Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00149

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дугаар магадлалтай,

Д.Г-ын нэхэмжлэлтэй

Орхон аймаг дахь ШШГА, шийдвэр гүйцэтгэгч М.С нарт холбогдох, 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Орхон аймгийн засаг даргын тамгын газраас 130 сая төгрөг авах ёстой байсан. Шийдвэрийн дагуу ШШГАнд гүйцэтгэх хуудас хүргэгдсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч н.Эрдэнэхүүд материал байсан. Ингээд энэ мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авч өгч чадахгүй мөнгө орж ирэхгүй байсан. Б.Э- гэх эмэгтэй биднээс 30 сая төгрөг авах ёстой байсан. Б.Э- бидэнтэй уулзаад шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэгийн өрөөнд одоо 130 саяыг чинь бүтээх гээд байна. Тэгэхээр би та нараас 22 сая төгрөг авах ёстой юм шиг баримт бүрдүүлье. 22 саяыг өгье гээд хэлчих. Эвлэрлийг баталсан захирамж гардаг юм. 130 саяыг орж ирэхээр 22 саяыг өгөхгүй гээд итгэхгүй байна. Та хоёр эвлэрлийн гэрээ хуурамчаар хийгээд үзүүлье гээд эвлэрлийн гэрээг шүүхээд баталгаажуулсан. Энэ эвлэрэл  хуурамч байсан. Үүний дараа ямар ч хүнээс гуйх шаардлагагүй бид нарын дансанд мөнгө шилжигдэж орсон юм. Гэтэл энэхүү хуурамч баримтыг үндэслэн биднээс 22.000.000 төгрөг авах ажиллагаа явуулж байна. Б.Э-д ямар ч мөнгө өгөх ёсгүй. Энэ 130 сая төгрөгийг бүтээж өгье гэдэг саналыг тухайн үед шийдвэр гүйцэтгэгч С.Э- гаргасан юм. Энэ баримтын дагуу хохирч болзошгүй гэж бодоод Б.Э-д энэ баримтыг хүчингүй болго гэсэн. Баримтын дагуу шийдвэр гүйцэтгэгч С.Э- бид нарыг төлөх ёсгүйг мэдэж байсан учир Б.Э-оос тодорхойлолт хийлгүүлж авсан байсан. Бид нар С.Э-ийг энэ баримт хуурамч гэдгийг чи гэрчилнэ гэж шахсан тул баримтыг гаргаж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёсгүй. Бид Б.Э-д мөнгө төлөх ёсгүй тул, 1024 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Манай байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 350 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тиймээс манай байгууллагын зүгээс ямар нэг байдлаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага биш. Манай байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдэд заасан баримт бичгийн бүрдүүлбэр, түүнд тавигдах шаардлагыг хангасан гүйцэтгэх хуудсыг хүлээн авч ажиллагаа явуулдаг. Тиймээс байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг биелүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 албан бичгээр Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Орхон аймгийн Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г-аас 22 сая төгрөг гаргуулж Б.Э-д олгуулахаар шийдвэрлэсний дагуу 2017 оныг дуусталх хугацаанд гүйцэтгэх хуудас бичигдэж Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн эсэх талаар лавлагаа ирүүлнэ үү? гэж хандсан байдаг. Энэ албан бичгийн дагуу Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас манайх руу албан бичиг ирүүлсэн байна. 2017 оны 357 дугаартай албан бичгээр тус газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 дугаартай албан бичгийн дагуу шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Б.Э- тус шүүхэд хандаж хүсэлт гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлж авсан байна. Өмнө нь ямар нэг байдлаар Д.Г- гэж хүн тус шүүхэд хандаж байгаагүй. Манайх анх удаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болно. Тиймээс хууль бус ажиллагаа хийгдээгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нийтдээ 3 удаа өөрчилж гаргасан. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох гэж гаргасан. Энэ нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэнгээс олгосон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудас байгаа. Гүйцэтгэх хуудас бичигдэх болсон үндэслэл нь Б.Э-, Д.Г- нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан уг эвлэрлийн гэрээг баталж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 530 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарч тэр захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараагаар уг гүйцэтгэх хуудас бичигдэх үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт өгөөд тэр хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хянан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хурлаар хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол гаргасан. Д.Г- уг захирамжийн дагуу төлөх ёстой байсан 22 сая төгрөгийг өгөхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж өгсөн. Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүгчийн захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж заасан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх хуудас маань хууль тогтоомжид заасан журмын дагуу бичигдэж ажиллагаа хийгдсэн байхад сүүлд нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Эвлэрлийн гэрээнд Д.Г- гэж хүн өөрөө ирж хэн нэгний дарамт, шахалтгүйгээр, сайн дураараа 22 сая төгрөгийг төлнө гэж баталгаажуулж гарын үсэг зурсан. Сүүлд нь үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Д.Г-ын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч М.С нарт холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан үндэслэлээр гомдолоор шийдвэрлүүлэхээр өөрчилсөн байхад шүүх үүнд огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмлэгч Д.Г-ыг 2015.11.20-ны өдрийн 5397 дугаартай захирамж болон 2017.11.24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй ба дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн утга бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийж шийдвэрийг хэвээр үлдээлээ. Нэхэмжлэгч 2015.11.20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэгч С.Э-ийн үгэнд итгээд мөнгө аваагүй учир хүчингүй болсон гээд итгэж явсан болох нь С.