Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00136

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01305 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1782 дугаар магадлалтай,

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Г К ХХК-д холбогдох, 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах,   хугацаа хэтрүүлсний алданги болон орон сууцны засварын зардал, талбайн хэмжээний доголдолд нийт 22.833.515 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн орон сууц болон хохирол 48.954.213 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г К ХХК-тай 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам доллар, бүгд 22.987 ам доллараар худалдаж авахаар тохирсон. Гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8670 ам доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7420 ам доллар, нийт 16.090 ам доллар төлсөн. Уг байрыг улсын комисс хүлээн аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор гараагүй ба Г К ХХК нь бидний хооронд байгуулсан 32/30 тоот гэрээний 2.10-д заасан үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс олон жил хохироож байна. Тус байрны оршин суугчид байрыг хувийн өмчлөлд шилжүүлэх шаардлага, хүсэлтийг компанийн захирал Ж.М-т тавихад хүлээж авдаггүй. Орон сууц захиалгын гэрээний 2-т ашиглалтад орох хугацааг 2005 оны 6 дугаар сарын 15 гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, ашиглалтад өгөөгүй, улсын комисс хүлээж аваагүй тул эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй. Гэрээний 7.2-т зааснаар хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувиар торгууль тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт хэрэгжээгүй. Энэ заалтаар тооцсон торгууль 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөг болж байна. 80 м.кв байрны үнэ 16 090 ам доллар төлсөн бөгөөд тухайн байрны талбайг хэмжиж үзэхэд 76.3 м.кв талбайтай байсан ба компани илүү авсан 3.7 м.кв талбайн үнэ 770 ам доллар буюу 1.860.680 төгрөг болно. Гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, тухайлбал цонх, хаалга чанаргүй, зай завсар ихтэй, дээвэр, тааз туурганаас дулаан маш их алддаг, радиатор нь хуучин учир ус их алдаж, бөглөөтэй, халдаггүйгээс цонх, хаалгаар дулаан их алддагаас хүн амьдрах боломжгүй байсан учир би амьжиргааны хэвийн нөхцөлөө хангахын тулд их хэмжээний засвар хийсэн ба нийт зардал 1.218.900 төгрөг болсон. Байрны үнийг төлсөн, маргаан бүхий байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл 12 жил амьдарч байх тул Б.Д- намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Г К ХХК-аас гэрээний 7.2-т зааснаар 19.753.935 төгрөг, илүү төлсөн талбайн үнэ 1.860.680 төгрөг, засварын үнэ 1.218.900 төгрөг, нийт 22.863.535 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-т шүүхэд гаргасан тайлбарт: Г К ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь СЭН хотхоныг барьж дуусгаад байруудаа улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан хэдий ч тус компанийн захирал Ж.М- миний бие эрүүгийн хэрэгт холбогдон 2007 онд 10 жилийн хорих ял шийтгүүлснээр дээрх хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх ажил эзгүйдэж, барилгуудын зураг, бичиг баримтууд нотлох баримтын хүрээнд цагдаад хураагдан улмаар үрэгдэн алга болсон. Тус компанийн ажилтнууд улсын комисст өгөхийн тулд барилгуудын зураг, бичиг баримтыг шинээр бүрдүүлэх, дутуу байсан зам талбай, тохижилтын ажлыг дуусгах ажилд зохих санхүүжилт хийх шаардлага тулгарч захиалагчдад хандсан боловч тэд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж сунжруулснаар уг ажил зогссон. Би 2015 оны 4 дүгээр сард суллагдан захиалагчдын өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг гардан хөөцөлдөж эхэлсэн ба мөнөөх л зам талбай, тохижилтыг гүйцээх, зураг, бичиг баримтыг бүрдүүлэх, барилгын дүгнэлт гаргуулах ажлыг хийж эхэлсэн. Ихээхэн төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид орон сууцаа голдуу оюутнуудад түрээслээд алга болсон учир гамгүйгээр 12 жил ашиглагдсан барилгыг засварлан шинэчилж байж улсын комисс ажиллуулах шаардлагууд бий болж захиалагчдаар үлдэгдэл төлбөрийг нь төлүүлэх, барилгын засвар шинэчлэлийн зардлыг нь өөрсдөөр нь гаргуулахаас өөрөөр санхүүжилт босгох боломж манай компанид байгаагүй. Захиалгын үлдэгдэл төлбөр, гэрээ, бичиг баримтын зөрчлүүдээ арилгах, засварын зардлаа хуримтлуулах хүсэлт, мэдэгдэл, шаардлагыг захиалагчдад бүтэн 2 жил хагасын хугацаанд амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэн, мэдэгдэл хүргүүлэн, хурал хийх, биечлэн уулзалдах зэргээр ихээхэн идэвх гаргасны үр дүнд ихэнх захиалагчид үлдэгдэл төлбөрөө төлөн дээрээс нь компани өөрөөсөө зардал гарган засвар шинэчлэлийн бусад ажлуудыг гүйцэтгүүлж гэрээ, төлбөрийн зөрчилгүй захиалагчдынхаа өмчлөх эрхийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нь саадгүй олгож байна. Б.Д-тэй хийсэн гэрээний үүргээ компани хугацаанд нь биелүүлж түлхүүрийг хүлээлгэн өгснөөс хойш тэрээр өөрөө уг байраа өнөөг хүртэл эзэмшин ашиглаж байгаагаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан тул алданги болон бусад төлбөр тооцоо хийх үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байрны барилгын чанар байдалд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хөндлөнгийн шинжилгээний байгууллагуудын хийсэн дүгнэлтүүдийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байх тул барилгын чанарын маргаан байхгүй, засварын хөлс төлөх боломжгүй. Түүнчлэн Б.