Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00117

 

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1929 дугаар магадлалтай,

О.С-ын нэхэмжлэлтэй

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 51.660.000 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, М.Т, прокурор Х.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч О.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...нөхөр О.Баатархүү 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барж, нөхөж баршгүй хохирол учирсан ба уг хэрэгт сэжиглэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 201201000482 тоот эрүүгийн үүсгэн сэжигтэн, яллагдагчаар татаж, илт гэм буруугүй байхад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, олон сараар ар гэр, үр хүүхдүүдээс тусгаарлаж, цагдан хорьсон. Анх нөхрийгөө гэнэт ухаан алдан татаж унахад маш их сандарч, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхдөө цочролд орсны улмаас автомашинаас унасан гэдгийг тухайн үед хэлж чадаагүй, харин эмнэлэг дээр ах, дүү, төрөл садангийн хүмүүс ирсний дараагаар энэ талаар хэлсэн ба цагдаагийн байгууллагаас үүнийг үндэслэн сэжиглэж шалгасан. Эрүүгийн хуулийн 95, 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Нарантуул зах дээр лангуу түрээслэж, бараа бүтээгдэхүүн худалдах бизнес эрхэлдэг байсан бөгөөд сарын 2.000.000 гаруй төгрөгийн орлоготой байсан. Мөн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног хоригдсон ба энэ хугацаанд болон анх хэрэгт сэжиглэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бизнесийн үйл ажиллагаагаа огт эрхэлж чадаагүй ба үүний улмаас олох ёстой байсан орлогод 22.000.000 төгрөгийн хохирол, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид төлсөн 10.000.000 төгрөг, иргэний хэрэгт төлсөн 4.500.000 төгрөг, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байхад хүүхэд асруулахаар А.Ганчимэгт 8.400.000 төгрөг төлсөн хохирлууд учирсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног цагдан хоригдож байхад эргэлт, хувийн хэрэглээний зардалд 760.000 төгрөг гарсан ба энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдсанаас хойш сэтгэл санаагаар маш их унаж, гүн цочролд орсон ба үүнээс болж бие муутай болж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, гүн хямралын байдалтай амьдарч байгаагаа үндэслэн сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Ард хоцорсон 5 хүүхдээ цаашид хэрхэн тэжээн тэтгэх вэ гэдэг нөхцөл байдалтай тулгарч байгаагаас гадна бизнес хийхэд болон орон байр худалдан авахад зориулж авсан зээлийн төлбөрийг ямар ч орлогогүй учраас төлж чадахгүй, хэдийгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хэрэгт сэжиглэгдэн, гэм буруутай мэтээр хандсанд туйлын ихээр гомдож байна. Иймд дээрх 51.660.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Б.Онон, Б.Мөнгөнсүх, прокурор О.Сайнбаяр нарын шүүхэд гаргасан тайлбарт: О.С- нь талийгаач О.Баатархүүгийн гэмтлийн шалтгааны талаар түүний хамаатны хүмүүс болон, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад худал хэлж байсан нь тогтоогдсон. Талийгаачид анх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн мэдүүлгээр учирсан гэмтэл нь автомашинаас унах үед үүсэх боломжгүй, цохилтын улмаас үүсэх боломжтой талаар мэдүүлсэн. О.С-ыг хуульд заасан журмын дагуу шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагыг юунд үндэслэж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч М.Төмөрцэцэгт эрүүгийн хэрэгт 10.000.000 төгрөг, иргэний хэрэгт 4.500.000 төгрөг төлөн талаар дурджээ. О.С- нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ж.Батнасангаар өмгөөлүүлэх хүсэлт гаргаж, түүний хүсэлтийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч Ж.Батнасан оролцож байсан баримт авагдсан. Иймд О.С-ийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага үнэн бодит эсэх нь эргэлзээтэй. Эргэлт, уулзалтын болон хүүхэд харуулсан зардлын тухайд О.С-д холбогдох эрүүгийн хэрэгт тэрээр 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Сугар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд зааснаар 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сэжигтэн яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих тогтоол үйлдэж О.С-ын хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний ах О.Эрдэнэбулганыг томилжээ. Дээрх зардлууд нь түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй. Ямар орлого олдог байсан талаарх баримт ирүүлээгүй байх ба эрүүгийн хэрэгт шалгагдсан нийт хугацаанд олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт шалгагдах бүх хугацаанд түүний хөдөлмөрлөх боломж хязгаарлагдаагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 4.584.056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.С-д олгож, нэхэмжлэлээс 47.075.944 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.С- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1929 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч О.С- нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирол 51.660.000 төгрөгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388.1, 389.1, 389.2.1, 389.2.3, 390.1.1, 390.1.5, Иргэний хуулийн 497.1, 498.4 эдгээр хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Энэ хэрэг нь Улсын дээд шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болж хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Гэвч миний бие Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан үндэслэлүүдээр хүсэлт гаргасан боловч огт хангаагүйгээр шүүх хурлыг явуулж үүнээс болж миний үйлчлүүлэгч О.