Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1311

 

МАГАДЛАЛ

 

2017.06.05                                               Дугаар 1311                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Энхтунгалагт холбогдох,

 

Түрээсийн төлбөр 1 765 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Болормаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Намсрайжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: С.Энхтунгалаг, “Скайтел” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 16-6 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож 63 тоот гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын     07-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 410 000 төгрөг байхаар тохиролцсон. “Скайтел” ХХК нь түрээслэгч нартаа эдийн засгийн хүнд хэцүү үед түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 01-03, 05-08-ны саруудын түрээсийн төлбөрийг 205 000 төгрөг болгосон бөгөөд 2016 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 260 000 төгрөг болгон бууруулсан. Гэтэл түрээслэгч С.Энхтунгалаг нь 2015 оны 11, 12 сарууд болон 2016 оны 01-06 саруудын түрээсийн төлбөр болох нийт        2 380 000 төгрөгийг төлөөгүйгээс “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А99 тоот тушаалаар нийт 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Үүний дагуу 1 765 000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Түрээслэгч С.Энхтунгалагаас гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй. Бидний зүгээс үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг оршин суугаа хаягаар нь удаа дараа явуулж байсан боловч хариу өгөөгүй. Иймд С.Энхтунгалагаас түрээсийн төлбөр 1 765 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан бөгөөд гар утасны худалдаа эрхлэх лангуу болон тухайн лангуу байрлаж байгаа газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл уг гэрээний талууд Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна. Талууд дээрх хуулийн шаардлагыг нэгэнт биелүүлээгүй гэрээ байгуулсантай холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хүрээнд уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхийг авч үзэх шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Дээрх хуультай холбогдуулан Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5-д мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэж заасан. Иймд уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэдэг нь нотлогдож байна. Дахин 1 жилээр автоматаар сунгагдсан байна. Гэтэл гэрээ сунгагдсанаас хойш түрээслэгч гэрээний 4.3 дахь заалт зөрчигдөж түрээсийн төлбөр төлөгдөөгүй нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гэтэл түрээслүүлэгч түрээсийн төлбөрөө нэхэлгүй гэрээний 4.5 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй гэрээг цуцлаагүй мөн гэрээний 2.5, 6.1, 6.4, 9.1, 9.2, 10.2, 10.3 дахь заалтын хүрээнд түрээсийн байрыг хүлээн аваагүй, төлбөрөө шаардаагүй, түрээсийн төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн атал түрээсийн төлбөрөө нэхэмжлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг уг гэрээний 11.3-т заасны дагуу бичгээр хийгдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байхаар заасан боловч гэрээг албан ёсоор баталгаажуулж нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тул хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхтунгалагаас 1 765 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Скайтел”       ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-т "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж зааснаар талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 063 тоот "Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ"-ний нөхцөлийг харилцан тохиролцож, түүнийг зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т "Хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, Түрээслэгч Гэрээний 10.1-т заасан дутагдал доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно" гэж заасан. Үүнээс харвал гэрээний 2 тал гэрээний хугацаа дуусах буюу 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө нөгөө талдаа гэрээ цуцлах санал гаргаагүй бол гэрээ дахин 12 сараар сунгасанд тооцох, мөн тус гэрээний 10 дугаар зүйлд зааснаар түрээслэгч гэрээний 9.2-т заасан албан ёсны бичгэн сануулгыг 2 буюу түүнээс дээш удаа аваагүй бол түрээсийн гэрээ дахин 12 сараар сунгагдсанд тооцохоор гэрээнд зааж өгсөн.

Гэрээний хугацаа дуусахад талууд аль нэг талдаа гэрээг цуцлах талаар бичгээр гаргасан санал байгаагүй, хариуцагч С.Энхтунгалаг нь түрээсийн гэрээг цуцлах талаар санал өнөөдрийг хүртэл гараагүй буюу шүүхэд гаргаж өгсөн бичгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.

Тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар албан ёсны бичгэн сануулгыг 2 буюу түүнээс дээш удаа хариуцагчид өгөөгүй хариуцагч албан ёсны бичгэн сануулгыг 2 буюу түүнээс дээш удаа аваагүй байсан. Түрээсийн гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгагдсанд тооцогдоно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т "Лангууг хүлээлгэн өгөх, хүлээн авах актад гарын үсэг зурмагц, лангууны цоож түлхүүрийг өгснөөр түрээслэгч уг лангуун үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ" гэж заасан байдаг. Анхан шатын шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т "Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ" 292 дугаар зүйлийн 292.4-т "Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй" гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-т "Түрээсийн пэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно" тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж тус тус заасан байна. Түрээсийн гэрээний 11.3 дахь заалт нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол бичгээр хийгдэхээр заасан байдаг. Харин гэрээний хугацааг сунгаж байгаа нь гэрээний заалтад ямар нэг өөрчлөлт оруулаагүй өөрөөр хэлбэл тус гэрээнд гэрээний хугацаа болон гэрээний хугацааны сунгалтыг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулан талууд харилцах тохиролцсон байгаа. Тиймээс гэрээний хугацаа сунгагдахад талууд дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч С.Энхтунгалагт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 765 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Гар утасны худалдаа эрхлэх лангуу түрээсийн гэрээ”-нд үндэслэж, 2015 оны 11, 12 дугаар сарын төлбөр, 2016 оны 1-6 дугаар саруудын түрээсийн төлбөр 2 380 000 төгрөгөөс 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр хасч, үлдэх 1 765 000 төгрөгийг шаардаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

Дээрх гэрээгээр хариуцагч С.Энхтунгалаг нь “Скайтел” Теди үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах № 16-6 тоот лангууг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, сард 410 000 төгрөгийн төлбөртэй ашиглах, талуудын аль нэг нь гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг 12 сараар сунгагдсанд тооцохоор тохиролцсон.

Хариуцагч нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч түрээсийн гэрээний зүйл нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүх гэрээ сунгагдсан эсэх талаар буруу дүгнэлт хийснээр хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүрэггүй гэж үзжээ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болохоор байгаа ба гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлах саналаа нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч гэрээ цуцлагдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

Талууд гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар гэрээг сунгах нөхцлийг тодорхойлсон тул гэрээг мөн хугацаагаар сунгасан гэж үзнэ.

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг түрээслүүлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба түрээсийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхгүй байх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түрээсийн гэрээний зүйлийг хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өөрийн эзэмшилдээ байлгасан тул уг хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээний хугацаа сунгахад талууд дахин гэрээ байгуулах шаардлагагүй...” гэж давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шийдвэрээ “Шүүгчийн Захирамж”-ийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэсэн нь буруу боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулгад нийцүүлэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан ба, мөн хуулийн 115 дугаар зүйлийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүхийн шийдвэрийг “танилцуулсан гэж бичигдсэн байх тул шүүх хэргийг Шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзнэ. Энэ алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой гэж тооцсонгүй.

Цаашид шүүх дээрх алдааг давтахгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Энхтунгалагаас 1 765 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...43 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

               ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