Д-тэй гэрээ байгуулсан 2005 онд орон сууцны хэмжээг барилгын тэнхлэгээр тогтоодог жишиг үйлчилж байсны дагуу талбайн хэмжээг барилгын тэнхлэгээр тооцон гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оноос эхлэн орон сууцны хэмжээг барилгын дотор ханаар тогтоох стандарт Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн учраас компани талбайн зөрүү тооцон буцаан олголт хийхгүй. Тэгээд ч дээрх гомдлуудыг гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Гэрээний 2.10-т ашиглалтад оруулах хугацаа 2005 оны 6 дугаар сарын 15 гэж заасан байх ба Б.Д- нэхэмжлэлдээ ...байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байх тул гэж дурдан хүлээн зөвшөөрснөөр компани байрыг хугацаанд нь Б.Д-гийн ашиглалтад хүлээлгэн өгсөн нь мөн байр өнөөг хүртэл хугацаанд хэний эзэмшилд байгаа нь тодорхой байна. Тухайн гэрээний 6.3-т зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд гэж заасны дагуу өнөөдөр байр компанийн өмч хэвээр байгаа. Мөн заалтаар гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зохицуулсан учир зээлээ барагдуулаагүй захиалагчийн хувьд байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй бөгөөд гэрээний үүргийн дарааллаар захиалагч эхлээд зээлээ төлж үүргээ биелүүлснийхээ дараа улсын комисс, өмчлөл, өмчлөх эрхийн гэрчилгээний талаар гомдол гаргах боломжтой. Зээл төлөх хугацаа нь дууссан 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гэрээний 6.4 дэх заалтын дагуу хоног тутамд 0.05 хувийн алданги тооцон төлөх үүрэг Б.Д-д нэмэгдсэн хэдий ч компани түүнд боломж олгон зөвхөн үндсэн төлбөрөө хийгээд өмчлөх эрхээ баталгаажуулахыг удаа дараа санал болгосон боловч эс тоон элдэв аргаар зайлсхийсээр зээл төлөх үүрэг нь нэгэнт дуусгавар болоод 11 жил, 10 сар, 5 хоног өнгөрсөн ба байрыг эзэмшин ашиглаж хөрөнгийн байдлыг дордуулсаар, хөрөнгө элэгдсээр байсан тул тус компани түүнтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа удаа дараа Б.Д-д мэдэгдэж байсан. Манай компани 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаа 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл нийт 12 жил, 9 сар, 5 хоног бусдад эзэмшүүлэн түрээслүүлсэн бол 87.525.000 төгрөгийн ашиг олох байсан. Уг олох байсан ашгаас Б.Д-гийн төлсөн 16.090 ам долларыг Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ханшаар 1 ам долларыг 2397.19 төгрөгөөр тооцон нийт 38.570.787 төгрөгийг суутган Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Д- үлдээж, үлдэх 48.954.213 төгрөгийг хохиролд тооцож төгрөгийг гаргуулан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Д-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Миний бие 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г К ХХК-тай орон сууцны захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам.доллараар тооцож, бүгд 22.987 ам.доллараар худалдаж авахаар тохирсон ба 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8.670 ам доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7.420 ам доллар, нийт 16.090 ам доллар төлсөн. 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байрандаа орсон. Тус компани гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй байр хүлээлгэн өгснөөс гадна чанарын шаардлага хангахгүй байрыг өөрийн хөрөнгөөр засварлан хохирсон. Байрыг өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй гэх зэргээр миний хувьд маш их хохирсон тул хариуцагч Г К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01305 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гээс 6.896 ам доллар буюу 16.531.022 төгрөг гаргуулан хариуцагч Г К ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Д-г Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Д-гийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Г К ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 22.863.535 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч Г К ХХК-ийн 48.954.213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Д-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712.388 төгрөгийг болон Г К ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 836.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г К ХХК-аас 440.164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1782 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22.833.515 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь, 48.954.213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байр суллахыг Б.Д-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 842.885 төгрөгийг, нэхэмжлэгчийн 512.874 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт зэргийг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, бүрэн бодитой үнэлж чадаагүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр, магадлал болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ надаас 6.896 ам.доллар буюу 16.531.022 төгрөг гаргуулж хариуцагч “Г К” ХХК-д олгож, намайг Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, миний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “Г К” ХХК-д даалгаж нэхэмжлэлийн шаардлагаас 22.863.535 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэрийн зарим заалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах шийдвэрийн заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Б.Д- миний гэрээгээр төлөх үлдэгдэл төлбөр 6.896 ам долларыг дүгнэхдээ гадаад валютын үүргийг Монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Монгол банкнаас зарласан ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг” ойлгоно. Мөн Орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг “хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш буюу 2.397.19 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна. Миний бие 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.896 ам.