С- нь өөрт учирсан хохирлоо хуулийн дагуу бүрэн дүүрэн авч чадсангүй. Онц хүнд гэмт хэрэгт гэм буруугүй байж сэжигтэн яллагдагчаар татагдан шалгагдаж улмаар 8 сартай хөхнөөс гараагүй бяцхан нялх үрээ, дээр нь 4 хүүхдээ эхийн цагаан сүүгээ гоожуулан орхин хоригдож сэтгэл санааны гүн цоцролд орж хар байсан үсэнд нь буурал сууж, үр хүүхдүүд нь адилхан хохирч жил гаруй шалгагдаж эцэст нь түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж гэм буруугүй нь тогтоогдож сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгаараа бүрэн хохирч, бүхнээ алдаж тэр өдрөөс хойш нэн ядуугийн тоонд орж хоолтой, хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж хэдэн хүүхэд нь тэжээлийн дутагдалд орж турж эцэж, хичээл сурлагандаа идэвхгүй болж элэг эмтрэм амьдралыг туулж зөвхөн ээж, аав нь байрны мөнгө хоногийн хоолтой нь залгуулж явна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслээгүй нөхцөл байдалд хууль зүйн зөв дүгнэлт өгөхгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй дутуу дулимаг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх олох ёстой байсан орлогыг хянан шийдвэрлэхдээ зөвхөн 50 хоногоор хөдөлмөрийн хөлсний тухайн үеийн доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр бодож олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь онц хүнд гэмт хэрэгт 1 жил 13 хоног шалгагдаж, өөрөөр хэлбэл 373 хоногийн дараа хэрэг хэрэгсэхгүй болсон байхад зөвхөн цагдан хоригдсон 50 хоногоор тооцож 417.390 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн яаж ажил хийх юм бэ. Бүтэн нэг жил гаруй хэргийг шийдэхгүй удааж цагдаагийн үүд сахиулж, 5-н хүүхдийн эхийг шар махтай нь хатааж, сэтгэл санаа ямар байхав. Иймд 373 хоног /8,347.8x373=3.113.729,4/ тооцон бодож олгох нь бодит үнэнд нийцэх ёстой гэж үзэж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлсийг олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нөхөн төлүүлэх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Миний бие анх О.С-той эрүүгийн хэрэг үүссэнээс өдийг хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласаар ирсэн. Миний бие эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон. Учир нь хорих 461-р анги бол хаалттай бүс миний бие өдөр болгон шахуу очиж ганцаарчлан уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлж, ажлын бүтэн өдрийг зарцуулдаг байсан. Хэрвээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй байсан бол намайг О.С-той уулзуулахгүй байсан.Тэгээд ч хуулинд мөрдөн байцаалтанд суугаагүй бол өгөхгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Зөвхөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж заасан байгаа. Тухайн үед Ж.Батнасан өмгөөлөгч бид хоёр Өмгөөлөл хууль зүйн ВDLC ХХК-д ажилладаг байсан бөгөөд О.С-ын гэр бүл Хууль зүйн лавлах утас 1933-аар холбогдож ирсэн ба миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж ажлын хөлс болох 10.000.000 төгрөг байхаар харилцан тохирч бэлнээр авсан. Түүнээс хойш миний бие тасралтгүй энэ хуулийн товчоонд ажилласаар ирсэн. Мөн 2017 оноос БЕСТ ЛАВ КОНСАЛТИНГ ХХН-ийн үүсгэн байгуулагч өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөний тасалбар мөн О.С- болон түүний ээж Эрдэнэцэцэг нар шүүхийн хэлэлцүүлэгт гэрээг хийснийг гэрчилсэн байгаа нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ огт байгуулаагүй мэтээр таамагласан, хүн гүтгэсэн үндэслэлгүй хэлсэн үгнээс болж үндэслэлтэй нотлох баримтыг үнэлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ гэрээ огт байгуулаагүй юм бол тухайн үед миний бие хорих 461-р ангид очиж уулзсан байх учиргүй. Иймд хорих 461-р ангийн лавлагааг хуурамч гэж үзсэн бол шүүхэд хүсэлт гаргаж шалгуулж болох байсан. Тухайн үед лавлагаа гаргасан ажилтан он сарыг андуурч бичсэн байна лээ. Лавлагааг миний бие үнэн зөв, он сартайгаар нь дахин гаргуулж авсан ба гомдолтой хамт хавсаргаж хүргүүлж байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан хуулийн заалтуудыг огт хэрэглээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 391.1-т Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газрыг оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам, болон Цагдаагийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг өөрийн санаачлагаар тогтоох ёстой байтал шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх явцад дээрх 3-н байгууллагын төлөөлөгч нар мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6-д зааснаар хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхээр заасан байхад уг хэргийг бүрэлдхүүнтэй шийдсэн. Иймд хэрэглэх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 болон дээр дурьдсан хуулийн заалтуудыг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн 4.584.056 төгрөг дээр нэмж Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлс 10.000.000 төгрөг, олох ёстой байсан орлогыг 50 хоног биш 373 хоногоор тооцон бодож 3.113.729,4 төгрөг нийт 13.113.729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            О.С- шүүхэд хандаж, Монгол улсын Засгийн газраас сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөг, хүүхэд асруулсны зардал 8.400.000 төгрөг, олох байсан орлого 22.000.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 14.500.000 төгрөг, нийт 51.660.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

