бизнесийн байгууллага гэж ойлгож байгаа. Энэ ашигтай холбоотой, гэрээтэй холбоотой асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй байх. Энэ асуудлаар бид нар  хүчингүй болгож байгаа үндсэн нөхцөл техникийн нөхцөл, шугам сүлжээ, барилгын ажлын зураг гэдэг байдлаар явж байгаа болохоос ангилалтай холбоотой зөвшөөрөл шаардахгүй, зураг төсөл шаардахгүй гэдэг байдлаар явах юм бол хэн ч хаана ч дуртай юмаа барьж болох нь энэ төсөл цаашаа үргэлжлээд явна бүгдэд нь үлгэр жишээ болохоор асуудал явна гэв.

         Гэрч Г.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй:  Орон нутагт хэрэгжиж байгаа бүх ажил дээр манайх өөрийн чиглэлээр хяналт тавиад ажиллаж байгаа. Эдний дээр би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр очсон байдаг. Очоод ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваад ажлаа ёс журмынх нь дагуу эхлээд яваарай гэж хэлээд үүрэг, даалгавар өгөөд явсан байдаг. 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Засаг дарга, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б нартай хамт очсон. Зураг төсвийн дагуу болохгүй байна, чанартай юм хий, зураг төсөлд заасан зургаасаа өөрчлөлттэй байна. Зураг төсвийн дагуу хийгээгүй бол газрын эзэмших эрхийг цуцална гэсэн мэдэгдлийг тэнд өгсөн байдаг. Тэгэхэд Говь-Алтай аймаг талаас хариуцаж байгаа А гэдэг хүн хариуцаад тэнд нь ажиллаж байсан. Төслөөр орж ирсэн манайх өөрийн чиг үүргийн хүрээнд очиж үзээд үүрэг даалгавар өгсөн. Гэтэл үүрэг даалгавар хэрэгжээгүй. Ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө ав, материалаа бүрдүүл. Материал бүрдүүлэх жагсаалтаа манайхаас очиж аваад тэрний дагуу материалаа бүрдүүлээд ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч байж барилгын ажлаа эхлээрэй гэсэн үүрэг өгөөд явсан гэв.

       Гэрч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Зөвшөөрөл авахгүй барилга байгууламжийн жагсаалтад 7 хүртэлх нэг айлын орон сууц гэж байгаа. Танай хувьд бага төвөгшилтэйд ороод бүхэл бүтэн хотхон хороолол байгаа. Энэ дээр төвөгшлөөсөө шалтгаалдаг. Бага, дунд, өндөр төвөгшилттэй барилга дээр заавал барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авна, бүрдүүлэх материалаа бүрдүүлээд, хяналтын гэрээ байгуулагдаад хяналт тавьж ажилладаг.  Баригдаж байгаа барилга дээр зураг төсөв нормын дагуу хяналт тавина. Манай байгууллага эдний барилга баригдаж эхэлснээс хойш очиж байсан. Би өөрөө очиж байсан. Инженер залуу нь байж байсан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө ав, тийм тийм материал бүрдүүлнэ гэдэг үүрэг даалгавар өгсөн. Г.Б инженер бид хоёр цуг очиж байсан. Тэрнээс хойш аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хамт 7 дугаар сарын 22-ны өдөр нэг очиж байсан. Газар эзэмших эрх нь хүчингүй болсны дараа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бас очоод  албан тоот хүргүүлж байсан гэв. 

ҮНДЭСЛЭН нь:

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Алтай хотын инженерийн шугам, сүлжээ бүхий бүсийн “Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө”-г батлаж, тогтоолын хавсралтаар Есөнбулаг сумын Баянхайрхан багт “Солонго хороолол” 420000м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсаны дагуу аймгийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах газрын хэмжээ, зориулалт, эрхийн гэрчилгээний анхны үнэ, газрын байршлыг батлаж, газар эзэмших төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг танилцуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан.