долларыг гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар “тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан байдаг. 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Г К” ХХК-тай байр худалдан авах зорилгоор орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулснаар гэрээний талуудад эрх, үүрэг үүссэн. Өөрөөр хэлбэл Г К ХХК-д гэрээнд зааснаар 2004 оны 7 дугаар сарын 01-нд байрыг барьж 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд заасан нөхцөл батлагдсан зураг төслийн дагуу байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Миний бие гэрээний 6-д заасан графикийн дагуу орон сууцны төлбөрийг 3 үе шаттайгаар хэсэгчилж төлөхөөр тохиролцсон бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн 70 хувь буюу 16.090 ам.долларыг төлсөн байна. Иймд гэрээ байгуулагдсан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн талуудад эрх, үүрэг үүссэн байх тул тухайн үеийн Монгол банкны зарласан албан ёсны ханшаар үлдэгдэл төлбөрийг үнэлэх нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу бидний хооронд байгуулсан гэрээний заалтаас харахад 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 70 хувийн төлбөр төлөх үүрэг үүсч, 1 жилийн дараа буюу 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 30 хувийн төлбөр төлөх үүрэг үүссэн нь тодорхой байх ба тухайн үеийн ханш Монгол банкны тухайн өдрийн ханшны лавлагаа хэрэгт хавсаргасан байгаа бөгөөд 1170 төгрөгөөр тооцон 8.068.320 төгрөг төлөх үндэслэлтэй. Хэрэв анхан шатны шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцно гэж шийдвэрлэсний дагуу үзвэл миний урьд нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргасны дагуу шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 8 сарын 07-ны өдрийн 3834 тоот шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1261 дугаар шийдвэр гарсан байх тул анхан шатны шүүхийн “...тухайн үеийн гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно” гэж дүгнэснээс тооцвол би үлдэгдэл 30 хувийн төлбөрийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзэн тухайн үеийн ханш болох 1430.81 төгрөгөөр тооцон 9.866.882 төгрөг төлөхөөр байна гэж үзэж байна. Гэтэл 2 шатны шүүх дээрх хуулийн агуулгыг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Б.Д- нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан 2005.06.15-ны өдөр түлхүүрээ хүлээн авч, 2005.06.20-ны өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж ашиглаж байх тул хариуцагч “Г К” ХХК-ийг байрыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Иймд 8045 ам.доллар буюу 19.753.935 төгрөгийг хариуцагч “Г К” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй” гэж алдаатай дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7-р зүйлийн 2-т “Заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал хоног тутам захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийн 0,05 хувиар торгууль хүлээнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч нь заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс байрны ордер одоо хүртэл миний нэр дээр гараагүй, хэдийгээр байрны түлхүүрийг гардан авч байрандаа орсон боловч байрны хувьд цахилгаан, дулаан, усны найдвартай эх үүсвэрээр хангах хангалтыг дутуу орхиж, байрыг бүрэн ашиглалтад оруулаагүй хаясан, уг барилга нь мөрдөгдөж буй стандарт, чанарын шаардлага хангаагүйгээс Улсын комисс тухайн үед болон одоог хүртэл хүлээн аваагүй 10 гаруй жил болж байх тул “Г К” ХХК нь гэрээнд заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Анхнаасаа байрны урьдчилгаа 70 хувийг төлсөн айлуудыг тус компани байранд оруулсан, бид үлдэгдэл 30 хувийн төлбөрөө байрны ордер гарсан үед төлж дуусгахаар тохирсон байсан боловч хариуцагч талын эзэн холбогдогч олдохгүй эзэнгүйдэн барилгын дутуу орхисон ажлаа гүйцээх үүргээ биелүүлээгүйгээс би байрны ордер гэрчилгээгүй олон жил хохирч байна. Хэрэв хариуцагч нь тухайн үед анх тохирсон ёсоор 1 жилийн дотор дутуу хийсэн дулаан, цахилгаан, усны найдвартай эх үүсвэрээр хангах ажлаа гүйцээж, улсын комисст хүлээлгэн өгч, надад байрны ордер гэрчилгээг гаргаж өгсөн бол би үлдэгдэл 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд тэр даруй төлж, олон жил эд материал болон Монгол улсын иргэний хувьд эдлэх ёстой олон эрхээ эдэлж чадахгүй сэтгэл санааны их хохирол амсахгүй байх байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч миний тооцсон “гэрээний торгууль болох 8045 ам доллар буюу 19.753.935 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэж хэт 1 талыг барьж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тал бүрээс нь бодитой харж, нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн татгалзлыг бүхий л талаас нь харгалзан үзэж шийдвэрлээгүй гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хэргийг үнэн зөв хянан, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д-, хариуцагч Г К ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, хугацаа хэтрүүлсний алданги болон орон сууцны засварын  зардал, талбайн хэмжээн доголдолд нийт 22.833.515 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс татгалзаж, хохирол 48.954.213 төгрөг болон орон сууц гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Зохигч 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, Б.Д- Г К ХХК-с 22.987 ам.долларын үнэ бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцон гэрээний үнэд нийт 16.090 ам.доллар төлж, 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр уг эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогджээ.