             Анхан шатны шүүх сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг, хүүхэд асруулсны зардалд 1.166.666 төгрөг, олох байсан орлогод 417.390 төгрөг, нийт 4.584.056 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

           Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           1.  О.С- эрүүгийн гэмт хэрэгт шалгагдан, энэ хугацаанд 50 хоног цагдан хоригдсон, улмаар Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1152 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагварыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байна.

          О.С- нь сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 166 дугаар зүйлийн 166.4-т заасантай нийцээгүй байна.

          Хяналтын шатны шүүхээс хууль хэрэглэх асуудлаар гаргасан дээрх алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

         Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

          Харин гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан байна. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг хохирлыг мөнгөөр тооцон гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль нийцээгүй байна.

            Процессын эрх зүйг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэйг журамласан явдал нь тухайн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй тул сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорд 6.000.000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            2. Анхан шатны шүүх О.С-ын хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна. Иймд энэ талаархи өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

         О.С-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед түүний эх А.Оюунцэцэг өмгөөлөгч М.Төмөрцэцэгтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулж, хөлсөнд 10.000.000 төгрөг төлөхөөс 5.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цагдан хоригдсон нь болон уг хугацаанд өмгөөлөгч Хорих 461 дүгээр ангид удаа дараа очиж уулзсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

          ...Хууль бус ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарах бөгөөд өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсныг үгүйсгэх боломжгүй тул 5.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангахад хууль зөрчихгүй байна. Харин О.С- нь өмгөөлөгч М.Төмөрцэцэгт эрүүгийн хэрэгт шалгагдах үедээ нэмж 5.000.000 төгрөг, иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.500.000 төгрөг тус тус төлснөө хангалттай нотлоогүй байна.

         3. О.С-ын олох байсан орлогод 22.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс анхан шатны шүүх цагдан хоригдсон 50 хоногийн хугацаагаар хохирлыг тооцон гаргуулсан нь учир дутагдалтай байна. Эд хөрөнгөд учирсан хохиролд, амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн орлого хамаардаг ба хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон гаргуулсан нь зөв боловч хугацааг  эрүүгийн хэрэгт шалгагдснаар бус зөвхөн цагдан хоригдсон хоногоор тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тухай гомдлыг хангаж, олох байсан орлогод нийт 3.113.729 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

          4. Хүүхдүүдээ асруулсны хөлсөнд төлсөн 8.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эргэлт, уулзалтад ар гэрээс зарцуулсан гэх 760.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

            5. Дурдсан үндэслэлээр Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5.000.000 төгрөг, олох байсан орлого 3.113.729 төгрөг, хүүхдүүдээ бусдаар асруулсны хөлс 1.166.666 төгрөг, нийт 9.280.395 төгрөг гаргуулж О.С-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1929 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад ”4.584.056” гэснийг “9.280.395” гэж, “47.075.944” гэснийг “42.379.605“ гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