         Аймгийн Засаг даргын 2018 оны А/89 дүгээр захирамжаар зарлагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комисс байгууллагдаж уг төсөлд “Т Т К” ХХК-ний “Залуус хотхон” амины орон сууцны хотхон байгуулах төсөл шалгарч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/198 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар “Т Т К” ХХК-д Солонго хороололд 20524 м2  газрыг хаус /16/ барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

        “Т т к” ХХК-нд эзэмшүүлсэн 16 айлын хаус барих газартаа 5 айлын хаус буюу хувийн орон сууцыг барих явцад аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны А/173 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг 40.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн тул “Т Т К” ХХК-ийн нэгж талбарын 8208004602 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Маргааны үндэслэл нь “Т Т К” ХХК залуус хотхон байгуулах төсөл хэрэгжүүлж хувийн орон сууц буюу хаус барихдаа барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн тухайд “...манай барьж байгаа хаус буюу амины нийт 5 орон сууц тус бүртээ дээврийн хамт 5м өндөртэй 7.5:8.5 харьцаатай 63.75м2 хэмжээтэй талбайтай 1 айлын сууц бөгөөд барилга байгууламжийн төвөгшлөөр барилгыг ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжинд хамаарах орон сууц байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь хууль бус байна” гэжээ.

         Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Барилга байгууламжийг төвөгшлөөр нь 10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, 10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж ангилсан бөгөөд 10.2.Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заасан байна.

         “Т Т К” ХХК-ний хувийн орон сууц барьж эхэлсэн 2018 оны 6 дугаар сард Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 194 дүгээр тушаалаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг мөрдөж байсан. Уг дүрмийн  барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд  хамаарах барилга байгууламжууд хэсэгт орон сууцны төрөлд 1.Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид 7 метр хүртэл өндөртэй 200м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц, 2.Бага төвөгшилтэй барилга байгууламж 15 метр хүртэл өндөр нэг айлын орон сууц, олон айлын болон блокчилсон орон сууц хамаарахаар заасан.

        “Т Т К” ХХК-ний хэрэгжүүлж байгаа төсөл өөрөө Залуус хотхон бөгөөд олон тооны буюу 16 амины орон сууцыг цогцоор нь барьж ашиглалтад оруулахаар байна. Тодруулбал Барилга, хот байгуулалтын сайдын 194 дүгээр тушаалаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д зааснаар бага төвөгшилтэй барилга байгууламж 15 метр хүртэл өндөр олон айлын хаус буюу хувийн орон сууцыг барих тул барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагатай байсан байна.

Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал нь  барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах, барилгын ажилд захиалагчийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах үндэслэл болно. Харин Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсалтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ээр зохицуулахгүй бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэхэд тусгай зөшөөрөл шаардахгүй, барилгын ажлын зөвшөөрөл авахгүй, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах зэрэг барилгын ажилд захиалагчийн хяналт тавигдахгүй 7 метр хүртэл өндөртэй 200м2  хүртэл талбайтай нэг айлын амины орон сууц барихыг ойлгоно. Т Т К” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл авахгүй бага төвөгшилтэй барилга байгууламж шинээр барих ажлыг эхлүүлсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1  “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-т “барилга байгууламжийг шинээр барих”  гэж заасныг зөрчин гэж үзэх үндэслэлтэй байна.

Газар эзэмших гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн тухайд:

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээнд газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой тусгасан байна. Гэрээний 3.9.2-т Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трасс, барилгын ажлын зургийг батлуулах, 3.9.5-д Барилгыг орчин үеийн стандарт, батлагдсан зураг төсвийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн ...гэрээний 3.10-т дээрх нөхцөлүүдийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор харилцан тохиролцсоны дагуу ...газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэсэн тайлбарыг гаргасан.

        2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр А/198 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан М.А газар эзэмшигчийг төлөөлж “Т Т К” ХХК-ний захирал Д.Б нар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна..  

         “Т Т К” ХХК-ний “Залуус хотхон” амины орон сууцны хотхон байгуулах төсөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан Есөнбулаг сумын Баянхайрхан багт баригдах Солонго хороололд баригдах хотхон бөгөөд гэрээний 3.9.2-т “Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трасс, барилгын ажлын зургийг батлуулах” үүргийг газар эзэмшигчид гэрээгээр хүлээлгэсэн байхад энэ үүргээ “Т Т К" ХХК биелүүлээгүй байна. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”-ийг барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргахаар заасан. Өөрөөр хэлбэл “Т Т К” ХХК  гэрээнд заасан үүргээ биелүүлж барилга байгууламжийн байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трасс, барилгын ажлын зургийг баталгаажуулж барилыг ажлын зөвшөөрөл авснаар ажлаа гүйцэтгэх байсан байна. 

         Гэрээний 3.10-т “дээрх нөхцөлүүдийг аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болно” гэж зааснаар газар эзэмшүүлэгч  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцөлийг ноцтой зөрсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

         Мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.9.5-д Барилгыг орчин үеийн стандарт, батлагдсан зураг төсвийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэж зааснаар Т т к” ХХК барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.   

 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Т К” ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн “Т Т К” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