Зохигчийн хооронд үүссэн энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

1. Б.Д- орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байхад түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцээгүй талаарх магадлалд заасан нь үндэслэл бүхий болжээ.

Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл үнийг гаргуулж хариуцагчид олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцны буцаан гаргуулах шаардлага гаргаснаас бус орон сууцны үнэ гаргуулах шаардлагыг гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, орон сууцны төлбөрийн үлдэгдлийг үүрэг үүсэх үеийн буюу 2006 оны 6 дугаар сарын 13-ны эсхүл урьд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ханшаар тооцож төлнө гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн зохицуулалтаас үзвэл алданги нь үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой үүсэх хариуцлага юм. 

Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцлийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэсэн тохиолдлыг тусгажээ.

Гэрээний 2-р зүйлд “орон сууцыг ашиглалтад орох хугацааг 2005 оны 6 дугаар сарын 15” гэж, 7-р зүйлийн 2-т “заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал хоног тутамд захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийн 0.05 хувиар торгууль хүлээнэ” гэснийг нэхэмжлэгч үндэслэж нийт 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөгийн алданги шаардсныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Гэрээний зохицуулалтаас үзэхэд талууд алдангийг /торгуулийг/ тохиролцохдоо орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл захиалагчийн урьдчилгаа төлбөрийн 0.05 хувиас гүйцэтгэгч алданги төлөхөөр, гэрээний үлдэгдэл 30 хувийг худалдан авагч байранд орсноос хойш нэг жилийн хугацаанд хүүгүй төлөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд байрны өмчлөгч нь компани байхаар харилцан тохиролцсон агуулгатай байна.

Нэхэмжлэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эзэмшилдээ хүлээн авч одоог хүртэл амьдарч байгааг талууд маргаагүй байна.

Түүнчлэн худалдан авагч үнийг төлж дуусснаар, худалдагч орон сууцтай холбоотой бичиг баримтыг шилжүүлэх гэрээ болон хуульд заасан үүргийг хүлээх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй ба нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй. Иймд алданги гаргуулах талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

3. Орон сууцны талбайн хэмжээ болон засварын зардалтай холбоотой 3.079.580  төгрөг гаргуулах шаардлага, хариуцагчийн гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1782 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 530.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