Э-ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Харин 2017.11.24-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг бичигдсэн болохыг мэдмэгцээ шүүхэд “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар" нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.24-ний өдрийн шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тухай 142/Ш32017/05446 дугаартай захирамжаар 1024 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлөх учиргүй 22 сая төгрөгийг төлөх болсоноор нэхэмжлэгч Д.Г-ын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм. Үүнд: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “Хуулиар гүйцэтгэх хуудсыг дахин олгох, түүнийг үрэгдүүлсний хариуцлагын талаар зохицуулснаас биш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийн үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалт байхгүй" гэсэн утгатай дүгнэлтийг хийсэн байхад үүний эсрэг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн атлаа шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оруулсангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан заалтууд байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ” гэжээ. Гэтэл шүүх хуульд заасан зохицуулалт байхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн явдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон дүгнэлт болжээ. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэжээ. Шүүхэд гаргасан гомдлоо нотолсон баримт ирүүлээгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт хэрэгт авагдчихсан байсан нотлох баримтуудыг давхардуулах шаардлагагүй бөгөөд шаардлагын үндэслэлээ болгож байгаа баримтуудаа тайлбарласаар байхад анхаарсангүй. Шүүх Д.Г-ын шаардлагынхаа үндэслэл болгож байгаа бие гуравдагч этгээд Б.Э-той 2015.11.17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн 2015.11.20-ны өдрийн 5397 дугаар шүүгчийн захирамж, Б.Э-ын өөрийн гараар бичсэн “Тодорхойлолт”, 2015.11.17-ны 350 тоот эвлэрлийн гэрээний дагуу Д.Г-аас 22 сая төгрөг авсан болно. Тодорхойлолт бичсэн Б.Э- 2015.11.24 гэсэн утга бүхий бичвэрийг нэхэмжлэгч гаргаж өгөөд үүнийг гуравдагч этгээд өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрч энэ бичвэрийн талаар болон нэхэмжлэгч Д.Г-, гуравдагч этгээд Б.Э- нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний талаар шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн С.Э-ийн мэдүүлэг зэргүүдийн талаар нэхэмжлэлийн шаардлага болон гомдолдоо бичээд байхад хоёр шатны шүүхийн аль нь ч огт дүгнэлт хийлгүй үнэлэлгүй орхилоо. Хуульд заасан журмын дагуу үнэлэх боломжгүй нотолгооны ач холбогдолгүй юм бол нотлох баримтаас хасах учиртай байтал нотлох баримтаас хасуулах талаар хэн нэгэн хүсэлт ч гаргаагүй бөгөөд шүүх яагаад үнэлээгүй болохоо ч дурьдсангүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан шийдвэрлэсэн шийдвэр нь зөв хууль хэрэглээний алдаа гаргаагүй гэсэн утга бүхий дүгнэлтийг хийлээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэжээ. Хоёр шатны шүүх бусдын эрх зөрчсөн шийдвэр гэж ямар шийдвэрийг хэлээд байгаа нь тодорхой бус байгаан дээр албан бус тайлбараас харахад Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдлээс үйдэлтэй харилцааг захицуулсан заалт байна. Харин нэхэмжлэгч Д.Г-ын хувьд өөртөө туслах бус төлөх ёсгүй төлбөрт гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаатай холбоотойгоор түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тухай байхад хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийсэнгүй. Хоёр шатны шүүх Д.Г-ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заажээ. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлд заасанчлан гомдол гаргаж байгаа тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс чөлөөлөгдөхөөр хуульчилсан бөгөөд хэрэв Улсын тэмдэгтийн хураамж төлсөн бол буцаан олгохоор заасан байхад шууд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн явдал нь мөн л нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон байхад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Иймд хэргийг тал бүрээс нь хянан үзэж нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Г- нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч М.Ст холбогдуулан  Орхон  аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги   нь тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2017/05446 дугаар захирамж, эдгээрийг үндэслэн олгосон мөн өдрийн 1024 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Г-аас 22.000.000 төгрөг гаргуулж Б.Э-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ба иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг үндэслэн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэлийг ...шүүхийн шийдвэр болон ...эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, ...тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна гэж журамласан байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, түүнийг албадан гүйцэтгэх захирамж болон эдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас  хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгэж буй ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон гомдолд дурдсан “...шийдвэр гүйцэтгэгчийн  ...үгэнд итгэн, Б.Э-д 22 сая төгрөг төлөх үүрэгтэй мэт  шүүхээс захирамж гаргуулсан..., энэ нь бодит биш байсан нь тухайн үед мөнгийг буцаан авсан тухай Б.Э-ын өөрийнх нь тодорхойлолтоор нотлогдоно...” гэх үйл баримтын талаарх тайлбар, нотолгоо нь шүүхийн шийдвэр, түүнд олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг зогсоож, дуусгавар болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд буюу шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